Нийтлэл 03 сарын 07, 2026

Ерөнхийлөгчийн сонгуульд С.Баярцогт дэвших эсэх тухайд

Даргаас дарга, сонгуулиас сонгуулийн хооронд амьдардаг манай улсад Ерөнхийлөгчийн сонгууль нэгэнт эхэлжээ. Судлаач гэгдэх Д.Ганхуяг Ерөнхийлөгчийн сонгуульд Баярцогт дэвшинэ гэсэн юм бичсэн харагдлаа. Судалгаа гэхээсээ Монголын хэдэн улстөрчөө оролцуулан тоглуулсан боевик киноны зохиол маягтай л юм. Үүндээ Амарбаясгаланг баахан магтжээ.

Ерөнхийлөгчийн сонгуульд Баярцогт дэвших эсэх талаар таамаглалаа бичихээс өмнө Амарбаясгалангийн гурван ялалтын талаар тодруулга хэлье. 2016 оны сонгуулиар Эрдэнэтийн 49 хувь, Дубайн гэрээ зэрэг асуудал дэгдэж АН үндсэндээ өөрөө ялагдсан. 2020 оны сонгуульд Ардын нам гэхээсээ Хүрэлсүх намаа чирээд ялсан. Тиймээс “Багаар нь сонгоё” гэсэн уриагаар бүх дэвшигчээ гол дүрдээ нааж авч гарсан. Тухайн үед Эрдэнэтийн 49 хувийн зарга шүүх дээр үргэлжилж, “Монголын Зэс” корпорац Ардчилсан намын Үндэсний бодлогын хороог нэг шөнийн дотор авч, Сүхбаатар дүүрэгт л гэхэд Лу.Гантөмөрийн оронд Блүүмбэрг Долгионыг дэвшүүлж байлаа. Тиймд ялалт ялагдлыг шийдэх 2016 оны мораль тэр чигтээ хүчинтэй сонгуулийн үр дүнг шийдсэн. Зохиолын үргэлжлэл 2021 онд “Баялагтаа эзэн Монгол” бүлгээр үргэлжилж, Хүрэлсүх Ардын намаас дэвшүүлэн зайлуулагдсан түүхийг бид мэднэ ээ. Ер нь Ардын нам дээд үеэ дэвшүүлэн зайлуулах аргаар Ардчилсан намаас дор хаяж гурав дахин хурдаар залуужиж явдаг уламжлалтай. 2024 онд бол Ардын нам сонгуулиас өмнө ялагдчихсан байсан. Амарбаясгалан, Оюунэрдэнэ хоёр ардчилсан сонгуульд цэвэр ялах замаас хулчийж, том жижиг намуудын намын дарга нарын ширээнээс эрх мэдлээ баталгаажуулах алхмыг 2021 онд Үндсэн хуульд гар хүрэх замаар бэлдсэн байсан. Энэ талаар хэдэн цувралаар бичсэн, ярьсан байгаа тул дэлгэрэнгүйг тэндээс олж унших үзэх боломжтой. Энэ дөрвөн бүлэг сонгуулийн догматик хүчин зүйлсийн талаар улстөрийн эдийн засгийн судалгааны нийтлэл мөн саяхан гаргасныг миний хананаас олж уншаарай. Тэндээс онол ба боевик киноны зохиол хоёрын ялгааг та олж унших болно.

 

Эндээс гол сэдэвтээ оръё. Баярцогт 2027 онд дэвших үү? Дэвших юм бол ялах уу? Улстөр гэдэг таамаглагдашгүй ч өнөөдөртөө аль алинд нь “Үгүй” гэж хариулах байна. Монголын хурган ба хуцан олон мянган дарга нараас Төрийн тэргүүн гэдэг хамгийн их ард түмнээр ерөөгдөж, ард түмний хайр ивээлийг тодорхой хэмжээнд хүртэж байж сонгогддог алба байдаг. Дэлхийн улс орнуудын тогтолцоонд уламжлал, шинэчлэл холилдон байдаг. Япон гэхэд парламенттай, мөн манайд зочлоход нь та бүхний шүтээд хайрлаад байсан нэг уламжлалт дүр бий. АНУ гэхэд Ерөнхийлөгчтэй, сенаттай. Гэхдээ төр шашин холилдсон хэлбэр нь, товчдоо Жисус нь уламжлалыг хангаж тэнцвэржүүлж байдаг.

 

Монголын хувьд уламжлалт институцуудээ Манжийн эзэрхэл болон коммунист дэглэмийн үед тасалдуулж алдсан, нөгөө талаар ардчилсан тогтолцоог шууд импортлон нутагшуулсан. Энэ завсарт үргэлж үндэсний соёл, уламжлал, улстөрийн тогтолцооны цоорхой үүсэж байдаг ба үүнийг Төрийн тэргүүний дүр нөхөж байдаг. Зөвхөн ганцхан энэ шалгуураар л гэхэд Баярцогт энэ үүрэгт тэнцэхгүй. Хоёрт, улстөрчдийн рейтинг олон янз боловч явж явж ард түмэнд хайрлагдсан уу, үзэн ядагдсан уу гэсэн хоёр л барианы цэг бий. Мөн тэр барианаасаа эргэж сэргэх шаанстай шаансгүй болж хуваагдана. Тэрээр ард түмний сэтгэлд эргэж сэргэх шаансгүй болсон ангилалд орно. Тиймд дэвшдэг юм гэхэд 2021 онд С.Эрдэнийн тоглосон дүрд орно.

 

Баярцогтыг дэмждэг шүтдэг хүмүүс мэдээж бий. Тэд аминдаа энүүхэн Монголдоо өөрсдийгөө технократууд, элит гэж үздэг цөөнх. Мөн түүний зангидсан Оюу Толгойн ханган нийлүүлэх сүлжээгээр амьдардаг ашиг сонирхлын зөрчилтэй хэдэн мянган хүн байж таарна. Гэтэл мөн чанартаа Баярцогт манай улсын технократуудын давуу талыг биш сул талыг илэрхийлж байдаг. Үндсэн школоо хаа нэг коммунист комсмолд авсан гэмээр заримдаг шинж, орчин үеийн эдийн засгийн онолыг хагас дутуу эзэмшсэн нь үргэлж цухалзаж байдаг. Хамгийн сүүлд Оюу Толгойн сонсголоор л гэхэд хамгаалаад байдаг гэрээнийхээ “Шилжих үнийн механизм”-ыг буруу дутуу тайлбарлаж харагдсан. Тиймд орчин үеийг ч бүрэн дүүрэн төлөөлөх боловсролгүй, чадамжгүй ба үүнийг төрийн бодлого шийдвэрт үлдээсэн мөр нь баталж байдаг. Гол нь түүнийг дэмжигч цөөнхийн дуу хоолой нягт, идэвхтэй байдаг тул Олсоны томьёолсончлон зохион байгуулалтгүй масс олонхоос илүү үр дүнтэй, уг хүнээ улстөрд амьдруулж байхаар вакуум оронзай бүтээж байдаг. Гэхдээ вакуум бол вакуум. Бүх ард түмний сонгууль вакуумд явагдахгүй.

 

За тэгэхээр нэг ийм хүнийг нэг талаас дэмжигчид нь вакуумжуулж, нөгөө талаас Д.Ганхуяг тэргүүтэй Х.Баттулгын фракцаас Ерөнхийлөгч болно гэхчлэн бичих боллоо. Энэ бол уг хүнийг улам төөрөгдүүлж, У.Хүрэлсүхийг ч ийм улстөрд урьж байгаа Х.Баттулгын захиалга болно. Баттулга өөрөө Баярцогт, Элбэгдорж нарын фракцын алдаанаас төрсөн Ерөнхийлөгч бөгөөд энэ фракц эргээд идэвхжвэл хамгийн түрүүнд цэцэглэн мандах улстөрч болно. Одоогоор талуудын төөрөгдлийг албаар гүнзгийрүүлж, Баярцогтыг гамнаж байгаа болохоос үнэхээр дэвшээд гараад ирвэл галлах сумаа Баянголын таазанд тултал өрж байгаа байлгүй. Төрийн тэргүүн ч бай аливаа улстөрчид өөрийн гэсэн сул тал байдаг. Сонгуульд өрсөлдөж ялаагүй тул Хүрэлсүх Ерөнхийлөгчийн сул тал нь Х.Баттулга байдаг. Тиймд түүний тооцоонд орж, түүний захиалсан улстөрчийг дэвшүүлээд явах юу л бол.

Хэрэг явдал ийм тул цөөхүүлээ Монголд олон сонголт байхгүй тул Г.Занданшатар, Н.Алтанхуяг хоёрын нэг нь дараагийн Ерөнхийлөгч болж таарах болов уу. Н.Алтанхуягийн хувьд нэгд мэдээж нэр дэвших хэрэгтэй. Нөгөө талаас Г.Занданшатарт өнөө мэт байдлаар улстөрийн манлайлал дутах, хоёрт У.Хүрэлсүх эрх мэдэлд хэт эрдэж, эрүүл ухааны баримжаа алдвал эсрэг нь тэсрэгээ дуудаж тэнцвэр хангагддаг жамын дагуу Ардчилсан намын нэр дэвшигч ялах магадлал нэмэгдэнэ. Н.Учралын хувьд 2028 онд анх удаа намын даргын хувьд намаа удирдаж сонгуульд орох тул өөр намын Ерөнхийлөгчтэй сонгуульд орохыг хүсэхгүй болов уу. Тиймд Ерөнхий сайд Занданшатарыг огцруулах хаврын улстөр эхлэхээс өмнө уг хүн өөрөө ямар үйлдэл, манлайлал хийх вэ, огцорсон ч ямар дүрээр албаа өгөх вэ цаашдын өрнөлд чухал нөлөөтэй. Занданшатарын улстөрийн читон нэр дэвшихэд хүрэлцэхгүй бол намын залуу даргын амбиц өөр дүр эрж зөрчилдөх, Ерөнхийлөгч Хүрэлсүх нэр дэвшигчгүй болох тусмаа ардчилсан бус аргаар нөгөө намаас нэр дэвшигч захиалах, Ардын нам доторх жижиг том шинэ хуучин нүүрсний фракцууд тус тусын нэр дэвшигчдээ шахах зэргээр Ерөнхийлөгчийн сонгууль жинхэнээсээ нам дамнасан явцуу бүлэглэлийн (МАНАН гэгдэж байсан) бүжгийн талбар болж хувирах болно. Энэ бүх нөхцөлд worst-case scenario буюу хамгийн муу хувилбар гэвэл нэр дэвшигчгүй болсон Ерөнхийлөгч өөртөө эрх мэдэл сунгах замыг хайж эхэлбэл хэдэн хүний ч асуудал биш, сонгуулийн ч асуудал биш дэглэмийн эрсдэл болж хувирна.

 

Энэ хүртэлх таамгийг хөндлөнгийн иргэний хувьд бичлээ. Сүүлийн параграфыг намын гишүүний хувьд төрийн тэргүүн, Ерөнхий сайд, намын удирдлагуудад хандаж бичье. Монгол Улсад 2016 оноос хойш 3 удаагийн УИХ-ын, 2 удаагийн Ерөнхийлөгчийн, нийтдээ 5 удаагийн сонгууль боевик киноны зохиол, хэдэн бакь гол дүрийн зодооноор (хоёр гол дүр нь жинхэнээсээ нуль булчин), хэн нь хэнээсээ ард түмэнд хэр ихийг булаан авч өгөх вэ гэсэн уралдаанаар явагдлаа. Энэ 10 жилд нийгэм зөрчил тэмцлийн улстөрд живж, хөгжлийн гол хөдөлгөгч хүч оюун ухаан буланд шахагдаж, хүний бие даан амьдрах чадвар ба боломж унаж, үндэсний эв нэгдэлд үлэмж цав гарлаа. Дараагийн сонгуулиар энэ мэтэд цэг тавьж жинхэнээсээ бодлогын сонгууль хийхгүй бол улс үндэстэн мөнхөд энэ мэтээр явах боломжгүй. Зодооны зохиол дунд өөрөө баатар болон тодрох гэхээсээ хувь хүнд, бизнесүүдэд эрх чөлөөг нь өгөх “Чөлөөлье” санаачилгад нийгэм, олон нийт хэрхэн хандаж байгааг судлаад үзвэл нэг зүйлийг хэлнэ. Тайзанд дэглэгдсэн боевик кино, шоу түр үзэж сатааравч хувь заяандаа эзэн болж амьдрах хүний хүсэл хязгааргүй бөгөөд мөхөшгүй. Явж явж энэ хүслийг хүлээн зөвшөөрч налсан нам л дараагийн сонгуульд ялна. Урд ургасан эвэрнээс хойно ургасан чих гэлцдэг билээ, ардын ухаанд.

arrow icon