НИЙГМИЙН СЭТГЭЛГЭЭНД ЦАВ СУУЖЭЭ ( танин мэдэхүйн бичил нийтлэл)

 

Улс тѳрч С.Бямбацогтын "ѲДРИЙН СОНИН"-оор дамжуулан мэдээлснээр бол олон улсын нэр хүндтэй сэтгүүлд Монгол улсыг нүх хэмээн тодорхойлж, хаашаа унахаа мэдэхгүй байгаа хар ангал гэж бичээд байгаа юм байна. (http://dnn.mn).  Мэдээж нүх ч бай бүр хар ангал ч бай гэнэтхэн л газрын ан цав шиг гараад ирээгүй нь лавтай. 

Заримдаа муудаж, муужирч, эргээд засарч сэхэж сайжирч байдаг эдийн засгийн хямрал уналтын тухай яриа лавтайяа биш гэдэг нь тодорхой. Хүмүүс, нийгмийн амьдралын тухай л яриа байх гэж бодно.

Тэд нийгмийн сэтгэлгээнд цав сууж, улмаар ангал үүсгэсэн гэж харж бичиж байгаа болов уу гэж тааварлав.

Аливаа нийгмийн сэтгэлгээнд ан цав сууж улмаар улс орныг гүн хямралд оруулан сүйрлийн хар ангал руу живүүлдэг үзэгдэл бий юү гэвэл бий, Монголд энэ үзэгдэл ажиглагддаг уу гэвэл "тийм ээ" гэмээр байна. Энэ тухай л байх. Сэтгэлгээнд ан цав суух нь, улс орны нийгмийн сэтгэлгээний ерѳнхий хѳгжил, соёл иргэншлийн тѳвшингѳѳс огтхон ч шалтгаалдаггүй, аль ч оронд, хаана ч үүсэж болох, цаг хугацааны тохиол гэх юмгүй гэнэтхэн л гараад ирж болох ёозгүй үзэгдэл, тэгэхээр тѳдийд ѳдийд болно гээд урьдчилан харчих боломжгүй юм. Гэхдээ бага дээр нь санаа аваад учры нь олж учгийг нь тайлж чадалгүй даамжруулчихвал юунд ч хүргэж болох аюултай үзэгдэл юм. 

Нийгмийн сэтгэлгээ гэж юуг ойлгох вэ?

Сэтгэл, сэтгэлгээ, ухаан, оюун ухаан, ухамсар гээд суурь ухааны ѳѳр хоорондоо шүтэлцээ бүхий хэдэн категори ухагдахуунуудыг ялгаж салгаад ойлгочхын тулд уг нь заавал нийгэм зүйч, сэтгэл судлаач байх шаардлаггүй л дээ. Энгийн үгээр хийсэн тайлбар хараад ойлгочхож болохоор л зүйл.

Сэтгэл бол биеийн нэлээд гүнд оршдог, тархиар дамжин ил гарч ирдэг, хүний дотоод талыг харуулдаг мѳн чанар, ялангуяа монголчуудын хувьд их ойр чухал ойлголт. Сэтгэл хаана оршдог вэ гэдэг нь эрдэмтэн мэргэдийн дунд маргаан дагуулсан сэдэв. Монголчуудын баримжаалдгаар бол элэг зүрхний бэлчирт, хаа нэгтээ гол судсанд байдаг бололтой. Монголчуудын мэдрэмж онцгой ѳндѳр байдаг болохоор нь ч тэр юм уу европын зарим судлаачид үүнд итгэдэг гэсэн. Испанийн сэтгэл судлалын тѳвийн эрдэмтэд сэтгэл бол цусанд байдаг гэж үздэг юм билээ. Харин сэтгэл адгуусанд бас байгаа гэдэг нотлогдоогүй зүйл.

Сэтгэлгээ бол сэтгэлийн тархинд очиж буудаг тусгал юм уу гэдэг дээр дийлэнх мэргэд санал нэгддэг юм билээ. Адгуусанд бол байхгүй л чанар. 

Сэтгэлгээ нь сэтгэлээс гаралтай, сэтгэл хѳдлѳлѳѳр тэжээгдэн амилж байдаг болохоор заримдаа маш хүчтэй илэрдэг. Амьдрал дээр ч тэгж л буудаг. Яруу найрагчид сэтгэл хѳдлѳлийн үедээ гайхамшигтай уран сэтгэх агшнаа онгод орох гэдэг. Хүн айсан, эсвэл хагартлаа уурласан үедээ дааж давшгүй ачааг ѳргѳчихсѳн, эсвэл саадыг туулаад гарчихсан амьдралын тохиолдол зѳндѳѳ. Энэ нь сэтгэлгээ нь сэтгэл хѳдлѳлѳѳр тэжээгдэж байдаг болхоор асар их эрчимтэй, хурдтай  байж болно гэсэн үг юм байна. 

Ухаан бол инстинкттэй холилдсон сэтгэлгээ. Тэгэхээр сэтгэлгээнээс ѳѳр ойлголт юм, товчид бол танин мэдэхүй, мэдрэхүйн цар гээд ойлгоход хол зѳрѳхгүй. Нийтлэлчид заримдаа зангарга гэсэн харагддаг. Адгуусанд ч тодорхой хэмжээнд байх чанар. Германы УХААНТАЙ АМЬТАД хэмээх  шинжлэх ухааны хялбаршуулсан сериалаас адгуусанд байх ухаант чанарын талын ойлголтуудыг авч болно.

Оюун ухаан бол мэдлэг, боловсрол, эрдмээр дамжин суусан ухааны бүрэлдэхүүн хэсэг. 

Ухаан нь тэгэхээр адгуус чанар, хүн чанар гэж хуваагдах нь гарцаагүй болж таарч байна.  Малд жишээ нь ухаан гэж байхаас оюун ухаан гэж байхгүй, эндээс ургуулаад, хүн чанар шингэсэн ухааны үйлдлээр дамжин ил болсон хэсгийг  ухамсар гээд байгаа юм шиг. Сэтгэлийг хѳдлѳлѳѳр нь, ухааныг ухамсраар нь дамжуулан судалдгийн чухам учир энд л байна.

Сэтгэл бол эрхтэн, сэтгэц бол сэтгэлийн бүтээгдэхүүн гэхээр энгийн ухамсрын ѳнѳѳдрийн тѳвшинд дасаж дадаагүй байгаа болохоор сонсоход эвгүй байгаа хэдий ч нотлогдох нь зүгээр л цаг хугацааны асуудал.

Сэтгэлийг Фройдизм, шинэ Фройдизмаас улбаалсан психоанализ гэдэг эмнэл зүйн салбар мэдлэгийн ухаан судалдаг. Дэлхийд сэтгэцийн гажигтай, мэдрэлийн солиоролтой хүн хэд байгаа билээ, тэднийг эмчлэх шаардлагатай  гэдгийн үүднээс сэтгэл, сэтгэцийг судлах ухаан маш сайн хѳгжиж байна. Сэтгэл зүй бол эмнэл зүйн ухаан болохоос Павлов, Сеченёвийн үндэслэсэн шиг боловсон хүчин судлах шинжлэх ухаан ердѳѳс биш юм.

Харин ухаан, ухамсар бол суурь ухаан, цаашлаад нийгэм зүйн мэдлэгийн талх юм даа.

Нийгмийн сэтгэлгээ бол хувь хүмүүсийн сэтгэлгээний арифметикийн нийлбэр огт биш, дээрх ухагдахуунуудын үр хѳврѳл, үйлдлийн нѳлѳѳн дор нийгмийн макро тѳвшинд хэвшин тогтнож байдаг нийгмийн хѳгжлийн нэг хүчтэй тулгуур хүчин, хѳгжлийн чиг  хандлагыг нѳхцѳлдүүлэгч оюун ухааны маш чухал орон зай юм.

Дээрх шинжлэх ухааны ойлголтуудыг аль болох энгийн, нийтлэлийн хэлэнд буулгаваас нэг иймэрхүү дүр зураг гарч байна. Эндээс бидний, ялангуяа улс тѳрчдийн хувьд зайлшгүй санаж явмаар зүйл гэвэл дараах томъёолoл байж болмоор юм уу гэж бодох юм.

  1. Хувь хүний ухамсар, ухааныг гаднаас нь хараад юм уу, ярьж хэлж буйгаар нь дүгнэх онолын үндэслэл байхгүй. Гагцхүү үйлдлээр нь гаргасан дүгнэлт бодитой байх болно.
  2. Нийгмийн сэтгэлгээ нь хувь хүмүүсийн сэтгэлгээний арифметикийн нийлбэр биш, харин хүмүүсийн ухамсар оюун ухаантай холбоотой чанаруудыг ѳѳрт шингээн хѳгжиж, улмаар нийгмийг бүхэлд нь юм уу тодорхой хэсгийг хамран хэвшиж байдаг нийгэм зүйн чанарын ерѳнхий тѳвшин юм. 

Нийгмийн сэтгэлгээ нь хийсвэр чанар биш, үйлдлээр буух, тухайн нийгмийн оюун ухааны тѳвшин, хѳгжлийн чиг хандлагыг тодорхойлж чадах маш чухал чанар.

Коммунист дарангуйллын үед нийгмийн сэтгэлгээ гэдгийн дор дан ганц коммунист сэтгэлгээг л ойлгодог байв.

Түүнийг номлодог шинжлэх ухааныг шинжлэх ухааны коммунизм гэдэг байлаа.  Олон янзын ѳнгѳ аяс байгаагүй, байх ч, багтах ч орон зай байсангүй, ердѳѳ л шугам тавьж байгаад татчихсан зураас дагаа л хѳвѳрдѳг ухаан байж дээ зайлуул. 

Монгол улс тотилатор тогтолцоог түлхэн унагаснаас хойш тоолохуйд бараг л зууны дѳрѳвний нэгийг ардаа хийчихжээ. Энэ хооронд, нийгмийн сэтгэлгээнд танигдашгүй ѳѳрчлѳлт гарсан гэдгийг судлаачид хэлдэг.

Нэг талаас, дэлхийн ардчиллын жишгийг улс орондоо амьдралын үнэт болгон ургуулж, шударга ёсыг тогтоон иргэний нийгмийг байгуулж соёл иргэншилд хүрэх гэсэн хүсэл сонирхол. Нѳгѳѳ талдаа, хувьсгалын ололтод дулдуйдан шилжилтийн үеийн засаглалын ундуй сундуй байдлыг ашиглан ямар ч хамаагүй аргаар хѳрѳнгѳжѳѳд авах гэсэн сонирхол үүсэж ѳѳр хоорондоо зѳрчилдѳн улмаар нийгмийн сэтгэлгээнд цав сууж эхэлсэн.

Эндээс, сонирхол хоорондын зѳрчил үүсэж, улам бүр гүнзгийрсэн. Энэ бол маш аюултай үзэгдэл, улс тѳрчид энэ үзэгдлийг бүхэлд нь бүрхэгдүүлж сонирхлын зѳрчил гээд моод болгон яриад байна, энэ нь бүр ч аюултай, зѳрчлийг ѳнгѳн талыг нь илж аваад дүгнэлт хийн тодорхойлох нь зѳрчлийг улам ч гүнзгийрүүлэх талтай байж мэднэ. 

Эдийн засгийн сонирхол бол хаана ч байдаг, байх зүй тогтолтой. Сонирхлоо гүйцэлдүүлэх гэж зүтгэх явцад зѳрчил байнга л гардаг, гарах ч ёстой. Тэрнээс, дуучин Жавхлангийн хэлсэн шиг улс тѳрд бѳѳн сонирхолтой, баахан шуналын туламнууд суучхаад Увс аймгийн картын бараанд дугаарлан зогсдог шуналгүй хүмүүсийн хоолыг булааж идээд байгаа юм биш. Тэр Увсын картын барааныханд ч сонирхол байж л байгаа, хэрэгцээ байгаа бүх нѳхцѳлд сонирхол байдаг. 

Сонирхол байгаа нѳхцѳлд сонирхлын зѳрчил гэж байлгүй яах вэ. Гэхдээ энэ нь сонирхол хоорондын зѳрчилтэй харьцуулахад, харилцааны ѳнгѳн хэсгийг хамарсан хавьгүй жижиг, байх л ёстой  зѳрчил. Сонирхлын зѳрчлийг арилгана гэх нь маслын хутгаар мах хэрчих гэж оролдоод байна гэсэн үг л дээ. Сонирхлын зѳрчлийн хууль гаргана гээд бүр зарим нь тѳсѳл барьчихсан гүйж явдаг бололтой, агуулгаа хармаар, дэлхийгээс үлгэр авмаар гэж хэлмээр ч юм уу. Зүй нь бол сонирхлын зѳрчлийг биш, сонирхол хоорондын зѳрчлийг, тэр зѳрчлийг нѳхцѳлдүүлээд байгаа үндсийг нь таслах тухай юм.

Утга учир нь тэр сонирхлыг ямар аргаар гүйцэлдүүлж байна вэ гэдэгт байгаа, далд аргаар уу, аль эсвэл ил аргаар, хууль ёсоор уу гэх мэт.

Одоо дэлхийгээр нэг яриад байгаа dоuble-standart, оросоор подвойнный стандарт, монгол хэлнээ давхар стандарт гэж буугаад байгаа тэр зѳрчлүүдээс гарсан харилцааг л шийдэх, эрх зүйн орчинтой болгох л тухай юм шүү дээ уг нь. АН-ын нэг чухал албан тушаалтан хоёрдмол санаа гэж томъёолсон харагдсан. Дѳхѳж очиж. Гэхдээ бас л агуулгыг нь илчихжээ. Уг нь санаа биш л дээ. Бүр үйлдэл болоод зѳрчлийн хэмжээнд оччихоод, асуудал болон босчхоод байгаа шүдний ѳвчин юм, хэн ч маргахгүй. Давхар стандарт, Монголд бол бүр хэдэн давхар стандарт болчхоод удаж байна.

Жижигхэн мѳртѳѳ ойлгомжтой жишээн дээр буулгаад харъя! Монголчууд үндсэн хѳрѳнгѳ худалдах, худалдан авахдаа татвар бууруулан тѳлѳх сонирхлоор хоёр гэрээ хийдэг юм билээ. Энэ бол давхар-стандартын жишээ гэж болохоор байна. Иймэрхүү, үүнээс ч ноцтой жишээ олныг гаргаж болно. Тэгэхээр, давхар стандарт нь ил ба далд гэсэн хоёр стандарттай, агуулгаараа сонирхол дээр тулгуурлаж байдаг нь шууд харагдана. 

Нийгэмд үүссэн харилцаа буюу нийгмийн сэтгэлгээ талаас нь харахаар нэг талдаа шударга ёсыг дагах сонирхол, сонирхлоо шударга ёсыг баримтлан гүйцэлдүүлэх сэтгэлгээ. Нѳгѳѳ талдаа шударга бусаар хѳрѳнгѳжих эдийн засгийн далд сонирхол дагасан сэтгэлгээ, эдгээр сэтгэлгээний хооронд гарсан зѳрчил, ан цав, ердѳѳ ийм л юм.

Ѳѳр нэг жишээ хэлээдэхье! УИХ-ын эрхэм гишүүд ѳрийн тааз гэгчээр жинхэнэ талк шоу хийлээ. Ард түмнээ ѳрѳнд оруулахгүй, хойч үедээ ѳрийн дарамт үлдээхгүй хүслэнтэй мундаг хүмүүс болж харагдацгаалаа. Гэтэл тэр ѳрийн тааз гэж яриад байгаа тѳлѳгдсѳн, тѳлѳгдѳѳгүй байгаа элдэв зээлийн нийлбэр нь ярилгүй далдлаад ѳнгѳрч байгаа балансын дебетийн ѳр авлагатай харьцуулахад агуулгаараа ч тоо хэмжээгээрээ ч юу ч биш байх л жишээтэй юм. Дебетийн ѳр авлага гэдэг нь юм хийнэ гэж тѳсвѳѳс санхүүжилт авчхаад ѳѳр юманд зарцуулчихсаны ѳр юм. Ийм энгийн иргэд дээр байх боломжгүй, албан тушаалтнууд, мэдэлтнүүд дээр л байдаг. Аль ч оронд, тэрийг ярихгүй хүмүүсийн анхаарлыг саармагжуулчихаж байна. Ярьж байгааг нь харахад гэмгүй сайхан хүмүүс, далдлаад байгаа санааг нь нээгээд хархаар ийм л нүдний булайнууд. Энийг л давхар стандарт гээд байна.

Нийгмийн сэтгэлгээнд үүссэн ан цав нь даамжирсаар даамжирсаар ангал болон тэлдэг, улс нийгмийн амьдралд эргэн нѳхѳгдѳшгүй сүйрэл авчирдгийг бид дэлхийн зарим орны гунигтай амьдралаас мэднэ. 

Энэ бол феномен, гэхдээ маш их муу уршигтай феномен. Феномен гэж массыг айдас, бухимдал, мэл гайхшралд оруулсан ерийн бус үзэгдэл гэдэг талаас нь хэлж байна.

Украины жишээн дээр л аваад үзье л дээ. Украинд болж байгаа зовлонтой үйл явдал гэнэт үүссэн үү гэвэл огтхон ч үгүй, гэхдээ хэний ч толгойд ийм уршигтай юм болно гэж тѳсѳѳлѳгдѳж байгаагүй. Нийгэм зүйн хямрал бол тэнд аль эртнээс хѳрс суурь нь тавигдсан, оросын мэдээллийн хэрэгслээр үндсэрхэг үзэл гэж нэрлээд байгаа тэр орос үндэстнийг үзэн ядах үзэл санаа зохион байгуулалттай, байгуулалтгүй эртнээс аажмаар бүрэлдэж, нийгмийн сэтгэлгээнд ан цав суулган, улмаар сэтгэлгээний эсрэг тэсрэг фронт үүсгэсэн. Нэг талдаа, зүүн Украинд оршин суугч оросууд, нѳгѳѳ талд нь оросыг үзэн ядагч үндсэрхэг үзэлтнүүд, энэ зѳрчлийн ард Донбасс, Кузбассын нүүрсний бассейнуудыг хувьд эзэмших гэсэн олигархуудын сонирхол зогсож байсан. Януковичид энэ процессыг зогсоох арга байгаагүй. Учир нь үндсэрхэг үзлийг дэвэргэн сонирхлын зорилгоо хэрэгжүүлэхэд ашиглаад байгаа олигархуудтай тэр ѳѳрѳѳ хутгалдчихсан байсан. Янукович хѳрѳнгѳѳ хамж аван, ум хумгүй эх орноосоо дүрвэн гарч, үндсэрхэг үзэлтнүүдийг ашигласан олигархууд засгийг булаан авсан, гэлээ ч асуудал үүгээр дуусаагүй. Олигархуудын эцсийн зорилго, Донбасс, Кузбассын нүүрсний гигантуудыг хувьд эзэгнэх санаархал нь эцэстээ олигархуудын хоорондын дайн болон хувирсан.

Нийгмийн сэтгэлгээнд суусан ан цав тэлсээр, даамжирсаар ангал үүсэж улмаар иргэний дайнд хүргэсэн, ѳнѳѳдѳр ч байлдсаар л олигархууд хоорондын дайн, мэдээллийн дайн... сүүлдээ бүр иргэдээ үй олноор нь хүйс тэмтрэх аймшигт аллага  болж хувирав. Хяналтнаас аль хэдийн гарсан, Орос, Америк, Европ, НҮБ оролцоод ч дийлдэхээ больсон. Ийнхүү баялаг ихтэй европын нэгэн улс сүйрлээ. Одоо бол цэргүүд хоорондоо байлдах биш, зүгээр л орос гаралтай бүхнийг аймаглан устгах геноцит болон хувирахад хүрэв. Наташа нараа, чемоданаа бариад Украины нутгаас яв, эс бол бѳмбѳгдѳнѳ гэж Темощенкогийн хэлсэн үг биеллээ олж байна. Ѳнгѳцхѳн харахад Орос Америкийн зѳрчил, үндсэрхэг үзэлтнүүдийн ажил юм шиг боловч ард нь олигархуудын ашиг сонирхлын сэтгэлгээ сууж байна гэдэг нь хэнд ч ойлгомжтой.

Монголын нийгмийн сэтгэлгээнд урьд хожид байгаагүй нэг айхавтар зааг гарсан байна. Энэ бол үндсэрхэг үзэл биш. Тэрнээс ч дор юм. Энэ нь сэтгэлгээний зѳрчлѳѳс гарсан зааг.

Сэтгэлгээнд гарсан саад бэрхшээлийг сүүлийн үед нийгэм зүйчид фрустраци гээд даван туулах арга замыг олчхож байгаа, тэрнээс бол бүр хэдэн зуу, магадгүй мянга дахин тѳвѳгтэй саад.

Давхар стандарт нь дийлэнхдээ эрх мэдэлтнүүдээс гардаг, тэрий нь шууд ба шууд бус утгаар энгийн иргэд мэдээд гадарлаад байдаг, эндээс л энэ зааг гарч байна. Мэдээж улс тѳрчид бүгд давхар стандарттай гэвэл тэрүүн шиг худлаа юм байхгүй. Гэхдээ л ард түмэн нэлэнхүйд нь хамруулаад л ойлгоод байна шүү дээ. Худлаа амлагчид, популизмчин, хумсаа нуугчид... Элдвээр нэрлэж бухимдсан хэсэг нь хий хардахдаа үг хэлээр доромжлоход хүрч  байна. Зѳрчилтэй хэд нь ч гэсэн дээ, сонирхолдоо донтон бүр цагаандаа гарч хэн юу хэлэх вэ, нохой юу саах вэ гэх маягтай болж, тэрүүнд олон түмэн дургүйцэж байна.

Энэ бол ҮЛ ИТГЭЛЦЭЛ. Монгол хүн монгол хүндээ итгэлгүй, итгэхийн аргагүй болсон байдал. Ердѳѳ л бүх юм худлаа гэсэн сэтгэлгээний ноёрхол, нийгэм зүйд үнэн юм байхгүй боллоо гэсэн үзэл санаа ноёрхож ирээдүйдээ, бүр маргаашдаа итгэхээ больчихсон байдал үүсчхэж. Урам зоригийн тухай бол ярихын ч хэрэггүй. Энэ аюултай феномен биш гэж үү!

Сэрэмжлүүлэг. Нийгмийн хямрал эдийн засгийн хямралаас дор! Улс тѳрчид, урлаг, спортын ойворгон залуус үүн дээр дѳрѳѳлѳн улс тѳр хийж байна. Массыг ашиглаж байна. Улаанчулуутын хогийн цэгийнхнээр улс тѳр хийж, нийгмийн хамгийн үгээгүү хэсгийг ѳѳртѳѳ татахыг оролдох болсон нь одоогоос 100 жилийн ѳмнѳх орос орныг санагдуулж байна. Мѳчиг ухаантнууд, зѳрчлийг л ашигладаг!

Ишцэдэнгийн Цэрэнхүү


avatar

Авторууд

Санал асуулга

Нийт санал: 5578

2020 оны УИХ-ын сонгуулиар аль нам ялах вэ?

13%
МАН
17%
АН
69%
Шинэ гуравдагч хүчин
  • 13%
  • 17%
  • 69%