Давхар харьяалал

Эрдэмтэн судлаачид иргэн гэдэг ухагдахуун хэзээ, хаана үүссэн тухайд нэгдмэл ойлголтод хүрээгүй боловч дийлэнх нь анхны хууль гэдэг ойлголттой хамт үүссэн байх гэдэгтэй санал нийлдэг. Эртний төрт ёс бий болсон улсуудын түүхээс харахад хууль тэгш үйлчлэх зарчмыг хангах нэг үндэслэл нь иргэн гэдэг ухагдахуун мөн бөгөөд цаад утгаараа эрх чөлөөг илэрхийлсэн нийгмийн байдал гэж ойлгож болохуйц хэмжээнд тодорхойлогдсон байдаг байна. Аливаа нөхцөл байдлаас шалтгаалан тухайн хүн бусдын хүчинд автан эрх чөлөөгөө алдаж боол болбол иргэн биш болдог, улмаар хуулийн хамгаалалтаас гардаг жишиг тогтсон байсан нь иргэн гэдэг ухагдахууныг онцгой гавьяа байгуулбал олгодог шагналын хэмжээнд ч ойлгоход хүргэж байжээ. Эртний Грек, Ромын эзэнт гүрэн, Византий, Египтээс эхлээд дундад зууны баруун Европын улсуудад иргэн гэдэг ухагдахууныг эдийн засаг, улс төр, үзэл бодлын хувьд олон өнцгөөс авч үзэн өнөөгийн хууль эрх зүйн түгээмэл ойлголтуудыг бий болгожээ. Үүнд “цусан эрх”, “хөрсний  эрх”, “итгэлийн эрх”, “эргэж ирэх эрх” гэх мэт харьяат, тухайн улсын иргэншлийн  харилцаатай  холбоотой олон эрх зүйн үндэслэлийг багтааж ойлгодог. Кембрижийн Их сургуулийн профессор Брайн Тюрнерийн томьёолж хэлснээр “Өнөөгийн даяаршиж  буй ертөнцөд эх орон, амьдарч буй нутаг болон нийгэмтэй харилцах харилцаанд иргэншил гэдэг ухагдахууныг хуучны хэвшмэл байдлаар ойлгож хэрэглэх нь тун асуудалтай болж байна“. Хэдийгээр иргэн гэдэг ухагдахууныг ихэвчлэн нийгмийн ухааныхан судалдаг боловч хэрэглээ нь хууль эрх зүйд давамгай байдаг тул дээрх оршил нь цаашид хөндөгдөх  асуудлуудыг тодруулж өгөх учиртай юм.

Монгол Улсын Харьяатын тухай хуульд зааснаар Монгол улсын иргэншил олгох, харьяат гэх ойлголтод “хөрсний  эрх”, “цусан эрхийг” хосолмолоор хэрэглэхээр заажээ. Тухайлбал, зургаадугаар зүйлд “төрснөөр” (санаа нь Монголд төрснөөр гэсэн байх, хуулиндаа бол Монгол гэж үг байхгүй ) гэж заасан бол долоодугаар зүйлд “хүүхэд төрөх үед эцэг эх нь Монгол улсын харьяат байсан бол хаана төрснөөс үл хамааран харьяат” гэж тодорхойлсон байна. Эцэг, эх нь хоёуулаа гадаадын харьяат бол харин хэрхэх тухай заалт бүр байхгүй юм билээ. Монгол улсын үндсэн хуулинд Монгол улсын харьяат нь давхар иргэншэлтэй байхыг хориглосон заалт бий. Өнөөдрийн байдлаар яг хэдэн Монгол улсын иргэн гадаадад хууль ёсоор болон хууль бусаар амьдарч байгааг нарийвчилж хэлэх боломж алга. Тэдгээр иргэдийн хэд нь хүүхэд, тэр хүүхдүүдийн хэд нь гадаадын харьяат вэ гэдэг тоо ч бүдэг бадаг. Гадаадын иргэн, харьяатын асуудал эрхэлсэн агентлаг  хууль зүйн шинэтгэлийн хүрээнд бүтцийн өөрчлөлтөд орж байгаа боловч урьд нь ч, цаашид ч зөвхөн гадаадын харьяатын асуудлыг эрхлэх болохоор монгол аав, ээжтэй хэдэн “гадаад” хүүхэд Монголд ирэхдээ виз сунгуулсан бэ гэдэг тоо баримтаас өөр бүртгэл судалгаа авах аргагүй юм. Шинэ бүтэцээрээ харин орж гарч буй бүх иргэдийг бүртгэх боломжтой болох юм билээ. Насанд хүрсэн монгол “гадаад” хэд байгааг мэдэх арга бүр байхгүй бололтой. Учир нь зарим улс давхар иргэншлийг хүлээн зөвшөөрдөг,  тухайн хүн өөр ямар ч улсын иргэн байсан хамаагүй харьяатаа болгодог тул Монгол улс бүртгэлгүй хоцордог. Зарим иргэд Үндсэн хуулиа зөрчин байж Монголд ирэхдээ монгол паспорт, гадагшаа явахдаа гадны улсын паспорт ашиглаж зорчдог байх юм. “Хөрсний эрх” зарчмыг баримталдаг АНУ-аас нийтдээ 989 монгол ээж, аавтай  “америк” хүүхэд Монгол улсад зорчихдоо виз сунгуулсан, оршин суух зөвшөөрөл авчээ. Анхны монгол гаралтай АНУ-ын иргэн аль 1960-аад онд АНУ-д төрсөн гэж үзвэл Монголын харьяат бус “монгол өвөө, эмээ” нар гараад ирсэн байх нь. Эдгээрээс хэд нь Монголдоо аж төрж, хэд нь ирэхдээ виз авдаг бол? Гадаадын иргэн харьяатын газраас өгсөн мэдээгээр нийтдээ 1 723 хүүхдийн виз сунгаж эсвэл оршин суух зөвшөөрлийг нь олгосон байна. Визээ сунгуулсан насанд хүрсэн монгол “гадаад” мухар 100 байжээ. Визээ сунгуулаагүй, оршин суух зөвшөөрөл хүсээгүй хэдэн хүүхэд, хэдэн насанд хүрэгсэд байгаа бол? Монголд төрж өсөөд амьдралын эрхээр гадаадад гарсан хэдэн хүн нутгаа санагалзан “виз” гэдэг үгийг үзэн ядаж суудаг бол?

Харьяатын албаны тоо баримтаас үзвэл хаа байсан Өмнөд Африкийн Бүгд Найрамдах Улс, Эквадор гээд сонин содон улсад хүртэл монгол хүний үр сад харь орны паспорт өвөртлөөд алхаж явдаг аж. Монгол гаралтай амэрикэн  989,  хангуг сарам 251, нихонжин 111 тоологджээ. Монгол хүн дасан зохицох чадвар өндөр байдаг гэдэг, тиймдээ ч аль сайн боловсрол, аль сайн ажлыг нь олоод л хийчихсэн алхаж яваа, монголд үлдсэн элгэн саднаа ч боломжийнхоо хэрээр тэтгэж байгаа даа. Айлаас эрэхээр авдраа ух гэдэг шиг өнөө үед уул уурхай гээд гадны мэргэжилтэн хэрэгтэй гэсэн газар монгол “гадаад“ нь ирж ажиллаасай, монгол “гадаадууд” гадны хөрөнгө оруулагч биш, үндэстний хөрөнгө оруулагч нэр зүүж яваасай; их дээд, мэргэжлийн сургуулиудад монгол “гадаад” багш нар хичээл заагаасай. Өвөртөлсөн бичиг баримт нь л гадаад болохоос зүрх сэтгэлдээ Монголоо л гэсэн хүмүүс  шүү дээ. Монгол улсдаа сайн сайхныг бүтээх урмыг нь тэтгээд Монгол улсын харьяатаас нь хасмааргүй байна.

Монголын “гадаад” иргэдэд манай элчин сайдын яамд аль болох сайхнаар ханддаг байх . Харьяатын алба лав хуулийн хүрээнд бүхий л талаар нааштай хандаж, аль болох туслаж дэмжиж ажилладаг гэж Зөвшөөрөл, бүртгэлийн хэлтсийн дарга Ч.Эрдэнэбат хэллээ. Гадаадын харьяат монгол хүүхдэд тав, насанд хүрсэн хүнд гурван жилээр оршин суух зөвшөөрөл олгодог гэнэ. Харин анх ирэхдээ жуулчны визтэй ирвэл хуулиар оршин суух зөвшөөрөл олгох боломжгүй учраас визний хувийн ажлаар гэдэг ангилалтай ирэх ёстой гэнэ. Гадаадын иргэдэд үрчлэгдээд явсан монгол хүүхдүүд 16 нас хүртлээ хуулийн дагуу Монголын харьяат. Тэднийхээ эсэн мэнд бойжиж, өсөн торниж байгааг хянадаг байгууллага нь харьяатын алба боловч төсөв мөнгөнөөс эхлээд тэр бүр хангалттай сайн хяналт хийж чаддагүй бололтой. Хоёрдмол харьяатын асуудал сөхөгдөхөөр 90 оны дундаас эхлэн Казахстан руу гарсан, буцаж ирсэн Монголын харьяатын асуудал зайлшгүй хөндөгддөг бөгөөд зарим эх сурвалжууд 100 000 гаруй Монголын казак Казахстанд оршин сууж байгаа гэдэг тоо дурьддаг байх юм. Нэг хэсэг олон мянган казакууд Казахстанд амьдарна гээд гарсан боловч зарим нь эргээд ирсэн гэнэ. Хэдийгээр Монгол ч тэр, Казахстан ч тэр хоёрдмол харьяатыг хориглодог боловч эдгээр нааш цааш нүүдэллэсэн казак үндэстэн иргэдийн тоо бүртгэл, харьяаллын асуудал бүдэг бадаг болсон нь цаад талын бодлого ч байж мэдэх юм. Дээрх тоо үнэн ч бай худлаа ч бай, олон арван мянган Монголын харьяат амьдрал дээр хоёрдмол харьяалалтай болчихоод явж байна.

Дэлхийн улс улс өөр өөрийн хуулиар иргэнээ тодорхойлдог, иргэншил олгодог. Монголын харьяатын хүүхэд монгол хүн мөн гэдэг зарчим барьсан л юм бол давхар харьяаллыг зөвшөөрөх хэрэгтэй. Ерөнхийлөгчийн сонгууль болж өнгөртөл энэ парламент лав Үндсэн хуулинд гар хүрч чадахгүй. Гэхдээ Монголд төрсөн, монгол аав ээжтэй, дэлхийн бөмбөрцөгийн хаа нэгтээ монголоор ч бай өөр хэлээр ч бай  “Би монгол” гэж бахархалтай хэлэх иргэдээ эх орон нь битгий гадуурхаасай.

 

(Үндэстний Тойм сэтгүүлийн 2012 оны 10-р сарын 23-ны дугаарт хэвлэгдсэн)

 


avatar

Авторууд

Санал асуулга

Нийт санал: 5565

2020 оны УИХ-ын сонгуулиар аль нам ялах вэ?

13%
МАН
17%
АН
69%
Шинэ гуравдагч хүчин
  • 13%
  • 17%
  • 69%