Оюу Толгойн сонсголын араас
Оюу Толгойн ордын асуудлаарх УИХ-ын сонсгол үр дүнгүй болсон төдийгүй улам гүнзгий төөрөгдөл, улам эргүүтсэн тархи угаалтын индэр болж дууслаа. Бүр харамсаад болдоггүй... Онтрегийн лиценз гээд байгаа нь монголчууд бидний хувьд энэ дээрмийн гэрээг залруулах нэг барьц маань юм. Ядаж хэдэн зүйл тодруулж бичье ээ. Эхлээд Оюу Толгойн хөрөнгө оруулалтын гэрээ дээрмийн гэрээ гэдгийг давтан тайлбарлая. Энэ асуудлыг хэдэн мянга давтсан ч болно. Монгол хүн бүр үүнийг ойлгож, эсэргүүцэж байж л шударга ёсны бараа харах болно.
Нэгдүгээрт, энэ дэлхийд хаана ч ямар ч бизнесийн менежмент аль болох их орлого, аль болох бага зардал, их ашгийн төлөө ажилладаг байтал Оюу Толгойд аль болох их зардал гаргах тусам менежментийн баг нь шагнуулж байдаг. Товчдоо 100 долларын зардал тутмаас 6 долларын төлбөр авдаг.
Хоёрдугаарт, зардлаа ихэсгэж, аль болох зарцуулах тусам мэдээж тухайн компанид өр хуримтлагдана. Энэ өрийн 34% нь хувьцаа эзэмшигч болох манай улсад ногдоно. Хамгийн гамшигтай нь манайх анхнаасаа энэ 34 хувьд олборлуулж байгаа алт, зэсийн үнэ цэнээ тооцуулаагүй.
Гуравдугаарт, анхнаасаа Оюу Толгой компани хувь нийлүүлэгчдээс буюу Рио Тинтогоос зээлсэн мөнгөнд олон улсын суурь хүү дээр нэмэх нь 6.5% хүү төлөхөөр гэрээлсэн. Ингээд одоогийн байдлаар Оюу Толгой компани дахь 20 тэрбум долларын өрийн бараг 70% нь Риогийн өөрсдийн зээл ба үндсэндээ манай улс алт зэсээ олборлуулахын хажуугаар эзэмшигчдийн зээлийн хүүгээс хүүлэх санхүүгийн хавханд орсон.
Дөрөвдүгээрт, зардал хэтрүүлэхэд Монгол Улсаас жилээс жилд татварын акт үйлдэж татварын маргаан гарч, үнэтэй зардалтай арбитрын шүүхээр шийдүүлэхэд хүрдэг. Жил тутмын зардал хэтрэлт, мөн дээр дурдсан хүүгээс хүүлэх балансын аргаас болоод энэ хэвэндээ бол Монгол Улс орлогын татвар, ногдол ашиг авах найдвар байхгүй.
Тавдугаарт, татварын маргаан болон бусад асуудал, Оюу Толгой ордын нөөцийн ойролцоогоор 30% болох Онтрегийн талбайн асуудлаар ч Рио Тинтогийн талын төлөөлөн удирдах зөвлөлийн 6 гишүүний саналаар хүч түрэн шийдвэр гаргасаар байна.
Зах зухаас нь л дурдахад ийм байдалтай. Ийм юм ер нь байж болох уу?! Энэ бол жинхэнэ орчин цагийн корпорат империализм, баялгийн мөлжлөг, эдийн засгийн дарангуйлал болно. Дэлхийн эдийн засагт өчнөөн цикл өөрчлөгдөж, гэрээний дахин хэлэлцээрийн боломжууд гарсаар байтал яагаад энэ хэвэндээ өдий хүрэв гэдэг нь нөгөө талын заль мэхээс гадна бидний өөрсдийн урагшгүй байдал ч мөн.
Өнөөдөр нэр бүхий хэдэн этгээдийг тонилцгоо гэсэн нийтлэл харлаа. Тонил гэдэг үгийг юун түрүүнд Баярцогтод л хэлмээр байна. Монгол Улс эрх ашгаа хэлэлцэх тохиол болгонд энэ хүн нэг бол 20 мянган хувьсагч ярьж, нэг бол 20 мянган хуудастай цүнх чирч гарч ирээд асуудлыг Баярцогтын тухай хэрүүл болгож хувиргадаг. Бараг тэгж самарч цаад талдаа тусалдаг хүн үү гэж хардмаар.
Энэ удаа бас гарч ирээд асуудлыг Оросын тухай хардлага, геополитикын хуйвалдааны онол болгож амжлаа. Оюу Толгой бол санхүү эдийн засгийн асуудал. Үүнийг дахин давтан хэлэх байна. Оюу Толгой бол геополитик биш эдийн засаг. Дээр дурдсан мэт дорд үзэгдэж дээрэмдүүллээ гээд Монгол гуравдагч ертөнцөд гарцтай болохгүй. Улсын төсөв, төгрөг улам бүр сул болж хоёр хөршөөс улам бүр хамааралтай болох болно.
Оюу Толгой татвар төлж, ажлын байр олгож байна гэдэг суртал ухуулга ч мөн дээрмийг зөвтгөх тархи угаалтын нэг хэсэг ба энэ дэлхийд жижиг том ямар ч компани тухайн улсдаа татвар төлөх, ажилчид авах нь тухайн компанийн өөрөө ашиг олох зорилгын нэг хэсэг болохоос Монголын төлөө хийж гийгүүлсэн зүйл юм уу, зарчмын шударга харилцааны нэг хэсэг биш.
Эхэндээ Баярцогт Монгол Улс ногдол ашиг авна гэж ярьдаг байлаа. Одоо ногдол ашиг ч үгүй, баахан өртэй болсон хойно гарч ирээд наадах чинь өр биш компанийн зээл гэдэг өгүүлэмж болгож шинэчилсэн байна. Өр л бол өр. Ийм эргүүг тахин шүтдэг, улс орны макро өр зээлийн асуудлыг Баярцогтын магтуу болгож хувиргадаг хүмүүсийн дийлэнх нь Оюу Толгойтой ямар нэг эдийн засгийн харилцаатай, ханган нийлүүлэх сүлжээнийх гэдэгт итгэлтэй байж болно. Жишээлбэл Баярцогтын ойрын найзаас Оюу Толгойд ажилчдын хоол нийлүүлдэг гэж бод. Тэр хоолыг үнэтэй авах тусам Рио Тинтогийн менежерүүд 6% бонус авчихна. Хоол нийлүүлж байгаа компани ашгаа авчихна. Харин энэ зардал нь Оюу Толгойн нийт өр дээр нэмэгдэж, цаашдаа хүү тооцогдож нийт монголчуудад ногдох өр нэмэгдэнэ. Энэ мэт ашиг сонирхлын сүлжээтэй мянгын зэрэг этгээд байж таарна. Цөөхүүлээ нийгэмд 1000 хүн идэвхтэй дуугарсан ч Нобелийн шагналт Мансур Олсоны баталсан байдагчлан нийт массаас илүү үр нөлөөтэй байж болдог. Монголчууд бид Оюу Толгойг тойрсон эдийн засгийн баянбүрдийнхний тарьдаг асуудал биш хүн тойрсон дайралт, тархи угаалтыг сэтэлж олноор шүүн хэлэлцэж байж л эрх ашгаа хамгаалах орчин бий болно гэдгийг бүү март!
Одоо тэгээд яах вэ гэдэг асуудал. Эхлээд гэрээнд өөрчлөлт оруулах боломжтой юу гэвэл боломжгүй зүйл гэж байхгүй. Энд бичиж багтахгүй боловч хэдэн зүйл товч дурдахад:
- 2022 оныг хүртэл Оюу Толгой нээлттэй компани байсан. Рио Тинто бүх жижиг том хувьцааг худалдаж авч 66 хувийг шууд эзэмшснээр мэдээлэл хаалттай болсон. Монгол Улс стратегийн буюу бусад ордын бирж дээрх мэдээллийн нээлттэй байдлыг дотоодын хуулиар зохицуулах бодлого баримтлах хэрэгтэй. Үүний тулд биржийн хөгжил амин чухал. Мэдээлэл нээлттэй болж байж л асуудлыг объектив хэлэлцэж, өөрчлөх боломж гарна.
- 2009 оны хөрөнгө оруулалтын болон Дубайн гэрээ байгуулагдах үеийн авлига, дотоодын хууль зөрчигдсөн байдлыг мөн дотоодын бичиг баримт, шүүхийн шийдвэрээр баталгаажуулж байж, өөрөөр хэлбэл өөрийн талаас гарын үсэг зурсан этгээгдүүдийг хуулиараа авч үзэж байж л олон улсад шударга бус гэрээний маргаан үүсгэх боломж үүснэ. Хийсэн этгээдүүд нь гарч ирж тархи угаагаад, тахин шүтэгдээд байгаа нөхцөлд ингэх ямар ч боломжгүй. Тиймд тархи угаалтын эсрэг иргэн бүр өөрийгөө голохгүй үгээ хэлж үзэл бодлоо бичдэг, ярьдаг байхаас л өөрчлөлт эхэлнэ.
- Өнөөдрийг хүртэл Монгол Улсын Засгийн газар эрх ашгаа хамгаалах, татвар төлүүлэх, гэрээнд өөрчлөлт оруулах хүчин чармайлт гаргаагүй биш гаргасан. Үүнд дээр дурдсан тархи угаагчид гай болохоос гадна манай эдийн засгийн цөөн түүхий эдээс хамаарах эмзэг байдал бидний гар хөлийг тушсаар ирэв. Эдийн засгийн хөл болсон уул уурхай, хөдөө аж ахуй төрөлжиж олшрох тусам манай Засгийн газрын хэлэлцээрийн барьц дээрдэнэ гэдгийг хаа хаанаа ойлгодог байя. Хоёр гуравхан хөлтэй, нэг хөлөө дэгээдүүлсэн байдалтай энэ хэвэндээ бол бид ногдол ашгийн бараа харахгүйгээр барахгүй дааж давшгүй өр тэврээд үлдэх магадлал бодитой байна.
Ийм хүнд байдалд байгаа төр улсын хувьд энэ удаагийн УИХын хянан шалгах сонсголоор байж боломгүй алдаа хийлээ. Парламентын хянан шалгах сонсгол бол зөв хэрэгжүүлж чадвал хүч, боломж юм. Үүнийг Оюу Толгойтой 20 сая долларын ашиг сонирхлын асуудалд орсон Оюунэрдэнэ экс Ерөнхий сайдын фракц хариуцаж хийсэн нь нэгдүгээр алдаа. Зориуд түмэн олон хүн дуудах, шоу жүжиг болгох, боломжийг үрж үнэгүйдүүлэх зорилготой мэт хардлага ч төрөхөөр харагдлаа. Өнөөдрийг хүртэл Монголын улстөрд аман дээрээ Монголын эрх ашгийг ярих авч үнэн хэрэгтээ асуудлыг хэт унагааж, цаад талын эрх ашигт үйлчилдэг хэт алиалагчид байсаар ирснийг сануулахад илүүц.
Эцэст нь дурдахад Монгол Улс зөвхөн роялти авдаг болж, 34% хувьцаа эзэмшлээ зарах тухай санаа бас бүтэхгүй шүү. Их хүчнүүдийн дээрэнгүй бодлогын эсрэг ганц барьц нь стратегийн орд дахь төрийн эзэмшлийн тухайд баримтлах тусгаар улсын бодлогын арга хэрэгслүүд л байна. Ганцхан жишээ дурдахад манайх 34% эзэмшихгүй бол ёстой жинхэнэ Орост нь ч байна уу, Хятадад шилжүүлэн зарахыг эсэргүүцэх эрхгүй болно. Дараа нь Рио Тинто 20 тэрбум долларын өрөө 30, 40 тэрбум болж нэмэгдүүлээд Хятадад өрөө зараад гарахад монголчууд бид ёстой хоёр чихээ юу, газар нутгаа юу гэдэгтээ тулах байх шүү.
Дүр зураг хүнд, асуудал ярвигтай гэдгийг эхлээд бүгд ойлгож ухаж авагтун!!!