Би уг нь “Өмнийн говийн элс” компанийн нөхдийн хэргийн тухай давж заалдах болон хяналтын шатны шүүхийн тогтоол, шийдвэр гарах хүртэл бичихгүй гэж бодож байтал мэдэх, мэдэхгүй сэтгүүлч, сурвалжлагч, телевиз, сайт, сонин болгон бичээд, яриад байхаар нь бас өөрийн бодлоо бичмээр санагдлаа. Гэхдээ өөрийн мэдэх хэмжээнд хууль, эрх зүйн талаас нь, цаашид хэргийн хувь заяа хэрхэн өрнөж болох талаар таамаг маягтай л биччихлээ.

Хэргийн тухайд товчоор бол “Өмнийн говийн элс” компаний захирал АНУ-ын иргэн Жастин Капла, санхүүгийн ерөнхий ме­не­жер Фи­лип­пин улсын иргэн Хиларион В.Ка­жуком ЖР, санхүү нягтлан бодох бүрт­гэлийн ерөнхий менежер Кристобэл Ж.Дэ­вид нарыг онц их хэмжээний татвараас зайлсхийсэн гэж үзэж АТГ-аас эрүүгийн хэрэг үүсгэсэн бөгөөд энэ оны нэгдүгээр сарын 29-нд Дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны шүүх тэднийг Эрүүгийн хуулийн 166 дугаар зүйлийн 166.2. дахь хэсэгт заасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож 5 жил 10 сар, 5 жил 6 сарын хорих ялыг тус тус оногдуулаад байсан билээ.  

Зургийн эх сурвалж: my50chigaco.com

Монгол Улсын Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж 2015 оны 2 дугаар сарын 26-ын өдөр Жастин Капла, Хиларион В.Ка­жуком ЖР, Кристобэл Ж.Дэ­вид нарт уучлал үзүүлж, эдлээгүй үлдсэн хорих ялаас бүрэн чөлөөлсөн юм. Тэгэхээр зарим ойлголтуудыг нэг мөр ойлгож авах гэж оролдоцгооё.

Уучлал гэж яг юу юм бэ?

Монгол Улсын Үндсэн хуулийн Гучин гуравдугаар зүйлийн 1 дэх хэсгийн 8/-т  “уучлал үзүүлэх” нь Монгол Улсын Ерөнхийлөгчийн үндсэн бүрэн эрхийн нэг болохыг заасан байна. Харин Монгол Улсын Эрүүгийн хуулийн 77 дугаар зүйлийн 77.2.-т “

Уучлал үзүүлэх тухай Монгол Улсын Ерөнхийлөгчийн зарлигаар ялтанг ял эдлэхээс хэсэгчлэн болон бүрэн чөлөөлж болно”

гэж тусгажээ.

Ерөнхийдөө бол “Уучлал үзүүлэх” гэдэг нь ялтан шүүхийн тогтоол хүчин төгөлдөр болмогц өөрт нь оногдуулсан ялыг уучлахыг Ерөнхийлөгчөөс хүсэж өргөдөл гаргасныг тэрээр судлаж үзээд ял эдлэхээс хэсэгчлэн болон бүрэн чөлөөлдөг үйл явдал юм байна. Зарим нэг нь өргөдөл гаргаж байгаа ялтан гэмт хэрэг үйлдсэнээ хүлээн зөвшөөрч, түүндээ гэмшиж байгаагаа илэрхийлсэн байх ёстой мэтээр бичээд байсан. Би тийм зүйл олж умшсангүй. Гэхдээ хаа нэгтээ, “Ерөнхийлөгчөөс ялтанд уучлал үзүүлэх журам” хэмээх баримт бичиг байдаг бол түүн дотор байдаг байж болох юм.

Ялтан гэж чухам яг хэн юм бэ?

Монгол Улсын Эрүүгийн хуулийн 78 дугаар зүйлийн 78.1.-т

“Ялтан шүүхийн шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болсон өдрөөс эхлэн түүнийг ялгүйд тооцох буюу ялгүй болох хүртэл хугацаанд ялтайд тооцогдоно”

гэж, мөн Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 36 дугаар зүйлийн 36.2.-т

“Шүүхэд шилжсэн яллагдагчийг шүүгдэгч, шүүгдэгчийн хувьд шийтгэх тогтоол гарсан бол ялтан гэж тус тус нэрлэнэ”

гэж заасан байх юм. Зарим нэг нь Капла нарыг ялтан биш гэх мэтээр маргаад байсан болохоор нь үүнийг зориуд хуулиас нь эшлэсэн юм.

 

Бид Ерөнхийлөгч Ц.Элбэгдоржийг дээрх гадаадын иргэдэд уучлал үзүүлсэн нь зөв үү, буруу юу гэх талаар тайлбарлаж ярих нь зохимжтой биш. Албан тушаалтан өөрт нь хуулиар олгогдсон онцгой бүрэн эрхээ л эдлэсэн. Харин цаашид хэрэг хэрхэн хөврөх нь сонирхолтой.

Захирал Ж.Капла, санхүүч В.Ка­жуком ЖР, Кристобэл Ж.Дэ­вид нарыг буруутгасан гол нотлох баримт нь мөрдөн байцаагчийн томилсон хөндлөнгийн Санхүүгийн Шинжээчийн дүгнэлт хэмээх баримт бичиг юм. Гэтэл Монгол Улсын Татварын Ерөнхий хуулийн 33 дугаар зүйлийн 33.1.-т

“Татварын алба, татварын улсын байцаагчаас татвар ногдуулалт, төлөлтөд хяналт тавих, татвар хураахтай холбогдсон бүрэн эрхээ хэрэгжүүлэхдээ мэдэгдэл, акт, шаардлага, мэдэгдэх хуудас, төлбөрийн хуудас, дүгнэлт, гэрээ, үйл ажиллагааны тэмдэглэл /цаашид “тэмдэглэл” гэх/ үйлдэнэ”

гэж, 33.2.6.-т

“татварын алба нь татварын хууль тогтоомжийг ноцтой зөрчсөн, эсхүл их хэмжээний татвар ногдох орлогыг нуусан буюу бусад хэлбэрээр татвар төлөхөөс зайлсхийсэн этгээдэд эрүүгийн хэрэг бүртгэлт хийлгэхээр дүгнэлт бичих бөгөөд түүнд эрүүгийн хэрэг үүсгүүлэх болсон зөрчлийн тухай тэмдэглэл, холбогдох баримтууд, татварын албаны даргын болон татварын улсын байцаагчийн овог, эцэг /эх/-ийн нэр, нэр, гарын үсэг тухайн зөрчилд холбогдох этгээдийн тайлбар, уг дүгнэлтийг үйлдсэн болон холбогдох этгээдэд нь танилцуулсан он, сар, өдрийг тусгана;”

гэж тус тус заасан байх юм.

 

Шүүхийн тогтоолд шүүгдэгч нарт ял оногдуулахаас гадна “Өмнийн говийн элс” компаниас 35,0 тэрбум төгрөг гаргуулж Монгол Улсын төсөвт төлүүлэх шийдвэр давхар гарсан. Тодруулбал, энэ эрүүгийн хэрэгт  “Өмнийн говийн элс” компанийг иргэний хариуцагчаар татаж оролцуулж байгаад хохирлын асуудлыг шийдвэрлэчихэж байгаа юм. Бүх зүйл хууль тогтоомжийн хүрээнд гэж ойлгож болно. Харин “Өмнийн говийн элс” компани нь тус компаниас 35,0 тэрбум төгрөг гаргуулж хохирлыг шийдвэрлэсэн байдлыг зөвшөөрдөггүй. Тэдний зөвшөөрөхгүй гээд байгаа нэг үндэслэл нь тус компаний татварын зөрчилтэй асуудлыг Монгол Улсын татварын байгууллага хуульд заасны дагуу шалгаж акт, дүгнэлт гаргаагүй байхад Санхүүгийн Шинжээчдийн дүгнэлт гэх баримтаар удирдлагад нь ял оноож, компанийг нь их хэмжээний төлбөрт оруулсаныг хүлээн зөвшөөрдөггүй. Энэ талаараа ч давж заалдах болно гэдгээ хэвлэлээр зарласан.

Хэрэвзээ уг компаний нөхөд, тэдний өмгөөлөгчид давж заалдаад Санхүүгийн Шинжээчдийн дүгнэлт гэх нотлох баримтыг үгүйсгэж, няцааж, үүнийгээ нотлож чадвал хэргийн хувь заяа хаашаа эргэх вэ? Сүүлийн үед давж заалдах, хяналтын шатны шүүхийн шийдвэрүүд анхан шатны шүүхийн шийдвэрээс тэс өөр, 180 градус эсрэг гарах нь тун элбэг болсныг ч хэлэх үү.

Давж заалдах шатны шүүхээс, эсвэл хяналтын шатны шүүхээс “Татварын зөрчлийг тогтоох журмыг хуульд заасан шат дарааллын дагуу хэрэгжүүлээгүй байна”, эсвэл “Зөрчилд татварын байгууллагын акт, дүгнэлт гаргаагүй байхад шинжээч томилж хэргийг шийдвэрлэсэн нь буруу байна”, эсвэл “Татварын зөрчлийг Татварын Маргаан таслах зөвлөлөөр шийдвэрлэх боломжтой байна” гэх мэтийн томъёололтойгоор анхан шатны шүүхийн тогтоолыг хүчингүй болговол би лав гайхахгүй.Хэрэв анхан шатны шүүхийн тогтоол хүчингүй болчихвол, Санхүүгийн шинжээчийн дүгнэлтийг үндэслэх ёсгүй гэж давж заалдах шатны шүүх шийдвэрлэвэл ямар нөхцөл байдал үүсэх вэ? Ялтангууд давж заалдах гомдол гаргаагүй нь тэднийг дараагийн шатны шүүх цагаатгах, гэм буруугүйд тооцох боломжгүй гэж өрөөсгөл ойлгож болохгүй. Яллах талын гол нотлох баримт нотолгооны ач холбогдлоо алдвал яллах боломжгүй болдог.

Тэр тохиолдолд юуны түрүүнд шүүх ялтан Жастин Капла, В.Ка­жуком ЖР, Кристобэл Ж.Дэвид нарыг цагаатгаж, гэм буруугүйд тооцох байх. Улмаар Монгол Улсын Ерөнхийлөгч гэм буруугүй хүмүүст уучлал үзүүлчихсэн болж таарна. Гэм буруугүй хүмүүст уучлал үзүүлэх нь хууль зөрчсөн гэхээс илүү огт логикгүй үйлдэл юм. Тэгхээр Ерөнхийлөгч зарлигаа хүчингүй болгох байх. Гэм буруугүй хүнд уучлал үзүүлсэн бол уучлал үзүүлснээ буцаах эрх зүйн боломж хомс боловч уучлал үзүүлсэнээ буцаахыг шаардах эрх уучлуулсан этгээдэд байж болно.

Эцэст нь, уншигч авхай танаас асуух асуулт байна. "Ерөнхийлөгч энэ хэрэгт уучлал үзүүлэхээ арай л жаахан яарчих шиг санагдсан уу? 5 жил 10 сарын ял эдлэхээс уучилж хэзээ ч амжина, тийм үү?"


avatar
    • 33
    • 112.72.9.*

    '...5 жил 10 сарын ял эдлэхээс уучилж хэзээ ч амжина, тийм үү?...' МУ-ын нэр хүндийг унагаасан асуудлыг нэн даруй засаж яаралтай уучлал үзүүлсэн нь зөв. Компани нь эзэмшдэг нүүрсний орд нь бж л бн. хураагаад л авна биз.Хүнийг хорьчихоод нүүрсний ордыг нь өрөнд хураах боломжгүй. Юмыг арай өөр өнцөгөөс нь хар. Мэдэмхийрэх сүрхий анализ хийдэг болох гээд уг нь хэрэггүй юм шүүпэ

Авторууд

Санал асуулга

Нийт санал: 4669

2020 оны УИХ-ын сонгуулиар аль нам ялах вэ?

12%
МАН
17%
АН
69%
Шинэ гуравдагч хүчин
  • 12%
  • 17%
  • 69%