Монгол эмэгтэйн гоо сайхан - Яруу найрагч 5 бүсгүйн үзгээр

Ц.Хулан, Б.Ичинхорлоо, Л.Өлзийтөгс, Батрэгзэдмаа, Эмүжин. Яруу найрагч бүсгүйчүүдийн таван том төлөөлөл, таван өөр эмэгтэй ертөнцийг түүвэрлэн хүргэв.

Цоодолын Хулан

 

Нээлттэй, өөрийн үнэ цэнээ мэдэрсэн, гоо үзэсгэлэнтэй орчин үеийн эмэгтэй яруу найрагчдын бүлэг тайрмал үстэй, танхил эрх Ц.Хулантай хамт мэндэлсэн гэхэд хилсдэхгүй. Хулангаас өмнө эр хүнийг хайрладаг, туньдаг, бас бардам зангийнхаа төлөө хайраа ч золих эмэгтэй хүний ертөнцийг шүлгээр илэрхийлж, ил тод дуулж чадсан нь хэд юм бэ? Бүсгүй хүн, ээжийн тухай орчин үе, ардын уран зохиолын аль алиных нь онцлогийг шингээсэн олон шүлэг байдгаас эмэгтэй хүнээс ургасан дэлхий эрээнтэй бараантай байгаад санааширсан гуниг, эх хүний бүхнийг ачлах хүсэл мөрөөдлийг шингээсэн Би-Цагаан дарь эх шүлгийг шилж хүргэв. Болор Цом 2010 наадмын тэргүүн байранд шалгарч байсан.

 Би-Цагаан дарь эх

Нямсүрэн Цагаан Шүхэрт болсон 
Наранцацралт Сандуйн жүд болсон 
Намуухнаар хожмоо би 
Цагаан Дарь Эх болноо! 


Шүүдрээр нэрсийм шиг тунгалагхан гэж хорвоог би санасийм 
Шүлгээр бус өөрөөр ярьдагтай нь хэл амаа олсонгүй 
Бүгдийн түрүүнд ээж минь л өрөвдөж сэм уйлаад болохгүй нь 
Бүсгүй амьтныг ачилдаг 
Цагаан Дарь Эх болноо 


Хоосрошгүй танан бумбанаасаа цутгаж 
Хонгор ижий үрс үрсээ цэцэг шиг ургуулдаг байтал 
Хонгор ижийн тэнцүүхэн ургуулсан тэр цэцгүүд 
Хотлоороо яагаад нэгэн зүгт найгадаггүй юм гэж гайхахдаа би 
Цагаан Дарь Эх болноо 

Арван наймтын идэр цогцоо жийнсрэгийн элс шиг нурааж 
Алс ойртоо одох харгуй, чулуу бүхэн дээр цацаж зулсныг, 
Алмай үр биднийхээ эндүүрэл эндүүрлийн шанд 
Алдаршингуй хар гэзгээ мөнгөөр цувиж бурханд өр төлснийг 
Анзаарсандаа би 
Цагаан Дарь Эх болноо

 

Баярхүүгийн Ичинхорлоо 

Хаанаас ч юм бэ гэнэтхэн яруу найргийн тайзнаа заларч Болор цомыг хэдэнтээ дайлсан Баярхүүгийн Ичинхорлоо. Улаан хацартай жоохон охины бүсгүй ертөнцөд бүх монгол бардамналтайгаа, бүргэдтэйгээ, эр хүнтэй юутай хээтэйгээ багтдагийг үзүүлсэн.  Тэр охин найрагч эмэгтэйн романтизм, монгол эмэгтэйн бардам зан, нийгэмд өөрийгөө гэсэн ертөнцөө тунхаглах тод мөр үлдээсээр гоо сайхан бүсгүй болон өсөж торнисон. Нэг тэрс зан нь хөдлөөд таталсан болов уу гэмээр Намрын Хүүхэн. Өөрийгөө эрхэмлэх, зөвших хандлагаар голдуу бичигддэг яруу найраг дахь хэвшсэн эмэгтэй-дүрийн дунд эрхгүй ялгарах мөртүүд.

Намрын хүүхэн

Би намрын хүүхэн
Хүсвэл өгч үнсүүлэх
Хүйтэн уруултай
Хүүхэн

Хүнд зовхийн доор
Гал гялбах
Харцтай
Шар хилэн хувцастай
Шальгүй эмзэг
Маргааш болоход
Мартагдах ... тийм хэрэггүй
Намрын хүүхэн

Юухан ч биш жаахан гуниг
Ерөөл зохихгүй бардам зан
Цээжинд минь шувуу шиг үүрлэсэн
Цэнгэх хүсэлтэй дууч зүрх
Амьдрахын тулд үхэхийг л чадах
Амь...

Ай, энэ би
Намрын хүүхэн

 

Лувсандоржийн Өлзийтөгс

Эмэгтэй хүний тухай, түүний бие даасан оршихуй, эс бол эр хүнтэй харилцах харилцаан дунд тодорхойлсон эмэгтэй ертөнцийн тухай үгээр бүтээсэн түний чамин ертөнцөөс нэг шүлэг сонгож ирэх хэцүү. Хэнд ч баригдахүй, юугаар ч хэмжигдэхгүй, ай, биеэрээ дүүрэн ертөнцтэй, нүдээрээ дүүрэн тэнгэртэй эмэгтэй би-г арван шат өргөн дуулаад, ард нь гэнэтхэн тэр том ертөнцийг чиний өмнө хумих бүсгүй заяаны тухай сонгомол мөртүүд, Би цэв цэнхэр атлаа:

 

 

Би цэв цэнхэр атлаа

БИ цэг цэг цэг атлаа
Би үүлнээс ч илүү үүл, уснаас ч илүү ус, үл баригдахуй атлаа
Би салхины бие, шувууны нисэлт, өвлийн тэсгим жавар атлаа
Би хязгааргүй, хайрын биелэл атлаа
Биеэр минь дүүрэн ертөнц, нүдээр минь дүүрэн тэнгэр атлаа
Цаг хугацаа хаана оршдогийг ганцаарханаа мэддэг атлаа
Цасны ширхэг бүрийг нэрлэж чаддаг атлаа
Гайхамшигт, гүн нууцлаг амьдралаас айдаггүй мөртлөө
Галд гараа дүрэхээс буцдаггүй атлаа
Ганцхан чиний л өмнө үл дүрэлзэн гэрлээ хумьж
Гарт чинь буй сарнай адил нам гүмхэн юунд бөхийнө вэ

 

 

 

Баяртогтохын Батрэгзэдмаа(REGZED)

90-өөд онд олуулаа тэсэрч гарсан омголон шүлэгч залуусын дундаас үргэлжилсэн үг рүү амжилттай нүүдэл хийж, өрнө дорнын оюуны шүтэлцээ хүртэл бичгийн ертөнц нь хаяа
тэлж яваа Батрэгзэдмаа. Уламжлалт соёлын ахуй хийгээд орчин цагийн зөрчил, түүний нэгдлийг цааснаа буулгах нэг томхон бичгийн дүр болон хөгжиж буй тэр бээр өнөөдөр өөрийн хуудаснаа ховорхон үзэгдэх өнцөг, бүсгүй бие, бие махбодийн талаас эрэгтэй эмэгтэй хүний шүтэлцээг зурагласан шүлгээрээ мэндчилгээ дэвшүүлсэн байв.Чамайг би дагахаас өөр замгүй.  Намайг чи хайрлахаас өөр аргагүй. Тогтож уншваас үнэн, нүцгэн, хүчирхэг мөрүүд нь эмэгтэй хүнийг ойлгох, харах өнцөгт үнэмлэхүй нэмэр болох нь дамжиггүй.

 

 

 

МИНИЙ ҮНЭН

Хоолой зангирахад, зангиралыг минь тайлж өгөх 
Хүзүү гудайхад, тэргүүнийг минь өөд өргөх
Чамайг би дагана. Би ийм хүзүүтэй, хоолойтой билээ.

Би бас зөөлөн, урсамтгай, үерлэмтгий сэтгэлт билээ.
Чамайг би дагана. Би цээжиндээ ийм мөрөн голтой.
Долгион давалгааг нь даадаггүй.

Бие минь ядруу буурай, хатуу хүндийг үүрч чаддаггүй
Булчин минь сул. Чамайг би дагана.
Би бас хэвлийдээ амь тээнэ. Чамайг би түшихээр дагана.

Би их хүслэнтэй. Хүслэнгээр дүүрч зүрх өвддөг.
Бүх сайн сайхны хүслэнгээр зүрхээ дүүргэснээс
Би өвддөг. Хүслийг минь хөнгөлж өгөх чамайг би дагана.

Хоолой зангирахад, зангиралыг минь тайлж өгөх
Хүзүү гудайхад, толгойг минь өндийлгөх
Зүрх хүслэнгээр дүүрэхэд дундруулж өгөх
Хэвлий хүндрэхэд түших.., чамайг би дагана.
Хөх минь ч зангиран хатуурах ...

Өрөвдөлтэй, хөөрхий би чамайг даган
чиний хайр элбэрэлийг горьдон бүртэлзэнэ.
бөлтөлзөнө... би ийм билээ...хайрлахаас аргагүй 
хүзүү , хоолой, зүрх, цээж, хэвлийтэй билээ.

Чамайг би дагахаас өөр замгүй
Намайг чи хайрлахаас өөр аргагүй.

 

Рэнцэндоржийн Энхтуяа Эмүжин

Зөрүүд, омголон, эротик, эмэгтэйлэг Эмүжин хүртэл улс төр бичихэд хүрч орвонгоороо эргэсэн энэ цаг үеэс нэг арван ухарч  Зоргоор залуу насыг хатуурхаж бүү гундаа шүлгийг нь бас тэр үеийн зургийг нь сонгов. Энэ шүлгийг уншаад төрийн шагналт О.Дашбалбар “энэ тунгалаг бардамнал дотор ямархан эмзэглэл, ямархан мэдрэмтгий сэтгэл, ямархан үнэнээ хэлэх чанар, бас ямархан гуниг буйг анзаарагтун” гэж бичиж байлаа.

Зоргоор залуу насыг хатуурхаж бүү гундаа

Зоргоор залуу насыг хатуурхаж бүү гундаа

Эгшсэн зүрхийг чинь  холын холоос дуудаж

Эрхэлж тунисны минь төлөө намайг бүү зэмлэ

Зүр гөрөөс урамдахад бөмбөчөөд байдаг сэтгэл

Зүс буруу үгэнд чинь зүг буруулаад байна

 

Тэнгэр зүйдэлгүй гэдэгт итгэдэггүйсэн бол

Тэртээ өрнийг зорин тогоруу юундаа нисэх вэ

Зоргол нялх аашинд минь аргамжаатай байдаг атлаа

Зоргоор залуу насыг хатуурхаж бүү гундаа

 

Үргэлж мөнхийн өвөр дээр чинь би зөрүүдлэхгүй

Үргэлж мөнхийн өрийг чинь би зөөллөхгүй

Үргэлж мөнхийн задгай гэзгээ би хаялахгүй

Үргэлж мөнхийн омог залуу амьдрахгүй

 

Навчис цантсандаа намрын өмнө бардамхан

Надад ширүүлхсэндээ чи, хайрын өмнө гандуухан

Чуулсан шувуудын сүүдэрт нуур мөстөж хонодог

Чулуу чулуундаа дурладаггүйн учир энэ ээ

 

Чамаас буцжээ гэж миний тухай сонсохдоо

Чанх өмнөө тунарсан сарны туяатай ханьс

Чиний дэргэд асгараагүй сэтгэл байдагт итгэ

Чин үнэндээ, яваад өгнө гэдэгт минь бүр ч илүү итгэ ээ


avatar

Авторууд

Санал асуулга

Нийт санал: 4689

2020 оны УИХ-ын сонгуулиар аль нам ялах вэ?

12%
МАН
17%
АН
69%
Шинэ гуравдагч хүчин
  • 12%
  • 17%
  • 69%