Нийтлэл 03 сарын 20, 2015

Шүүхийн ерөнхий зөвлөлийн дарга Н.Лүндэндоржид хууль дээдлэх ёсыг сануулав

Монгол Улсын Үндсэн хуулийн цэцийн дарга, академич Ж.Амарсанаа Шүүхийн ерөнхий зөвлөлийн дарга Н.Лүндэндоржид үндсэн хууль дээдлэх ёсыг сануулан албан бичиг илгээжээ. Албан бичгийн утгыг дор сийрүүлэв. 

   Үндсэн хуулийн цэцийн дарга, академич Ж.Амарсанаа  албан бичигтээ “Монгол Улсын Үндсэн хуулийн цэц 2015 оны нэгдүгээр сарын  30-ны өдөр 01 тоот тогтоол гаргаж Шүүх байгуулах тухай хуулийн зарим заалт Үндсэн хуулийн холбогдох заалтыг зөрчсөн гэх үндэслэлээр хүчингүй болгосон билээ. Энэхүү тогтоолыг үндсэн эхээр нь танайд явуулсан болно.

  Гэтэл Шүүхийн ерөнхий зөвлөлийн дарга та болон танай ажилтнууд мэдээллийн хэрэгслээр удаа дараа ярилцлага өгч, хэвлэлийн бага хурал хийн түүгээр үл барам шүүгчдээр хэлэлцүүлэг хийх зэргээр Үндсэн хуулийн цэцийн шийдвэр буруу гарсан мэт, түүнийг биелүүлэхэд бэрхшээл их байгааг тоочсон мэдээлэл цацсаар байгааг бид анхааралтай ажигласаар байна.

 Монгол Улсын Үндсэн хуулийн Жаран долдугаар зүйлд, “Үндсэн хуулийн цэцийн шийдвэр гармагцаа хүчин төгөлдөр болно” гэж  заасан байдгийг Үндсэн хууль, төрийн албаны хуулийг хэлбэрэлтгүй сахин биелүүлэх үүрэгтэй төрийн жинхэнэ албан хаагч Танд Үндсэн хуулийн эрх ашгийн үүднээс урьдчилан сануулж байгааг үүгээр уламжилж байна” гэжээ.

    Бид өмнө нь Үндсэн хуулийн цэцийн дунд суудлын хуралднаар Шүүхийн тухай хуулиас Үндсэн хууль зөрчсөн заалтыг түдгэлзүүлсэн талаар  нийтэлсэн. Үндсэн хуулийн цэцээс уг шийдвэрийг гаргасан байтал Шүүхийн ерөнхий зөвлөлөөс олон нийтэд буруу ташаа мэдээлэл хийж байгаа нь хуулиа дээдлэхгүй байгаа үзэгдэл хэмээн Үндсэн хуулийн цэц үзэж байгаа аж.  

Сэтгэгдэл бичих

arrow icon