Нийтлэл 04 сарын 20, 2015

Тавантолгойн гэрээнд арбитрын хатуу хамгаалалт бид өөрсдөө 'оруулсан'

Хэсэг нөхдийн сүр бадруулан шуугиад байгаа Тавантолгой төслийн гэрээний тэр заалтыг Монгол Улсын Засгийн газрын бүрэн эрхэд халдсан гэхээсээ илүү манай Засгийн газар төслийг, гэрээг хэрэгжүүлэх боломжгүй болгоход хүргэх ямар нэгэн тогтоол, шийдвэр гаргах аваас оролцогч талууд гэрээг цуцлаж хохирлоо олон улсын шүүхээр нэхэмжлэх юм гэж ойлгох хэрэгтэй. Яагаад тэд ийм хатуу хамгаалалт гэрээнд суулгах болов?

Үүний учрыг бид маш их ойлгох хэрэгтэй.

1990 оноос хойш манай үе үеийн эрх баригчид дэлхийн олон улс гүрэн, санхүүгийн болон хувийн хэвшлийн байгууллагуудыг хулхидаж байсан нь гашуун боловч үнэн. Хулхидуулагсдын дотор дэлхийн хүчирхэг хүн Владимир Путин ч хүртэл ордог. Ямартаа сүүлд манай улсын өндөр хэмжээний албан тушаалтнуудыг Москвад очиж гэрээ, хэлэлцээр хийгээд тохиролцоонд хүрээд гарын үсэг зурсных нь дараа Владимир Путин гар барихдаа "ТОХИРЛОО ШҮҮ!" монгол хэлээр хэлсэн гэдэг. Монголын засаг төр, эрх баригчдын нэр хүнд дэлхийн улс төрийн болон санхүүгийн ертөнцөд ийм байгаа тохиолдолд ямар ч компани эрсдлээс хамгаалах хангалттай нөхцлүүдээ гэрээндээ оруулахыг эрмэлзсэн гэдэг нь ойлгомжтой.

 

Юмыг яаж мэдэхэв хэдэн жилийн дараа шинэ засаг төрийн манай хэд "дотоод"-ынхоо улс төрийн нанчилдааны хоморгоонд Шенхуа ч юм уу, Сумитомогийн Гүйцэтгэх захирлыг баривчилж чирээд Ганц худагтаа хийчих, эсвэл дэлхийн зах зээл дээр нүүрсний үнэ тэнгэрт хөөрсөн чинь Тавантолгойнхоо ордоосоо арай л бага зоос хүртээд байгаам шиг санагдаад эвгүй эвгүй шийдвэр гаргах гэвэл яах уу? "Хан ресурс"-ын хэрэг Монгол Улстай бизнес хийхээр завдсан хэнбугайг ч гэрээ, хэлэлцээр дээрээ маш хатуу хамгаалалтын нөхцөл оруулах ёстойг анхааруулж өгсөн гэхэд хилсдэхгүй. Учир нь тэд бол хөрөнгө оруулагчид. Ийм их хэмжээний хөрөнгөө оруулж байгаа улс эрсдлээс хамгаалах нөхцлөө оруулж л таарна. Тэрийг нь зөвшөөрөхгүй бол тэд төсөл рүү орохгүй байх. Ингээд төсөл хэрэгжих боломжгүй болно. Товчоор хэлбэл манай увайгүй эрх баригчдийн үг, үйлдэл Монгол Улсын Засгийн газрын нэр хүндийг олон улсын тавцан дээр унагасан нь бидэнд Тавантолгойн гэрээний төслийн энэ заалтын хэлбэрээр эргэж ирж байна аа гэсэн үг юм. 

 

Уг нь аль аль нь гэрээгээр хүлээсэн үүргээ зохих ёсоор хүлээгээд, биелүүлээд явбал энэ мэтийн заалт нэг их аюултай биш л дээ. Харин тэр төмөр замын суурь бүтцийг хувийн хэвшилд бүрэн шилжүүлнэ гэдэг дээр хэлэлцээрээ ул суурьтай хийж төрийн мэдэлд хэвээр хадгалж үлдэх нь ач холбогдолтой. Магадгүй төрийн мэдэлд суурь бүтцээ хадгалж үлдэж байгаагийн хувьд төслийг хэрэгжүүлэх хугацааны дотор тэдний өмнө тодорхой үүргүүдийг Засгийн газар гэрээгээр хүлээж болно. Засгийн газар гэхээр бид нэг их тэнгэрийн амьтан мэт бодох хэрэггүй юм. Гэрээнд оролцож байгаа Засгийн газар бол энгийнээр хэлбэл зүгээр л гэрээгээр эрх эдлэж, үүрэг хүлээж байгаа гэрээний нэг тал, оролцогч юм.
Бид гэрээ, хэлэлцээр лүү улс төрийн, нэн ялангуяа дотоодын улс төрийн өнцөгөөр харахаа болимоор юм шиг санагддаг. Өнөөдөр бол гэрээ, хэлэлцээрийг аль намын хэн хийж байгаа, ямар улс төрийн хүчний хэн хэн гэгч олигархиудын хөрөнгийн хувь хэмжээ, эрх ашиг явж байна гэх мэт субъектээр нь ялгаж харах нь илүү байх юм. Гэтэл төслийг үүнээс илүү өргөнөөр харах нүдний мэлмий хэрэгтэй байна.

 

Монгол Улсын олон улсын нэр хүндийн, нийт ард иргэд, аж ахуйн нэгжийн, улс оронд өгөх эдийн засгийн үр өгөөжийн гэх мэт өнцөгийг харахыг хүсэхгүй байна уу, эсвэл харсаар байж зөвшөөрөхгүй байна уу гэх бодол үе үе төрөх юм. Манай шинэ цагийн улс төрчдийн бас нэг өөдгүй араншин бий. Энэ сайхан, супер, мундаг төслийг өөрөөс нь өөр хэн нэгэн нь болгож бүтээгээд хийчих гэхээр зориудаар унагаж өөрсдөө ард түмний өмнө "цэнгэлийн манлай баатар" болох гэж чичрэдэг, уг ажлаар нь сонгуулийн пиараа хийх гэж авторыг нь булаацалддаг нэг тийм хөгийн, хямдхан санаа бодлоор аванхайлдаг араншин. Анхнаасаа л тэр М.Энхсайхан гэж нөхрөөр ийм ажил хийлгэх санаагүй байсан бол "цүнхтэй сайд" гэж Засгийн газрын гишүүн гаргаж ирж, томилж, мега төслөө итгэл өгч хийлгэх ямар шаардлага байсан юм бэ гэдэг асуудал өнөөдөр гарч ирж байна. Үүнд өнөөдөр төслийг "дэгээдэж" байгаа Энхболдууд хариулах л хэрэгтэй.

 

Манайхан нэг үе бодвол гадныхантай гэрээ, хэлцэл хийгээд сурсан гэхэд болно. Оюутолгойн гэрээг ч би муу гэрээ гэж боддоггүй. Гэхдээ төгс бичиг баримт биш байх л даа. Ямар ч гэрээ, хэлцэл өөрөө тохиролцоог баталгаажуулсан бичиг баримт байдаг. Гэрээний зарим нэг нөхцөл дээр бид буулт хийх хирнээ, зарим нэг нөхцлөөр өөрт давуу талыг бий болгож тохиролцдог. Гэтэл С.Ганбаатар нарын улс төрчид Оюутолгойн гэрээнээс манайд ашиггүй заалтуудыг бүгдийг нь түүж бичээд улс төр хийгээд явсан. Үр дүнд хүрээд бүр төрийн эрх барих дээд байгууллагад ороод суусан. Энэ угтаа хямдхан улс төр. Гэрээнд нь засаж сайжруулах зүйлс байгаа л байх. Гэхдээ л энэ гэрээ өнөөдөр хэрэгжиж байгаа, гэрээний нөгөө тал нь харин гэрээнд өөрийнх нь эрх ашиг дутуу туссан тул нэмж оруулах хүсэлтээ үе үе тавьсаар иржээ.

 

Иймд би юу хэлэхийг хүсээд байгаам бэ гэвэл нь бидний цөөхөн монголчууд эдийн засгийн энэ хүнд байдлаас эвтэйхэн гарахыг хүсвэл Тавантолгойн төслийг хэрэгжүүлэх ёстой.
Хэрэгжүүлэхийн тулд гэрээ, хэлэлцээрээ батлах ёстой. Иймд урдаа барьдаг мундаг хуульчдаа, тэр дотроо бүр тэр А.Гансүхийг оролцуулаад гэрээний төсөл дээрээ л сууцгаа л даа. Сайн гэрээ хий л дээ. Ээлж ээлжээрээ зурагтаар гараад үүхүүрдээд байхаар л сайн гэрээ өөрөө бий болчихгүй шүү дээ. Энэ их хэрүүлийн далай С.Ганбаатар нарт уур амьсгалыг гувшуулах сайхан боломж юм даа. Түүнийг буруутгах нь хашаа ч юмб. Хүн болгон чаддагаараа л талхаа олж иддэг.  Иргэд их л ягдаж чичлэгдэн, тардуу болсон байна шүү, эрх баригчид аа.

 

PS: Зарим нэг үл ойлгогдох үгс хэрэглэсэн байгаагийн утгыг сонирхвол жиргээч @altai_s буюу Ширчингийн Алтайсайханы жиргээнээс харна уу :)

Сэтгэгдэл бичих

arrow icon