Нийтлэл 05 сарын 05, 2015

Хүний гар  “шанаадахад” зохицсон хэлбэртэй

Модноос дүүжлэгдэхээ больж, эгцээрээ алхаж эхлэх үеэс анхны хүмүүсийн гар богиносч, эрхий хуруу нь богино одоогийн хэлбэрээ олж эхэлсэн байна. Яагаад ийм хэлбэрт орж хөгжсөн талаар багаж зэвсэг барихад зохимжтой учраас гэдэг тайлбар хамгийн түгээмэл.  Гэхдээ гартаа зориулж багаж хийсэн үү, багажинд зохицож хөгжсөн үү, эцсийн хариулт гараагүй байхад Ютагийн их сургуулийн профессор Д.Каррьер өөр нэг хариу гаргаж ирсэн байна, хүний гар нударга зангидахад амар хэлбэрээр хөгжсөн гэж. Нээрээ ч багаж барих, юм түүхэд зохицсон хэд хэдэн өөр хувилбар байхад эрхий хуруугаа гадна нь юм уу дотор нь нугалж гараа атгахад хамгийн тохиромжтой энэ хэлбэр дээр буусан нь сонирхолтой.

Хүн дүрст амьтдаас хүний гар л ийм хэлбэртэй байдаг байна. Бусад төрлийн заримынх нь нугалахад хэтэрхий урт бол, заримынх нь эрхий хуруу дэндүү богино, гадуур нь түгжээ маягаар атгаж болдоггүй байх жишээтэй. Самжнууд зодолдож байхыг харвал тэд нэг нэгнийгээ цохих биш барьцалдан ноцолдож харагддаг хэмээн Карьер өгүүлнэ. Гар ийм хэлбэрээр хөгжих гол шалтгааныг нударга хэмээн үзэхийг эсэргүүцэх дуу хоолой ч байдаг ч хэрвээ энэ таамаг үнэн бол эрэгтэй бэлгийн хормон  тестостерон их байхын хэрээр ядам хуруу нь долоовор хуруунаасаа урт байдаг нэг сонин нууцлаг асуудалд мөн таамаг хариу өгч чадах юм. Илүү хүчирхэг эрэгтэйчүүдийн гарын хуруу илүү нударга зангидахад зохицсон урттай байсан байх нь.  Ямартай ч анхнаасаа шалтгаан нь юу ч байсан бай анхны хэлбэрээ олсон цагаас хойш өрсөлдөх, зөрчлийг шийдэх, зөвшилцөх арга зам цөм атгасан нударгын ач холбогдлыг багасгах чиглэлд хүний түүх хөгжиж ирсэн. Яваандаа оюуны дижитал бүтээл бүтээхэд илүү төвлөрч, онлаин коммюнити хөгжихийн хэрээр кийбоорд тогшиход зохимжтой хэлбэрт цөөн хуруутай, чигчий хуруугүй болж өөрчлөгдөнө гэсэн тайлбар ч буй.  

Сэтгэгдэл бичих

arrow icon