Нийтлэл 05 сарын 06, 2015

Монгол хэлээ мэддэг Монгол хүн ямар ч гадаад хэлийг инээж байгаад сурдаг

 

Доржмаа багшдаа

 

-“Та ер нь хэдэн хэл мэддэг юм бэ, яаж хэл сурах вэ?”

 

гэж надаас асуухад би хариулж чаддаггүй юм. Унаган хэлтэй хүний хажууд миний мэдэх гэж юу байхав гэж боддог уу, хэлэнд суралцана гэж байхаас мэддэг, сурчихсан гэх нь буруу гэж боддогтоо тэр үү ямар нэг тоймтой хариу хэлж байснаа санахгүй юм. Энэ удаа худалч хүнд толгойтой болгон  ямар нэгэн гадаад хэлэнд шамдаж буй одоо цагт хэрэг болж юу магад, өөрийн чадлаар дээрх асуултанд  хариулахаар зүрхлэлээ.

 

 

Би аль хар багаасаа л олон хэлтэй байлаа. Ангийнхан ямар хэлээр ярь гэнэ тэр хэлээр нь дуржигнуулж, найзуудаа инээлгэж хөгжилдөнө.Учир нь манай гэрт радиотой хөгжим байх, би ойлгохгүй мөртлөө гадаад мэдээ, нэвтрүүлэг сонссоор байгаад яг адилхан дуурайж яриад сурчихна тэрийгээ л ийм хэл сурсан, тийм ч хэл сурч байгаа гээд л авч өгдөг байж. Одоо бодохнээ тамирчин хүнээр бол гүйж харайж, булчин шөрмөсөө чангалж байсан юм уу даа, хожим жинхэнэ утгаар нь хэл үзэхэд буруу хазгай дуудах асуудал лав гараагүй.

Хүн болгон өөр өөрийн арга барилаар гадаад хэл сурдаг. Зарим нөхдүүд бүр хэдхэн сарын дотор  хэл бүрэн эзэмших арга ухаан сүвэгчилж амжсан тул өөрсдөө гар хөлийнхөө хуруунаас олон гадаад хэл сурсан байх шинжтэй. Мунхаг надад бол тийм сүрхий  нээлт, мэргэн туршлага байхгүй. Гэхдээ би харийн хэл сурч байна гээд ширээний ард суугаад, үг цээжлээд, нойроо хугаслаад зүдэрч явсангүй. Өөртөө ямарч хүндрэл, зовлонгүй байсаар нэг мэдэхэд л олон  хэлтэй нэр зүүчихсэн гэж байгаа. Миний хэл сурсан түүх  миний дурлалын түүх гэвэл таны инээд хүрэх байх. Үнэн шүү, би сурч байгаа хэлэндээ үнэн сэтгэлээсээ дурладаг байж. Гадаад хэл сурч байгаа маань энэ гээд өөрийгөө бүү зовоо, харин ч баяр баясал, адал явдал, хөгжөөн цэнгэлээр дүүрэн, хайрттайгаа жаргах ёстой гэдэг зарчимтай. Өдрийн бодол , шөнийн зүүд гэдэгдээ бас манай нэг гоё дуу байдаг хайртай хүнээ хүлээх нь хүртэл зовлон биш жаргал юмаа гэж.

Энэ хэлийг сурвал миний албан тушаал ахина, өндөр цалинтай ажилд орно, наймаа бизнест маань хэрэгтэй гээд л танд янз бүрийн шаардлага, хэрэгцээ эсвэл зүгээр сонирхол, юу ч бай тэр хэлэнд сэтгэлээ өгөхгүй, хэлэнд шимтэн дурлахгүйгээр зүгээр хүсээд  жаргал биш зовлон болно гэж  би үнэмшдэг. Би ямар нэгэн хэл сурч эхлэхээсээ өмнө хэдэн сараар, заримдаа хэдэн жилээр ч хамаагүй тэр хэлний тухай боддог байлаа. Бүр дурлаад, чамгүйгээр би чадашгүй нь гэтлээ сэтгэлээ бэлддэг, хорхойгоо дийлэхээ болихоороо л сая үзэж эхэлдэг. Дуудлага нь гоё шүү, ёстой сонсголонтой, би сурчихаад яг ингэж ярина, ийм тийм зохиолчийг орчуулгаар нь биш эх хэл дээр нь уншина, төрөлх хэлээр нь яриад, танилцаад ямар сайхан хүмүүстэй учрах болоо гэх мэтчилэн бодсоор, мөрөөдсөөр нэг мэдэхэд л тэр хэлийг үзээд сууж байх нь зовлон бус жаргал мэт санагдаад ирдэг.

 

Орчинд нь очоод хэдхэн сар амьдарчихвал юу байхав амархан, энд өчнөөн курс дамжаанд явлаа хэрэг алга гэх хүмүүс байдаг. Ваакумжуулсан л гэнэ, зөвхөн гадаад багштай л гэнэ, дүрэм үзэхгүй зүгээр кино үзүүлж сургана л гэнэ, таныг гадаад хэлтэй болгохгүй бол бид өөрсдөө үхээд өгье гэхээс холгүй янз бүрийн л дамжаа байдаг бололтой. Хэрэв та хичээл дээрээ, дараа нь гэрийн даалгавраа хийхдээ л хэлээ үзээд бусад үед нь тоохгүй бол ахиц гарахгүй, ямар ч дамжаанд яваад мөнгөний гарз. Тэгээд ч хүн бүрийн толгой адилгүйтэй адил хэл заах арга барил уг нь тухайн хүнд тохирсон байх ёстой юм. Ихэнх дамжаа жишээ нь шинэ үг, дүрмээр бөмбөгддөг, ингээд та нар хэл үз, хэдэн удаа ирэхийг чинь харъя гэсэн аятай. Ямар ч мундаг тамирчин өглөө бүр уул руу гүйж ирээд, өдөржингөө усанд сэлж, тэр оройдоо бөх барилдаад байж чадах уу? Анх хэл үзэж байгаа хүмүүс ядардаг, хэдхэн үг чээжилж амжаагүй байтал дараагийн үгнүүд бөөгнөрөөд эцэст нь өөрийгөө голоод, би арчаагүй  усан тэнэг гэсэн  дүгнэлтэнд хүрээд  ичсэн нүүрэндээ дамжаандаа  ч явахаа больж , нөгөө хэлээ үзэхээс үстэй толгой нь арзайж, сүүлдээ нэг мөр хаях нь ч бий. За нэг иймэрхүү зовлон туулсан нөхдүүд л орчинд нь очихгүй бол хэл сурахгүй гэсэн ойлголттой болдог юм болов уу гэж боддог. Мэдээж зөв, америкад тогоочийн туслахаар ажилд орж, нэг өдрийн дотор бүх ногооны нэр чээжилсэн паянгаа найз маань дурсаж бөөн инээдэм болдогсон. Хөргөгч заагаад нэг юм аваад ир гэнэ ,юу гэснийг ойлгохгүй болохоор гартаа тааралдсанаа аваачиж загнуулаад нааш цааш гүйсээр төмс, луувангаа чээжилсэн гэдэг. Одоо бараг 20 жил орчинд нь байгаа мөртөө төмс, луувантайгаа хэвээрээ гэхэд бараг болно найз маань, гэхдээ зөв шүү дээ, хүн ер нь өөрийнхөө хэрэгцээг хангалаа гэж үзвэл хангалттай л гэсэн үг тэгээд ч орчинд нь байлаа гээд зүгээр аяндаа сурчихдаг эд биш.

 

Би болохоор өөрийнхөө дурласан хэлийг өндөр уултай зүйрлэдэг. Хэчнээн удаан хормойгоос нь биширч ширтэв, одоо цаг нь ирсэн, сэтгэл зүйн бэлтгэл ханасан, дайралтаа хийе. Хад асга , огцом өгсүүр ихтэй тул хамаа намаагүй мацаж тамир тэнхээ, урам зоригоо мохоож болохгүй. Аажим яаралгүй тойръё, харъя, шинжье, жим харгуй олъё. Өдөр болгон өчнөөн төчнөөн шинэ үг чээжлэх гэж нэг хэллэг гэх юм уу, ойлголт байдаг. Уг нь буруу юм. Хүний тархи ямар нэгэн мэдээллийг, бүр хүний зүс царайг хүртэл өөр мэдээлэлтэй уяж тогтоодог. Үүний үлгэрээр олон үг чээжлэе гэвэл өдөр болгон юм унших, сонсох ёстой, тэгж байж гадаад үгээ таньдаг болно уу гэхээс тусгайлан чээжлэх маш хэцүү, өнөөдөр хэдэн үг тогтоолоо гэхэд тэр үгнүүд орсон юм сонсохгүй, уншихгүй , хэрэглэхгүй л бол хүний тархи удаан байлгахгүй арчаад л хаячихна. Тэрний оронд ойролцоо төвшиний богино текстүүд дахин дахин уншаад байвал  хэдэн өдрийн өмнө толь бичгээс харсан үгээ дахин дахин давтаад л байна гэсэн үг. Ингэж өөр өөр өгүүлбэрт байхыг нь хараад, хэд хэд хэрэглээд найзлаад авсан үг, шинэ чээжилсэн үг биш харин таньдаг нөхөр чинь, танихгүй нөхдийн дундаас туслах үүрдийн үнэнч хань чинь болоод ирж байгаа юм. Ерөнхийд нь ойлгож байвал заавал нэг бүрчилэн монголчилж ойлгох гэсний хэрэггүй. Гадаад хэлийг монгол хэл дээр зааж байгаа хүмүүсийг би ер ойлгодоггүй, сурч байгаа хүмүүст ч гэсэн битгий гэж хэлмээр. Тэмээний тухай ярьж байгаа бол ямаа дурсах шаардлага байхгүй гэж би боддог. Мэдээж эхэн үедээ хэрэг болно, тэглээ гээд сав л хийвэл монголоор бол тэр энэ гээд байх нь бидний ажил биш эрдэмтэн мэргэдийн шийдэх асуудал.

Хэлээ үзээд хэдэн сар болоход би уулынхаа  хормойд бараг хэвээрээ атлаа өдөр болгон явсаар чулуу, бут болгоныг нь таньдаг болсон богинохоон жимтэй болсон байдаг. Эхлээд би харцаараа дурлаж байсан бол одоо бага багахан таниад ирсэн чинь бүр сэтгэл татагдаад дурлалдаа шатах шинжтэй. Өглөө босоход янз бүрийн  мэдэх, мэдэхгүй үгнүүд аманд хэлэгдээд, өдөр энд тэнд харагдах хаяг шошгоны нэр, машины марк хүртэл юу гэсэн утгатай юм бол, хаанаас гаралтай үг юм бол ч гэх шиг заавал ширээний ард суугаад биш автобусанд явахдаа ч , ажлаа хийнгээ ч хэлээ бодсоор үгнүүдээ санагалзсаар дахиад хэдэн сар,нэг мэдэхэд бүр өчнөөн жил болчихдог. Одоо ч гэсэн дурлалдаа үнэнч хүн зав зай гаргаж уншсаар сурсаар л...

 

 Миний хэлэх гээд байгаа юм гэвэл гадаад хэл үзэхэд анхны хэдэн сар хамгийн хэцүү. Энэ хугацаанд өөрийгөө зовоолгүй, тааваараа дуртай юмаа хийх хэрэгтэй. Өнөөдөр үг чээжилмээргүй байна уу? Битгий, зүгээр амархан текст унш, тэртэй тэргүй толь бичиг шүүрч аваад харж  санаагаа амраатал мэдэхгүй үгнүүд нүдэнд чинь харагддаг болоод ирнэ. Юм уншмааргүй байна уу? Боль, дуртай киногоо үз, дуугаа сонс ойлгохгүй хамаагүй , хэлж байгааг нь дагаад хэлээд бай. Хүнтэй уулзаж байхад чинь, хоолоо идээд сууж байхад чинь  мэдэхгүй үгнүүд аманд чинь хэлэгдээд утгыг нь хурдан мэдэж, загтанасан газраа маажмаар болно. Дүрэм үзмээргүй байна уу? Яахын хэрэггүй, амархан дасгал ажлууд хийгээд өөрийгөө шалгаад бай. Удахгүй монголоор өчнөөн тайлбарлаад байсан дүрэмүүд ямар эмх замбараа, уялдаа холбоотой амархан болохыг түвэггүй ойлгоод ирнэ.

 

Эргээд бодохнээ би хэдэн ч харийн хэлэнд шуналтаж тачьяадав, хэчнээн ч жил хүний газар доншуучлав даа. Дөрөв давсан ат, дөч гарсан эр гэдэгдээ, би одоо л нэг ухаан сууж байх шиг. Харь хэлний өвөр хормойд энэ олон жил гэлдрэхдээ дэргэд минь үргэлж налайх, оройгүй их хайрхан Монгол хэлнийхээ нөөлгөнд бэдчиж байснаа улам ухаарах шиг.  Анхны хайр минь, төрсөн  хэл Монгол хэл минь.

 Даанч харамсалтай нь миний эх хэлийг, бид бүгдийн анхны хайрыг дуртай болгон баруун зүүнгүй доромжилж, гутаан бузарлаж байна. “Энхтайваны гүүр ачааллыг авсан байна”, “Утсыг авъя, хариултыг сонсъё”, “Сургалтуудыг явуулсан” эсвэл бүр буруугаар “ Сургалтууд явагдсан”, “Улайлт,тууралт өгнө”, “Олон номнууд”  ингэж ярьж, бичиж байгаа хүмүүс гадаад хэлтэй болоод буруу сэтгээд байна уу гэхээр үгүй, зүгээр л эх хэлээ мэдэхгүйгээс, хальт мульт  хэл үзэж, их мэдэмхийрсэн хүмүүсийн буруугаас тэр. Шуудхан хэлэхэд төртэй, бодлоготой ард түмэн эх хэлээ хайрлаж хамгаалдаг, ямар ч харийн хэлнээс дээгүүр тавьдаг. Хамгийн ойр орос ах нараар жишээ татахад, оросын телевизээр доороо хадмал орчуулгатай гадаад кино гардаг уу гэвэл үгүй, бүгд ам барьсан хөрвүүлгэтэй. Дээд боловсрол эзэмшиж буй хүмүүсдээ гадаад хэлний өндөр шалгуур тавьдаг болохоос нийт ард түмэндээ хос морьтой болцгооё энэ тэр гэж төрөлх хэлээ доош нь хийж тэнэгтдэггүй. Хос морь гэснээс гадаад хэлний өндөр мэдлэгтэй гэсэн өчнөөн залуусаас хэлний шалгалт авч байлаа. Өмнөөс нь нүүр улаймаар байдаг. Хамгийн эмгэнэлтэй нь монгол хэлээ мэдэхгүй, тэгээд бас гадаад хэл сураад дуусгасан  гэж өөрөө итгэсэн байгаа нь аюултай.

Уйгаржин бичгээ төрийн болгоно, манай соёл уламжлал гээд байгаа  хүмүүст,  орчин үед дэм биш тушаа болох хуучин эдээр бүү оролд, тэгээд ч монголчууд өөрсдөө зохиогоогүй крилл үсэг авсантай яг адил бас л гаднаас авсан бичиг гэж хэлмээр . Зүй нь эх хэлээ хамгаалсан хатуу хууль дүрэмтэй, зохих байгууллагад нь өндөр эрх мэдэл өгөх хэрэгтэй. Төр энэ тал дээр зөв бодлоготой баймааж, ирээдүйн хойч үе маань эх хэлээрээ бахархана, одоогийн байгаа байдлаар бол нэг их удахгүй Монгол хэл Муухай хэл болох нь таминь.

Дээр эхэлсэн асуултанд өгөх хариуг та бүхэн хэдийнээ ойлгосон байх: Хэлийг ямар нэг зорилгын төлөө биш өөрт нь дурлаж сур, хайрлаж сур. Бас хамгийн чухал нь   -“Монгол хэлээ эхлээд сайн сур. Гадаад хэл үнэхээр сурмаар байвал ямар ч  хэлийг Монгол хүн инээж байгаад сурдаг юм, бидний унаган  Монгол хэлний онцлог юм, бид азтай төрсөн юм. Харин харь хэл сурвал сурсан шиг сураарай, төрөлх хэлтэй минь хутгаж, төр улсаа бүү доромжлоорой”

 

Г.Отхон

 

 

 

         

Сэтгэгдэл бичих

arrow icon