Нийтлэл 05 сарын 07, 2015

ЭКСПЕРТИЙН ҮГ - Г.Мөнх-Эрдэнэ: 1072 хувьцаа үнэт цаас мөртлөө хөрөнгийн захаас хол байгаа нь харамсалтай

Тавантолгойн орд газрын ашиглалт, 1072 хувьцааны асуудлаар хөрөнгийн зах зээлийн шинжээч Г.Мөнх-Эрдэнэтэй  улс төрийн нөлөөгүй, иргэн хүний, хувьцаа эзэмшигч, шинжээч хүний дуу хоолой, үзэл бодлыг сонсохоор ярилцлаа:

 

Таван толгойн орд газрын ашиглалт тойрсон маргаан дэгдэж,  олон янзын хувилбар, үзэл бодол гарч байна. Хувьцаа эзэмшигч, хөрөнгийн зах зээл  шинжээч хүний хувьд энэ явцыг юу гэж харж байна вэ?

Одоогийн явж буй хэлэлцээрт нэг тонн нүүрсийг 80 доллараар зарна гэж тооцсон. Мөн хамгийн ихдээ жилд 30 сая тонн нүүрсийг ухаад, боловсруулаад, борлуулая гэж байгаа. Тэгэхээр нийт орлого жилдээ 2.4 тэрбум ам.доллар болох нь. Үүний хамгийн ихдээ хоёр хувийг “Эрдэнэс Тавантолгой”-д шилжүүлэх тухай ярьж байгаа. Тэр нь жилдээ 48 сая доллар. Энэ бол консерциумын санал. Энэ мөнгийг авмагц үүний 80 хувийг Эрдэнэс Таван толгой компанийг хөгжүүлэхэд ашиглаж, үлдсэн 20 хувийг иргэдэд өгье гэсэн санал манай засгийн газраас гарч байсан. Тэгэхээр 20 хувь нь 9.6 сая доллар болно. Ингээд хувьцаа эзэмшиж буй 2.2 сая хүний хувьцаанд хуваагаад үзэхээр жилдээ нэг хувьцаанд 8 төгрөг, 1072 үржихээр 8576 төгрөг ногдож байгаа юм. Гэтэл 2011 онд энэ хувьцааг 1 сая төгрөгтэй дүйцүүлж өгсөн шүү дээ. Ингээд бодохоор иргэдэд маш хохиролтой. Яахав, нэг хүний 1 сая төгрөг анхнаасаа шууд ногдуулсан тоо гээд хувь хүн хаяж болох ч 2.2 сая хүний 1 сая төгрөг гэхээр хэд болж байна? Ийм нөхцөлд хүргэсэн хоёр үндсэн шалтгаан байна. Нэгдүгээрт, засаг цаг алдаж зах зээлийн динамикийг мэдэрч чадаагүй, IPO хийгээгүй. Хоёрдугаарт хэрэв одоо, ийм үед ийм гэрээ зурагдвал нэг жилд нэг хувьцаанд 8 төгрөг авах нь. Хамгийн их хохирол амсч байгаа нь иргэн та, би байгаа биз?

 

“100 чухал сэдэв” нэвтрүүлгээр Ж.Оджаргал захирал оролцохдоо тонн тутамд 80-145 доллар байхад 202-536 сая доллар төсөвт оруулна гэж ярилцлага өгсөн. Тэгэхээр хувьцааны орлогоос илүү төсвийн орлого талаа бодоод төслөө урагшлуулъя, төсөв хэцүүдлээ гэх санал олон байна?

Ашигт малтмалын нөөц ашигласны төлбөр, бусад татвар, хураамжуудаа хэлж байгаа байх. Би тооцоог нь хийгээгүй учраас юу юу багтаж байгааг нарийн  мэдэхгүй байна. Ер нь тэгээд нөөцийг нь ашиглаад бизнесээ хийж байгаа бол төлөх ёстой төлбөрөө төлөх л ёстой. Бизнесээ хийхийн тулд хүмүүсээ ажилд авахаас өөр аргагүй. Бэлтгэн нийлүүлэгч компаниудаасаа авах ёстой бүтээгдэхүүнээ авч байж л тэр бизнес нь амжилттай явна. Тиймээс энэ бүхнийг ингэж их онцгойлон чухалчилж авч үзээд байх шаардлагагүй гэж бодож байна. Харин нүүрс, дахин сэргээгдэхгүй баялаг, ард түмний баялаг гэдэг утгаараа хэрхэн нийт иргэд, ард түмэнд ямар шууд өгөөжтэй, хүртээмжтэй байдлаар ашиглах вэ гэдэг л чухал. Гэхдээ би бэлэн мөнгө тараагаад байя гээгүй шүү. Хөрөнгийн захын шинжээчийн хувьд иргэн бүр хувьцаа эзэмшиж байгаа орд гэдэг онцлогийг харин ч эергээр хөрөнгийн зах зээл хөгжих боломж болгохоор ашиглах, иргэдэд өгөөж нь шууд холбогдохоор механизмыг үүсгэхээр гэрээ огт яригдахгүй байгаад харамсаж байна.

 

 Монголын уул уурхайн салбар мөнгөний алтан үнээ гэгддэг байсан үе өнгөрч,  цаашдаа нүүрс үнэгүйднэ гэдэг аргумент их гарч байгаа.  Нүүрс үнэгүй үед ийм гэрээ хийж байгаа консорциум талыг эр зоригтой, өрөвдмөөр гэх хүн ч байна. Энэ талаар юу гэж бодож байна?

Нүүрсний үнэ уначихжээ, улам ч унана,  нүүрс үнс болно гэх яриа гарах боллоо. Хэрэв энэ үнэхээр үнэн бол дөрвөн тэрбум доллар хийх хэлэлцээр хийгдэх үү?  Мэдээж хэрэг Шинхуа, Энержи Ресус, Сумитомо, бүгд ашиг-алдагдлын тооцоогоо хийж болохоор юм байна гэж дүгнээд орж ирж байгаа. Иймээс эрсдэл ихтэй гэдэг нэрийдлээр нэг талдаа давуу тал өгөх нь бизнесийн зарчимд нийцэхгүй. Угаас бизнесийн мөн чанар нь буруу ажиллавал алдагдалд орж дампуурдаг, зөв ажиллавал олсон ашгаа хэнтэй ч хуваалгүй өөртөө бүгдийг нь авдаг. Тэгэхээр тооцоогоо анхнаасаа зөв хийх нь тухайн компанийн асуудал. Эрсдэлээ тооцоод төсөл хэрэгжүүлэх хүсэлтэй байгаа компанид нэмэлт давуу тал олгох нь шударга бус. Иймээс аль аль талдаа ашигтай байх ёстой. Ялангуяа урт хугацааны ажил дээр. Үгүй бол замдаа бүтэлгүйтнэ шүү дээ. Төсөл амжилттай хэрэгжвэл тээврийн зардал үлэмж хэмжээгээр буурна. Мөн үйлдвэрлэлийн хэмжээ  өсөх учир нэгжийн өртөг буурна. Бас хоёрдогч зах зээлд нийлүүлж өндөр үнээр нүүрсээ борлуулна. Одоогийн нөхцөл байдал төсөл хэрэгжисний дараах нөхцөл байдлыг хооронд тэнгэр газар шиг зөрүү бий. Зардал буурч, орлого өснө. Үр дүнд нь ашиг нэмэгдэнэ. Угаасаа энэ боломжийг харсан учраас л консерциум орж ирж байгаа шүү дээ.

 

Консорциум тал ашигтай ажиллах боломжоо тооцсон гэж хэллээ. Гэтэл одоо ажиллаж буй Эрдэнэс Таван Толгой бас ашигтай ажиллаж байгаа, Чалкогийн өр шир л саад болж байна гэдэг аргумент бас гарч ирсэн.  Хүмүүс сүүлдээ аль нь зөвийг мэдэхээ байлаа гэж байна?

Одоогийн нөхцөлд ашигтай ажиллаж байгаа гэхэд хэцүү. Харин төсөл хэрэгжвэл ашиг, өрсөлдөх чадвар нэмэгдэх өөрчлөлтүүд харагдаж байна. Том нөөцтэй ордоос том л ашиг гарна. Гагцхүү илүү ашиг гаргаж ажиллуулж чадлаа гэхэд хувьцаа эзэмшигчид ашиг амжилт нялзахаар  гэрээ хийж чадаж байгаа эсэх нь чухал байгаа юм. 500-600 бэлтгэн нийлүүлэгч ажилтай болно. 12000 ажлын байр бий болно гэнэ. Төсөвт их хэмжээний татвар цугларна гээд байгаа. Үүнийг үгүйсгэх аргагүй. Гэтэл жишээ нь, та уул уурхайн салбарынх биш. Энэ ордоос таньд яг ямар шууд үр өгөөж ирэх юм бэ? Энэ ярилцлагыг уншиж буй эмч, багш, дуучин, жүжигчин гээд ард түмэнд ямар шууд өгөөжтэй юм бэ? Жилийн 8 төгрөг үү?  Өөрөөр хэлбэл, төсөл одоогийнхоор хэрэгжвэл хүртээмж нь маш муу байх болно.

Ер нь яагаад заавал ард түмэн шууд өгөөж хүртэх ёстой юм бэ? Яагаад хүртээмж нь их байх ёстой гэж? Нэгдүгээрт, энэ ордын хайгуул, үнэлгээний ажлын санхүүжилтыг улс гаргасан. Хоёрдугаарт, дахиад хэлье. Нүүрс гэдэг дахин сэргээгдэхгүй. Салхи, нар шиг биш. Салхи байсан бол хамаа алга. Өнөөдөр та салхинд гараад амраад ав. Маргааш би гарчихъя гэж болохсон. Гэтэл нүүрсээ олборлоод зарлаа. Ашгийг нь та авчихлаа. Нөөц дуусчихсан. Гэтэл би маргааш нь яах уу? Тэгэхээр ийм нөөцийг ашиглахдаа нийтэд хүртээмжтэй байдлаар, нэгэн зэрэг үр шимийг нь хүртэх боломжтойгоор ашиглах ёстой. Нарийн ярьвал миний хүүхэд, хүүхдийн хүүхэд гээд бидний хойч ирээдүй хүртэл үүнээс хүртэх эрхтэй. Үүний тулд ийм нөөцөө ашиглаж олсон орлогоосоо сан бүрдүүлж, өсгөж үржүүлэн дараа үедээ хүлээлгэж өгөх нь энэ үеийн заавал биелүүлэх ёстой үүрэг гэж бодож байна. 

 

Одоо яригдаж буй хувилбараар хүртээмж муу байна гэлээ. Хүртээмжтэй байлгах, баялгийн эзэн болох, орлогын сан бүрдүүлэх тухайд ямар шийдэл оруулж өгвөл илүү системтэй, урт хугацааны тулхтай шийдэл болох бол, зарчмын хувьд?

Баялагийн эзэн болно гэдгийг нэг жишээн дээр тайлбарлахад Ерөнхий сайд сарын өмнө Оюутолгой болон Тавантолгойн үйл ажиллагааг явуулна гэж мэдэгдэл хийсэн. Үүний дараа Оюутолгойн 66 хувийг эзэмшиж буй Turquoise Hill Resources буюу хуучин Айвэнхоу Майонз-ийн хуввцааны ханш маргааш нь 11 хувиар өссөн байсан бол өнөөдөр буюу нэг сарын дараа 45 хувиар өсчихлөө. Өөрөөр хэлбэл Оюутолгойн үйл ажиллагааг явуулна гэдэг маань далд уул уурхайн асуудлаа шийдэж, хөрөнгө оруулалт хийгдээд эхлэхээр ирээдүйд компанийн орлого ашиг өснө гэсэн хүлээлтийг бий болгож байгаа юм. Компанийн орлого, ашиг өсвөл хувьцааны ханш өсдөг зүй тогтолтой. Энэхүү хүлээлт нь хувьцааны ханшийг 45 хувиар өсгөж байгаа хэрэг. Тэгэхээр тэр хувьцааг нь авчихвал Оюутолгойн ордынхоо жинхэнэ эзэн болж байгаа биз. Таны мөнгө 45 хувиар өсчихсөн байх байлаа шүү дээ.  Тэгвэл энэ хувьцааг өнөөдөр хэдэн Монгол хүн авсан байгаа бол?  Маш нухацтай бодох асуудал. Оюу толгойн далд уурхай шийгдэгдвэл доллар орж ирээд хямралаас гарчихна. Зэсийн экспорт өсөөд доллар орж ирнэ. Улсын төсөвт ....зуун тэрбум төгрөг цуглана л гэнэ. Дахиад өмнөх асуултаа асууя. Энэ бүхэн таныь миний амьдралд ямар шууд эерэг нөлөө үзүүлэх юм бэ? Оюу толгойгоос бол анхнаасаа иргэд маань ямар ч шууд өгөөж хүртэх боломжгүйгээр зохион байгуулагдсан. Гэхдээ Turquoise Hill Resources-ийн хувьцааг авчихвал боломжтой байгаа биз? Харамсалтай нь Монголчууд бүгд санхүүч, эдийн засаг биш. Бас бүгд хөрөнгөтэй мөнгөтэй хүмүүс биш. Бүгд хувьцааг нь авч чадахгүй. Дахиад л иргэд, масс хоосон хоцрох нь. Гэвч хүн бүрт Оюу толгойгоос гарч буй кг зэс, унц алт бүрээс үр шимийг нь хүртэх эрхтэй. Энэ тохиолдолд ухаалаг төртэй газарт бол улсын хөрөнгө оруулалтын сан эсвэл тэтгэврийн сангаар дамжуулаад хувьцааг нь авчихдаг. Төсөл нь 10, 20, 30 жил хэрэгжиж амжилттай ажиллахын хэрээр хувьцааны үнэ өснө. Сангийн мөнгө өснө. Эргээд улсын сангаараа улсаа хөгжүүлж иргэддээ өгөөжийг нь хүртээнэ. Тэтгэвэрийн сангаас иргэддээ овоо хэмжээний тэтгэвэр тогтоогоод өгчихнө. Ингэж л хүртээмжтэй хуваарилалт хийгдэж, иргэд нь эзэн болж болно.

 

Эдийн засгийн үнэ цэнэ бүхий төр, иргэдийн өмчийг хөрөнгийн бирж, сайн зохицуулагдсан хөрөнгийн сан зэрэг зах зээлийн эдийн засгийн системийн албан ёсны институцээр дамжуулах, хянах, зохицуулах бодлого дутагдаж ирсэн төдийгүй өмчийн харилцаанд томхон өөрчлөлт гарах энэ удаагийн гэрээгээр ч ийм шийдлийг нэгмөр тойрч гарах гэж байгаа нь асуудал гэж ойлголоо, зөв үү?

Өнгөрсөн жилийн Засгийн газрын 268-р тогтоолд иргэдийн 1072 хувьцааг шийдэх ёстой гээд оруулчихсан бол  өнөөдрийн нөхцөл байдал үүсэхгүй байсан болов уу. Гэтэл анхнаасаа 1072-оо орхичихоод, сүүлд нь энэ асуудлаа гаргаж ирж байгаа нь анхнаасаа бодлоготой хийсэн үйлдэл ч юм шиг санагдахад хүргэж байна. Эртнээс төлөвлөсөн бизнесийн ба улс төрийн хүрээнийхний бодлого уу? За ямартай ч УИХ-аас ингэж их анхаарал хандуулж байгаа юм чинь 8 төгрөг маань өсч магад. 1072-ийн асуудлыг шийдлээ гээд гэрээ зурагдвал яах вэ? Иргэд хохироод хоцрох уу? Бүр ч бас арга мухардчихаагүй байна. Энержи Ресурс ХХК-ийн толгой компани нь Mongolian Mining Corporation. Энэ компанийн хувьцааны ханш Хонг Конгийн биржид Энержи Ресурс консерциумд багтаж хэлэлцээр эхэлснээс хойш 45 хувиар өсчихөөд байгаа. Хэрэв гэрээ байгуулагдвал дахиад өснө. Төсөл амжилттай хэрэгжээд ирвэл дахиад л өснө. Тэгэхээр Mongolian Mining Corporation-ний хувьцааг авч боломж байна. Энэ тохиолдолд иргэд кармаанаасаа мөнгө гарга хэрэгтэй болох нь. Хүн бүрт мөнгө байхгүй. Яах вэ? Ерөнхий сайдын хэлсэн иргэн бүрт өгөх боломжтой 100,000 төгрөг, нийтдээ 2.2 сая хүний 220 тэрбум төгрөгөөр Mongolian Mining Corporation-ний хувьцааг авч болох юм. Мэдээж хэрэг үүнийг хийхэд хөрөнгө оруулалтын сангийн нарийн бүтэц зохион байгуулалт, бодлого, хараат бус, бие даасан байдлыг бүрдүүлэх гээд олон ажлыг эхлээд маш сайн хийх хэрэгтэй л дээ. Ер нь цаашдаа хөрөнгийн захаа хөгжүүлж, ордуудынхаа хувьцааг биржид гаргахгүй бол иргэд юу ч үгүй  хоцроно. Хөрөнгийн зах хөгжихгүй байх нь араасаа тоо томшгүй эрсдэлүүдийг дагуулна. Дагуулж байгааг нь ч бид мэдэрч байна шүү дээ.

 

Таны яриаг тоймловол 1072 хувьцааг зарчмын дагуу шийдэж чадаагүйд гол асуудал байна гэж харж байна гэж ойлгож болох уу?

Ерөөсөө тийм. Анх ярьж байснаараа хийгээгүй. Сүүлдээ өөрчлөгдсөн. Өөрчлөгдөхдөө хамгийн гол асуудлаа хаячихсан. Тэгснээ эргээд анхныхаа байр сууринд очсон. Тэр нь одоогийн гацааг үүсгэсэн. Цаашдаа ийм асуудал үүсгэхгүйн тулд хөрөнгийн захаа хөгжүүлж, биржээр дамжуулан иргэдийгээ баялагийнхаа үр шимийг хүртэх ижил тэгш боломжийг олгох зайлшгүй шаардлагатай.

 

1072 хувьцаа маань өөрөө бүртгэл, бэлэн мөнгөөр сольсон солиогүй гээд их асуудалтай. Консерциум талаас бол ашигт малтмалын төлбөрт авсан орлогоосоо Эрдэнэс Тавантолгой өөрсдөө шийд, ер нь бол төр өөрөө гаргаж ирсэн асуудал гээд байгаа?

Ороод ирсэн мөнгийг тараах шиг амархан ажил байхгүй. Ингэж тараах нь өөрсдийгөө ажиллах чадваргүйг нотлох үйлдэл гэж бодож байна. Ямар ч ухаан зарж өсгөж үржүүлэхгүй шууд л тараах гээд байна шүү дээ. Мөн орлогоос тооцож авсан мөнгөө ногдол ашиг гэж нэрлээд төөрөгдөл үүсгэж байна. Төсөл хариуцсан компани орлогоосоо зардлыг хасаад үлдсэн ашгаас хуваарилж байж ногдол ашиг болно.

Харин компанийн үйл ажиллагаатай эрүүл саруул институцийн зарчмаар уялдсан хувьцаа бол компани сайн ажиллахын хэрээр механизмаараа дамжин илүү үнэ цэнэтэй болдог хөрөнгө. Хувьцаа гэдэг маань компанийн үйл ажиллагаа болоод эдийн засгаас хамаарч биржид ханш нь хөдөлж байдаг амьд хөрөнгө. 1072 хувьцааг хөрөнгийн захыг хөгжүүлэх, үндсэн, суурь механизмд оруулах, иргэдийн хөрөнгийн зах зээл дэхь оролцоог нэмэгдүүлэх, санхүүгийн  боловсролоо дээшлүүлэх бэлээхэн арга хэрэгсэл болгох боломж гэж харахгүй, огт хөндөхгүй, бэлэн мөнгө хэдийг тараах тухайд маргаан төвлөрч байгаа нь харамсалтай.

Ер нь тэгээд ЗГ-ын 268-р тогтоолыг харвал 1072-ийн талаар ширхэг үсэг ч байхгүй. Тэгэхээр консерциум бидэнд хамааралгүй. Монголын засгийн газрын шийдэх асуудал гэж хэлэх нь зүйн хэрэг шүү дээ. Харин УИХ-ын 39-р тогтоолын дагуу 1072-ийг амилуулах нь гишүүдийн үүрэг болчихож байгаа. Гэхдээ би түрүүн хэлсэн. Анхнаасаа яагаад ЗГ-ын 268-р тогтоол дээр 1072-оо оруулчихаж болоогүй юм бэ? Бизнес улс төр хэт холилдсоны үр дагавар юм болов уу гэж бодож байна.

 

Бид энэ хоёр толгойг их ярих боллоо. Хэт хамааралтай болчихоод байна. Ийм байдлаас яаж гарах вэ?

Сүүлийн хэдэн жил энэ хоёр толгойг ярьлаа. Бүр сүүлдээ энэ хоёр хөдлөхгүй бол Монгол дампуурна гээд л яриад байна. Яахав одоогийн төсөв санхүүгийн байдал, эдийн засагч хүний нүдээр харвал үнэн л дээ. Гэхдээ энэ хоёр толгойг хөдөлгөх тухай бодсоор, ярьсаар “Монгол толгой”-гоо хөгжүүлэх, өөр хөгжлийн боломжийг харах нүд тагларч гүйцэж байгаа нь юм биш биз? Уулзсан, ярьсан бүх л хүмүүс маань энэ хоёрын тухай л яриад, хүлээгээд, хөдөлчихвөл амьдрал нь, ажил нь өөдлөнө гээд л хүлээгээд, хараад....Хэт хамааралтай болчихсон.

Миний бодлоор одоогийн энэ хямралт байдал хоёр толгой зогссондоо биш “Монгол толгой” хөгжихгүй байгаад л гол учир байх шиг. Жишээ нь, би өөр дээрээ жишээ авъя. Монголын эдийн засаг, хөрөнгийн зах зээл унасаар гурван жил өнгөрлөө. Бүр сүүлийн үед өдөрт 20-30 сая төгрөгийн хувьцааны арилжаа Монголын биржид явж байна. Зах зээл муу байгаа учир миний ажиллаж байгаа компанийн алдагдал өссөөр. Мөн энэ хоёр толгойг хөдлөхийг хүлээгээд, түүний дараа хөрөнгийн зах идэвхижихийг хүлээгээд суувал хамаг залуу нас нь өнгөрөх бололтой, хэхэ. Тэгэхээр “Монгол толгой”-гоо ажиллуулахаар шийдлээ. Монголын хөрөнгийн зах бус гадаадын том зах зээлд ажиллаад сурчихвал хоёр толгойгоос миний амьдрал, компанийн орлого хамааралгүй болчихно. Ингээд Хонконгийн хөрөнгийн зах зээлийг судлаж эхлэв. Арилжаа хийж эхэллээ. Зөв ажиллаж чадвал өдөртөө л 20, 30 хувиар мөнгөө өсгөөд байх боломжтой. Мэдээж байнга олно гэж юу байхав. Алдах үе байна. Гол нь эрсдэл ашгаа зөв тооцоолж юуг авах вэ, хэзээ авах вэ гэдэг асуултанд зөв хариулаад байвал болох нь тэр. Гагцхүү зөв хариу олохын тулд хөгжсөн “Монгол толгой” хэрэгтэй байгаа юм. Тиймээс залуустаа хандаж хэлэхэд бид улс төрчид, бизнесийн бүлэглэлийн тоглоом болж залуу нас, эд хийж бүтээх цагаа хоосон хүлээлтээр дүүргээд яах вэ. Өөр өөрийн салбартаа хийж чадах зүйлээ нээж, Монгол толгойгоо хөгжүүлье. Тэгэж чадвал бид ямар их боломжоо алдаж байгаагаа харна, мэднэ, ухаарна. Хөрөнгийн зах зээлийн хүний хувьд гадаадын хөрөнгө оруулагчид хэрхэн манай баялагт тулгуурлаж хөрөнгө босгож, ашиг хийж байгааг, бас бид ч гэсэн тэдэнтэй ажил мөнгөө өсгөх боломжтойг ухамсарлан харж чадна. Ингэснээр энэ зах зээлд мэргэжилтнүүд бий болно. Зах зээл маань ч хөгжинө. Араасаа иргэдийг дагуулна. Нийгэм даяараа хувьцааг ойлгоно. Ингэж чадвал энэ хоёр толгойгоос, улс төрчид, бизнесийн бүлэглэлүүдээс амьдрал, ажил минь хамаарахгүй амар болно шүү дээ. Залуусаа, бид, ялангуяа санхүүгийн салбарын залуус бид олон өдөр, хоногийг жижиг горхинд өнгөрөөлөө шүү дээ. Харин одоо олон улсын зах зээлд өрсөлдөх мэргэжилтэн болж хөгжих л чухал байна. Нөгөөтэйгүүр дотоодын тогтворгүй байдал энэ мэтээр олон залуусын хүсэл мөрөөдөл, амбицийг мохоож, дэлхийн мэдлэгийг сурж, аварга компаниудад ажиллаж цуглуулсан туршлагаа Монголоо хөгжүүлэхэд ашиглахад бус, бүх л залуу насаа гадаадад ажилласаар өнгөөрөхөд хүргэж байгаа нь тун харамсалтай байна.

 

Цаг заваа гарган ярилцлага өгсөнд баярлалаа. Танд амжилт хүсье.

 

Ярилцсан Б.Болор-Эрдэнэ

 

 

 

Сэтгэгдэл бичих

arrow icon