Нийтлэл 05 сарын 07, 2015

Нийслэлд алжаал тайлсны төлөө татвар төлдөг болж магадгүй байна

 Улсын нийслэлд амарч, аятайхан хоол идэж, ер нь алив нэгэн хэлбэрээр  алжаал тайлах л юм бол татвар төлдөг болох шинэ хуулийн төсөл хэлэлцэгдэх гэж байна. Нийслэл хотын албан татварын тухай хууль өчигдөр төсвийн байнгын хороон дээр анхны хэлэлцүүлэгт орж, өнөөдрийн чуулганы хэлэлцэх асуудалд ороод байна.

 Нийслэлийн албан татварын тухай хуулийн төсөлд өөрчлөлт оруулах шинэ саналууд дунд алжаал тайлсны татвар гэж нэрлэж болохоор заалтууд оржээ. Тухайлбал: 

 

 

Улаанбаатар хотын нутаг дэвсгэрт

  • Бүх төрлийн согтууруулах ундааны жижиглэнгийн худалдаа
  • Тамхины жижиглэнгийн худалдаа
  • Зочид буудлын үйлчилгээ
  • Амралтын газрын үйлчилгээ
  • Рестораны үйлчилгээ
  • Баарны үйлчилгээг авсан иргэн 0-1.0 хувийн хязгаартай татвар төлнө гэжээ.

 

 

Уг татвараас олох орлогоор урсгал зардлыг санхүүжүүлэхгүй, зөвхөн иргэдийн тав тухтай орчинг бүрдүүлэх, нийслэл хотод тогтмол зохион байгуулагддаг олон улсын чанартай үзэсгэлэнг зохион байгуулахад гарах зардлыг санхүүжүүлнэ гэж тайлбарласан байна.

Одоо байгаа төсвөө нэг наст цэцэг, ногоон уутанд зараад, уг нь анхнаасаа хийж байх ёстой хот тохижилт, тав тухтай орчин бүрдүүлэх зардлыг хотын иргэд ажиллаж хөдөлмөрлөөд амарч алжаал тайлахдаа төлөх хэрэгтэй гэсэн үг. Бас олон улсын арга хэмжээ, үзвэр үзэсгэлэнд улсын төсвөөс хангалттай мөнгө зарж буй. Нэмээд шинэ татвар иргэдэд үүрүүлж, үзэсгэлэн санхүүжүүлэх хэрэгцээ байгаа болов уу?

Зугаа цэнгээн, алжаал тайлах үйлчилгээ үзүүлдэг газруудын зарим хэлбэрт цагийн хязгаарлалт хийх, архи тамхи хэзээ зарах хаана зарах хаана зарахгүйг хязгаарлах зэргээр энэ салбарын эд бараа, үнэ, үйл ажиллагааны хэлбэрт элдэв хязгаарлалт, өөрчлөлт хийж ирсэн. Үүний дээр нэмээд хэрэглэгч тал нь цагийг зугаатай өнгөрүүлэхэд татвар төлөх болмогц залуус зориулалтын газар зөв боловсон амрах соёл хумигдаж, салбарын орлого, улмаар аж ахуйн нэгжийн албан татварт сөргөөр нөлөөлж дүндээ дүн болох мэт. Иргэд бол нийтийн орон сууцанд, орцонд чанартай чанаргүй  бараа хэрэглэж наргидаг ная ерөөд оны стилээ сэргээгээд, эсвэл Төв аймаг ч юм уу хаа нэгтээ нийслэлийн гадна гарч алжаалаа тайлаад аргаа олох байх.

Сэтгэгдэл бичих

arrow icon