ТӨРИЙН ИНСТИТУЦ СУЛ БАЙХАД ТӨСВИЙН ТОМ ХӨРӨНГӨ ОРУУЛАЛТ ТУС БОЛОХООСОО УС

ОУВС-аас улс орнуудын эдийн засгийн төлөв, бодлогын зөвлөмж гаргадаг цуврал судалгааны 4 дүгээр сарын дугаарт нийтлэсэн "Уул уурхайн тэсрэлтээс тогтвортой өсөлтийн загварт шилжих нь" хэмээх Монгол улсын тухай техник судалгааны гол  дүгнэлтээс танилцуулж байна. Судалгаанд макро орчны хэвийн ба экспортын барааны үнэ уналттай хоёр өөр орчинд худалдааны болон бусад салбарын өсөлт, төсвийн капитал хуримтлал, хэрэглээ, төгрөгийн ханш, төлбөрийн тэнцэл, төсвийн өр зэрэг үндсэн хэмжүүрүүдийн трэндэд шинжилгээ хийжээ.

 

Монголын тухай ерөнхий дүр зураг

Монгол улсын ирээдүйн тухайд газрын баялгаас орох орлого нь  урт хугацааны хувьд итгэл найдвар төрүүлж буй ч богино хугацаанд макро-төсвийн тогтвортой байдлыг олж, тулхтай бодлогын замаа олоход амаргүй  дүр зураг үүсчээ.  Ашигт малтмал нийт экспортын 90 хувийг эзэлж, үүнээс 90 хувь нь Хятадад гарч байгаа нь гадаад орчны шоокод туйлын эмзэг өсөлт-уналтын огцом цикл бүхий эдийн засгийг бүрдүүлээд байна. 2009 онд төлбөрийн тэнцлийн хямрал, мөн 2013 оноос гадаадын шууд хөрөнгө оруулалт болоод нүүрсний эрэлтийн шоокод өртөж валютын нөөц эрс багасч, төгрөгийн ханш унахад хөтлөв.

Төсвийн тогтвортой байдлын хууль төсвийн бодлогын хянах удирдлагад муугүй хүрээ болж өгдөг ч 2012 онд байгуулагдсан Хөгжлийн банкны төсвөөс гадуурх хөрөнгө оруулалтын дүнд нийт өр 2013 оны эцсээр ДНБ-ийн 60 хувьд хүрээд байна. Хөрөнгө оруулалтын өгөөжийн дүр зураг тааруу, төсөл сонголт, хэрэгжүүлэлт, засгийн газрын агент хоорондын үл уялдаа, төсвийн хөрөнгө оруулалтын зарцуулалтад УИХ үлэмж нөлөөтэй, төсвийн худалдан авалт хангалттай ил тод бус, улс төрийн нөлөөлөл зэрэг асуудал хөрөнгө оруулалтын өгөөжид муугаар нөлөөлж байна. Баялгийн сан байгуулж, ашигт малтмалын төлбөрөөс сан бүрдүүлэх төсөл яригдаж буй ч одоогийн загвар дор энэ санг байгуулах хэмжээнд төсвийн зарлагаас илүү орлого хуримтлуулах, менежмент хийх нь амаргүй зорилт байх болно. 

Уул уурхайн томхон төслүүдэд оруулах хөрөнгө оруулалт урт хугацаанд орлогын урсгал үүсгэх ч богино хугацаанд төлбөрийн тэнцлийн алдагдал, улмаар гадаад зээлийн хэрэгцээг нэмэгдүүлж байна.   Түүнээс гадна макро эдийн засгийн бодлого төлбөрийн тэнцлээс үүдэлтэй ачаалалд нэмэр болохоосоо нэрмээс болсон. ГХО буурахтай зэрэгцээд төсөв, мөнгөний тэлэх бодлого явуулсан нь төлбөрийн тэнцлийн ачаалал дээр нэмээд төгрөгийн ханш буурах, валютын нөөц багасахад хүргэсэн.  Бодит үнэлгээгээр төгрөгийн ханш  чангарч, мөнгөний хатуу бодлого хэрэгжүүлж, төсвийн алдагдлыг бууруулах, улмаар гадаад талдаа төлбөр, тайлангийн эрүүл мэндээ сайжруулах, энэ бүгдийг зохицуулах шинэ макро бодлого хэрэгтэй байна. Судалгаагаар ийм бодлого явуулахад ямар чиг баримжаа хэрэгтэй талаар хариулт эрэлхийлэх болно

 

Макро бүтцийн загварчлал дээр хийсэн анализын үр дүн

Дээрх нөхцөл байдалтай холбоотой гадаад ба дотоод орчны өгөгдлүүдээс макро эдийн засгийн бүтцийн загвар гаргасан техник шинжилгээний дүнгээс дараах дүгнэлтийг хийж болохоор байна.

Төсвийн орлогын нэг эх үүсвэрээс хамааралтай эмзэг байдлыг засаж,  төсвийн хөрөнгө хуримтлуулах зорилтод төрийн институцийн үр ашигт ажиллагаа, өндөр өгөөжтэй хөрөнгө оруулалтын удирдлага хийх институцийн чадамж эерэг нөлөө үзүүлнэ. Эсрэгээрээ институцийн чадамж муу байхад том хөрөнгө оруулалтын сөрөг нөлөө нь эергээ давах болно. Асар том уул уурхайн салбартай, том хөрөнгө оруулалт шаардлагдах онцлогтой орон тусмаа том хөрөнгө оруулалт, төсвийн хөрөнгө оруулалтаар түүчээ хийсэн өсөлтийн загварыг давж сэтгэх шаардлага харагдаж байна. Төсвөөс томхон хөрөнгө оруулалт хийх нь уул уурхайн бус салбарт өсөлт авчрах ч өрийн удирдлага, гадаад төлбөрийн чадавхи муудахаас үүдэлтэй макро-санхүүгийн эрсдэлүүд хувийн секторт хөрөнгө оруулалтаар өгснөөсөө илүү сөрөг ачаалал үүсгэнэ.

Гадаад орчинд экспортын барааны үнэ таатай байна гэсэн таамаг дор ч том төслүүдийн нөлөөгөөр дунд хугацаанд төсвийн хөрөнгө оруулалт ДНБ-ын 80 хувьд хүрч, улмаар цаашид 60 хувьтай үргэлжлэх магадлалтай байна. Төсвийн консолидац хийх шинэ бүтцийн загвар болоод одоо хэрэгжиж буй бэйслаин загварын хооронд туршилтаар үр ашгийн томхон ялгаа буй нь одоо өгөөжгүй хөрөнгө оруулалт төсвийг дарамталж, макро эдийн засгийн эмзэг байдалд нэрмээс болж буйг харуулж байна. Төрийн институцийн ил тод байдалд зорьсон бүтцийн реформ, төсвийн эрүүл мэндийг сайжруулах бодлогоос өөр одоогийн загвараас гарах гарцгүй.

Төрийн институцийн сул хөгжил дор төсвийн зарцуулалтыг зөвхөн зорилтот зарцуулалтад чиглүүлж багасгах, эдийн засгийн төрөлжилт, орлого нэмэгдүүлэхэд чиглэсэн хөрөнгө оруулалтад төсвийн хөрөнгө оруулалтыг хязгаарлах нь зохистой. Өнөөг хүртэлх сургамжуудаас Монгол улс болон түүнтэй төстэй байгалийн баялаг бүхий орнуудад нэгд орлого нэмэгдүүлэх, өсөлт авчрах хөрөнгө оруулалтын удирдлага болон өрийн ачаалал нэмэгдүүлж буй төсвийн бодлого дахь нугаларлыг засахад голлон анхаарах зөвлөмж хүргүүлж байна. Хөрөнгө оруулалтын амбицтай стратегиас илүү даруухан, жигд төсвийн хөрөнгө оруулалтыг үр ашигтай хөрөнгө оруулалт хийх, удирдах төрийн чадамж бүрдэх явцтай хамт үргэлжлүүлэх нь илүү оновчтой.

 

 


avatar

Авторууд

Санал асуулга

Нийт санал: 4877

2020 оны УИХ-ын сонгуулиар аль нам ялах вэ?

12%
МАН
17%
АН
69%
Шинэ гуравдагч хүчин
  • 12%
  • 17%
  • 69%