Ямар ч салбарыг үзэл суртлаас салгахгүй бол хөгжихгүй. Салбар гэлтгүй, ерөөсөө хүний сэтгэл зүрх, ахуй амьдралыг ч үзэл суртлын хүлээснээс чөлөөлж байж л хөгжих боломж анх удаа бий болно. Монголын эдийн засаг хэмээх хэдэн давхар үзэл сурталд хүлээтэй хөөрхийлөлтэй үзэгдэл нэг байна. Хүлээсээс нь суллах зорилгоор цувралын өмнөх дугааруудад эдийн засгийг хувь ба төрд хуваах нь төөрөгдөл болох тухай, мөн төрийн том зарцуулалт Монголд тохирохгүй болох онолын үндэслэлийг тайлбарласан. Энэ удаа Америкт боловсорсон хувийн хэвшлийн догма манай уул уурхай, баялгийн менежментэд нийцэхгүй болох талаар авч үзнэ.
Эхлээд дэлхийн эдийн засгийн түүхээс хэдхэн уялдаа холбоог ойлгочихмоор байна. Уул уурхайн салбар, нэн ялангуяа их хэмжээний олборлолт өөрөө мотортой машин зохион бүтээгдсэнээр хөгжсөн салбар. Гүн өрөмдөнө гэдэг хүчтэй мотор, өрөм ажиллуулах хүчин чадлын асуудал гэдэг хар ухаанаар ч ойлгомжтой зүйл буй за. Аа харин тэр моторыг, машинт үйлдвэрлэлийг Европт дунд анги нь, урчууд нь, манайхны хэлдгээр хувийн хэвшил нь хоёр гараараа бүтээсэн юм. Уламжлалт хөдөө аж ахуй, газарт эзэн суусан язгууртнууд гэхээсээ (огт оролцоогүй гэсэн үг биш) нийгмийн шинэ статус, эд хөрөнгөө бүтээх дунд ангийн хүсэл эрмэлзлийн дүнд дэлхийн эдийн засагт шинэ бүлэг бичигдсэнийг аж үйлдвэрлэлийн хувьсгал хэмээн нэрийддэг. АНУ өөрөө энэ үзэгдлийн үргэлжлэл болон мэндэлсэн улс билээ. Европоос Америк руу цагаачилсан мэдлэг, технологийн гарал үүсэл нь хувийнх. Очсон хойноо аварга тивийн газарзүйн өгөгдөл дээр хөгжүүлсэн төмөрзамын сүлжээ, анхны том уурхайнууд, газрын тосны цооногууд ихэвчлэн хувийн бизнесүүд, аз туршигчдын хөрөнгө оруулалт, тэдний харгис хатуу өрсөлдөөний дүнд хөгжиж бий болсон юм.
Дээрээс доош чиглэсэн төвлөрсөн төлөвлөлтөөр биш хувь тоглогчдын амбицаар дэлхийн хамгийн хүчтэй эдийн засгийг угсарсан тулдаа нэн ялангуяа 19-р зууны сүүлийн хагасын Америкийн эдийн засгийн түүх гэдэг бүхэлдээ кино шүү дээ. Энэ хагас зуун яруу алдар, ялгуусан амжилт, ялалт ялагдал, үхэл сэхлийн түүх байлаа. Газрын тосны орчин үеийн өрөмдлөгийн эцэг гэгддэг Эдвин Дрэйк гэхэд ганцхан хөрөнгө оруулагчтай үлдэж, сүүлчийн ганц доллар нь дуусахын даваан дээр газрын гүнд өтгөн хар тосны мандал харсан нь 1859 оны буюу харьцангуй саяхны түүх. Өрөмдөгч олддоггүй, нэг бол хаяад алга болчихдог, нэг бол согтуу тасраад уначихсан байдаг тийм салбар энэ үеэс эхлээд дэлхийн эдийн засгийн цусны эргэлт болов. Эдийн засгийн түүхч Иергиний бичсэнээр нэгэнт судсаар цус эргэж эхэлсэн хойно ажилчдын шатахуун болж өгдөг виски нь газрын тосноосоо олдоц багатай, илүү үнэтэй болсон гэдэг.
Энэ бол АНУын уул уурхайн хайгуул, нийлүүлэлт өөрөө хувийн амбиц дээр босож ирсэн түүх. Нөгөө талаар газрын тос, нүүрс, зэс гээд уул уурхайн баялгийн эрэлтийг хүмүүсийн амьдрал, хэрэглээ бүрдүүлж байдаг. Тэр талаасаа ч Европ ба Америкийн зах зээл органикаар хөгжсөн суурь (market) зах зээлтэй эдийн засгууд болно. Зай чөлөө хомсоос хойш ганцхан жишээ хэлье
Их Британийн эзэнт гүрнээс өмнө дэлхийн эдийн засагт хамгийн нөлөөтэй байсан Нидерландад хөрөнгийн зах 1602 онд байгуулагдсаныг санагтун. Хүчтэй мотор, том олборлолт үүсэхээс өмнө том мөнгө босгож, том худалдаа эдийн засаг хөдөлгөх систем ажиллаж байсны баталгаа энэ болно. Ер нь Европт машинт үйлдвэрлэлээсээ өмнө 17-р зуун гэхэд хөдөө аж ахуйн бүтээгдэхүүний инновац, төрөл, чанар манай Монголын 21-р зуунаас хамаагүй өндөр түвшинд төгөлдөржсөн байсныг мэдэж байх хэрэгтэй. Ази мөн адил. Энэтхэг, Хятад угаасаа дэлхийн гол үйлдвэрлэгч байсан. Жапан гэхэд гэнэт 1869 оноос Мэижигийн шинэчлэлээр модернизац хийж, орвонгоороо хөгжсөн юм шиг төөрөгдөл явдаг. Угтаа бол уг сууриндаа нягт хөгжсөн байсан зах зээлдээ моторын хүч, орчин үеийн шинжлэх ухаан л нэмсэн хэрэг. Эзэн хаанаа мөн мандуулсан... гээд бөөсний үлгэр улстөр рүү орохоос өмнө гол сэдэвтээ буцъя.
Гуравдугаарт, АНУ эхэндээ Европоос зах зээлийн чадамж сул, ядуу цагаач иргэд олноор суурьшсан орон авч уул уурхай, үйлдвэрлэлийн хөгжил нь тэр зах зээлээ орлоготой болгох, (market) зах зээлээ бүтээх үүргийг гүйцэтгээд явсан байдаг. Хенри Фордын дуулиант 5 долларын цалин ажилчдыг өндөр цалинжуулж, тэднээр чанар бүтээлгэж, эргээд тийм өндөр орлоготой масстаа ихээр борлуулах масс үйлдвэрлэл-масс хэрэглээ загварын гараа гэгдэнэ. Ажилчдын цалин орлогыг нэмэгдүүлэх боломж нь нөгөө талдаа технологи, инновац, үр ашгийг тасралтгүй сайжруулах шинжлэх ухаанч менежментээр нөхцөлдөн бий болж байв. Түүнээс гадна Америкийн хөрөнгөтнүүд масс хэрэглээний зах зээлээ зөвхөн цалингаар бэлдээгүйг онцлон дурдах байна. Рокефеллер, Карнеги, Ж.П.Морган нарын лидерүүд нэг талаар харгис капиталистууд гэгдэнгээ нөгөө талаар Америкийн суурь шинжлэх ухаан, боловсролыг асар их хөрөнгөөр хөгжүүлж орчин үеийн нийгмийн суурийг бэлдэж өгсөн юм.
Дөрөвдүгээрт, ийм уламжлалтай, хүчтэй зах зээлтэй оронд ч зах зээлийг өөрөө хөгж гээд зөнгөөр нь хаядаггүй. 20-р зууны эхээр АНУ-ын төрөөс зах зээлийг хамгаалах үүднээс том картелуудаа задлав. Энэ талаар Теодер Рузвельтийн хэрэгжүүлсэн бодлогын тухай нийтлэлд дэлгэрэнгүй бичсэн бий.
Энэ бүхнийг дурдахын учир нь хоёр зүйл. Нэгдүгээрт, уул уурхайн нийлүүлэлт талаасаа ч, эрэлт талаасаа ч Европ болон Америкийн уламжлал манайхаас тэс өмнөө, жинхэнэ хувийнхны гарын бүтээл юм. Хоёрдугаарт, АНУ дотроо хүчтэй болсон корпорацууд Египет, Мексик, Венесуэль, Ойрх Дорнод зэрэг дэлхийн бусад баялагтай бүс рүү мөн давшилт хийж, хоёр ч том дайн гарсан нь дараагийн зууны түүх болно. Хувийн хэвшлийн оролцоог магтан дуулах онолууд, эс бол догматик үзэл суртлууд нэг талаар Европ, Америкийн хөгжлийн бодит түүхээс урган гарсан, нөгөө талаар эдгээр давшилтыг зөвтгөх бодлогын арга хэрэгсэл болж хөгжсөн түүхтэй. 20-р зууны талаар энд бичиж багтахгүй тул дараа тусад нь дэлгэрүүлнэ. Одоо энд сэдвээ Монголдоо татаж авчрах зай л үлдлээ. Монгол гэхээр эдийн засаг ярихад зовлонтой. Нөгөө л хулгай, нөгөө л завхрал гажуудлаа бичих болно. Бичихгүй гээд ч яах билээ...
Монголд
Занданшатарын Засгийн газар байгалийн баялгийн 60 хувийг өгөөжийг ард түмэнд хүртээнэ гэж зарлалаа. Энэ улиралд 63,000 төгрөгийн ногдол ашиг хүртээнэ. Өгөөж, хүртээмж гээд үгсийн сангаасаа эхлээд асуудалтай энэ хэрэг явдлын эхлэл мэдээж манай улсын ком.социалист замналтай холбогдож таарна. Коммунист загвараас хувьд шилжсэн манай эдийн засгийн түүхийг хоёр томхон үечилж харах хэрэгтэй. Нэгдүгээр үе барагцаагаар 1990-2003 он. Энэ үед цэнхэр ягаан тасалбар, дуудлага худалдаагаар үйлдвэр аж ахуйн газруудын хувьчлал, мөн банкнуудын хувьчлал явагдсан. Дараагийн үе, Хятадын огцом өсөлт эхэлсэн үеэс буюу барагцаагаар 2004 оноос хойших уул уурхайн либералчлал ба түүнийг тойрсон улстөр, популизм. Энэ хоёр үеийн үүлэн чөлөөний завсар 2001, 2002 орчим он бол манай зах зээлийн хөгжил арай нэг эрүүл зарчмаар хөгжин алдсан зурвас алтан үе болно.
Хоёрдугаар үед эхэн үеэсээ илүүтэйгээр зах зээлийн хөгжилд distortion буюу нугалаа үүсгэв. Нэгд, эхэн үеийн өмч хувьчлалаар баялгийн ялгаа үүссэн боловч эргээд жижиг бизнесүүдийг дарангуйлах, худалдан авах боломж нь хязгаарлагдмал байв. Хоёрдугаар үеийн уул уурхайн мөнгө Европ, АНУ шиг замналгүй манай зах зээлд томдсон ба үүнээс хамгаалах зохицуулалт хийгдсэнгүй. Уул уурхайтай том группууд тэр орлогоороо бүх салбарт шахаж халдаж, бууз хуушуур хүртэл хийдэг онигоо гарлаа. Нөгөө талаар нүүрсний аж ахуйгаас мөнгөжсөн төр мөн зах зээл рүү түрэх болов. Ингээд зах зээл/бизнесүүд төрийн элдэв төсөл тендер ба төртэй симбиоз харилцаанд орсон хувийн группуудын завсар шахагдаж дөнгөн данган амьтай гэлдэрсээр энэ хүрлээ. Хоёрт, С.Баяр, Сү.Батболд, Ц.Элбэгдорж нарын хожим МАНАН гэгдсэн фракц хоёрдугаар үеийг эхлүүлэхдээ уул уурхайн орлогоос бизнес/зах зээлийн хөгжилд хөрөнгө оруулах бус ард түмний шууд хэрэглээнд шилжүүлэх популизмыг зэрэг эхлүүлсэн. Ингээд Монголын улстөр баялгийг дээрэмдэгсэд ба тэдэнтэй тэмцэгсэд гэсэн үндсэн өгүүлэмжтэй болж 2016 онд Ардын нам ялж Сайханбилэгийг хөөж явуулсан нь, 2017 оны Ерөнхийлөгч Х.Баттулга, 2020 оныг хүртэлх Ерөнхий сайд У.Хүрэлсүх, улмаар Л.Оюунэрдэнийн Ухаа худагтай хийх тэмцэл, Баялгийн сан гэсэн 4 жилийн үе шатыг дамжсаар үндсэндээ сүүлийн 10 жилийн эрх мэдэл зөвхөн энэ өгүүлэмжээр шийдэгдсээр энэ хүрлээ. Үүнээс цааш ч дорвитой манлайлал, өөрчлөлт хийгдэхгүй бол 2027 оны Ерөнхийлөгчийн сонгууль ч энэ моралиараа шийдэгдээд явна.
Монголд хэн эрх мэдэлтэй байхыг шийдэж буй энэ өгүүлэмжийн эсрэг хувийн хэвшил/төр гэсэн дуализм улиг болтол ярьдаг хэдэн хүнтэй. Нөгөөдүүл нь ядаж огт хөгждөггүй, үгийн сан нь 100гаас хэтэрдэггүй зурагдсан пянзнууд. Тэр нь огтоос олон нийтийн үнэт зүйлд бууж өгөхгүй байх нь мэдээжийн хэрэг. Ж.Оджаргал, Б.Нямтайшир нарын анхны хувийн уурхайн эздэд Европ, АНУ-д үүсэж хөгжсөн онол үзэл санаа, либерализм огт падгүй. Нэгд, улсын хайгуул, улсын мэдээллээс давуу эрхтэйгээр улстөрийн махинацаар хувьчлан авсныг дурдахад илүүц. Хувьчлал либералчлалаа улстөрийн махинацаар бус зарчмаар нь явуулсан Польш гэхэд өнөөдөр зах зээлийн хөгжлөөр Европт тасраад явчихлаа. Хоёрт, анхнаасаа авсан зам нь эрх мэдэл тул тэд зах зээлд биш улстөрд, эрх мэдэлд хөрөнгө оруулдаг. Оджаргалын улстөрд хийсэн угжсан мөнгө ядаж л Монголд анхан шатны химийн боловсруулалт хийчихдэг салбар хөгжүүлэхэд хангалттай хүрнэ.
Аль хулчгар, аль хоосон толгойтой, аль хоёр нүүртэй болгоныг улстөрд санхүүжүүлж, тэднээр дамжуулан эрх мэдлээ хадгалж байдаг хүмүүст Карнеги, Мицүбиши зэрэг улс орондоо шинжлэх ухаан, технологи хөгжүүлж дэлхийн экспортод зам татсан корпорацууд, лидерүүдэд хамаарах онол огт падгүй гэдгийг дахин давтан хэлэх байна. Гуравт, тэд уул уурхайн мөнгөөр улстөрд эрх мэдэл худалдан авах замаар зах зээлд өрсөлдөөнийг хамгаалах хууль, зохицуулалт хийгдэх замыг санаатай хясан боогдуулж байдаг. Дөрөвт, хууль эрхзүйг өөрсдөдөө зориулан бичихээс гадна уул уурхайн мөнгөөр эрүүл мэнд, боловсрол зэрэг нийгмийн үйлчилгээнд анги давхарга үүсгэж, тэдгээр үйлчилгээнд зарцуулагдах ёстой улсын төсвийг хувийн ашиг сонирхлын фракцууд дур зоргоор зарцуулах системийг угсарсан. Тавд, эрүүл мэнд боловсрол зэрэг нийгмийн үйлчилгээ хөсөр хаягдмагц хохирч үлдсэн олон нийтээс мөн өөрсдийн дур зоргоор сонгон авч хандив буяны аян хийдэг хортой соёлыг манлайлж хөгжүүлсэн. Жүжигчин Г.Ундармаа, Б.Болдсайхан гээд нийгмийн уян дэд бүтцийн сүйрэл дээр тодорсон одууд бүгд Оджаргалын ойр орчмоос төрж гарсан байдаг нь хачирхалтай. Ч.Ганжавхлан бол эдгээр группийн угсарсан шударга бус тогтолцооны ноён оргилд тодорсон утсан хүүхэлдэй.
Тавд, улсын хайгуулын үр дүн, ард түмний баялгаас авсан ашгаас шударгаар татвар төлөх, ногдол ашиг хүртээх ойлголт эдгээр хүмүүсийн толгойд байхгүй. Аль болох том зардал бичих, аль болох бага ашиг тайлагнана гэдэг бол мөн л нэг төрөл хулгай болно. Өнөөдөр 60% өгөөж гэж яригдаж байгаа ч үүнээс нь орлогоо бултуулах замыг хэд хэчнээн янзаар ухаж чадна. Ийм шударга бус практикыг хянахаар хүч, эрх хэмжээ Монголын татварын албанд байхгүй. Энэ мэтээр дурдаад байвал дэлхийд үүссэн хувийн хэвшлийн үнэт зүйл, үзэл баримтлалаар өөрсдийгөө хамгаалах дуртай уурхайн эзэд үнэн хэрэгтээ зах зээлийн либерал хөгжлийг боомилох, дарангуйлах бүх төрлийн халдлагыг үйлдэж ирснийг өч төчнөөн гаргалгаа, баримтаар баталж болно. Эцэс сүүлдээ Монголын ард түмний баялгаас олсон ашгаа эргээд Монголд өвлүүлэх үлдээх биш АНУ-д, Хонконгд асар үнэтэй сууц, үл хөдлөх авсан гэж мэдээлэх боллоо. Өөрсдийн дураар худалдан авч буй бол ичих нүүр алга. Өөрсдийн дураар бус хятад худалдаачдын барьцаанд байдаг бол бүр ч асуудалтай. Ж.Оджаргал нэг хэсэг олон улсын биржид гардаг баатар болж яваад Тавантолгойг бүхэлд нь хятадуудад тавьсан өрөндөө төлөх шахсан нь бодитой баримттай болж өнгөрсөн явдал.
Ингээд нэг талаас Монголын замнал, бодит амьдралд нийцэхгүй үзэл баримтлалаар мораль үүсгэх гэж хий эргэхээс гадна өөрсдөд нь тэрхүү үзэл санааны үнэт зүйлд нийцэх хичээл зүтгэл, ёс зүй, манлайлал огт байхгүй тул нөгөө талд нь уул уурхайн популизм гүнзгийрсээр, өмнөө гаргадаг тоо нь 60 хувь болж ирлээ. Энэ тоо 100 болоход жинхэнэ эргээд нийгэмчлэл явагдах ба энэ байдлаараа бол эргээд хураасан ч буруудахгүй дүр зурагтай явж байна.
Хувьд наалддаггүй хувийн уурхайнууд ба түүний эсрэг популизм хоёрын дундуур хамгийн гамшигтай нь монгол хүний оюун ухаан, хөгжил гээгдэв. Эдийн засгийн хөгжлийн зорилго нь market/зах зээл ба зах зээл амьд байвал боловсролтой, ур чадвартай хүний нөөцийг хар аяндаа шаардаж байдаг. Хувийн сургуульд сурсан цөөнхийг уурхайн эзэд авч ажиллуулж, үлдсэн ур чадваргүй хэсэгт төрөөс хүртээмж, өгөөж тараадаг энэ бүтэц дотор хүн амьдралдаа эзэн болох, оюун ухаанаар амьдрах, бүтээлч ур чадвартай болох, бүтээх бахархах гэх мэт амьдралын үндсэн үйл ажиллагаанууд зогсонги байдалд ороод байна. Үүнээс болж бүх нийтээрээ галзуу хүмүүсийн лаив үзэж амьдардаг, өдрийн нэг галзуу солио сэдэвт живсэн нийгэм боллоо. Үүн дээр нь бүжиг эргэдэг улстөрийн фракцуудтай, тэдгээр фракцаас уяж цамнуулдаг галзуу шимнусуудтай боллоо. Геллнерийн тодорхойлсноор орчин үе үндэстэн улсуудын системд шилжсэн үндсэн болзол нь бүх нийтийн боловсрол юм. Өөрөөр хэлбэл 21-р зуунд Монгол Улс үндэстэн болж оршин тогтнох баталгаа нь хувь хүний боловсрол, оюун ухааны амьдрал, түүгээрээ зах зээлд бүтээлч оролцоо хийх боломж юм. Монголчууд бид улстөрч уурхайн эзэд-популист төр гэсэн энэ бүтцээрээ бол нэгдмэл үндэстний шинжээ алдах ба алдаж явна гэж дүгнэх байна.
Г.Занданшатарын хувьд алтны 68 хувийн татвар, Салхитын мөнгөний орд, улмаар спикер байхдаа Баялгийн санг Үндсэн хуульд хуульчилсан, энэ удаагийн 60 хувийн өгөөж зэрэг алхмуудаас харахад 2004 оны үеэс эхэлсэн уул уурхайн зарчмын бус хувьчлалд засвар хийх зорилготой, тийм итгэл үнэмшилтэй. Тийн засварлах хэрэгцээг уурхайн эзэд өөрсдөө бүрдүүлсээр байгаа нөхцөлд сүүлийн 10 жилийн эрх мэдлийг шийдэж буй дүрмээр 2027 онд Ерөнхийлөгч болох магадлалтай. Хэрэвзээ тийм санаа зорилготой бол уул уурхайн баялгийг дахин хуваарилахаас илүүтэй Монголд үл нийцэх, үл зохих үзэл суртлын дунд гээгдсэн монгол хүний хөгжил, бүх нийтийн боловсролыг хөгжлийн бодлогын цөм болгож эргүүлэн сэргээж байж л үндэсний лидер болж хүлээн зөвшөөрөгдөх боломжтой.
Эцэст нь нэг зүйл дурдахад 1 төгрөг ч байсан хувьцаа эзэмшигчид ногдол ашгаа авах эрхтэй ба ногдол ашгийг максимум болгох хувьцаа эзэмшигчдийн хяналт дор аливаа бизнес хөгжиж явдаг юм. Улсын төсвөөс санхүүждэг дэд бүтэц, хувь эзэмшдэг бизнесээсээ авах ногдол ашиг хоёрыг ялгаж салгахгүй ард түмнийг соён гэгээрүүлэх хүнд үүрэг ч мөн явж явж Монголын төрд, төрийн зүтгэлтнүүдэд ногдож таарна. Хувийн гэгдэх хулгайчууд нь ард түмнийг улам тэнэгрүүлэх, тэнэгрүүлсэн хойноо дээрэмдэх, дээрэмдсэн мөнгөөрөө гадаадад хаус авах жижигхэн мөрөөдөлтэй улс тул.