Нийтлэл 05 сарын 15, 2015

О.Эрдэнэбулган: Манай төрд оролцохгүй юм алга, оролцоод бүтээсэн юм ч алга

Уул уурхайн дэд сайд асан О.Эрдэнэбулгантай цаг үеийн асуудлаар ярилцлаа.

 

-Уул уурхайн салбарыг мэдэх мэргэжлийн хүний хувьд Оюутолгой, Тавантолгойтой холбоотой ямар үйл явдал өрнөөд байгаа талаар та улстөржөөгүй мэдээлэл өгөхгүй юу. Ер нь эдийн засгийн үр өгөөж талаасаа бидний хийх хамгийн зөв алхам таныхаар юу вэ?

-Хүн бүхэн л Тавантолгойг ярьж байна. Бүгдээрээ уул уурхайн мэргэжилтэн болчихсон юм биш үү. Энэ асуудалд мэргэжлийн, салбарын хүмүүсийн дуу хоолой үнэхээр бүдгэрч байна. Үйл явдлын өрнөл гэвэл миний харж байгаагаар улстөрчид нь хуваагдан бизнесийн бүлэглэлүүдэд үйлчилж бүхэл бүтэн гэрээнээс ганц хоёр заалтыг нь сугалж аваад улстөр хийж олон нийтийг талцуулж шийдвэр гаргахад нөлөөлөхийг оролдож байгаа тийм дүр зураг байна. Энд би Оюутолгойн гэрээний загварыг хуулбарлаж яаруу сандруу бэлтгэсэн гэрээний сайн муу тухайд яримааргүй байна. Ганцхан зүйл хэлэхэд Засгийн газар процессын алдаа гаргаж дэлхий дахинд Монголын нэр хүндийг шавартай хутгаж орхилоо. Хэлэлцээрийг хийх эрхтэй, тийм үүрэгтэй "Эрдэнэс Монгол"гэж Төрийн өмчит компани нь байсаар байхад улстөрчдөд зориулсан сайдын албан тушаал гаргаж ирээд хэлэлцээр хийлгэж, нэг төслийн бизнесийн хэлэлцээрт Засгийн газар, УИХ-тайгаа оролцон бужигнаж, дээр нь ард түмнээ хүртэл хоёр талцуулж байгаа нь үнэхээр эмгэнэл. Монголын төрийн үндсэн үүрэг бол Монголд бизнес хийх хууль эрх зүйн тогтвортой, таатай орчныг л бүрдүүлэх. Гэтэл өнөөдөр манай төрд оролцохгүй юм алга,оролцоод бүтээсэн юм ч алга.

-Одоо тэгвэл бидний хийх ёстой алхам юу вэ?

-Ерөөсөө бизнесийг сонгодог бизнесийнх нь зарчмаар л явуулах хэрэгтэй байна. Хэлэлцээр яаж явах юм, хэн хэн нь аль талдаа гарч ярих юм, ямар шийдвэр гаргах юм, шийдвэр гаргасан бол тэр хариуцлагаа хүлээх зарчим нь тодорхой байх ёстой. Үнэхээр төр нь оролцож байгаа бол ядаж л хамтарч засаг барьж байгаа улстөрийн хүчнүүд, Засгийн газар, Их хурал нь хаалганы цаана байр сууриа нэгтгэчихээд хэлэлцээрийн ширээний ард суух ёстой биз дээ.

-Өнөөдрийн энэ нөхцөл байдлаас шалтгаалаад хөрөнгө оруулалтын орчин мэдээж таагүй байгаа байх. Хөрөнгө оруулалтын орчноо сайжруулахын тулд эхлээд алдаагаа дүгнэн ярилцах ёстой?

-Хөрөнгө оруулалтын орчин жил ирэх тусам муудаж байгаа. Энэ бол биднээс өөрсдөөс маань шалтгаалж буй хэрэг. Шийдвэр гаргадаггүй, хэлсэндээ хүрдэггүй, хариуцлага хүлээдэггүй тийм хамтрагчийг хэн сонгох юм бэ. Хөрөнгө оруулагчдын хувьд тогтвортой хууль эрх зүйн орчин, тодорхой байдал чухал. Тэдэнд татвар их бага байхаас илүү тухайн улс орон эрх зүйн орчноо ямар хугацаанд тогтвортой, тодорхой мөрдөж чадаж байгаа нь л чухал. Жишээ нь арван жилээр төлөвлөөд хөрөнгө оруулаад ирэхэд манайх хоёр жилийн дотор хуулиа өөрчлөөд байх нь хөрөнгө оруулагчдад урт хугацаанд бизнесээ төлөвлөх боломжгүй болгож эрсдэл үүсгэх нь ойлгомжтой шүү дээ. Хатуухан хэлэхэд, Монгол бол эзгүй арал дээр ганцаараа үлдсэн Робинзон Крузо шиг л байдалтай байна. Биднийг дотооддоо дарга цэрэг, хөгшин залуугүй хоорондоо нүүрсээ тойрч хэрэлдэж байх хооронд цаагуур чинь манай хөрш орнууд томоохон хэлэлцээрүүд хийж, бизнесийн харилцаагаа өндөр төвшинд гаргаж ирээд байна. Тухайлбал, ОХУ, БНХАУ хэд хэдэн томоохон гэрээ байгууллаа. Саяхан Хятад улс Казахстан, Беларусь, Пакистантай томоохон гэрээнүүд хийж байна. Тэр байтугай нөгөө хаалттай Куба маань зах зээлээ нээж АНУ, Франц улстай дээд төвшинд хамтарч эхлээд байна. Орос Хятад улсууд шинэ торгоны зам гээд манайхыг тойруулаад төмөр зам барих гэж байна. 30 тэрбум шоо метр кубын хий нийлүүлэх гэрээ байгууллаа. Мөн Казахстан шинэ коридор нээж байна гээд бидний эргэн тойронд чухал чухал алхмууд хийгдээд л байна. Харин бид хаалгаа хаачихаад хэрүүлээ л хийж байна. Тэгэхээр бид төрийн бодлого, зарчимдаа анхаарахгүй бол болохгүй нь ээ гэдэг нь харагдаж байна. Хэдийгээр би ирээдүйгээ муугаар төсөөлөхийг хүсэхгүй байгаа ч бид хурдацтай хөгжих боломжоо алдаж, хөгжлийнхөө хурдыг огцом сааруулж байгааг хэлмээр байна.

-Хөгжлийн хурдыг сааруулж байгаа гол шалтгааныг та улстөржилт гэж хэлэх гээд байна уу?

-Мөнгө төгрөг, гадаад зах зээл гэхээсээ илүү бид дотооддоо хэт улстөржиж, хэл амаа олохгүй, хаана юугаа ярих, хэн юу хийх зэргээ тодорхой болгоогүйгээс хүн болгон өөрсдийн хүссэнээр шийдвэр гаргахад нөлөөлөх сонирхлоо илэрхийлж байгаа нь ямар ч нэгдсэн бодлого байхгүйн шинж гэж харж байна. Энэ байдлыг маань бидний хамтрагч улс, орнууд, хөрөнгө оруулагч, бизнесийн түншүүд маань ойлгохгүй, гайхшралаа барж байна даа. Үнэндээ энэ бол засаглалын хямрал.

-ОУВС-гийн өнгөрсөн сарын эдийн засгийн төлөв, бодлогын зөвлөмж дээр манай төрийн институц сул байгаагаас хөрөнгө оруулалтаа зөв шингээж чадахгүй байна гэж хэлсэн. Зарим улстөрчид ч институцийн хямралд орлоо гэж ярьж байгаа. Магадгүй үүнийг танай намын дотоод эв нэгдэл болон шийдвэр гаргахдаа байр сууриа нэгтгэж чаддаггүйгээс шалтгаалсан дүгнэлт болов уу гэж ойлгогдож байна ?

-ОУВС-ийн зөвлөмжийг бид улаан гэрэл асахын өмнөх дохио гэж хүлээж авах хэрэгтэй . Парламентад суудалтай намууд хамтарч шинэ Засгийн газар байгуулаад зургаан сар боллоо. Өнгөрсөн хугацаанд эхний үр дүн гарах боломж байсан уу гэвэл байсан. Ардын намтай хамтарснаараа хямралаас гарах боломж байна гээд байсан хаана байна. Тэгэхээр засаг барилцаж байгаа МАН шийдвэр гаргахад нь хамтраад явахгүй өөх ч биш булчирхай ч биш байдлаар хандаж яваад байгаа нь өөрөө зохимжгүй. Ингэж байхаар эртхэн МАН нөгөө талдаа гарч хүчтэй сөрөг хүчнээ хийгээд сонгуульдаа орох асуудлаа бодсон нь дээр. Энэ асуудал магадгүй хурдан шийдэгдэх цаг нь болсон гэж харж байна. Сонгодог сөрөг хүчин дутагдаж байгаа энэ цаг үед уул уурхай ярьж, популизм хийж байгаа хэсэг бүлэг, бие даагч улстөрчдөд орон зайгаа алдаж байхаар МАН сөрөг хүчнээ сонгодог утгаар нь хийгээд явбал өөрсдөд нь дээр байлгүй дээ.

-Та Тавантолгойн гэрээний сайн муу болсон тухайярихгүй гэсэн л дээ. Гэхдээ салбарын удирдлага байсны хувьд үүн дээр таны байр суурийг тань заавал сонсмоор байна?

-Нэг л зүйлийг дахин давтан хэлье.Гэрээн дотроос нэг хоёр зүйл, заалтыг аваад сайн муу гэж дүгнэж ярих нь өөрөө төөрөгдөл. Энийг ашиглаад улстөр хийж байгаа улстөрчдөд бол "уучлаарай" л гэж хэлмээр байна. Хөрөнгө оруулагчдын өөрсдийнх нь боловсруулсан гэрээний төслийг харсан. Ерөнхийдөө Оюутолгойн гэрээг хуулбарласан, гэрээндээ тэд төрийн оролцоо хэт их байна гэж төсөөлж, хязгаарлах гэж зарим заалт нэмсэн нь эргээд өөрсдөд нь чөдөр болов уу гэж анзаарагдсан. Нөгөөтэйгүүр гэрээний төслөө шинэ Ашигт малтмалын хуульд нийцүүлж, тусгаж чадаагүй. Гэхдээ төслийн хэмжээнд явж байгаа зүйл дээр одоо дүгнэж ярих нь өөрөө бизнесийн ёс зүйд харш. Товчхон хэлбэл агуулга нь зөв боловч арга нь буруу гэж хэлмээр байна.

-Талцаж байсаар байтал боломжууд үгүй болсоор байна гэж та хэлсэн. Цаашид ямар гарц харагдаж байна?

-Нэгэнт Засгийн газар “Эрдэнэс Монгол” компанийн өмнөөс хэлэлцээр хийж, бүх процесст оролцсон учир энэ хэлэлцээрийг дуусгах ёстой. Засгийн газар өөрөө энэ гэрээндээ итгэл, үнэмшилтэй, зөв гэж бодож байгаа бол хөрөнгө оруулагч талтайгаа шууд гэрээгээ хийх хэрэгтэй. УИХ-аар хэлэлцүүлж, шийдвэрлүүлэх шаардлага байхгүй. Яахав 2010 онд УИХ-д танилцуулах тухай л тогтоол гарсан. Тиймээс Засгийн газар УИХ-д ийм гэрээг ингэж хийлээ гэж танилцуулахад л хангалттай. Цаашид аливаа бизнесийн хэлэлцээрт, улс төрчид, Засгийн газар, УИХ оролцдогоо энэ хоёр толгойгоор дуусгаасай билээ.

 

Эх сурвалж: Засгийн газрын мэдээ сонин

Сэтгэгдэл бичих

arrow icon