Нийтлэл 05 сарын 18, 2015

 Моди Монгол хоёрын романсыг цаг үеийн агуулгаар харахад

Би их баяртай Монгол орноос буцаж байна. Түүхэн, харилцааны шинэ үе тавьсан, хоёр орны уялдаа холбоог шинэ түвшинд хүргэсэн айлчлал байлаа. Миний гүн талархалыг Монголын ард түмэнд хүргэе. Оюун санаа нэгтэй танай орноос би маш өндөр сэтгэлтэй буцаж байна

 

Нэг жилд 18 улсаар айлчилж улсдаа рекорд тогтоогоод буй Энэтхэгийн ерөнхий сайд, селфи дипломатч Нарендра  Моди өөрийн фэйсбүүк хуудаснаа ийм захиа дайгаад буцлаа. Оюун санаа нэгт, ардчилсан ах дүү,  агуу үндэстэн, мөнхийн найрамдал... ирэхээс буцах хүртэл явцын туршид гадаад харилцааны терминологийн(үг хэллэгийн) хувьд найрамдалт харилцааны дээд зэрэглэлийн романс явагдав. Байгуулсан гэрээ, цаашид хийгдэх ажлаас илүү оюун санаа, сэтгэлзүйн орчинд Моди зорилгодоо хүрч Монголчуудын сайн найз болоод буцлаа. Буддизм, ардчилал, мөнгө.... бидний гурван их ухагдахуунаар түлхүүр хийж, бидний түүхийг, биднийг магтаж өгөв.  Монголчуудыг сайн судалж иржээ.

 

Моди ба Монголын романс цаг үеийн агуулгаар:

  1. Энэтхэгийн байр суурийн хувьд: Олон ажлын шав тавигдсаны дотор дэд бүтцийн хөрөнгө оруулалтад 1 тэрбум долларын зээлийн шугам нээсэн нь гадаад дотоодын бүх сувагаар цацагдлаа. Моди санасандаа хүрчээ. Биллион бол мэдээний тоо. Дэлхийн нийт ядуусын 42 хувийг дээвэртээ багтаасан энэ улсад 1 тэрбум доллар илүүдээгүй.  Гэхдээ Энэтхэг бохирдол, ядуусын орон гэсэн статусаа удаан чирэх бодолгүй.  Goldman Sachs-ийн тооцож буйгаар  Энэтхэгийн ДНБ 2007-2020 онд 300 хувь өснө, энэ тооцоо ч ханатай болох шинжиндээ орж эрчимтэй өсөж буй. Нэг цагт дэлхийн бүтээгдэхүүний гуравны нэгийг үйлдвэрлэн гаргадаг байсан их соёл иргэншил өдгөө 3 хувь хүртлээ унасан, гэхдээ эргээд 25 хувь болно гэгдэнэ. Энгийн ард нь тариан талбайд ургац алдаж, дээшээ тэнгэр хол, доошоо газар хатуу болж амиа хорлож буй өнөөдрийн Энэтхэг биш өдөр тутам хүчирхэгжиж буй Ази тивийн нэг тулгуур улс, Азид гадаад харилцааны идэвхитэй бодлого явуулах чадамжтай эртний соёл иргэншилт их гүрэн эргээд сэргэж буй дохио өгч, Монгол-Хятад, мөн Монгол-Япон буюу хоёр их гүрэнтэй ижил төстэй гэрээ хийгдээд удаагүй байхад стратегийн түншлэлийн харилцааг зарлан тунхаглаад буцлаа. Манай улсын хувьд ч Хятад, Оросын хамаарлыг багасгах гуравдагч хөршийн харилцааг хөгжүүлэх стратегиар Энэтхэгтэй идэвхитэй харилцах бодлого барих нь бололтой.

 

  1. Энэтхэгийн экспорт, гадаад худалдааны бодлогын хувьд:Энэтхэг Дэлхийн Худалдааны байгууллагын системд аль болох худалдааны системээ нийцүүлэхээр шинэчлэж эхлээд буй. Зорилго нь 2019-2020 он гэхэд экспортоо 900 тэрбум долларт хүргэх амбиц. 2013-2014 онд 466 байгаа дүнгээ бараг нугална гэсэн үг. Манайтай хийх стратегийн түншлэл ч сая Японтой хийсэн шиг чөлөөт худалдааны гэрээг зорьж байгаа байх. Сая үзэглэгдсэн 14 гэрээг харж үзвэл батлан хамгаалах, кибер аюулгүй байдал, хөдөө аж ахуй, сэргээгдэх эрчим хүч, эрүүл мэнд буюу цөм Энэтхэгийн хувьд экспортын харьцангуй болон абсолют давуу талтай салбарууд. Энэтхэг Орос, АНУ-ын дараа орох том армитай, Энэтхэг дэлхийд эгнэх аварга эмийн үйлдвэрлэлтэй, Энэтхэг дэлхийн кибер үйлчилгээний талыг нийлүүлж байна. 

 

  1. Эрчим хүчний эх үүсвэрийн хувьд: 2028 он гэхэд хүн амын тоогоор Хятадыг гүйцэж түрүүлэх, 2020 он хүртэл 177 сая тонноос дээш хэмжээнд нүүрсний хэрэглээ нь өсөх төлөвтэй. 2017 он гэхэд АНУ-г гүйцэж, дэлхийн хоёр дахь том нүүрс хэрэглэгч орон болно. Өргөжин хөгжиж буй үйлдвэрлэл, хэрэглээний зах зээлтэй орон болохын хувьд чанартай нүүрс, мөн ураны нөөцтэй манай оронтой найрсаг харилцаатай байх нь өөр улсын худалдааны хаусаар дамжих зэрэг гуравдагч этгээдийн нөлөөг багасгах, эрчим хүчний эх үүсвэрээ төрөлжүүлэх шаанс болно.

 

Бүс нутаг дахь байр суурь, эрчим хүч, экспортын гурван талаас харж үзвэл Модигийн Монголд зарласан хайрын ард улсын бодлого, реалист хэрэгцээ бий. Хувь хүний хувьд дотночлох сэтгэл, сайхан санасан сэтгэл байгааг үгүйсгэхгүй ч. Харин манайхны хувьд  ижил түвшинд идэвхитэй харилцах хэлбэр гэхээсээ хүлээж авах, авах, суралцах талын дүрд энэ удаа тоглоод үлдэв.  Нэг тэрбум долларыг бол  дотооддоо түмэн асуудалтай, нэг хүнд ногдох ДНБ-ээр одоогоор манайхаас 2,6 дахин бага ч макро хэмжээгээр манайхаас 125 дахин том, нэг бизнес групп нь манай нийт эдийн засгаас 6 дахин том байх жишээтэй орноос гарч буйг мартаж боломгүй. Манай улсын хувьд 1 тэрбум, нөгөө улсаас тэс өөр жинтэй.  Тэрбум хагас долларын хөрөнгө оруулалтын зарцуулалтад хамаг макро баланс нь алдагдсан туршлагатай бид зээлийн шугам буюу зээлэх тал нь хэдийг татах хэмжээгээ шийддэг санхүүгийн хэрэгслийг бодолтой ашиглах болтугай.

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

Сэтгэгдэл бичих

arrow icon