Ерөнхий сайдыг огцруулсан үйл ажиллагаа Үндсэн хууль зөрчсөн тухай Үндсэн хуулийн цэцийн их суудлын дүгнэлт (2025, №08) нийтлэгдлээ.
Дөрөв. Нэгтгэн дүгнэхэд
Улсын Их Хурлын чуулганы 2025 оны 10 дугаар сарын 16, 17-ны өдрийн нэгдсэн хуралдаанаар “Монгол Улсын Ерөнхий сайдыг огцруулах тухай” Улсын Их Хурлын 95 дугаар тогтоолыг хэлэлцэж батлахдаа Үндсэн хуулийн Нэгдүгээр зүйлийн 2 дахь хэсэгт заасан ардчилсан ёс, хууль дээдлэх зарчмыг, түүнчлэн Дөчин гуравдугаар зүйлийн 1, Далдугаар зүйлийн 1 дэх хэсгийг тус тус зөрчсөн байх бөгөөд Улсын Их Хурлын дэд дарга, гишүүн Х.Булгантуяа тус хуралдааныг даргалахдаа Төрийн байгуулалтын байнгын хорооны дэмжээгүй саналыг дэмжье гэсэн томьёоллоор санал хураалгаж, Үндсэн хуулийн эдгээр зөрчил гарах нөхцөлийг бүрдүүлсэн байна.
Үндсэн хуулийн цэц Үндсэн хуулийг чандлан сахиулах баталгаа болохын хувьд түүний их суудлын хуралдаанаас Үндсэн хууль зөрчсөн тухай асуудлаар гарсан бүх шийдвэр эцсийн байна. Тухайлбал, “... албан тушаалтны талаар гарсан Цэцийн дүгнэлт Улсын Их Хуралд хянагдахгүй, гагцхүү шийдвэр гаргах үндэслэл болно ...” (Цэцийн дүгнэлт, 1995, №01). Иймээс Ерөнхий сайдыг огцруулсан үйл ажиллагаа Үндсэн хуульд нийцээгүй тухай энэхүү дүгнэлт Үндсэн хуулийн цэцийн эцсийн шийдвэр бөгөөд Улсын Их Хурал энэ талаар хүлээн зөвшөөрөх эсэх шийдвэр гаргахгүй.
Үндсэн хуулийн Жаран зургадугаар зүйлийн 4 дэх хэсэгт “Хууль, зарлиг, Улсын Их Хурал, Ерөнхийлөгчийн бусад шийдвэр, түүнчлэн Засгийн газрын шийдвэр, Монгол Улсын олон улсын гэрээ нь Үндсэн хуульд нийцээгүй гэж Үндсэн хуулийн цэц шийдвэр гаргавал зохих хууль, зарлиг, батламж, шийдвэр хүчингүй болно.” гэж заасныг хэрэгжүүлэх шаардлагатайг дурдах нь зүйтэй.
Монгол Улсын Үндсэн хуулийн Жаран дөрөвдүгээр зүйлийн 1, Жаран тавдугаар зүйлийн 1, Жаран зургадугаар зүйлийн 1 дэх хэсэг, Үндсэн хуулийн цэцэд маргаан хянан шийдвэрлэх ажиллагааны тухай хуулийн 3 дугаар зүйлийн 4, 31 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийг удирдлага болгон
МОНГОЛ УЛСЫН ҮНДСЭН ХУУЛИЙН НЭРИЙН ӨМНӨӨС ДҮГНЭЛТ ГАРГАХ нь:
1.Монгол Улсын Их Хурлын гишүүн Х.Булгантуяа нь Монгол Улсын Их Хурлын чуулганы нэгдсэн хуралдааныг даргалахдаа Монгол Улсын Үндсэн хуулийн Нэгдүгээр зүйлийн 2 дахь хэсгийн “Ардчилсан ёс, ... хууль дээдлэх нь төрийн үйл ажиллагааны үндсэн зарчим мөн.”, Дөчин гуравдугаар зүйлийн 1 дэх хэсгийн “Улсын Их Хурлын гишүүдийн дөрөвний нэгээс доошгүй нь Ерөнхий сайдыг огцруулах саналыг албан ёсоор тавибал Улсын Их Хурал гурав хоногийн дараа хэлэлцэж эхлэн арав хоногийн дотор шийдвэрлэнэ. Улсын Их Хурлын нийт гишүүний олонхи уг саналыг дэмжсэн бол Ерөнхий сайдыг огцруулах тухай Улсын Их Хурлын тогтоол баталсанд тооцож, шинэ Ерөнхий сайдыг гуч хоногийн дотор томилно.” гэснийг зөрчсөн байна.
2.Монгол Улсын Их Хурлын 2025 оны 10 дугаар сарын 17-ны өдрийн “Монгол Улсын Ерөнхий сайдыг огцруулах тухай” 95 дугаар тогтоол нь Монгол Улсын Үндсэн хуулийн Нэгдүгээр зүйлийн 2 дахь хэсгийн “Ардчилсан ёс, ... хууль дээдлэх нь төрийн үйл ажиллагааны үндсэн зарчим мөн.”, Дөчин гуравдугаар зүйлийн 1 дэх хэсгийн “Улсын Их Хурлын гишүүдийн дөрөвний нэгээс доошгүй нь Ерөнхий сайдыг огцруулах саналыг албан ёсоор тавибал Улсын Их Хурал гурав хоногийн дараа хэлэлцэж эхлэн арав хоногийн дотор шийдвэрлэнэ. Улсын Их Хурлын нийт гишүүний олонхи уг саналыг дэмжсэн бол Ерөнхий сайдыг огцруулах тухай Улсын Их Хурлын тогтоол баталсанд тооцож, шинэ Ерөнхий сайдыг гуч хоногийн дотор томилно.”, Далдугаар зүйлийн 1 дэх хэсгийн “Үндсэн хуульд хууль, зарлиг, төрийн байгууллагын бусад шийдвэр, нийт байгууллага, иргэний үйл ажиллагаа бүрнээ нийцсэн байвал зохино.” гэснийг зөрчсөн байна.
|
ДАРГАЛАГЧ |
Г.БАЯСГАЛАН
|
|
ГИШҮҮД |
Ж.ЭРДЭНЭБУЛГАН
|
|
|
Д.ГАНГАБААТАР
|
|
|
Л.ӨЛЗИЙСАЙХАН
|
|
|
О.МӨНХСАЙХАН
|
|
|
Э.ЭНХТУЯА
|
|
|
Ц.ЦОЛМОН
|
|
|
Б.БОЛДБААТАР
|
|
|
Р.БАТРАГЧАА |
Бүрэн эхээрээ: Ерөнхий сайдыг огцруулсан үйл ажиллагаа Үндсэн хууль зөрчсөн тухай Үндсэн хуулийн цэцийн их суудлын дүгнэлт (2025, №08)