'УУРХАЙН ХААЛТ' ХИЙХЭД ЭРХ ЗҮЙН ШИНЭЧЛЭЛ ҮГҮЙЛЭГДЭЖ БАЙНА

Монгол Улсад уул уурхайн үйлдвэрлэлийн салбар 90 гаруй жилийн өмнөөс үүсэж хөгжсөн түүхтэй. Сүүлийн 25 жилд уг салбар илүү эрчимтэй хөгжиж олон том уурхайнууд ажиллаж эхэлсэн ч зарим томоохон ордуудын ашиглалт дуусах тэр цагт хаалт, нөхөн сэргээлтийн асуудлыг хэрхэн шийдвэрлэх нь одоог хүртэл тодорхойгүй байна. Ашигт малтмалын хайгуул, ашиглалт, баяжуулалтын явцад газрын хэвлийд эвдрэл үүсч байгаль орчинд сөрөг нөлөөлөл үзүүлдэг гэдгийг бүгд мэддэг ч уурхайн үйл ажиллагаа эхлэхээс дуусах хүртэлх хугацаанд хийгдэх байгаль орчныг хамгаалах, нөхөн сэргээх, хаах үйл ажиллагаатай холбогдох эрх зүйн орчин хангалтгүй байгааг мэргэжилтнүүд онцолж байна.

 

Уурхайн хаалт, нөхөн сэргээлттэй холбогдох өнөөгийн эрх зүйн орчны асуудал

  • Мэргэжлийн хяналтын ерөнхий газраас 2003 онд гаргасан (309-р тушаал) “Уурхайг түр болон бүрмөсөн хаах журам”-д “Ашигт малтмал олборлох, түүнтэй холбогдолтой ажлыг дахин явуулахгүйгээр нэг мөр, бүрмөсөн зогсоохыг уурхайг бүрмөсөн хаах гэнэ” гэж тодорхойлжээ. Алтны шороон ордуудыг эрчимтэй олборлож байх үед боловсруулан баталсан энэхүү журам нь шороон ордуудын уурхайн хаалт нөхөн сэргээлтийн үйл ажиллагаанд хэрэглэгдэх боломжтой. Харин Эрдэнэт, Таван толгой, Оюу Толгой, Нарийн сухайт зэрэг томоохон ордуудыг ашигласны дараа уурхайг хэрхэн хаах, тухайн бүс нутгийн нийгэм, эдийн засгийн асуудлыг хэрхэн шийдэх, байгаль орчны төлөв байдал уурхай хаагдсаны дараа 10, 50, 100 жилийн тэртээх ирээдүйн асуудлыг хэрхэн зохицуулах тухай хууль эрхзүйн баримт бичиг болж чадахгүй байна.  
  • Хэдийгээр манай төрийн захиргааны төв байгууллагууд “Уул уурхайн үйлдвэрлэлийн хаалтын журам”-ын төслүүдийг боловсруулсаар 10 гаруй жилийн турш хэлэлцэж байгаа боловч батлагдаагүй иржээ. Уурхайн хаалтын журмын төслүүдийг Мэргэжлийн хяналтын ерөнхий газар, Уул уурхайн яам, Байгаль орчин, ногоон хөгжил, аялал жуулчлалын яам дээр тус тус өөр өөрөөр боловсруулсныг нэгтгэх арга хэмжээг аваагүй байна.
  • Журмын төслүүдийг боловсруулсан хэдий ч уурхайн хаалтыг төлөвлөхдөө байгаль орчин, нийгэм, эдийн засгийн асуудлуудыг цогцоор нь хамтатгаж тодорхойлсон хэрэгжүүлж ажиллах эрх зүйн баримт бичиг, баримт бичгийн төсөл байхгүй байна.
  • Ашигт малтмалын тухай хуулийн 45.1-д “...уурхайн хаалтыг тухайн уурхайн ашиглалт дуусахаас 1 жилийн өмнө хийж эхэлнэ” гэж заасан байдаг. Харин Байгаль орчинд нөлөөлөх байдлын үнэлгээний тухай хуулийн 14.1.3-д “... 3 жилийн өмнө хаалтын төлөвлөгөөг ирүүлнэ” гэж заасан зөрүүтэй байдал нь төрийн захиргааны байгууллагууд харилцан уялдаагүй ажиллаж байгааг харуулж байна. Үүнээс гадна хуульд заасан аль ч хугацаа АНУ, Канад, Австрали гэх мэт олон улсын туршлагаас харахад ч, шинжлэх ухаанч талаас харахад ч оновчтой биш юм.
  • 2014 онд Монгол Улсын УИХ-ын тогтоолоор баталсан “Төрөөс эрдэс баялгийн салбарт баримтлах бодлого”-ын баримт бичигт уурхайн хаалт, хаалтын нөхөн сэргээлтийн сан, санхүүжилтийн талаар дурьдагдаагүй байгаа нь эрх зүйн орчинд дэвшил гараагүйг харуулахын зэрэгцээ дээрх асуудлуудыг баталж байна.
  • BGR-MAEP

Уурхайн хаалт, нөхөн сэргээлтийн асуудлыг зохицуулсан эрх зүйн зохицуулалт асуудалтай байгаа учраас урт хугацаагаар ажиллах уурхайнууд хаалт, нөхөн сэргээлтийн төлөвлөгөөг боловсруулаагүй эсхүл хэрэгжүүлэхэд хүндрэлтэй, хяналт шалгалтын үед үзүүлэх зориулалт төдий төлөвлөгөөний төсөлтэй аргацаан ажиллаж байна.

 

 

Төрийн захиргааны төв байгууллагуудын хэрэгжүүлж байгаа өнөөгийн бодлого, тэдний хоорондын уялдаа холбооны асуудал

Манай төрийн захиргааны төв байгууллагуудын хамтын ажиллагаа сул, зарим асуудалд хамтарч ажилладаггүй, боловсруулан гаргаж байгаа бодлогын баримт бичгүүдийн хоорондын харилцан уялдаа байхгүй шалтгааныг доорх хүснэгтээс харж болно.

 

Уул уурхайн үйл ажиллагаанд

хамаарах асуудал

Зохицуулалт хариуцсан

төрийн захиргааны байгууллага

1

Ашигт малтмалын орд ашиглахтай холбогдох эдэлбэр газрын асуудал

Барилга хот байгуулалтын асуудал хариуцсан төрийн захиргааны төв байгууллага

2

Ашигт малтмалын олборлолтын дараа эвдэрсэн газрыг нөхөн сэргээх асуудал

Байгаль орчны асуудал хариуцсан төрийн захиргааны төв байгууллага

3

Ашигт малтмал хайх, олборлох, баяжуулах асуудал

Уул уурхайн асуудал хариуцсан төрийн захиргааны төв байгууллага

4

Уул уурхайн төслийн ТЭЗҮ хийх мэргэжлийн байгууллагын тусгай зөвшөөрөл болон байгаль орчны бүрэлдэхүүн хэсэг болох газар ашиглах

Барилга хот байгууулалтын асуудал хариуцсан төрийн захиргааны байгууллага

5

Уурхайн үйл ажиллагааны явцад хууль тогтоомжийн хэрэгжилтийг хянах

Мэргэжлийн хяналтын газар

Орон нутгийн захиргаа

 

Мэргэжлийн хяналтын ерөнхий газар нь хууль тогтоомжийн хэрэгжилтийг хянахдаа дээрх төрийн захиргааны төв байгууллагуудын уялдаагүй холбоогүй нөхцөл байдал, хүнд суртлаас шалтгаалсан асуудлуудыг төсөл хэрэгжүүлэгч аж ахуйн нэгжүүдийн хариуцлага мэтээр ойлгож албан шаардлага ирүүлдэг гэх мэт үл нийцэх тогтолцоонууд байсаар л байна. Дээрх төрийн захиргааны төв байгууллагуудын хамтын ажиллагаа сул, зарим асуудалд бүр ч хамтарч ажилладаггүй, тэдний гаргаж байгаа бодлогын баримт бичгүүдийн хоорондын харилцан уялдаагүй байдал нь цаг хугацаатай уралдан хэрэгжүүлэх гэж байгаа эдийн засгийн өндөр үр ашигтай төслүүдийн явцыг удаашруулж, төрийн дарамтыг ихэсгэж төслийг гацаах асуудлууд ээлж дарааллан гарсаар байна.

 

 

Уурхайн хаалтын нөхөн сэргээлтийн сан, санхүүжилтийн баталгаа гаргах асуудал

Уул уурхайн төсөл хэрэгжүүлэгч аж ахуй нэгжүүд тухайн жилийн байгаль орчны менежментийн төлөвлөгөөг боловсруулж батлуулахдаа тухайн жилийн зөвхөн нөхөн сэргээлтийн зардлыг биш байгаль орчны менежментийн төлөвлөгөөг хэрэгжүүлэх нийт зардлын 50 хувьтай тэнцэх барьцаа хөрөнгийг төрийн сангийн байгаль хамгаалах сангийн дансанд шилжүүлдэг. Энэхүү хуримтлагдсан мөнгөнд банкинд хадгалагдах хугацааны хүү өсдөггүй тогтолцоо нь хүнд суртал мэт харагдаж байна.

Дээрх дансанд байршуулсан мөнгөн хөрөнгө нь бодит байдал дээр нөхөн сэргээлтийн зардалд хаанаа ч хүрэхгүй нь мэргэжилтнүүдэд илэрхий байдаг. Тиймээс судалгаа, шинжилгээний үндэслэлтэй тооцоог хийх эрхзүйн зохицуулалт үгүйлэгдэж байна

Салбарын асуудал хариуцсан төрийн захиргааны төв байгууллагуудын мэргэжилтнүүдийн мэдлэг, чадавхи сул байгаа нь хүний нөөций менежмент сайн биш байгааг харуулж байна. Харин чадавхи сайтай мэргэжилтнүүд нь хувийн хэвшилд ажиллаж бодлого боловсруулах ажилд оролцохгүй байгаа нь уурхайн хаалт, нөхөн сэргээлтийн эрх зүйн орчин сайжирахгүй байгаа нөгөө шалтгаан нь болж байна.

 

 

Мэргэжилтнүүдийн санал, зөвлөмжүүд

Дэлхийн улс орнуудад уурхайн хаалтыг тусгай бие даасан хуулиар, эсхүл ашигт малтмалын тухай хуульдаа тодорхой зааж өгсөн нарийн зохицуулалтаар зохицуулдаг. Уурхайг хаах, нөхөн сэргээх асуудал зөвхөн нөхөн сэргээлт хийгээд зогсохгүй дараахь үндсэн шаардлагуудыг хангаж байх хэрэгтэй. Үүнд:

  • Тухайн уурхай зогсож олборлолт, боловсруулалтын үйл ажиллагаа цаашид үргэлжлэхгүй болсон үед тухайн бүс нутгийн нийгэм, эдийн засгийн тогтвортой байдал алдагдахгүй байх
  • Ашигт малтмал олборлож дуусаад орхисон ухмал нүх, хаягдал чулуулгийн овоолго, хаягдлын далан зэрэг нь аюулгүй, эрүүл орчныг бүрдүүлсэн байх
  • Уурхайн хаалтын төлөвлөгөөг боловсруулахдаа тухайн бүс нутгийн болон орон нутгийн иргэдийн санал, хүсэлтийг заавал тусгах
  • Зам, түр барилга байгууламжууд болон бусад үйл ажиллагааны нөлөөгөөр эвдэрсэн газрууд нөхөн сэргээгдэж тухайн газрыг өөр зориулалтаар эргүүлэн ашиглах боломжтой болсон байх
  • Зарим томоохон дэд бүтэц, барилга байгууламжийг цаашид өөр зориулалтаар үр ашигтайгаар ашиглах
  • Байгаль орчны бүрэлдэхүүн хэсгүүд болох ус, хөрс, агаар, ургамал, амьтны хаалтын дараахь мониторингийг тодорхой хугацаагаар хийж урт хугацааны явцад хэрхэн өөрчлөлт орж байгааг хянаж байх

 

  • BGR-MAEP-MONPOLIMET

Уурхайн хаалтыг цогцоор нь тусгасан эрх зүйн баримт бичигтэй болохын тулд ашигт малтмалын тухай хууль, байгаль орчныг хамгаалах тухай хууль болон бусад хуулиудад тодорхой өөрчлөлтүүдийг оруулах шаардлагатай байна.

  • Шаардлагтай хууль тогтоомжуудад шаардлагатай өөрчлөлтүүдийг оруулж уул уурхайн үйлдвэрлэлийн үйл ажиллагаанд оролцогч талууд хамтран олон жил боловсруулагдаж, хэлэлцэгдэж ирсэн журмын төслийг тогтвортой хөгжлийн үзэл баримтлалд түлгуурлан эцэслэн боловсруулах, харьяалах төрийн захиргааны төв байгууллагаар журмыг батлуулах,
  • Ашигт малтмалын төрөл, ашигт малтмал олборлох, баяжуулах технологи, тухайн ордын байрлах нутаг дэвсгэрийн байгалийн хэв шинжид тохирсон зорилт бүхий ил болон далд уурхайг түр, гэнэт, бүр мөсөн хаах, онцгой аюултай технологи бүхий үйлдвэр, уурхайг хаах журмуудыг тус тусад нь боловсруулан хэлэлцүүлж баталгаажуулах, хэрэгжүүлэх,
  • Дүрэм, журмуудаа эцэслэж батлуулсны дараа шаардлагатай заавар, аргачлал, стандартуудыг цаг алдалгүй шинээр боловсруулан цааш явах нь дараа дараагийн алхамууд болох юм.

Газарзүйн байрлалын хувьд нэг дор зэрэгцээ эсхүл ойролцоо орших олон уурхайд байгаль орчныг хамгаалах, нөхөн сэргээх, хаах үйл ажиллагааны нэгдсэн арга хэмжээ хэрэгжүүлэх эрх зүйн орчныг бүрдүүлье.

 

Жишээ нь:

  • Өмнөговь аймгийн Гурвантэс сумын нутагт хаяа хаяагаа дэрлэсэн байрлалтай 4 компани тус тусдаа олборлолт явуулж байгаа байгаа бөгөөд тэр 4 компанийн байгаль орчныг хамгаалах, нөхөн сэргээх үйл ажиллагаа нь 4 өөр аргачлал, туршлага, менежментээр явагдаж байна. Мөн манай стратегийн гэгдэх Таван толгой ордод 4 уурхайн компани зэрэгцэн ажиллаж байна.
  • Заамарын алтны шороон ордын нутаг дэвсгэрт иргэд болон компаниуд зэрэгцэн алт олборлож эвдэрсэн газрыг орхиж явсан тохиолдол ихээхэн байдаг. Заамарын хөндийн зарим хэсэгт нөхөн сэргээлт хийсэн компани нь нөхөн сэргээгээгүй орхигдсон талбайн талаасаа элэгдэлд орж хариуцлагатайгаар гүйцэтгэсэн хаалт, нөхөн сэргээлтийн ажил талаар болж байгааг харж болно.

Экологийн хувьд хил хязгаар нь лицензийн талбайгаар хязгаарлагддаггүй буюу дээр дурьдсан Тавантолгой ордод уурхайлж буй 4 компанийн хувьд хаалт, нөхөн сэргээлт, байгаль хамгаалах асуудалд нэгдсэн төлөвлөгөөтэй ажиллах нь олон улсын түвшинд Рио +20 болон Монгол улсын тогтвортой хөгжлийн бодлогод нийцэхээр байна. Иймд бид бүлэг ордын хэмжээнд нөхөн сэргээлт, хаалтын ерөнхий төлөвлөгөө хийх, цаашилбал байгаль орчныг хамгаалах ажлыг нэгдсэн байдлаар хийх талаар эрх зүйн орчныг бүрдүүлбэл илүү үр дүнтэй, хаа хаанаа зардал хэмнэсэн байгаль хамгаалах, нөхөн сэргээх үйл ажиллагаа болж чадах юм.

Ашигт малтмалын ордыг ашиглахтай холбоотой байгаль орчны асуудлууд болох газар, хөрс, ус, агаар, ургамал, амьтан гэсэн бүрэлдхүүнийг цогцоор нь нэг цэгт бодлогыг нь боловсруулан хэрэгжүүлэх шаардлагатай байна. Харин хууль тогтоомжийн хэрэгжилтийг мэргэжлийн хяналтын газар хариуцаад явах нь зүйтэй.

Бодит нөхцөл байдалд үнэлгээ өгөх, олон улсын туршлагыг харахад бид эрдэм шинжилгээ, судалгааны байгууллагуудыг уурхайн нөхөн сэргээлт, хаалтын үйл ажиллагаанд татан оролцуулж уурхайн хаалт, нөхөн сэргээлтийн ажлыг гүйцэтгэхдээ төр, хувийн хэвшил, эрдэм шинжилгээ судалгааны байгууллага гэсэн үндсэн гурван талын бүрэлдэхүүнтэйгээр хийх эрх зүйн орчныг бүрдүүлье.

Ингэснээр бид тухайн уурхайг эхлэх цагаас л суурь судалгаа, туршилтын ажлуудыг шинжлэх ухааны үндэслэлтэйгээр хийж ирээдүй хойч үед хор хохиролгүй эрүүл газар нутаг үлдээх, цаашид тухайн газрын барилга байгууламжийг өөр зориулалтаар ашиглах боломжтой байх нөхцлийг бүрдүүлж чадах юм.

Иймд бид уул уурхайн үйлдвэрлэлийн нөлөөнд өртсөн газрыг нөхөн сэргээх, тогтвортой хөгжлийн үзэл баримтлалд нийцсэн уурхайн хаалт хийхэд дэмжлэг үзүүлэх, салбарын хүний нөөцийг чадавхижуулах зорилгоор нэгдсэн институт байгуулах нь чухал болоод байна. Энэхүү институт нь шийдвэр гаргагчдад судалгаа шинжилгээнд тулгуурласан мэргэжлийн зөвлөгөө, дэмжлэг үзүүлж ажиллах бүрэн чадавхитай байна.

Мэргэжилтнүүдийн үзэж байгаагаар дээрх асуудлуудыг шийдвэрлэх хамгийн эхний арга зам нь бид уул уурхайн үйлдвэрлэлийн нөлөөнд өртсөн газрыг нөхөн сэргээж хаахдаа тогтвортой хөгжлийн үзэл баримтлалд нийцүүлэн хийх зорилтот үндэсний хөтөлбөр санаачлан боловсруулж, уул уурхайн үйлдвэрийн хаалт, нөхөн сэргээлтийн эрх зүйн орчныг шинэчлэх, салбарт хамаарах хүний нөөцийг чадавхижуулах эхний алхамуудыг хийх хэрэгтэй.

 

Уурхайн хаалт гэдэг нь зөвхөн ашиглаж дуусаад нөхөн сэргээлт хийсэн гэх дүр үзүүлж, хашиж хамгаалаад орхих үйлдэл биш юм. Уурхайн нөхөн сэргээлт, хаалтын эрх зүйн тогтолцоог тодорхой болгож хэрэгжүүлснээр төр, хувийн хэвшил аль аль талдаа хариуцлага алдахааргүй болж, нөхөн сэргээгдээгүй орхигдсон газруудаас шалтгаалан нийгэмд нэр хүндээ алдаад байгаа уул уурхайн салбарын нэр хүнд нийгэмд буцан сэргэх боломж нээгдэж тогтвортой хөгжилд хүрэх алхам болж чадах юм.

 

 

 


avatar

Авторууд

Санал асуулга

Нийт санал: 5010

2020 оны УИХ-ын сонгуулиар аль нам ялах вэ?

12%
МАН
17%
АН
69%
Шинэ гуравдагч хүчин
  • 12%
  • 17%
  • 69%