Нийтлэл 06 сарын 18, 2015

2015 ОНЫ ТРЭНД (3) – Манлайлагчгүй дэлхий

Бид өмнө “Институцийн тэнэглэл” нийтлэлээр систем бүхэлдээ тэнэгдүү болж ирэхэд түүний дотор хүн бүхэн ухаалаг үйлдэл хийсэн ч базаахгүй үр дүн гардаг тухай энэ цагийн нэрт хэл шинжлэл, системийн шинжилгээний эрдэмтэн Ноам Чомскийн өгүүллээс танилцуулсан. Тэгвэл Дэлхийн эдийн засгийн форумын Глобал Аженда багаас олон улсад зохион байгуулсан судалгаа үүнтэй төстэй санааг илэрхийлсэн дүнтэй гарчээ.

 

Судалгаанд оролцогсдын 86 хувь нь өнөөдрийн дэлхийг манлайллын хямралтай гэж үзсэн байх агаад үүнийг эсэргүүцэхэд хэцүү, учир нь сүүлийн хэдэн арванд глобал хэмжээнд гарсан дулаарал, хүчирхийлэл, эдийн засгийн хямрал зэрэг ихэнх том асуудлууд шийдлээ олоогүй хэвээр байна. Дэлхий яагаад манлайлагчгүй болов?

Засгийн газрууд фракцын хэрүүл, үе дамжсан эрх мэдлийн үргэлжлэл, гүн гүнзгий авилгад идэгдсэн газар олон байна. Хятадад гэхэд хүн амын 90 хувь, Бразилд 78 хувь, Энэтхэгийн 83 хувь нь шударга бус засаглалын ноцтой асуудал бий гэж харж байна.

Хүмүүс тоглоомыг ямар дүрмээр өрнөж ирсэн, түүгээр нь тоглохоос өөрцгүй болох, энэ нь хүний төлөө биш системийн төлөө ажиллахад хүргэх трэнд үргэлжилж байна”

Ийм системд живэхийн хэрээр үүний дундаас хүчирхэг манлайлагч болж сөрөн гарч ирэхэд хэцүү болно. Хүмүүс тоглоомыг ямар дүрмээр өрнөж ирсэн, түүгээр нь тоглохоос өөрцгүй болох, энэ нь хүний төлөө биш системийн төлөө ажиллахад хүргэх хандлага үргэлжилж байна. Зарим оронд Моди зэрэг радикал, эсвэл цэрэг армийн хүчирхэг лидер гарч ирэх авч энэ нь эсрэгээрээ ардчилсан чөлөөт амьдралд дадсан, соошил медиагаар холбогдсон олон нийтийн эсэргүүцэлтэй тулгарах тохиолдол олон байна.

 

Яагаад өнөөдөр засгийн газрууд, төрийн нэр хүнд ингэтлээ унав? Ардчилсан засгийн газар, улс төрийн системийг зуун жил хөгжүүлж ирлээ гэж санасан атал? Магадгүй үүний учир олон нийт маш хүчирхэг, хүчирхэг зэвсэгтэй, ухаантай болж, технологи, бизнесийн салбар асар хурдтай хөгжиж байгаад бий.  Судалгаанд оролцогсдын ихэнх нь манлайлал сайтай салбараар ТББ-аас гадна бизнесийн удирдагчдыг нэрлэсэн байв. Харин засгийн газрууд хэвшсэн, удаан, хөгжлийн садаа мэт дүр болж. Энэ удаагийн судалгаанд хариулагсдын үзэж байгаагаар төрийн институц зөвхөн шашны удирдагчдын дээр л арай хийж эрэмблэгдэв.

Эндээс урган гарах асуулт, тэгээд лидер ямар байвал олон нийтийн итгэл, найдварыг эргүүлэн олж авах юм бэ? Хүмүүсийн хариултыг долоон гол шинж чанарт бүлэглэвэл:

1. Талбар хоорондын уялдаатай глобал алсын хараа, урт хугацааны хэрэгжүүлэх боломжтой төлөвлөгөө

2. Коммюникац хийх чадвар

3. Санхүүгийн өсөлтөөс илүү нийгмийн сайн сайхан, нийтийн шударга ёсыг тэргүүнд тавих чадвар

4. Энэрэх ойлгох чадвар

5. Эр зориг

6. Мораль,

7. Хамтран ажиллах чадвар гэжээ.

Энэ бүхнийг агуулсан хүн мэдээж зүгээр нэг сэтгэл сэргээж урам өгөх нэгэн биш гүйцэтгэл, багийн удирдлага, ажил дайх чадвартай байх ёстой. Ийм чадваруудыг сургаж, суулгаж болно. Судалгаанд хамрагдсан таван бүс нутгаас дөрөв нь сургах, дасгалжуулах, багшлахыг маргаашийн удирдагчийн төрүүлэн гаргах шилдэг зам гэж үзжээ.  Хүмүүсийн хариулт, хүлээлтээс харахад бид авьяастай нэгэн нь өсөж хөгжих боломжтой, бусадтай нэгдмэл байх, бусдыг ойлгох чадварыг дэмжих соёлыг хөгжүүлэх хэрэгтэй байна. Ингэснээр энгийн хүмүүсийн хүч нэмэгдэж, энэ нь сайн сайханд, илүү шилдэг манлайлагч төрөхөд хөтлөх учиртай.

 

Дэлхий өнөөдөр манлайллын хямралтай байгаа гэдэгтэй та санал нийлэх үү?

Сэтгэгдэл бичих

arrow icon