Институцийн тэнэглэлийн тухай

“Философи одоо” сэтгүүлээс энэ цаг үеийн суут сэтгэгчдийн нэг Ноам Чомскийд “Тэнэглэлийн эсрэг хувь нэмэр” оруулсан хүндэтгэлийн шагнал гардуулахад ийн өгүүлжээ:

 

 

Тэнэглэл их олон хэлбэртэй. Би хамгийн хортой гэж бодож байгаа хэлбэрийг сонгож хэдэн үг хэлье: институцийн тэнэглэл. Ямар хэлбэр вэ гэхээр үйл явдал өрнөж байгаа хүрээ, систем дотроо зүв зүгээр мэт харагдах ч хүрээ нь өөрөө тэр чигтээ хөгийн тэнэг, элэглэлийн хэлбэрт орсон хэв маяг.

Хийсвэр тайлбараас илүү хэдэн жишээ тодруулж өгнө байх. Рейганыг төр барьж байхад 80-аад оны эхээр би “Хамтын амиа хорлолтын ухаалаг байдал” гэж эссэ бичсэн. Тухайн үеийн геополитик дотроо хамгийн зөв, хамгийн ухаантай үйлдлүүд хийснээр хүн төрөлхтөн хамтын амиа хорлолт руу дөхөж яваа тухай эссэ байсан юм. Тухайн үед байдал хэр муу байсан талаар мэдээлэл дутуу байлаа. Саяхан АНУ-н дээд түвшний тагнуулын байгууллага 1977-1983 оныг нэхэн судласнаас үзвэл цөмийн дайралт ирж байна гэж жилд 50-255 удаа алдаатай дохио ирдэг, алдаатай гэж мэдтэл нь цөмийн дайн гарах аюулаас дэлхий хэдхэн минутын зайнд байдаг байж. Цөмийн дайны аюул бодитоор оршин байсан юм.

 Ийм том институцийн тэнэглэлээс хойш нэг их юм өөрчлөгдсөнгүй. Тэр байтугай муудаж ирэв. Ердөө жил орчмын өмнө Оросын аюулгүйн систем пуужингийн дайралт ирлээ гэсэн хамгийн өндөр түгшүүрийн дохио илгээсэн. Оросын армийн дүрмээр цөмийн пуужин буцаагаад харвах ёстой, гэхдээ энэ шийдвэрт хүн гарын үсэг зурах ёстой. Хүн нь, Станислав Петров дүрэм зөрчихөөр шийдэж, улмаар шийтгэл хүлээсний ачаар бид амьд, энэ тухай ярилцаж сууна. Ийм аюулыг авчирдаг олон улсын лидерүүд тун ухаантай нь мэдээж. Гэхдээ институцийн хэв маягтаа захирагдсан тэнэглэл нь өдий хэмжээний хөнөөл ч дуудаж ирэв.

Цөмийн зөрчил бол бидний оршихуйд заналхийлсэн хамгийн хурцадмал аюул. Дараагийн нэг жишээ. Байгаль орчны сүйрэл. PricewaterhouseCoopers-ийн мэргэжлийн баг компанийн захирлуудаас хамгийн том асуудал юу вэ гэж асуухад байгаль орчны төлөөх “хэт зохицуулалт” хамгийн түрүүнд гарч ирсэн байсан. Захирлууд хамгийн ухаантай. Гэвч зохицуулалтгүй бизнесийг нүдээ анин сонгохоос өөр замгүй тэнэглэлд тэднийг систем нь түлхэж буй. Хувь хүний тэнэглэл бол нэг хэрэг. Харин институцийн тэнэглэл их хэцүү, ужиг, бүхэл. Сая татсан хоёр жишээг харсан ч, бидний ирээдүйд хамгийн том эрсдэл авч ирдэг нь ийм хэлбэрийн тэнэглэл болоод байна.

 

 

 

Институцийн тэнэглэл ба Тавантолгой

Сүүлийн хэдэн сар Тавантолгой тойрсон талуудын үг үйлдлийг ажиглаж ирлээ.  Өчигдөр харин Тавантолгойг яах тухай шийдвэр энэ их хэрүүл эхлэхээс өмнөх үеийн байдалдаа буцах шинжтэй болов. Уг нь хэдэн сарын туршид Тавантолгойн асуудал тойрон хаагуур ч юм бэ татагдсан хүрээ, институцийн дотор талууд цөмөөрөө хамгийн ухаантай, хамгийн шилдэг арга ухаанаа уралдуулж ирсэн.

М.Энхсайхан мега төслийн олон нийтийн сэтгэлзүйн удирдлагад гангар шаазанлаг арга барил сонгосон нь, З.Энхболд түүнийг нь хага шидсэн нь,  ийм тийм хүн миний зөв бурууг шүүхгүй хэмээн төсөл мартагдтал нэгнийхээ хэн юу болох тухай хэрэлдэж, тэхэд тэр гэдэг тулхтай дарга байж билээдээ тулсан нь, ТОМ хэмээх тэмдэг нэр хадсан улаан аватар зурагууд, 1921 онд ч гараагүй болов уу гэмээр пропоганда видео, адаг сүүлдээ худалч хүнд арван үеийн ерөнхийнүүд, аль гайгүй гэгдсэн гишүүн авхай нь аргумент биш цайрсан ятгалга хийсэн нь, Лоохууз гуай авна, баяжина хэмээн нүдээ эргэлдүүлж,  уурхайн шороон дунд бяцхан хүү 

Газар газрын баячуултай
Арилжаа гүйлгэн тодроод
Галав шанхын говийг ээ
Шуугиулж явсан аархал байна аа

хэмээн дуулж зогсох кино гарсан нь цөм их хэргийг шийдэхээр татагдсан институцийн доторх хамгийн рациональ, хамгийн ухаалаг сонголтууд байсан байж таараа. Хэн тэнэглэхийг, тэнэг харагдахыг хүсэх билээ.

Бүх талыг ийм зүйлс хийхэд хүргэсэн систем яагаад бүрдсэн, хүрээ хаана эхэлж, хаана дуусаж байгааг шинжлэх нь Тавантолгойгоор зогсохгүй төрийн шинжилгээ гэх нэг том салбар сэдэв болно. Юутай ч хүрээ бүх Монголыг хамраагүй. Зарим иргэд болон түшээд үзэгдлийг гаднаас нь  үзэж байсан, мэдэж байсан. Дотор нь ороод эргэчихсэн дүрүүд гарах аргагүй механизмд эргэсээр, эцсийн дүндээ том хүрээгээрээ ялагдал хүлээж тендерийн өмнөх хувилбарт эргээд унав. Олон сарын хэлэлцээрийг ямар нэг үр дүнд хүргэж, хамтран хэлэлцэж, дотоодын зөрчлөө хэлэлцээрийн хүч болгож, гэрээний нөхцөлд зарим сайжруулалт хийгээд төслөө хөдөлгөх ч юм уу ямар нэг эффектив хувилбар оролцогч талуудыг энэ хэдэн сарын хугацаанд бидний харж ирсэн хэмжээнд янз бүрээр авирлахад хүргэсэн институцээс гарсангүй.  Ялагч байхгүй ТОМ тэнэглэлийн институцид талууд өөрсдөө цөм ялагдав. Үүнийг эергээр харах ганц зам байна. Ингэж буцаж, няцах нь энэ төслийг тойрсон хүрээнээс ч том институцийн тэнэглэл үр дүнгээ үзэхэд хүргэж, ямар нэг дефолт, рисэтэд хөтөлж мэдэх юм. Хэрэв тэгвэл арай бага тэнэглэлийн шинэ институц үүсэж магадгүй. 


avatar

Авторууд

Санал асуулга

Нийт санал: 5405

2020 оны УИХ-ын сонгуулиар аль нам ялах вэ?

13%
МАН
17%
АН
69%
Шинэ гуравдагч хүчин
  • 13%
  • 17%
  • 69%