Ж.Амаржаргал ' Миний хувьд өөрт ногдсон ажлаа хоёргүй сэтгэлээр сайн хийх нь улс эх орныхоо хөгжилд оруулж буй хувь нэмэр'

Хувь хүн хөгжиж байж компани хөгжинө, компани хөгжиж байж улс  орон хөгжинө.  Дэлхийд тэргүүлэгч бизнесийн систем болох SAP ERP системийг Монголынхоо компаниудад нэвтрүүлж эх орныхоо хөгжилд үнэтэй хувь нэмэр оруулах эрхэм зорилгыг өвөртлөн ажиллаж буй Орчард Консалтинг компанийн захирал Ж.Амаржаргалтай ярилцлаа. 

 -Сайн байна уу. Юуны өмнө та манай уншигчдад өөрийгөө танилцуулахгүй юу?

-Намайг Ж.Амаржаргал гэдэг. Германы Дармштадт хотын Техникийн Их Сургуулийг  банк санхүүгийн мэдээллийн технологийн удирдлагын чиглэлээр төгсөөд Германд мэргэжлээрээ 2 жил ажиллаж байгаад ирсэн. Монголд 2009 онд ирээд  2011 оноос Орчард Консалтинг хэмээх зөвлөх компаниа байгуулаад дэлхийд тэргүүлэгч бизнесийн систем болох SAP ERP системийг Монголынхоо компаниудад нэвтрүүлж, улс эх орныхоо хөгжилд  бага ч болов хувь нэмэр оруулахаар ажиллаж байна даа.

 - Мобиком корпорацид SAP ERP системийг суулгасан гэсэн. Тэгэхээр хоёулаа ярилцлагаа ERP систем гэж юу вэ. Компани болон байгууллагад энэхүү системийг ашигласнаар ямар давуу талтай вэ гэдгээс эхэлье?  

- ERP систем гэдэг нь Enterprise Resource Planning буюу байгууллагын нөөц төлөвлөлтийн систем юм. Өөрөөр хэлбэл тухайн байгууллагын үйл ажиллагаанд шаардлагатай аливаа нөөцийг нэг цогц системээр удирдана гэсэн үг. Ингэснээр тухайн байгууллагын мэдээллийн давхардал, алдаа байхгүй болж, үйл ажиллагааны тухай аливаа мэдээлэл бүх этгээдэд нэг утгатайгаар нэг системд  хадгалагдана, боловсруулагдана. Мөн ажилтан, шат шатны удирдлага гэхчлэн нэгж бүрийн ажлын ачаалал, арга барилыг хөнгөвчилж, ажлын үр бүтээмжийг нэмэгдүүлж, байгууллагын цаашдын хөгжил стратеги, ашиг орлогод эерэгээр нөлөөлөх гэхчлэн олон талын ач холбогдолтой. Монголд  SAP ERP системийг Оюутолгой ХХК, Мобиком корпораци нэвтрүүлэн ашиглаж байгаа. Энэ системийн ач холбогдлыг мэдэх тул Рио Тинто компани Оюутолгой компанийн үндсэн үйл ажиллагаа эхлэхээс өмнө SAP ERP-г нэвтрүүлэн хэрэглээнд бэлдсэн. Харин Мобиком корпорацид манай компани ХБНГУ-ын Берлин хотноо төвтэй, Азийн олон оронд салбартай Hartung:consult компанитай хамтран SAP ERP системийг дөрвөн модулийн хүрээнд нэвтрүүлэх төслийг 2013 онд хэрэгжүүлж, Мобиком уг системийг 2014 оны эхнээс дангаар ашиглаж байна. 

 - Тухайлбал, Мобиком корпорацид SAP ERP  системийг ашигласнаар гарсан бодит өөрчлөлтийн жишээг яривал уншигчдад маань илүү ойлгомжтой болох байх?

- Тэгэлгүй яахав. Мобиком корпорацийн хувьд жишээ нь толгой компани, охин компани нийлээд 6 компанийн санхүү бүртгэл, удирдлагын бүртгэл, худалдан авалт, борлуулалтын үйл ажиллагааг нэг системд оруулсан. Тэгэхээр ажлын байрны давхардал алга болж, мэдээллийг дамжуулах, боловсруулах, тайлан мэдээ гаргахад шаардагдаж байсан гар ажиллагааг халж, шинэ мэдлэг, тэргүүн туршлагыг шингээж өгсөн. 

Бас нэг зүйл нь Монголын томоохон барилга, уул уурхайн компаниудын захиралтай уулзахад хүний нөөцөд тулгардаг нэг бэрхшээлийн талаар тэд нийтлэг ярьдаг. Тэр нь юу гэхээр тухайн байгууллагын ажилтан ажлаа хаяад явчихлаа, цалингаа аваад маргааш нь ирсэнгүй, ажлын гүйцэтгэл муу байна гэхчлэн ярьдаг. Гэтэл тэр хүмүүс Солонгост очоод ажиллахаар хамгийн сайн ажилтан нь болдог, ажлаа хамгийн сайн хийдэг. Энэ нь юунаас болж байна вэ гэхээр манайд ажилтан нэг бүрийн хөдөлмөрийг  үнэлэх бодит үнэлэмж, систем хангалтгүй байгаатай холбоотой

Өөрөөр хэлбэл тухайн ажилтны ажлын гүйцэтгэлийг нарийвчлан бүртгэх, үнэлэх механизм бүрэлдэн тогтоогүй, тодорхойгүй болохоор ажилдаа чин сэтгэлээсээ хандсан, хандаагүйн ялгаа харагддаггүй, ингэснээр ажлаас хойш суусан нь хождог. Тэгэхээр энэ бэрхшээлийг шийдэх нэг гарц нь ERP систем. Тухайн байгууллагын ажилтан ажлаа хэрхэн гүйцэтгэж байгааг захирал нь  зөв үнэлэх нөхцлийг ERP  систем бүрдүүлдэг.

Нөгөө талаас бусад ERP системтэй харьцуулахад SAP ERP системийг дэлхийн томоохон компаниудын ажлын туршлагаар байнга баяжуулдаг тул манай компаниуд тэр туршлагыг нэг далайлтаар өөрийн болгох нэг арга механизм гэж ойлгож болно. Тухайлбал, манай улсын хувьд уул уурхайн хөгжил хамгийн чухал асуудал болоод байгаа өнөө үед дэлхийд тэргүүлэх уул уурхайн компаниудын туршлагыг ERP системээр дамжуулан хөгжих боломжтой гэсэн үг. 

 - Тэгвэл уул уурхай компаниудад энэ системийг суулгаснаар  яг ямар ашиг давуу талтай  вэ?

- Дэлхийн улс орнуудын ДНБ-ий 60 хувь нь ямар нэг байдлаар SAP ERP системээр дамжин гардаг гэсэн судалгаа бий. SAP ERP системийн уул уурхайн салбарт зориулсан шийдлийг Rio Tinto, BHP Billiton, AlcelorMittal гэх мэт дэлхийн уул уурхайн том компаниуд ашигладаг бөгөөд SAP компани эдгээр хэрэглэгч компаниудынхаа бизнесийн тэргүүн туршлагыг системдээ тухай бүрт нь шингээж явдаг. Өөрөөр хэлбэл Монголын уул уурхайн компани SAP ERP системийг сонгож, нэвтрүүллээ гэхэд эдгээр уул уурхайн том компаниудын тэргүүн туршлагыг хялбараар өөртөө шингээж, үйл ажиллагаагаа сайжруулах, бүр илүү амжилтад хүрэх боломж бий.

Бас нэг зүйл нь одоо бидэнд тулгардаг томоохон асуудал бий.  Тухайн компанийн мөнгө хаагуур хаашаа гараад байна гэдгийг хянаж чаддаггүй. Түүнээс үүдэн хувьдаа мөнгө завших, цаашлаад санаатай болон санаандгүй байдлаар тухайн компани, улс оронд хохирол учруулах зэрэг олон ээдрээтэй асуудал гардаг. Харин SAP ERP системээр тухайн байгууллагын үйл ажиллагааны тухай мэдээллийн чанар сайжирснаар энэ асуудал шийдэгдэх юм.  Жишээ нь уурхай дээр хэдэн тонн олборлолт хийсэн, олборлолт хийхийн тулд ямар хүч, хөрөнгө зарцуулсан, хэдэн ажилтан ажилласан, хэдэн тонн шатахуун зарцуулсан гэх мэт бүх мэдээлэл нь харилцан уялдаатайгаар хөтлөгдөнө. Ингэснээр тээврийн жолооч гэхэд ашиглах ёстойгоосоо илүү дизель, түлш ашиглаж чадахгүй болно. Энэ нь тухайн хувь хүний соёл, байгууллагын стратеги, хөгжилд аль алинд нь эерэгээр нөлөөлж байгаа юм.

 - Өөр ямар салбарын  компаниудад энэ системийг суулгаж болгох вэ?

- SAP ERP системийг анагаах ухаан, төрийн үйлчилгээ, худалдаа, уул уурхай, харилцаах холбоо, барилга гэх мэтчилэн зах зээлийн 25 салбарт зориулан түлхүү хөгжүүлдэг. Тиймээс манай улсын хувьд дотоодын томоохон тоглогчид маань өөр өөрийн салбарт амжилтад хүрч болно.

 - Зах зээл дээр байгаа ERP системийг нэвтрүүлдэг, хөгжүүлдэг олон компани бий. Танай ялгарах давуу тал юу вэ?

- Манай системийн хувьд салбар модуль бүрт нь дэлхийн тэргүүлэх компаниудын туршлага шингэсэн. Мэдээллийн технологийн шийдлийн хувьд өндөр чанартайгаас гадна бизнесийн ихээхэн мэдлэг шингэсэн, компанийн урт хугацааны стратегийг бүрэн дэмжиж, тухай бүр өөрчлөлтийг тусгаж явах, дахин өөр системээр солих шаардлага гарахгүй, урт хугацааны замын хань болох систем юм. Би

ERP  системийг сонгох, нэвтрүүлэх, зүгшрүүлэхийг гэр бүл болох, үр хүүхэдтэй болох, хүүхдээ өсгөхтэй зүйрлэмээр санагддаг. Тухайн компаний хувьд ERP-г сонгох нь гэр бүлээ сонгохтой адил, ERP систем нэвтрүүлэх нь үр хүүхдээ тээж төрүүлэхтэй адил, ERP-г хэрэглэх нь үр хүүхэд өсгөж хүмүүжүүлэхтэй адил чухал шийдвэр, тэр хэмжээнд цаг зав, мөнгө хөрөнгө, нервээ зарцуулдаг.

Тэгэхээр олон ERP шийдэл дундаас өөрт таарахыг сонгохдоо компанийхаа 5, 10 жилийн стратегийг харах хэрэгтэй.  Цөөн хэдэн жил болоод гэр бүлийн хүнээ сольж болдоггүйтэй адил компанийн хувьд ERP системээ тэр бүр сольж чадахгүй. Буруу сонголт хийвэл ERP  систем нь компанийн хөгжлийн хурдыг гүйцэхгүй, хөгжлийг хойш татах зэрэг олон эрсдлийг дагуулдаг.  

 -Таны хувьд Германд ажиллаж байсан гэсэн.  Монголын компаниудын хөгжил таны нүдээр харахад ямар байна вэ?

- Монгол хүн, Герман хүний соёлын болон хүмүүжлийн үндсэн ялгаа их. Герман хүмүүсийн хувьд ажлаа хийсэн шиг хийх ёстой, сайн чанартай хийх ёстой гэсэн суурь хүмүүжлийн хандлагатай. Харин Монголчуудын нэг сул тал нь тухайн ажилтан зөвхөн өөрийгөө бодох, биеийн амрыг харах гэхчлэн ажилдаа сэтгэлээсээ ханддаггүй тал бий. Энэ нь бидний өссөн төрсөн орчин, соёлтой холбоотой байх. Өөрөөр хэлбэл тухайн компанийн ажилтан ажилдаа сэтгэлээсээ хандахгүй байх нь компанийн хөгжилд сөргөөр нөлөөлдөг нэг хүчин зүйлийн нэг яахын аргагүй мөн.  Тиймээс ERP систем үүнийг шийдэх нэг арга зам гэж харж байгаа юм. Энэ асуудлыг шийдсэнээр монголын компаниудын хөгжил, цаашлаад улс орны хөгжилд чухал ач холбогдолтой. 

 - SAP ERP системийг нэг байгууллагад суулгахад хэр хугацаа зарцуулах вэ. Мөн үнийн хувьд ямар вэ?

 - SAP ERP системийг нэвтрүүлэхэд гурван хэлбэрийн зардал гардаг: Лицензийн төлбөр, нэвтрүүлэх үйлчилгээний зардал, техникийн зардал. Гэхдээ Монголын хувьд SAP компани лицензийнхээ төлбөрийг Монголын компаниудын чадамж, Монгол улсын ДНБ зэрэгтэй уялдуулж, барууны оронд зардагаас 3-4 дахин хямдаар борлуулж байгаа. SAP ERP системийг тухайн байгууллагад суулгахад ойролцоогоор жилийн хугацаа зарцуулдаг. Эхний зургаан сарын хугацаанд бид төслөө нэвтрүүлнэ, дараагийн 3-6 сарын хугацаанд компанийн ажилчдад сайн ойлгуулах, зүгшрүүлэх ажлыг хийдэг.

 - Хувь хүн хөгжиж байж компани хөгжинө, компани хөгжиж байж улс эх орон хөгжинө гэдэг. Тэгэхээр таны хувьд монголынхоо олон компаниудын хөгжилд, цаашлаад эх орныхоо хөгжилд үнэтэй хувь нэмэр оруулах эрхэм зорилгыг өвөртлөөд ажиллаж байгаад нь нийт уншигчдынхаа зүгээс талархаж буйгаа илэрхийлмээр байна. Ингээд ярилцлагынхаа төгсгөлийн үгийг таньд үлдээе?

 - Баярлалаа. Миний хувьд  хүн бүр өөрт ногдсон ажлаа хоёргүй сэтгэлээр сайн хийх нь улс эх орныхоо хөгжилд оруулж буй үнэтэй хувь нэмэр гэж бодож явдаг. Тиймээс ч энэ ажлаа эхлүүлээд үнэхээр сайн хичээж ажиллахыг эрхэм болгож яваа. 

 

 


avatar
    • иргэн
    • 202.170.80.*

    Монголд хамгийн гол нь цалин маш бага шүүдээ. Түүнээс л болж байгаа. Эзэд нь дэлхийн хэмжээний баяжаад, ажилчид нь тэдний нэг өдрийн хоолны мөнгө ч хүрэгүй цалин авдаг. Энэ маш буруу тогтолцоо.

    • GegeenCom
    • 14.203.193.*

    uu tanidag zaluu bn shdee kk

    • Baylag
    • 203.141.92.*

    1-t) ERP nutagshuulah heregtei yu heregtei. Gehdee SAP SAP geed burhanchlaad baih ni uruusgul l duu. Uur olon ERP product-uud baina. Open source product ch baina. Tuhain baiguullagiin business requirement-d ali ni hamgiin taarj baina gedgiig harj baij l shiideh asuudal. 2-t) Nutagshuulah gesnees Mongold open ERP-g nutagshuulaad, ERP solution gargaad, Mongol engineeruudee tsalinjulaad yavj bgaa companiud baidag yum baina. Ted bol jishee ni Mongold baylag buteej baigaa humuus gej helj bolno. SAP-n huvid tulbur tootsoogoo yaj hiidgiig medehgui ch, mongolchuudaaraa develop hiilgej baigaa nuhud bol mungunii ursgaliig dotooddoo uldeegeed, dotooddoo baylag bii bolgoj baigaa gej harj baina. Za tegeed meddeguud ni mergen uhaanaaraa dugnene biz.

    • Амараа
    • 27.123.213.*

    SAP ERP-г бол Монголд 500-гаас дээш ажилтантай компанид нэвтрүүлэх нь зүйтэй гэж харж байгаа. Монголын зах зээлд байгаа дотоод, гадаад, нээлттэй эхийн гэх мэт шийдлүүд functionality, capacity талаасаа хараахан хүрэхгүй, үйлчлүүлэгч байгууллагаа дараагийн шатанд гаргаж чадахгүй байгаа нөхцөлд л SAP ERP-ийн тухай яригдана. Баялаг бүтээхийн тухайд, томоохон аж ахуйн нэгжийн бүтээмжийг эрс сайжруулснаараа салхинд дэмий хийсэх байсан баялагийг хэмнэж байгаа. Заавал Монголдоо хийснээр улс хөгждөг бол Бенз шиг машин бас хиймээр л байгаа юм.

    • Амараа
    • 27.123.213.*

    Үнэтэй гээд хойшлуулах тусам алдах мөнгөө тооцож үзэх хэрэгтэй... Efficiency-гээ 20-30%-аар өсгөөд, тэр хэмжээнд хэмнэлт, үсрэлт гаргаж чадахааргүй байвал мэдээж энэ систем хэрэггүй... 5-10 жилийн стратегиа олж хараагүй бол бас хэрэггүй... Дээд удирдлагаас хүчтэй дэмжлэг, манлайлал үгүй бол бас хэцүү... гээд л явна даа... Нарийвчилж сонирхвол [email protected] рүү мэйл бичээрэй.

    • Зочин
    • 43.242.243.*

    sya dolllaraar sistem geheer bas l hetsuu shuu, ug ni oruulchihmaar bdag

    • A
    • 202.21.115.*

    Amjilt khuseye, Amraa.

    • Зочин
    • 27.123.214.*

    Mundag zaluu bolovson huchindee ajliin undur amjilt husie! Iim zuv bodoltoi zaluus ulam olon boltigai.

    • Зочин
    • 5.254.65.*

    SAP aar meregjsiim bizdee

    • Зочин
    • 122.201.21.*

    lagimooo

    • би
    • 43.242.241.*

    Амжилт хүсьеээ, Ийм мундаг залуус Монголд олон болтугай

Авторууд

Санал асуулга

Нийт санал: 4330

2020 оны УИХ-ын сонгуулиар аль нам ялах вэ?

12%
МАН
18%
АН
69%
Шинэ гуравдагч хүчин
  • 12%
  • 18%
  • 69%