Нийтлэл 08 сарын 03, 2015

TED ТРЭНД - Та хайрыг буруу үйлдээд байна

Францын дижитал эрин үеийн хайр дурлал, хайрын философич Ян Далл'Аглиогийн "50 настайд зүүх Ролекс, танд амьдралаа санагалзах эрх бий юу", "Би чамд хайртай: Хайр байсаар байсан уу?" хоёр ном нь хэрэглээ ба индивидуализм давамгайлсан орчин цагийн харилцааны асуудлыг хөнддөг.  Түүний 3 сая хүнд хүрсэн хайрын тухай ТED лекцийг орчуулан хүргэж байна.

 

Та хайрыг буруу үйлдээд байна

 LOVE буюу Хайр гэж юу юм бэ? Хайрыг хаана ч юунд ч хамаатуулж хэлж болдог болохоор нарийн тодорхойлоход төвөгтэй. Би гүйх дуртай байж болно. Номонд, кинонд хайртай байж болно. Эсвэл бүр котлетондоо, эхнэртээ хайртай байж болно (инээлдэв). Гэхлээ котлет, эхнэр хоёр маань шал өөр шүү дээ. Жишээ нь би котлетоо хайрладаг байж, харин тэр намайг буцаагаад үнэлэхгүй, харин эхнэр маань бол намайг түүний амьдралын нар гэдэг (инээлдэв).

Тэгэхээр зөвхөн хүсэх чадвартай сэтгэл л намайг хүсүүштэй хүн гэж авч үзнэ. Тэгээд бодохоор хайрыг ердөө л “хүсэгдэх хүсэл” гээд хэлвэл арай тодорхой болж ирэх бус уу? Эндээс бид бүхний мөнхөд тээж ирсэн асуулт урган гарна: Яаж  бусдад хүсэгдэхээр болж, тэр хэвэндээ үлдэх вэ? Энэ асуултын хариултыг бид нийгмийн дүрэм, хэвшсэн ёсыг дагах замаар хайж ирсэн. Та өөрийн хүйс, нас, нийгмийн статусын дагуу өөрийн үүргээ гүйцэтгэнэ. Тэгээд таны коммюнити, таны хамт олон түүнийг чинь үнэлж, таныг хайрлана. Гэрлэхээсээ өмнө онгон биеэ хадгалах ёстой бүсгүйн тухай, том ахынхаа үгийг дагах ёстой бага дүүгийн тухай,  эргээд лам багшийнхаа үгийг сонсох ёстой том ахынх нь тухай бодож үзэцгээе.

 

Гэхдээ 13-р зуунаас, бас Дахин сэргэлтийн үеэс хүний түүхэн дэх хамгийн том хүний ялгамж чанар, ондоошил, аидинтитигийн хямрал эхэлсэн билээ. Орчин цагийн энэ үзэгдлийг гурван явцад нэгтгэн дүгнэж болно. Нэгд, техник машинжилтыг хурдасгасан шинжлэх ухааны судалгаа, түүний зөвтгөл, хоёрт хувь хүний эрх, эрх чөлөөг бэхжүүлсэн улс төрийн ардчилал, гуравт үйлдвэрлэл, худалдааг үр ашигтай болгох явц. Харилцан хамааралтай энэ гурван процесс дор хаяж барууны ертөнцөд уламжлалт бүх үнэт зүйлсийн системд өөрчлөлт оруулж, хувь хүмүүст асар ихээр нөлөөлж ирлээ. Одоо хувь хүн ямар ч хандлага, ямар ч сонголт, ямар ч материалыг үнэлж, эсвэл эс үнэлж болно. Гэхдээ үүний дүнд тэд өөрөө өөрсдийнхөө хувьд ч яг адилхан сонголттой, үнэлсэн ч эс үнэлсэн ч болох гашуун эрх чөлөөг гартаа хийж. Өөрөөр хэлбэл, нэгэн цагт уламжлал, ёс заншил миний үнэ цэнийг хадгалж байсан бол одоо миний үнэ цэнэ үнэт цаасны зах зээл дээр арилжаалагдаж байна гэхэд хилсдэхгүй. Хүн нэг бүрийн хүсэл шавсан хар зах дээр өдөр бүр бид өөрийн үнэ цэнээ хэлэлцдэг. Үүнээс орчин цагийн бидний зовлон урган гардаг; бид цаг ямагт “би хүнд таалагдахаар уу, хэр их таалагдахаар вэ, хэр олон хүн намайг хайрлах бол” гэсэн бодолд уягдана. Тэгээд энэ бодол, сэтгэлийн зовлонгоо яаж дардаг билээ?

Хараад байгаарай, галзуу юм шиг хүсэл тачаалын баахан симбол өөртөө наадаг(инээлдэв).

 

Би ийм цуглуулгыг “толгой эргүүлэх хөрөнгө” гэж нэрлэж байгаа юм. Үнэхээр ч биднийг хүрээлэн буй хэрэглээний нийгэм толгой эргүүлэх хөрөнгөн дээр үндсэндээ тогтож байна. Өнөө үеийг материалист эрин болохоор ингэж их хэрэглэдэг гэдэг. Би тэгж бодохгүй байна. Бид зөвхөн бусад сэтгэлд хүрэхийн тулд л эд материал цуглуулдаг. Бид тийм юмсыг хайрлуулахын тулд, толгойг нь эргүүлэхийн тулд л цуглуулдаг. Шилжилтийн насны хөвгүүн Женид таалагдахын тулд жийнсэн өмд авч, өвдгийг нь урж өмсөх. Энэнээс илүү материалист биш, энэнээс илүү сентиментал юм гэж байх уу(инээлдэв)?  Хэрэглээ-изм бол материализм биш. Хэрэглээ бол харин ч бурхны, хайрын төлөөс болж, эсвэл толгой эргүүлэх хөрөнгийн хэлбэрээр гаргадаг бидний золиос юм.

Орчин цагийн хайр дурлалыг ажиглаад үзээрэй, ирж буй он жилүүдэд хайр ямар болох бол? Хоёр янзын төсөөлөл үүсэж байна, нэгд иймэрхүү хөрөнгө цуглуулах явц улам эрчимжиж мэднэ. Энэ явц ямар хэв маягт орохыг одоо төсөөлөхөд хэцүү, учир нь нийгмийн болон техникийн инновацаас их хамаарна.  Гэхдээ жишээ нь хүнийг хүйсээр нь, нас, жин, боловсролын зэрэг, цалин, фэйсбүүк хуудасны лаик гэх мэт “толгой эргүүлэх хөрөнгө”-өөр эрэмбэлсэн болзооны вэбийг төсөөлж болно. Бас үерхэл дууссаны дараах хэцүү үеийг химийн эмчилгээгээр илааршуулах цаг ч ирж мэднэ. Дашрамд дурдахад, МТВ-ээр толгой эргүүлэх урлагийн багш нар шархалсан зүрхийг өвчин гэж үзэх хөтөлбөр хүртэл гаргаж эхэлсэн байна. Тэдгээр багш нар өөрсдийгөө “хүн дэгээдэх уран бүтээлчид” гэж нэрлэнэ. Хүн гэдэг нь охидыг хэлж байна, тэд тэгэхээр “охидыг дэгээдэх уран бүтээлчид” аж (инээлдэв). Тэд шархалсан зүрхийг "one-itis" буюу “халдвар” гэж нэрлэнэ. Тэдний хувьд хүнд дурлах нь цагийн гарз, толгой эргүүлэх хөрөнгийг чинь хорогдуулах төвөг, тиймээс халдварт өвчин шиг л эмчлэгдэх ёстой аж, их муухай. Генийг романтик асуудалд бас хэрэглэж болно, хүн болгон генийн дээжээ нэрийн хуудас шиг бариад, толгой эргүүлсни дараагаар хүүхэд гаргаж чадах эсэхээ батлан харуулж бас болно (инээлдэв).

 

Толгой эргүүлэх ийм уралдаан, яг л бусад өрсөлдөөний адил, өөрийгөө үнэлэх сэтгэл ханамжид томхон цохилт авчирч, ганцаардал, бухимдал үүсгэх нь мэдээжийн хэрэг билээ. Тиймээс бид орчин цаг буюу толгой эргүүлэх хөрөнгөөр дүүрэн энэ цаг үед эргэлзэж үзэх ёстой. Хайрын тухай бодож үзэх өөр нэг хувилбар байна. Ямар гэж? Бусдад үнэлэгдэх галзуу уралдааныг яаж эргүүлэх вэ? Ийм нэг зам байна, хэнд ч хэрэггүйгээ ухаарах зам. Тиймээ, би хэнд ч хэрэггүй, баярлах хэрэггүй, та нар ч хэнд ч хэрэггүй (инээлдэж, алга ташив).

 

Бид цөм хэнд ч хэрэггүй амьтад. Үүнийг батлахад амархан. Үнэ цэнэтэй байхын тулд өөр хэн нэгэн намайг хүсэж байхгүй бол болохгүй, тэгэхээр дан ганцаараа надад ямар ч өөрийн гэсэн үнэ цэнэ алга. Надад язгуур үнэ цэнэ гэж байхгүй.  Бид цөм хэн нэгний хувьд од нь юм шиг дүр эсгэдэг, гэхдээ  гудамжинд хэнийг ч анзаарахгүй, хайхрамжгүй мэт алхаж байгаа залуу ч үнэн хэрэгтээ бүгдийн нүд өөр дээр нь ирнэ гэдгийг тооцож, төлөвлөсөн байдагчлан бид бүгдээрээ “залилан” хийгсэд.

Бүгдээрээ ийм гэдгээ эхлээд ухаарч, хүлээн зөвшөөрвөл бидний харилцаа арай амар болж ирнэ гэж бодож байна. Би толгойноосоо хөл хүртлээ хайрлуулмаар байгаа болохоор л толгой эргүүлэх гэж галзуу юм шиг авирладаг. Төгс харагдахыг, хэн нэгэн намайг хайрлахыг хүсдэг. Хайрласан хүн нь ч төгс байгаасай гэж, тэгвэл тэр нь намайг хэр үнэ цэнэтэйг батлан харуулна гэж хүсдэг. Ийм хүсэл өчүүхэн төдий алдаа, төгс биш байдлаас болж салах хосуудыг төрүүлэн гаргаж байна.

Энэ хандлагын эсрэг, би зөөлөн энэрэнгүй байхад, өрөвч зөөлөн хайранд уриалж байна. Энэрэнгүй хайр гэж ямар хайр вэ?  Энэрэнгүй хайр гэдэг нь хайртай хүнийхээ сул талыг хүлээж авахыг хэлнэ. Энэрэнгүй байна гэдэг нь бүх юм нь зохион байгуулалттай гунигийн хос болно гэсэн үг биш. Харин ч энэрэнгүй хайрлахад зөндөө аз жаргал, сонин сайхан бий. Миний зүгээс нэг төрлийн шогийн мэдрэмж, аль аль нь хэрэглэхгүй орхиод байдаг болохоос хэцүү байдал үүсэхэд хачин сайхан шүлэг шиг үйлчилдэг нэг аргыг санал болгомоор байна. Өөрийгөө элэглэх. Харилцаа чинь уламжлалт дүрмээр зохицуулагдахаа больж ирвэл, өөрийгөө элэглэх, шоглох маягаар асуудалд хандаж сураарай. 

Сэтгэгдэл бичих

    • Зочин
    • 2015-08-19

    Ene hunii yrisan ymiig uzehed hurtel tolgoi ergvvlem mongol heleer orchuulj tolgoi ergvvlem taizan deer tolgoi ergvvlem site.d tawigdsan bna shvde hhe

    • Зочин
    • 2015-08-03

    hmmm

arrow icon