Нийтлэл 08 сарын 19, 2015

Х.Тэмүүжин: Өршөөлийн хуулийн зууны ерөн хувь нь зөв зүйтэй

Олон нийт, улс төрийн хүрээ, албан байгууллагуудын дунд томхон маргаан дэгдээгээд байгаа Өршөөлийн хуульд өчигдөр Ерөнхийлөгч хэсэгчлэн хориг тавьсан. Хоригийг УИХ-ын гишүүдийн гуравны нэг нь хүлээж авах эсэх нь одоогоор тодорхойгүй байна.  2014 онд хуулийн төслийн анхны хувилбарыг өргөн барьсан Х.Тэмүүжин гишүүний Eagle ТВ-д өгсөн дэлгэрэнгүй ярилцлагаас хуулийн онцлог, шийдвэрлэх асуудал, зайлшгүй батлах шаардлага, асуудал дагуулсан зарим заалтын талаар өгсөн тайлбарыг товчлон хүргэж байна.

Энэ удаагийн өршөөлийн хууль 2006, 2009 онд баталж байсан өмнөх Өршөөлийн хуулиудаас ялгарах онцлогийн талаар:

Өмнөх Өршөөлийн хуулиудаар хөнгөн хүндэвтэр болон болгоомжгүй гэмт хэргийг анх үйлдсэн хүнийг өршөөдөг, харин хүнд, онц хүнд гэмт хэрэгт өршөөл үзүүлж, ял хасдаггүй байсан. Энэ удаа хүнд, онц хүнд зарим хэрэг дээр жил хасах байдлаар өршөөл үзүүлэхээр оруулж ирсэн.

 

Энэ удаагийн Өршөөлийн хууль өргөн баригдсан, батлагдсан явцын талаар:

2013 оны намар УИХ сүүдрийн эдийн засагт байгаа мөнгөний эргэлтийг ил гаргаж, хууль ёсны болгох, албан ёсны хөрөнгө оруулалт руу татан оруулж ирэх ёстой гэдэг бодлогыг УИХ гаргаж, Эдийн засгийн ил тод байдлын тухай болон Өршөөлийн хуулийг нэн даруй өргөн барь гэдэг чиглэлийг Засгийн газарт өгсөн. Үүний дагуу 2014 оны хавар Н.Алтанхуягийн Засгийн газрын үед би өөрөө Хууль зүйн сайд байхдаа Өршөөлийн хуулийг өргөн барьсан.

Дараа нь шинэ Засгийн газар гарч ирээд өмнө өргөн баригдсан Өршөөлийн хуулийг явцууруулаад зөвхөн Татварын өршөөлийн хууль болгож нэг удаа өргөн бариад, түүнийгээ дахин татаж аваад сая харьцангүй өргөн хүрээтэй үйлчлэх Өршөөлийн хуулийн төслийг өргөн барьсан.

 “Хээл хахууль, хууль бусаар хөрөнгөжихтэй холбоотой гэмт хэргийг өршөөхгүй” гэдэг заалт ажлын хэсэг дээр олонхийн дэмжлэг аваад Байнгын хороо руу ороход бэлэн болчихсон байхад “Миний санал буруу тоологдсон байна” гэж маргааш нь дахиж ажлын хэсгийг хуралдуулаад саналыг өөрчлөөд оруулаад ирэх жишээтэй явц явагдсан.

Хэлэлцүүлгийн явцад “Шударга ёс” эвслийн зүгээс авлига, хээл хахуулийн хэргүүдийг өршөөх санал оруулж ирсэн. Мэдээж үүн дээр гишүүд санал зөрүүтэй байсан. Эхлээд албан тушаалын тодорхой хэргүүд болон төсвийн хөрөнгө зориулалтын бусаар зарцуулсан хэргүүдийг өршөөлд хамруулахгүй гэдэг хаалт хийх ёстой гэж санал гаргаад хүчрээгүй. Сүүлдээ ядаж Засгийн газрын өргөн барьснаар хээл хахууль авсан, зуучилсан хоёр нь өршөөлд хамрагдахгүй гэдэг заалт нь үлдэх ёстой гэж зүтгээд барсангүй. Харамсалтай нь олонхиороо нөгөө талд нь шийдсэн.

Хэлэлцүүлгийн явцад Засгийн газрын өргөн барьсан хууль бараг 75 хувиар өөрчлөгдөж, тэс өөр хууль болсон.

 

Хэн хэрхэн кноп дарсан талаар:

 Хууль зүйн байнгын хороон дээр “Энэ асуудал дээр бид цөөнх шүү” гэж албан ёсоор зарлаад чуулганд саналаа оруулсан хоёрхон гишүүн бий. С.Бямбацогт гишүүн надтай хамт цөөнх болсон. Чуулган дээр бол энэ байр суурь дээр арваад гишүүн кноп дарсан.

МАН-ын гишүүдийн нэг, хоёроос бусад нь хуралдаанд орж ирээгүй. Бүгд дуугүй дэмжсэн.

 

Баялаг бүтээгчдийн талаар

Өршөөлийн хуулийн гол зорилго нь бизнес эрхлэгч, баялаг бүтээгчдэд чиглэж байсан. .

Шоронд ордоггүй юм гэхэд өдөр тутамдаа хуулийн байгууллагын шахалт дарамтанд олж байгаа жаахан орлогоо тонож дээрэмдүүлээд явж байгаа баялаг бүтээгчид бас байна.  

Өршөөлийн хууль баялаг бүтээгчдээ хуулийн байгууллагын гох дэгээнээс суллаж өгнө.

 

Шоронжсон эрүүгийн хуулийн талаар

Өршөөлийн хууль шоронжсон гэгддэг Эрүүгийн хуулийнхаа үр дагаврыг багасгана. Буруу бодлогын үр дүнд шоронд үйл тамаа үзэж, өдөр хоногоо тоолоод сууж байгаа маш олон ээж, маш олон аав, олон хүүхдүүд байгаа. 

Өнгөрсөн 25 жилийн дотор зургаан удаа Өршөөлийн хууль гаргасан байна. Дунджаар дөрвөн жилд нэг удаа гэсэн үг.  Өршөөлийн хууль ийм ойрхон гараад байгаагийн цаад шалтгаан нь бидний социализмын үеэс уламжилж авсан Эрүүгийн эрх зүйн уламжлалтай холбоотой. Социализмын үед хүмүүсийг үнэ төлбөргүй хөдөлмөрлүүлэх нь коммунизмын бүтээн байгуулалтын нэг том хэрэгсэл байлаа шүү дээ. Нэг бол “сайн дурын” гэдэг нэрийн дор коммунист субботникоор ажиллуулдаг, эсвэл хүмүүсийг шоронд оруулж, колонид явуулж байгаад үнэ төлбөргүй хөдөлмөрлүүлдэг байлаа. Хөдөлмөрийн тэр зах зээлийг байнга нэмэгдүүлж байхын тулд өчүүхэн алдаан дээр нь дөрөөлөөд л шорон луу ачиж байх ёстой. Энэ бодлого өнгөрсөн 25 жилд ч үргэлжилсэн. Үүний үр дагавар л Өршөөлийн хууль болж гараад байгаа юм. Тиймээс бид Эрүүгийн хууль тогтоомжоо сайжруулахгүйгээр “Өршөөлийн хууль ойр ойрхон гараад байна” гэдэг шүүмжлэлийг зогсоож чадахгүй.

 

 

Шинээр байгуулагдах Засгийн газар МАХН-ын бүлэгт барьцаалагдсан гэх асуудлын талаар

АН-ын хувьд үнэхээр Засгийн газраа байгуулах гээд УИХ дээр нөхцөл байдал эмзэг байгаа. Өөрсдөө хүсч энэ замаар явсан, одоо ухсан нүхэндээ уначихаад байна. Энэ арчаагүй байдлаасаа улс орны хувь заяаг золин байж гарах гэж оролдох нь АН-ын өөрийнх нь мөн чанар биш гэж би хувьдаа итгэдэг.  

Яагаад энэ хуулийг батлах явц ийм хурдацтай явчихсан бэ гэдэг шалтгаан бол тодорхой. Улс төрийн бүх намтай хамтарсан Засгийн газраас МАН-ын зургаан сайдыг гаргасан.Үндсэндээ дараачийн зургаан сайдад ямар хүмүүс орж ирэх вэ гэдэг АН болон “Шударга ёс” эвслийн тохиролцоонд суурилах ёстой болсон.

Монгол Улсын төр өөрийг нь үнэгүйдүүлж, төрийн шийдвэрийг хар зах зээл дээр зарахад хүргэж байгаа авлигатай хатуу тэмцэх ёстой. Төрийн шийдвэрийг дотооддоо худалдаж авч болж байна гэдэг чинь гаднаас илүү их мөнгө орж ирээд худалдаж авахад хялбархан гэсэн үг.  Үндэсний аюулгүй байдлыг сууриар нь ганхуулахад хүргэж байгаа авлигыг таслах зогсоож, төрийн төмөр нүүр гаргах нь Монголын төрийн үндэсний аюулгүй байдлын бодлого. Энэ бол Засгийн газрыг зургаан сайдыг хэн яаж хуваарилж авах вэ, цаашид энэ Засгийн газар ямар байх вэ гэдэг улс төрийн тохирооноос хавьгүй үнэтэй зүйл.

Н.Энхбаяр сонгуульд нэр дэвшүүлэх эрхээ олж авахын тулд авлигийн хэргийг өршөөлд хамруулах заалтыг захиалгаар оруулж ирлээ гэдгийг хэн ч баталж чадахгүй, би ч бас батлахгүй. Гэхдээ улс төрийн нөхцөл байдал бол тэр үр дагаврыг шууд харуулж байгаа.

 

АТГ-ын талаар

АН авлигатай тэмцэнэ гээд АТГ-ыг улс төрийн зорилгоор ашигладаг хүмүүсийг өөгшүүлээд байж болохгүй. Том бодлогоороо бид авлигатай тэмцэнэ. Гэхдээ хууль, хүчний байгууллагуудыг өөрсдийн явцуу эрх ашигт үйлчлүүлж байгаа тэр хүмүүсийн үйл ажиллагааг ч бас таслан зогсоох ёстой.  Гэхдээ авилгын эсрэг зогсох хууль, хууль сахиулах байгууллага, шударга албан хаагчдынхаа хүсэл эрмэлзлийг мохоож болохгүй.

Ганц АТГ биш, цагдаагийн байгууллага, тагнуулын байгууллага ч тэр, гэмт хэрэгтэй тэмцэх, мөрдөн шалгах үйл ажиллагаа явуулдаг байгууллагууд гүйцэтгэх ажлын хууль тогтоомж зөрчиж, хүний эрхэнд халдаж байна, хууль ёсноос гадуур байна, зарим тохиолдолд мөнгө, эрх мэдэлд дөрлөгдөж байна гэж би байнга шүүмжилдэг. Гэхдээ үүнийг бид хуулиар л засах ёстой. Өшөө авч байгаа юм шиг буцаагаад байгууллагыг нь татан буулгаж, алга болгож болохгүй.  Яагаад эрүүгийн хуулийг батлахгүй байгаа юм. Яагаад процессийн хуулиудаа шинэчлэхийг хүсэхгүй байгаа юм. Яагаад байгууллагуудынхаа хууль тогтоомжийг иргэний хяналтанд оруулж, ил тод болгоод зүй зохистойгоор ажиллуулах чиглэлд хийсэн саначлага болгоныг унагаад байгаа юм. Тэгсэн мөртлөө яагаад байгууллагыг өөртөө авах, дарга нь хэн болох дээр зодолдоод байдаг юм. Улстөрчдийн энэ арга барил буруу байна.

Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны эсрэг гэмт хэрэг буюу гэмт хэрэгтэй тэмцдэг байгууллагын өөрсдийн үйлдсэн гэмт хэргийг АТГ өөрсдөө шалгана гэж байж болохгүй. Тийм учраас тэр сонирхлын зөрчлийг арилгах ёстой гэдэг Н.Алтанхуяг гишүүний санаачилга зөв. Гэхдээ АТГ-т өмнө шалгагддаг байсан хэргийн харьяаллыг энэ хоморгонд нь аваад явчихаж болохгүй.

Өршөөлийн хууль дээр АТГ-ын гомдоллодог зөв. Яагаад гэвэл энэ хуулиар тухайн байгууллагын шалгаж шийддэг бүх хэргийг өршөөчихсөн. Энэ байгууллагын өнгөрсөнд хийсэн болон ирээдүйд хийх ажлыг тэглэчихээр энэ байгууллага үндсэндээ хийх ажилгүй болчихож байгаа юм. Авилга, албан тушаалын хэргүүд далд, нууцлагдмал байдаг, үйлдэгдсэнээсээ хойш дор хаяж 5-10 жилийн дараа илэрдэг. Тийм учраас өнөөдөр энэ байгууллагын шалгаж байгаа бүх хэргийг өршөөчихөөр дор хаяж өнөөдрөөс урагшаа таван жилийн дотор илрээгүй бүх хэргүүд “0” зааж байна гэсэн үг. Дараагийн таван жилд илэрч болох байсан тэр бүх хэргүүд байхгүй болж байна гэсэн үг.

Авилга албан тушаалын хэрэгтэй тэмцэж байгаа хуулийн байгууллагын ажилтнууд өдөр тутамдаа амьдралаараа тоглуулах хэмжээний эрсдэлтэй тулгарч, дарамтанд байдаг. Тэр бүхнийг сөрж зогсоод, зориг гаргаад явж байхад 2-3 жил шалгасан хэргийг нь нэг өдрийн дотор юу ч биш болгочихоор тэр хүмүүс юуны төлөө амьдралаараа, ирээдүйгээрээ эрсдэн байж ийм ажил хийсэн бэ гэдэг асуултад хариулт байхгүй болчихож байгаа юм. Тийм учраас хуулийн байгууллагыг өөрийг нь хүчгүй болгож байгаа ийм үзэгдлийг өөгшүүлээд цааш нь явуулах уу үгүй юу, энэ нь хэдэн хүний сайдын суудал, сандал ширээтэй дүйцэх үү үгүй юу?!

 

Өршөөлийн хуулийн мөн чанарын талаар

Өөрийгөө гэм буруугүй гэж үзэж байгаа хүн бол өршөөгдөх биш шүүх рүү л очиж гэм буруугүй гэдгээ нотлуулахын төлөө явах ёстой. Г.Дэнзэн, Л.Гансүх нар ч адил. Харин Өршөөлийн хууль бол өөр. Тухайн гэм буруутай үйлдэлд төрөөс оноосон ялыг л өршөөн хэлтрүүлж байгаа юм. Тиймээс энэ хүн гэм буруутай юу, үгүй юу гэдгийг заавал шийддэг Н.Энхбаяр ч өршөөлийн хуульд хамрагдвал гэм буруутайгаа хүлээн зөвшөөрсөн гэсэн үг.

Би өөрөө санал гаргаад хуульд “Нэгдүгээрт гэм буруугаа хүлээн зөвшөөрөх ёстой. Хоёрдугаарт учруулсан хохирлоо барагдуулахаа илэрхийлэх ёстой” гэдэг хоёр нөхцлийг оруулсан. Тэгэхгүй бол Өршөөлийн хууль ял өршөөх биш, гэм бурууг өршөөх тухай хууль болж хувираад гэмт хэрэггүй улс болж хувирна. Гэм буруутай эсэхийг шүүх тогтоож, хуулиар ял оноодог юм. Энэ ял төрийн цээрлэл учраас тэр цээрлэлийг нь төр өршөөж байгаа юм. Гэм буруугийн асуудлын цаана хохирогчийн эрх хөндөгддөг. Нөгөө талаас шүүгдэгчийн ч эрх хөндөгдөнө. Тиймээс хохирогч, шүүгдэгчийн эрхийг хэн нэгэн, төр булааж авч болохгүй.

Төр оноосон ял зэмээ өршөөж болно. Харин хохирогчид учруулсан хохирлыг өршөөхгүй. Чадахгүй.

 

Өршөөлийн хуулийн эсрэг олон нийтийн бухимдлын талаар:

Авилгчадыг өршөөсөн гэдгээр нь Өршөөлийн хуулийн ач холбогдлыг бүхэлд нь үгүйсгэж болохгүй. Нөгөө баялаг бүтээгчдээ хуулийн байгууллагын гох дэгээнээс гаргахын тулд, алдаж эндсэн иргэдээ төр нэг удаа өршөөж хэлтрүүлэхийн тулд, шоронжсон хуулийн таагүй үр дагаврыг арилгахын тулд Өршөөлийн хууль зайлшгүй гарах ёстой байсан. Өршөөлийн хуулийг бүхэлд нь үгүйсгэж болохгүй. Зууны 90 хувь нь зөв зүйтэй. Зөвхөн суган дотор нь нэг буруу юм явчихсан. Тэр бурууг л засах ёстой.  

Өршөөл хууль гарч байгаатай холбоотойгоор хоёр юмыг зааглаж сайн харах ёстой. Хуулийн байгууллагын эрх мэдлийг улс төрийн арга хэрэгсэл болгож, хэн нэгнийг хэлмэгдүүлдэг, хийгээгүй хэргийг нь хийсэн болгодог, нэр төрийг нь гутаадаг алдаа завхрал Монголд байгааг үгүйсгэж болохгүй. Үүнийг бид засах ёстой.

Хоёрдугаарт Өршөөлийн хууль нь АТГ, хуулийн байгууллагуудын алдаа завхралд дөрөөлөөд авлига, албан тушаалын хэрэгтнүүд, төрийн шийдвэрийг хар зах дээр зарж хувийнхаа амьдралыг дээшлүүлдэг, улс үндэстнийхээ арх ашгийг гаднын байгууллагад худалдчихаад нүүрээ ширлээд зогсч байдаг нөхдүүдийг хуульт ёсны гадуур дур зоргоороо авирлах баталгаа болж хувирч болохгүй.

 

Сэтгэгдэл бичих

    • зочин
    • 2015-08-20

    ТЭНГИС КИНОТЕАТРЫН ХОЙНО БАЙРЛАЛТАЙ, ЗАСВАР ХИЙСЭН 1 ӨРӨӨ БАЙР ХӨЛСЛҮҮЛНЭ.ГАЛ ЗУУХ ТУСДАА 8858-3333

    • зочин
    • 2015-08-20

    ТЭНГИС КИНОТЕАТРЫН ХОЙНО БАЙРЛАЛТАЙ, ЗАСВАР ХИЙСЭН 1 ӨРӨӨ БАЙР ХӨЛСЛҮҮЛНЭ.ГАЛ ЗУУХ ТУСДАА 8858-3333

    • Хөхөлдэй
    • 2015-08-19

    Дажгүй хүн шүү хөөрхий

    • Зочин
    • 2015-08-19

    Энэ ч мулгуу нөхөр байна дөө

    • зочин
    • 2015-08-19

    Сауны бацаан зайлаа

arrow icon