Нийтлэл 09 сарын 24, 2015

Хаана ч байхгүй шилдэг хүүхэд

Би шагнал урамшууллаас төрөхөөсөө авахуулаад салаагүй хөөн. Төрөнгүүтээ 1 цагийн дараа л анхны шагналаа авч байлаа. Дөнгөж төрөөд ээжийнхээ мөөмний учрыг олж, амалж ядаж байхад л 2 сая дахь иргэн гээд том мөнгөн тэмдэг улсаас надад шагнал болгон өгөв. Дахиад хэдэн сарын дараа дөнгөж мөлхөж сурж байтал яслийнхаа манцуйтай тамирчин тэмцээнд орж уйлаагүй, ээж аавыгаа сандаргаагүйгийнхээ төлөө хамгийн эелдэг хүүхэд гэсэн өргөмжлөл авлаа. Уг нь мөлхөж уралдах ёстой байсан л даа. За тэгээд нэг настай байхдаа байрныхаа эгч нарт тэврүүлж, ах нартаа хөөрхөн бүсгүйг панаалдаж яриа өдөхөд нь туслаад хүссэн сокоо авахуулж шагнуулдаг байв. Хөөх урт үстэй, яасан хөөрхөн хүү вэ? гээд л тэврээд тэр хооронд ах нар яриа өдөж танилцдаг. Тийм ч учраас намайг авч гарч салхилуулах дуртай байж дээ. 2 настай байхдаа шинэ жилээр баавгай болоод хамгийн идэвхи үнэмшилтэй жүжиглэсэн тул цэцэрлэгээс шилдэг хүүхэд цол хүртэж, өвлийн өвөөгөөс шагнал авав. Уг нь багш намайг алхаж, заал тойроод ороорой гэсэн юм. Гэтэл би тойрч алхангаа үзэж сууж буй хүмүүс рүү архирч дайраад сүйд хийсэн байгаам. Ингээд 7 нас хүрч сургуульд ортлоо:
- Улсын шилдэг гимнастикч хүүхэд
- 141-р цэцэрлэгийн хөлбөмбөгийн аврага
- Шинэ жил болгоноор өргөмжлөл
- Дүүргийн гимнастикийн аврага гээд л медаль шагналын хур арвин буулгаад сургуульд орлоо.
Сургуульд ороод багассангүй, улам нэмэгдлээ.
- АСК-ын аварга
- Буухиа гүйлтийн аврага
- Шилдэг скаут
- Хүүхдийн ордны эрдэм медаль
- Модон цол, хүрэл сум, мөнгөн сум, алтан сум, хангарьд гээд л скаутын цолнууд, асуулт самбарын үнэн дийлцэн ахлах манаач заан цол
- Хорооны хөлбөмбөгийн аврага
- Сургуулиас авьяас алтан медаль....
Анги ахиж тэрүүхэн тэндээ оймс элээхийн хэрээр миний медалийн тоо өсч би өөрөө ч даахаа болилоо. Хөдөө гадаа аав ээжтэй явж, ах дүү нараар золгох, наадам цагаалга хийх үед аав ээж хоёр медалиудаа зүү гэнэ. Үлгэр жишээ үнэнхүү манлай хүүхэд би бээр хүзүүндээ ором гартал медалийн уяандаа үрүүлж хатгуулаад орой нь хүнд ачаандаа туйлдсан тэмээ шиг хүн гэртээ харьдаг байв.Дээд сургуульд авсан медалийн тухайд яриад ч хэрэггүй. Бүр их нэмэгдсэн. Одоо найз нь ажилд орох гээд хүний нөөцийн өрөөнд сууж байна.Өмнөө байгаа анкетаа хараад гайхас хийгээд л. Хаанаас нь эхлэх вэ? гээд л. Таны авч байсан гавьяа шагнал? гэнэ. Яг хаанаас нь авахуулж шагналуудаа бичихээ мэдэхгүй миний хажууд надтай хамт бас анкет бөглөөд сууж байгаа залуугийн бичиж байгаа зүйл рүү хартал Хүүхдийн ордны эрдэм алтан медаль гэсэн үгс зурайж байдаг байгаа.
Уг нь би өөрийгөө хаана ч байхгүй шилдэг хүүхэд гэж санаж явсиймсан...

Сэтгэгдэл бичих

    • Зочин
    • 2016-11-22

    лол

arrow icon