Санал болгох ном: ТЭГ-ээс НЭГ-рүү тэмүүлэх нь

Саяхан би нэг хүнтэй ярилцлага хийсэн юм. Гэтэл тэр хүн ярилцлагын үеэр монголчуудын буузны үлгэр, мөн шалбаагны үлгэрийн талаар надад ярьж өгөв. Чухамдаа энэ үлгэр бодит амьдрал дээр эсрэгээрээ хэрэгжиж байж сая манай улс хөгжих гэнэ.

 "Цэрмаа эгч  өнөөдөр амьжиргаандаа нэмэр болохоор, амьдралаа залгуулахаар, хүүхдийнхээ төлбөрт нэмэрлэхээр  юу хийхээ бодож бодож бууз хийж зарж мөнгө олох  (шинэ бизнес) санааг олжээ.  Маргаашнаас нь  бөөн баяр буузаа хийгээд зарж эхлэв.  Гэтэл бууз хийж зараад мөнгө олж байгаа Цэрмааг  харсан Доржийн эхнэрт мөн л бууз хийх санаа төрж. Маргааш нь Цэрмаагийн хажууд  бууз хийгээд зараад зогсож гэнэ. Гэхдээ Цэрмаагаас арай бага үнээр буузаа зарж.  Гэтэл ямар ажил хийж, ямар бизнес эрхэлж, эсвэл ямар аргаар мөнгө олж болох талаар хэдэн сар бодсон Дулмаа нэг өдөр гадуур явж байгаад Цэрмааг мөн  Доржийн эхнэрийг ч харав.  Гэтэл Дулмаад "аан бууз зараад мөнгө олж болох юм байна" гэсэн бодол төрж. Маргааш нь Дулмаа бас л бууз хийгээд нөгөө хоёрынхоо хажууханд зарж эхэллээ. Гэхдээ нөгөө хоёроосоо арай хямд үнээр буузаа зарж эхэлжээ. Энэ байдал үргэжилсээр нэгнийгээ дуурайн маш олон хүн бууз зарж, эцэстээ орлоггүй болж бүгд дампуурчээ. Энэ бол монголчуудын буузны үлгэр буюу хуушуур хийж шинийг санаачлах мэрдэмжгүй хүмүүсийн төрх гэнэ.

Бас шалбаагны үлгэр. Бүгдээрээ шалбааган дунд орчихоод биенээсээ зулгаагаад, өрсөлдөөд сэлээд байдаг, шалбаагны цаана далай байгааг харж чаддаггүй. Манайхан нэг нь шинэ санаа гаргах юм бол тэрийг л хараад, хуулбарлаад байдаг. Өөрөөр хэлбэл цаана байгаа далайг харахгүй шалбааг дотроо байгаад байдаг тухай шалбаагны үлгэрийг ярьж өгсөн юм. Энэ нь бас мөн ялгаагүй шинийг сэтгэж, шинэ зүйлийг олж харах, шинийг санаачлах сэтгэлгээ байхгүй байгаа болохоор бид хөгжихгүй байна. Манай улс хөгжихгүй байна” хэмээн ярьсан юм.

Шинэ сэтгэлгээ, дахин давтагдахгүй шинэлэг санаа бол манай улсын хөгжлийн гарц гэх  бодол хэд хоног толгойноос гарсангүй.  Тэгвэл яавал шинийг санаачилдаг болох вэ, яагаад шинэ зүйлийг хийх нь  манай улсын хөгжлийн нэг гарц гэж, шинийг санаачлах гэдэг нь чухам яг юуг хэлэх вэ? гэх олон асуултын хариултыг  эрсэн юм.

Гэтэл саяхан “Интерном” номын дэлгүүрээр ортол бэстселлэр  номуудын дунд байсан PayPal-ийн үүсгэн байгуулагч, зохиолч Питэр Тиэлийн “ТЭГ-ээс Нэг-рүү тэмүүлэх нь” ном  миний анхаарлыг их татлаа.  Нэрнээсээ эхлээд л анхаарал татсан энэ номны агуулга, гол санаа миний  хэд хоногийн турш бодож явсан зүйлийн талаар товч бөгөөд тодорхой тайлбарласан байв.   

Нэг голын усанд хоёр удаа орж болдоггүйтэй адил бизнест тодорхой хором дахин давтагдана гэж үгүй.

Дараагийн Билл Гейтс үйлдлийн систем зохиохгүй. Ларри Пэйж, Сергей Брин хайлтын систем дахин бүтээхгүй. Бас ирээдүйн Марк Зукэрбэрг нийгмийн сүлжээг ахин бий болгохгүй.

Хэрвээ тэдний хийж бүтээсэн зүйлсийг, дуурайн хуулбарлах гэж байгаа бол та тэднээс суралцаагүй гэсэн үг. Бусдыг хуулбарлах нь цоо шинийг бүтээхээс мэдээж хялбар. Мэддэг зүйлээ үргэлжлүүлэн хийх нь 1-ээс n гэсэн өөр тоон утгыг илэрхийлнэ гэвэл цоо шинийг сэдэх нь 0-ээс 1 гэсэн утгыг илтгэх юм” гэжээ.   

Мөн зохиолч Питэр Тиэл  эл номныхоо эхлэл хэсэгт нэгэн сонирхолтой асуултыг асуусан бөгөөд хүмүүс түүнд нь хэрхэн хариулдаг, эл асуулт нь ТЭГ-ээс Нэг-рүү тэмүүлэхтэй буюу шинийг санаачлахтай ямар холбоотой талаар тайлбарлажээ.

Тэрээр “Би ажлын ярилцлагын үеэр ажил горилогчоос ингэж асуух дуртай: “Хуруу дарам цөөн хүн санал нийлдэг чин үнэн зүйлийг нэрлэ гэвэл чи юу гэх вэ

Илэн далангүй, шулуухан, хялбархан асуулт мэт боловч үнэндээ үүнд хариулахад маш хэцүү. Мэддэг зүйлээ хэлье гэхээр сургуулиар дамжуулан олж мэдсэн байх тул, тэр нь нэгэнт олонхын хүлээн зөвшөөрсөн зүйл болж таарна. Түүнээс гадна, хэн бүхний мэдэхгүй зүйлийг гаргаж ирнэ гэдэг сэтгэл зүйн хувьд маш хүнд даваа. Гялалзсан хариулт олж авах нь өдрийн од шиг ч гэлээ, зүрх зоригтой хүнтэй би зүү хайхтай адил маш ховор таарч байсан.  Миний сонсож байсан хариулт дотор ийм хэдэн өгүүлбэр олон давтагддаг:  

“Манай боловсролын систем уналтад орсон. Яаралтай засаж сайжруулах хэрэгтэй”

“Америк улс ер бусын, хосгүй улс орон”  

Муу хариултууд. Энэ хоёр хариулт нь үнэнд нийцэж байгаа ч, олон хүн үүнтэй санал нийлнэ. Уг нь бол “Олон хүн Х-ийг үнэн гэж саналд нийлдэг ч , үнэндэээ Х-ийн эсрэг зүйл нь үнэн байдаг” гэсэн хариулт хамгийн зөв хувилбар. Ийм тэрс асуулт ирээдүй гэсэн сэдэвтэй юугаараа холбоотой вэ? Ирээдүйг бид хэрхэн хардаг тухай сэдэв рүү өнгийвөл зөв хариулт руу нэлээд дөхөх юм.

Тэг-ээс НЭГ-рүү  тэмүүлэх нь дэвшилтэт ирээдүй

“Бид ирээдүйн тухай бодох үед хөгжил ихтэй, дэвшилтэт ирээдүй өөрийн эрхгүй санаанд буудаг. Тэгвэл хөгжил дэвшлийг хоёр төрөлд хуваана. Хэвтээ тэнхлэгийн буюу “Хөгжил” нь байгаа зүйлсийг хуулж олшруулах тухай буюу 1-ээс n –рүү гэсэн утгатай дүйцнэ. Харин босоо тэнхлэгийн буюу “дэвшил” нь цоо шинэ зүйлийг бүтээх тухай буюу 0-ээс 1-рүү гэсэн утгыг илэрхийлнэ. Хэрвээ бичгийн машин худалдаж авчхаад, түүнийгээ дуурайлган 100 ширхэгийг хийх юм бол энэ нь хөгжлийн жишээ болно.  Харин бичгийн машины оронд, компьютерийн процессор хийчихвэл энэ нь дэвшил болох юм” гэжээ.  

Мөн зохиолч макро түвшинд хөгжлийг даяаршил хэмээн авч үзсэн байна.   Даяаршлын (НЭГ-ээс И-рүү буюу бусдын хийсэн зүйлийг хуулбарлах)  хүчээр аливаа технологи, аргачлалыг нэг газраас нөгөө рүү, эсвэл бүр хаана ч хамаагүй бүрэн цогцоор нь хэрэгжүүлэх боломжтой гээд  доор жишээг татжээ. 

“БНХАУ бол даяаршлын тод жишээ юм. Хөгжлийн оргилд нэгэнт хүрчихсэн бүх зүйлийг энэ улс нууж хаалгүйгээр шууд хуулбарлаж байна. 19-ээр зуунаас төмөр замыг, 20-р зуунаас агааржуулалтын системийг, тэр ч байтугай хот суурин газрыг тэр чигт нь хуулж байсан. Тэд суурин сүлжээний шийдлийг алгасаад, утасгүй сүлжээ, дэд бүтэц рүү үсрэх магадлалтай ч , юуг нь ч дутаалгүй дуурайлган хийнэ гэдэгт итгэлтэй байж болно” гэжээ. Үүнээс харахад манай улсын хувьд мөн ялгаагүй даяаршлын том жишээ болж байгаа мэт. Улс орны хэмжээнд ч ялгаагүй дотооддоо шинийг сэтгэж үйлдвэрлэх, зохион бүтээх бус гадны зүйлсийг хэрэглэнэ, бас хуулбарлана. Иргэдийн хувьд ч мөн ялгаагүй биенийхээ хийсэн зүйлийг мөн адилхан хуулбарладаг. 

Мөн зохиолч номондоо дэвшил (0-ээс 1-рүү буюу шинийг сэтгэх, санаачлах, зохион бүтээх) гэдгийг нэг үгээр хэлбэл технологи хэмээн тайлбарлажээ . Технологи гэхээр зөвхөн компьютерээр төсөөлөх нь өрөөсгөл бөгөөд технологийг хамгийн зөвөөр тодорхойлбол аливаа зүйлийг сайжруулж, шинэчилсэн арга аргачлалаар хийх буюу 0-ээс 1-рүү дэвших зам болох тухай хэлжээ. 

 Зохиолч номоо эхлүүлэхдээ тавьсан асуултандаа ч мөн хариулжээ. “Өнөөх тэрс асуултад өгөх миний хариулт бол, олон хүн даяаршлыг дэлхийн ирээдүй гэж хардаг ч, үнэн хэрэгтээ технологи (дэвшил- 0-ээс 1-рүү) л бидний ирээдүйг тодорхойлдог”

Баялаг бүтээхийн тулд дэлхий нийтээрээ улиг болсон, хуучин технологи, арга хэрэгслийг үргэлжүүлэн ашиглаж, хуулбарлах нь баян улс үндэстнийг төрүүлэхээсээ илүү, сүйрэл мөхөл рүү хөтлөх болно. Эх дэлхий маань өөрөө хязгаарлагдмал нөөцтэй учраасшинэ технологийг ашиглахгүйгээр даяаршина гэвэл тогтвортой, ирээдүйтэй хөгжлийн тухай ярих нь утгагүй юм” гэжээ.  Үүнээс харахад бидэнд ч мөн адил ТЭГ-ээс НЭГ-рүү тэмүүлэх сэтгэлгээ нэн хэрэгцээтэй төдийгүй. Манай улсын хөгжлийн томоохон гарцуудын нэг мэт санагдана.   

 


avatar
    • WAVY
    • 202.9.44.*

    Энэ бичээч нөхөр review бичихдээ хүртэл дийлэнхийг нь номноос өөрөөс нь хуулбарлажээ.

    • Luke
    • 180.149.99.*

    boddog bodol sandag sanaa. gevch buuznii tuhiin huvid mash une heljee. Manai mongoliin huvid shine sanaag undur hugjsun ulsaas hulbarlah ni odoogiin nuhtsul baidald iluu othiroh bhaa.

    • Segi
    • 218.238.4.*

    Za olj unshii baiz

Авторууд

Санал асуулга

Нийт санал: 5582

2020 оны УИХ-ын сонгуулиар аль нам ялах вэ?

13%
МАН
17%
АН
69%
Шинэ гуравдагч хүчин
  • 13%
  • 17%
  • 69%