Нийтлэл 10 сарын 06, 2015

Хуучин малчинд шинэ боломж байна

Ардын засгийн жилүүдэд хувийн малыг нийгэмчилсэн бол ардчилсан засаг тогтож, зах зээлийн нийгэмд шилжихтэй зэрэгцээд нийгмийн малыг буцаагаад малчдад нь хувьчилсан. Шинэ засгийн шинэ бодлогын дүнд малын тоо толгой эрс өсч, мянгат малчид олширч малынхаа буянд өлсөх учиргүй Монголчуудын амны хишиг ёстой л нэг дэлгэрсэн гэлтэй. Гэхдээ...

Өнөөдөр дийлэнх малчдын маань амьдрал ахуй нэг л тарчигхан, жилийн дөрвөн улиралд малаа даган нүүдэлсээр, хаа нэгтээ тааралдах хот айлын тооноор сүүмгэр гэрэл ёлтойж, тэжээлээ голсон зурагт жирэлзэж, долгион доголдсон гар утас унинд хавчуулаастай унтрах болихын хооронд дохилзоно. Гэрийн гадаа “хоньчин” хятад мотоцикл, “аргалчин” цагаан машин сойлттой. Өвөл зуд нүүрлэнэ гэх эзэнгүй сануулга хэдэн малаа мах болго гэх ятгалга мэт малчин зоны сэтгэлийг зовооно. Ноос, ноолуурыг чинь биржээр арилжаад богц богц мөнгө болгоод өгнө гэсэн ченж залуугийн аманд орж шороо нэг үмхэнэ.

Мал хувьчлагдсаны дараа мал аж ахуйн салбарыг бизнесийн тогтолцоонд оруулах төрийн цэгцтэй, далайцтай бодлого үнэндээ гарч хэрэгжсэнгүй. Малчдыг татаасаар тарин урамшуулах, татвар хөнгөлж дэмжих төдий халамжийн бодлого л явуулж ирлээ. Малчны хоршоо энд тэнд дуулдахаас нийтийг хамарч газар авсангүй. Том том тоо үзүүлэх хөдөө аж ахуйн биржийн хөл толгойг ойлгоход бэрх. Ингээд Монголын 200 орчим мянган малчин өрх 50 сая мал маллаж байгаа ч олонх нь ядуу ангилалд орж байна. Дунджаар нэг малчин өрх жилд 1500 төгрөгийн цэвэр ашиг олдог, нэг мал 6 төгрөгийн цэвэр ашиг өгдөг гэх алдуул мэдээ, тооцоо ч байна. Ядарсан малчид багийн даргын бараа харах, сумын даргын сураг сонсохдоо төрийн “шинэ” бодлогын мэдээ дуулах горьдлого тээлттэй. Гэвч малын тоо өсч, малчны тоо цөөрсөөр. Хот суурин томорч, хөдөө нутаг хонхойсоор. Хорин нэгдүгээр зууны Монгол малчид маань хөдөө хөхөрч, гадаа гундсаар л байх уу?

Шинэ цагийн малчин мал маллах төдий биш мал аж ахуйн үйлдвэрлэл, үйлчилгээ эрхлэх, малчин-бизнесмэн болохыг хүсч байна. Халамжийн цөөн мөнгө биш хадгаламжийн дэвтэр өвөртлөх, тэтгэвэрт гарахаа тэсэн ядан хүлээх биш татвар төлөхүйц тогтмол орлоготой болох хүсэл байна. Малаа банкинд барьцаалах биш хөрөнгө оруулалтад ашиглаж хувьцаа эзэмших, ашиг хүртэх гэгээн хүсэл байна. Шинэ цагийн малчинд зах зээл, бизнес хөгжлийн цоо шинэ загвар үгүйлэгдэж байна. Яах ёстой вэ?

Ганц нэгээрээ гавихгүй, хоёр гураваараа хоршоод хол явахгүй байгаа малчидад нэгдэж нийлэх, нийтийн өмчит хувьцаат компани байгуулах боломж бий. Малчид төдийгүй хоршоод, жижиг дунд үйлдвэр эрхлэгчид ч нэгднэ. Мал малчны өрхийн өмч төдий биш түүний элссэн хувьцаат компанийн хувь нийлүүлсэн хөрөнгө болох тухай юм. Малын гаралтай бүхий л түүхий эд, бүтээгдхүүн компаниар дамжиж зах зээлд нийлүүлэгдэж ашиг нь шууд компанид, улмаар малчинд ирнэ. Малчин хөрөнгө оруулсан компаниасаа ногдол ашиг хүртнэ, бас мал маллагаа, үйлчилгээний цалин, хөлсөө  ч авна.

Улс даяарх 330 суманд малчид, хоршоод, жижиг дунд үйлдвэр эрхлэгчдийн эзэмшил 330 хувьцаат компани байгуулж, тус бүрийг Гацууртын Чинбат шиг шилдэг бизнесмэн, менежерүүдээр удирдуулж болохгүй гэжүү. Сумын хувьцаат компанийг хялбарчлан соц үеийн нэгдэл, сангийн аж ахуйтай эндүүрч болох ч, энэ удаад эзэд нь улс биш малчид өөрсдөө байна. Эрдэнэс таван толгойн хувьцаа шиг сураг тасрахгүй. Малчны малаараа оруулсан хөрөнгө оруулалтын бизнес ашиг түүний гэрт, гэр бүлд л орно. Гэхдээ нэгдэл, САА-д ажиллаж байсан тэдний туршлага хэрэг болно шүү. Суманд сумын захиргаа ба нийтийн өмчит компани тусдаа байх ч төр гарааны хөрөнгө оруулалт хийж, хувьцаа эзэмшигч болж бас болно. Эдийн засгийн “солонгорол”-ын нэлээд олон өнгө эндээс эхлэх вий. Малчид маань малын гаралтай түүхий эдээ гүн боловсруулж органик, оригнал бүтээгдэхүүн үйлдвэрлэх технологи, эдийн засгийн өндөр үр ашигтай бизнесийн шийдлийг нэвтрүүлсэн компанийн хувьцаа эзэмшигч, хөрөнгө оруулагч, эзэн нь болно гэсэн үг. Малаа биш хувьцаагаа барьцаалж зээл авна, малаа биш хувьцаагаа арилжна. Малчид малаа яаж маллахаа хэнээр ч заалгахгүйтэй адил  шилдэг бизнесмэн, менежерүүд малчдын хөрөнгө оруулалттай компанийг хэрхэн удирдах, яаж өндөр ашигтай бизнес болгохоо бас мэднэ. Ингэвээс компаниудын хувьцаа олон улсын бирж дээр, үйлдвэрлэсэн брэнд бүтээгдхүүн нь дотоод, гадаадын зах зээл дээр арилжигдах цаг тийм ч хол биш. Энэ цагт хотоос хөдөө рүү, Нарантуул захаас сумын үйлдвэр рүү чиглэсэн ажиллах хүчний нүүдэл бий болно. Ийм тогтолцоог мал аж ахуй, малчин, бизнесмэн гуравт бүрдүүлэх хөгжлийн шинэ загвар, шинэ стратеги, шинэ менежмент зах зээлийн нийгэмд хэрэгтэй байна.

Олон салангид “Монгол мал хөтөлбөр”, “Малчин хөтөлбөр”-үүдээ огоорч, Монгол  малчин, мал аж ахуй, бизнесмэн гурвалыг нэгтгэсэн “Малчин хувьцаат компани” хөтөлбөр хэрэгжүүлвээс төрийн бодлого халамжаасаа ангижирч, зах зээлийн жамд нийцэх бөгөөд малчид маань үйлдвэрлэгчид болж өөртөө эзэн, нутагтаа эзэн, эх орондоо эзэн нь болох боломж бүрднэ. Уулаа ухахгүй, ургамал ногоогоороо тэжээгдэнэ. Үүнийг улсын урт хугацааны тогтвортой хөгжлийн стратегид тусган хуульчилъя.

Сэтгэгдэл бичих

    • albaker
    • 2017-11-23

    Сайн уу, Та нэр хүндтэй, магадлан итгэмжлэгдсэн хувийн зээлдүүлэгч компани хайж байна уу? Бид бүх төрлийн зээлийг маш хурдан, хялбар аргаар, хувийн зээл, автомашины зээл, орон сууцны зээл, оюутны зээл, бизнесийн зээл, хөрөнгө оруулалтын зээл, өрийн нэгдэл гэх мэт бүх төрлийн зээлээр хангадаг. Банкууд болон бусад санхүүгийн байгууллагуудаас татгалзсан уу? Та нэгтгэх буюу моргейжийн зээл хэрэгтэй юу? Санхүүгийн бүх асуудлуудаа өнгөрсөн зүйлийн нэг болгохын тулд энд байгаа шигээ цаашид ч харагдахгүй байгаарай. Бид зээлийн эргэн төлөлтийг 2% -иар өсгөж 5000-аас 50,000,000 хүртэлх зээлийг санал болгодог. Өнөөдөр бидэнтэй имэйлээр холбоо барьж, санхүүгийн асуудлаа, өнгөрсөн зүйлээ хийхэд баяртай байх болно, Кредит шалгалт шаардлагагүй, 100% баталгаатай байх болно. И-мэйл явуулна уу: ([email protected]).

arrow icon