Нийтлэл 11 сарын 03, 2015

Амжилттай харилцааны үндэс нь бие биенийхээ зорилгод санаа тавих

Хүний анхаарал, энерги,  хөдөлгөөн бүх зүйл урсгал ус мэт харилцан зохилдлогоотой эвсэлд орж орчныг анхаарахаа болих тэр мэдрэмжийг сэтгэлзүйн ухаанд flow буюу "голдирол" гэж томъёолдог тухай нийтлэлийн эхний хэсгийг энд хүргэсэн. Голдирол хүмүүс хоорондын харилцаанд хэмээх хоёрдугаар хэсэг.

Голдирол хүмүүс хоорондын харилцаанд

Бидний хийдэг бүхнээс урьдчилан таахад хамгийн хэцүү нь бусадтай харилцах юм. Нэг мөчид бид голдирол мэдэрч, дараагийн мөчид цөхрөл, айдас, тайвшрал эсвэл уйтгарт автана. Гэвч ямар ч байсан хүмүүс ганцаар байхдаа сэтгэлээр унадаг, бусадтай хамт байхдаа сэтгэл нь сэргэдэг болох нь олон тооны судалгаагаар тогтоогдсон. Бусадтай хамт байж, анхаарал төвлөрүүлсэн зүйл хийж байхдаа ужиг ядаргаа, цөхрөлд (chronic depression) орсон хүмүүс ч бусад хүмүүсээс ялгагдахааргүй сэтгэл санааны байдалтай байдаг. Харин ганцаараа, хийх зүйлгүй байвал л тэдний сэтгэл санаа тогтворгүй болж, сэтгэлээр унагасан зүйлс бодож эхэлдэг. Энэ нь арай бага хэмжээгээр боловч хүн болгонд байдаг үзэгдэл юм.

Учир нь гэвэл танихгүй хүн ч бай бусадтай харилцаж байх үед бидний анхаарал хүрээлэн буй зүйлст сатаарч тогтвортой болж эхэлдэг. Илүү дотно харьцааны үед бол бусдад анхаарал хандуулах шаардлага маш өндөр болох үе бүр ч их бий. Тиймээс бусадтай харьцах харилцаа ч голдирол-ын мэдрэмж өгөх чадвартай. Харин ийм анхаарал, төвлөрөл шаардсан харьцаа нь биднээс оюунаа төвлөрүүлж, цэгцлэхийг шаардана. Амьдралын чанарт нөлөөлөхүйц ийм харилцаа нөхөрлөлд оюун санаа, энергиэ зарцуулснаар бид амьдралаа өөрчлөх боломжтой гэдгийг сануулдаг.

Амжилттай харилцааны үндэс бол харилцаж буй хүмүүс тухайн үеийн өөрсдийн нийцтэй(compatible) зорилгыг олж, бие биенийхээ уг зорилгод санаа тавих явдал байдаг. Хэрэв эдгээр нөхцөлүүд бүрэлдсэн бол сайхан харилцаанаас голдирол мэдрэх боломжтой. Жишээлбэл, эцэг эх байхын жаргалыг мэдэрье гэвэл хүүхдийнхээ юунд дуртай, юугаараа бахархдаг зэрэгт анхаарал тавьж, дараа нь тэр зүйлсийг хамтран хийх хэрэгтэй. Яг л энэ зарчим бусад бүхий л харилцааны үед үйлчилнэ. Сайхан харилцан яриа үүсгэхийн нууц бол харилцагч хүнийхээ зорилгыг мэдэх явдал: Тэр яг одоо юуг сонирхож байна? Тэр ойрдоо юунд анхаарлаа хандуулж, юу хийж байна вэ? Тэр ойрын үед юу хийж бүтээсэн эсвэл бүтээх гэж зүтгэж байгаа вэ? Хэрэв аль нэг асуулт нь яриа үүсгэх шинжтэй бол дараагийн алхам нь нөгөө хүнийхээ ярьж буй сэдэвтэй холбоотой өөрийн туршлага, мэдлэгийг солилцох юм. Харин энд сануулахад, та харилцан яриаг дангаар “эзэгнэж”, ганцаар ярих бус сэдвийг хамтран үргэлжлүүлж, хөгжүүлэх нь харилцааг таатай байлгана.

Сайхан харилцан яриа гэдэг нь жаз хөгжмийн “жэм”-тэй төстэй: энгийн элементүүдээр эхлүүлээд, шинэлэг эргэлтүүдээр баяжуулж сонирхолтой шинэ хувилбар гаргахыг, улмаар та хоёрын харилцааг зөв голдиролд оруулж өгөхийг хэлдэг.

Сэтгэгдэл бичих

arrow icon