Нийтлэл 11 сарын 06, 2015

ХӨГЖЛӨӨ ЧӨДӨРЛӨСӨН МОНГОЛЧУУД

"Шинэ Монгол Тренд" номын "Хөгжлөө чөдөрлөсөн Монголчууд" хэсгийг хүргэж байна. 

Монголчуудын хувьд улс төр ярианы гол сэдэв. Гэхдээ энэ сэдэв хөндөгдсөн газрыг ихэнхдээ уурлаж бухимдсан, талцсан, үзэн ядсан, цөхөрсөн агаар л бүрхэх. Үнэндээ би ч 1 сая 566 мянган км2 уудам газар нутагтай, байгалийн асар их баялагтай, хоёр том зах зээлтэй атлаа гуравхан сая иргэн нь гундуухан амьдарч байгааг гамшиг л гэж хардаг. Эдийн засгаа хөгжүүлэх боломж бололцоо, зах зээлийн хөрс нь ийм таатай байхад иргэдээ  буурай орны амьдралын түвшинд хүргэж чадсаныг гайхамшиг гэхээс өөр яахав. Бас эмгэнэл.  Дэлхийд хөгжлөөрөө тэргүүлэгч Америк Канадтай харьцуулахыг хүссэнгүй. Яг л нэг гараанаас, яг л ижилхэн хугацаанд хөгжлийн замналаа эхлүүлсэн Казакстан, Азарбайжен, Гүржийг харахаар өөрсдөөсөө ичдэгээ нуумааргүй байна. Тэдгээр улсууд хэдийгээр тоталитор дэглэмтэй ч зөв бодлого явуулж байгаа учраас эдийн засгийн хөгжлөөрөө Монгол Улсыг хол хаяад явчихлаа.  

Гэхдээ би тоталитор систем ч юм уу эсвэл хэн нэгэн гайхамшигтай удирдагч, манлайлагч гарч ирж байж монголыг хөгжүүлнэ гэж боддоггүй. Тэгж хүлээдэг ч үгүй. Харин “Өөрчлөхийг хүсч байгаа өөрчлөлт нь бид өөрсдөө болох ёстой” гэж Махатма Ганди нэгэнтээ хэлсэнтэй санал нэг байдаг. Эхлээд монгол хүн бүр сэтгэлгээ, хандлагаа өөрчлөх хэрэгтэй.  Юуны өмнө бид хоосон эх оронч болж цээжээ дэлдэдгээ больцгооё. Харин эх орныхоо төлөө хүн бүр чин сэтгэлээсээ хөдөлмөрлөх хэрэгтэй байна. Эх орныхоо хөгжлийн төлөө солонгосууд шиг ээмэг бөгжөө тайлж, хандив өргөхийг уриалаагүй. Ганц шуудуу татсан ч, нэг км зам барьсан ч ажилдаа өөриймсөг, сэтгэлээсээ хандахыг л хичээе. Нийгэмд ажил олдохгүй байна гэчихээд архи уугаад, төр засгаасаа юм нэхээд суудаг хэсэг байгаа нь гашуун үнэн. Өнөөдөртөө ажлын хөлс бага байгаа нь үнэнч түүнийг бага гэж гололгүй ажиллах нь цаг хугацааг хий хоосон өнгөрүүлснээс хамаагүй илүү үр дүнг авчирна гэж боддог. 

Сингапурын домог болсон удирдагч Ли Куан Ю 30-аадхан жилийн дотор буурай хөгжилтэй улсыг хөгжлийн загвар орон болгон хөгжүүлж чадсаныхаа нууцыг “Сингапурчуудыг хөгжингүй орны иргэд шиг бодож сэтгэдэг дадал, хэвшилтэй болгох хамгийн хэцүү ажил байлаа. Үүнийг л хийж чадсан учир бусад нь амархан байсан” гэж нэгэнтээ дурссан удаатай. Тэгэхээр бид хэн нэгэн хүнээр удирдуулах бус өөрсдөөсөө шалтгаалах ийм энгийн зүйлээс л өөрчлөлтийг эхэлчихмээр байгаа юм. Өөрөөр хэлбэл, нийгэм эдийн засаг нь зах зээлд шилжсэн байхад бидний сэтгэлгээ нь өнөөх л бэлэнчилсэн, хуучнаараа байж болохгүй гэдэг нь харагдаад байна. 

Бас нэгэн гашуун үнэн гэвэл улс төрийн намуудын үзэл баримтлал нь ялгагдахгүй шахам, үйл ажиллагаа нь буруу тал руугаа хэлбийсэн явдал юм. Манай АН намд ч ялгаагүй, намын үйл ажиллагаа нь хэн нэгэн лидер дагасан, фракц тойрсон, бизнес дээр суурилсан бүлэглэлийн тоглоом болчихоод байгаа нь  улс орны хөгжлийн хүрдыг гацаачихаад байгаа юм. 

Өнгөрсөн 25 жилийн хугацаанд Дэлхийн банкнаас эхлээд олон улсын болон дотоодынхоо байгууллагуудаар Монгол Улсын дунд болон урт хугацааны хөгжлийн хөтөлбөрүүдийг хангалттай “үйлдвэрлүүлсэн”.  

Хүслийн жагсаалт гэмээр тэр хөтөлбөрүүд хэрэгжээгүй гол шалтгаан нь улсаа хөгжүүлэх зорилго нь тодорхой бус байсантай холбоотой. Зорилго нь тодорхой бус юм чинь түүнд хүрэх арга замууд нь амжилтад хүрэхгүй байгаа нь аргагүй биз ээ. 

Миний хамгийн энгийн хүсэл бол улс төрийн энэ олон намууд хамтраад Монгол Улсынхаа хөгжилд хүрэх зорилгоо тодорхойлох хэрэгтэй байгаа юм. Түүнийг нь наймтай балчраас наян настай буурал нь хүртэл мэддэг, бүр цээжилмээр. Өөрөөр хэлбэл, 2030 он гэхэд хөгжлийнхөө хүрэх цэгийг мэддэг, ингэхийн тулд хүрэх зорилтыг хэмжих хэдхэн тоог жирийн иргэнийхээ тархи,зүрхэнд суулгачих хэрэгтэй. Үүнд толгой эргүүлэм зүйл огт байхгүй.

Дэлхийн эдийн засгийн Форумаас /Бостон Консалтинг группын судалгаа/ гаргасан хөгжлийн индексийн гол таван үзүүлэлтээр “Монгол Улс” ямар түвшинд хүрэхээ л  зарлачих хэрэгтэй. 2030 он гэхэд нэг хүнд ногдох дотоодын нийт бүтээгдэхүүн /ДНБ/ 20 мянган ам.долларт, Монгол хүний дундаж наслалтыг 75-д, боловсрол, шинжлэх ухаан, эрүүл мэндийн салбарт 40 хувьд хүргэх, ажилгүйдлийг 2 хувь болгож бууруулах, хүний үндсэн хэрэгцээ шаардлагыг хангасан дэд бүтэцтэй байх гэх мэтчилэн хүрэх өндөрлөгөө зарлах жишээтэй. Энэ мэт хөгжлийн гол шалгуур таван үзүүлэлтэд хүрэх тоогоо л “Хөгжлийн хүрд” мэт цээжлүүлье. /Энэхүү хөгжлийн хүрдний тухай дараагийн нийтлэлдээ илүү тодорхой бичих болно.

Хөгжлийнхөө бодлогыг зөв дэвшүүлсэн улс л эрчимтэй хөгжлийн гараандаа гарч байгааг бид бэлхнээ харж сууна. ДНБ нь 100 ам долларт хүрэхгүй, кимчинээс өөр үйлдвэргүй шахам байсан БНСУ улс өнөөдөр эдийн засгийн хүч чадлаараа дэлхийд эхний 20-д хэдийнээ багтсан. Үнэндээ БНСУ, Сингапур, Малайз зэрэг улсууд 30-аадхан жилийн дотор хөгжиж болдгийг дэлхийд зарлан тунхагласан хэрэг. Эрчимтэй хөгжсөн улс гүрнүүдийн туршлагаас харахад эдийн засгаа хөгжүүлэх бодлогоо ямар ч удирдагч гарч ирсэн, аль ч нам нь эрх барилаа ч тууштай үргэлжлүүлэн хэрэгжүүлж чадсанд л байгаа юм.  

Хэрэв бид хүрэх өндөрлөгөө харчихвал түүнд хүрэх арга замуудаа улс төрийн намууд мөрийн хөтөлбөртөө хэрхэн тусгаж, оновчтой гарцыг олсноороо л сонгуульд өрсөлдчихнө. Иргэдэд нь ч гэсэн намуудын мөрийн хөтөлбөрөөс хөгжлийн өндөрлөгт хүрэх гарцуудыг хэн нь зөв, аль нь далайцтай харж шийдсэнийг нь сонгочихно. Үүнээс улбаалаад өнгөрсөн хугацаанд сонгогчдод таалагдах гэж хичээсэн, элдэв уран амлалттай мөрийн хөтөлбөрүүд яагаад хол яваагүй нь давхар харагдах биз ээ.   

Уул уурхайн дэд сайдаар ажиллаж байхад гадаад дотоодын олон бизнес эрхлэгчидтэй уулзаад бодлогоо танилцуулахад тэд надаас ганцхан зүйл асуудаг. "Таны энэ танилцуулж байгаа бодлого яг хэдэн жил хэрэгжих вэ. Танай Засгийн газар солигдоод шинэ бодлого гарчих юм биш биз" гэсэн асуултад надад хэлэх үг олддоггүй байсан юм. Хөрөнгө оруулагчдад тийм л айдас байна. Тэдний айдсаас анзаарсан зүйл гэвэл бидний хөгжлийн чөдөр тушаа нь бид өөрсдөө болоод хувирчихаж

Холын зорилго үгүй хүнд ойрын бэрхшээл салдаггүй гэдэг. Ямар ч нам, аль ч улс төрийн хүчин гарсан хөгжлийн тулгуур модоо усладаг, торддог, ургуулдаг л болчихмоор байна.   

Сэтгэгдэл бичих

    • demjigch
    • 2015-11-19

    shan bichsen bna. bas oyulag l sanadglaa. mini bagsh negen udaa ulsoron ardchilsan. totalitar bugd nairamdah togtoltsootoi baih hamaagui gol ni ard irged setgel duuren. ireeduidee itgeltei tiim niigem baival bolloo gej surgaj bsan sanaand orov. amjilt

    • Зочин
    • 2015-11-06

    Номыг уншсан. Яг өөрийнхөө туршлага дээр ил цагаан ингэж бичсэн ном би мэдэхгүй байна. Арай өөр хандлага анзаарагдсан. Шинэ Монгол тренд болсон залуу байна лээ.

    • mongolian people
    • 2015-11-06

    USSR industry, economy and education system was much higher than PR of Mongolia

    • Зочин
    • 2015-11-06

    Хэдэн цаастай болчихоод, хаа нэгтээ жаахан ном үзчихээд, дэд сайд гэж номинальный нэг албан тушаал хашчихаар л орчлон ертөнц амархан харагдаад бусдаас мэргэн болчихсон шиг байдаг байхао.

    • Зочин
    • 2015-11-06

    Казахстан, Азербайжан л гэхэд нөөц бололцоо, хөгжлийн потенциалаар биднээс хавьгүй газар байв. За Гүрж ч гэсэн биднээс илүү л байсан байх. Том улсын бүрэлдэхүүнд байсан болохоор өөр. Харин Монгол бол үнэхээр ядуу, хоосон, сэтгэлгээний хувьд асар их хоцрогдсон улс байсныг хүмүүс ерөөс анзаарч өгдөггүй, өөрсдийгөө их л дөвийлгөөд байдаг юм даа.

    • Зочин
    • 2015-11-06

    good

arrow icon