Нийтлэл 11 сарын 10, 2015

Хүүхдэд зориулсан бүтээлийн зохисгүй агуулгад тавих хяналт - Японы практик

 Гадаад Харилцааны Яам болон “Цахим өртөө холбоо” төрийн бус байгууллага хамтран Улаанбаатар хотноо 2014 оны 9-р сарын 18-ны өдөр зохион байгуулсан “Бүтээлч хамтын ажиллагаа” (Creative collaboration) сэдэвт нэгдсэн чуулга уулзалтын “Монгол орны хөгжилд” X хуралд Д-р илтгэсэн "Хүүхдэд зориулсан бүтээлийн зохисгүй агуулгад тавьж буй хяналтын тухай- Японы жишээн дээр" илтгэлээс:

 Япон бол эрх зүйн хувьд Германы эрх зүйн системийг баримталдаг, шүүх тогтолцоо нь Англи, Америкын нөлөө ихтэй тул тус орны жишээгээр дамжуулан хүүхдэд зориулсан бүтээлийн зохисгүй агуулгад тавих хяналтын тухайд өрнө дахины нийтлэг практикыг энэ улсаас олж харах боломжтой гэж үзэж байна.

Хүүхдэд зориулсан бүтээлийн зохисгүй агуулгад тавьж буй Япон улсын тогтолцоог бүхэлд нь авч үзвэл дараах байдлаар ангилж болмоор санагдана. Үүнд:

  • Нэгдүгээрт, төрийн зүгээс тавьдаг хяналт. Энэ хяналтыг дотор нь шүүх эрх мэдлийн хүрээнд, гүйцэтгэх засаглалын эрх мэдлийн хүрээнд тус тус авч үзэж болохоор юм.
  • Хоёрдугаарт, орон нутгийн засаг захиргаанаас тавьдаг хяналт. Муж, хот тус бүрээс гаргасан журмуудыг энэ хүрээнд авч үзнэ.
  • Гуравдугаарт, төрийн бус байгууллагаас тавьдаг хяналт. Хэвлэлийн ёс суртахууны зөвлөлийн үйл ажиллагаа үүнд хамаарна.
  • Дөрөвдүгээрт, хэвлэлийн компаниудын хяналт. Үүнд, хэвлэлийн редакторуудын гүйцэтгэж буй үүрэг өндөр юм.

Төр. Шүүх эрх мэдлийн хүрээнд хяналтыг хэрэгжүүлсэн тохиолдол Японд ховор байдаг юм байна. Энэ нь хэвлэн нийтлэх эрх чөлөөний асуудал хөндөгддөгтэй холбоотой бололтой.

Орон нутаг. Орон нутгийн засаг захиргааны тухайд хүүхдэд зориулсан бүтээлийн зохисгүй агуулгад тавих хяналтыг журмаар зохицуулдаг. Японы нийт 47 мужийн 46 нь энэ харилцааг зохицуулсан журмыг 1950-1970 оны хооронд батлан гаргажээ. Журамд заасан нийтлэг хязгаарлалтаас дурдвал, хүүхдэд зохисгүй ном, тоглоомыг заан тогтоодог, номын дэлгүүрт зохисгүй номыг зарах газрыг тусад нь тавиулахаар журамладаг, хүүхдийг шөнө тодорхой шалтаангүй гадагш гарахыг хориглодог, хүүхдээс хуучин ном, бусад зүйлийг худалдан авахад асран хамгаалагчийн зөвшөөрөл шаарддаг гэх мэт заалтууд байдаг аж.

ТББ. Хэвлэлийн ёс суртахууны зөвлөл нь орон нутгийн журмууд гарсантай холбоотойгоор 1960-аад онд байгуулагдсан. Японы Хэвлэлийн жижиглэн борлуулалтын холбоо, Хэвлэлийн зуучлалын холбоо, Сэтгүүлийн холбоо, Ном хэвлэлийн холбоо зэрэг байгууллагууд хамтран уг зөвлөлийг бүрдүүлдэг. Жилд 3-5 удаа зохисгүй ном гэж тогтоогдсон бол сайн дурын үндсэн дээр борлуулалтыг хязгаарлаж, хориглох үйл ажиллагааг явуулдаг.

Хэвлэлийн компаниуд. Энд хяналтын тогтолцоо хамгийн идэвхитэй ажилладаг. Японд хэвлэлийн редактор нь тухайн хэвлэлийн компанийн ажилтан, мэргэжлийн өндөр ур чадвар, туршлагатай хүмүүс байдаг ажээ. Тэд зохисгүй агуулга хянах төдийгүй найруулга, утга санааны хувьд тухайн бүтээлийг төгс болгохын тулд их зүйлийг хийдэг. Манайд энэ тогтолцоо сул, бүтээл гаргагч нь өөрөө редактороо хайж олдог тул чанаргүй бүтээл гарах нь олон. Японд телевиз, радио зэрэг медиа байгууллагад хууль, журмаар тогтоогүй боловч зан заншлын хүрээнд баримталдаг зарчим бий. Үүний жишээ нь бусдыг ялгаварлан гадуурхсан, бүдүүлэг үг хэллэгийг эфирт хэрэглэхийг хориглосон явдал юм.

Өөрөөр хэлбэл зохисгүй агуулгад тавих хяналт нь хэвлэн нийтлэх эрх чөлөөг ямар нэг хэмжээнд хөнддөг тул “сайн дур”-ын шинжтэй буюу мэргэжлийн редактор гэх хувь хүний ур чадвараас хамааралтай байх нь элбэг. Гэвч сайн дурын хяналт хууль шиг хэрэгжиж чаддаг, мөн орон нутгийн захиргааны байгууллага илүү оролцоотой болохыг илтгэлийг бэлдэх явцдаа ажиглав. Төрийн үйлчилгээг иргэнд хамгийн дөт үзүүлдэг газар бол орон нутаг. Тиймээс хүүхдэд зориулсан бүтээлийн зохисгүй агуулгад хяналт тавих нийслэл, орон нутгийн эрх мэдлийг эрх зүйн хүрээнд өргөтгөх нэг шийдэл байж болох юм. 

 

П.Наранбаяр

 

Сэтгэгдэл бичих

arrow icon