Нийтлэл 12 сарын 02, 2015

Зукербэргээс охиндоо бичсэн захидал: Илүү сайн сайхан дэлхийн төлөө  

Хайрт охин Максдаа 

Чи бидэнд ирээдүйн төлөөх ямар их итгэл найдвар өгснийг илэрхийлье гэвч ээж бид хоёрт нь үг дутаж байна. Чамайг аз жаргалтай, эрүүл саруул амьдарч  шинэ амьдрал чинь итгэл найдвараар дүүрэн гэдгийг нээж мэднэ гэж найдаж байна. Чи төрөнгүүтээ л бидэнд амьдран буй дэлхий ертөнцийнхөө талаар тунгаан бодох шалтгаан болж өглөө.

Бүхий л эцэг эхийн адилаар бид чамайг өнөөдрийхөөс илүү дээр дэлхий дээр амьдраасай гэж хүснэ. Сонины толгой гарчгууд дандаа л муу мэдээнд зориулагддаг ч дэлхий ертөнц сайжирсаар л байна. Эрүүл мэнд сайжирч байна, ядуурал багасч байна, мэдлэг тэлж байна. Хүмүүс хоорондоо холбогдож байна. Салбар салбар дахь технологийн дэвшил бол та нарын амьдрал бид нарыхаас дээр байхын шинж.

Бид хоёр ч тийм байлгахын төлөө өөрсдийн чадах зүйлийг хийх болно. Чамд хайртай болохоор, бас дараагийн үе, хүүхдүүдийн өмнө бид бүгд ийм ёсзүйн үүрэг хариуцлагатай болохоор тэр.

Аав ээж хоёр нь бүх амьдрал адилхан үнэ цэнэтэй гэж итгэдэг, үүнд өнөөдөр төдийгүй маргааш амьдрах хүмүүс ч орно. Хүний нийгэм одоо амьдарч байгаа төдийгүй цаашид ч мэндлэх хүмүүсийнхээ төлөө хөрөнгө оруулалт хийх үүрэгтэй юм.

Гэхдээ одоогоор хүмүүс ирээдүй үед тулгарах асуудлын талаар шийдэхэд бүх нөөцөө чиглүүлж хамтран ажиллаж чадахгүй байна.

Өвчнийг бодоод үз. Өнөөдөр бид судалгаанд зарцуулж урдчилан сэргийлж чадсан бол зарах байснаас 50 дахин их зардал эмчилгээнд зарцуулж байна. 

Эм, эмчилгээ жинхэнэ шинжлэх ухаан болж хөгжөөд дөнгөж 100 жил өнгөрч байгаа ч зарим өвчнийг анагаахад их ахиц гарч байна. Өнөөдөр ихэнх нас баралт таван өвчнөөс үүддэг: зүрх судас, хавдар, шигдээс, тархи мэдрэлийн, халдварт. Хүмүүс энэ 5 төрөл болон бусад асуудлын хувьд ч амжилттай шийдлүүд олж урагшилсаар байна.

Бид чиний үеийнхэн ийм өвчнөөр өвдөж байх албагүй гэдгийг ойлгож чадвал ирээдүйн төлөө хамтран хөрөнгө оруулах үүрэгтэй. Ээж бид хоёр чинь өөрсдийн чадах хувь нэмрийг оруулах болно.

Өвчнийг анагаахад цаг хугацаа шаардагддаг. 5 юм уу 10 жилийн дотор дорвитой өөрчлөлт харагдахгүй байж болно. Гэхдээ урт хугацаанд өнөөдөр суулгасан үр жимсээ өгч, нэг өдөр та нарын үед бидний хувьд зөвхөн төсөөлж л чадах тийм ертөнц бий болно: өвчингүй дэлхий.

Үүн шиг боломж өөр зөндөө бий. Бидний нийгэм энэ мэт их хэрэгт эрч хүчээ зориулж чадвал та нарт хамаагүй дээр дэлхийг үлдээж чадна.

Та нарын үед хандсан бидний итгэл найдвар хоёр гол хэсэгтэй: хүний нөөц боломжийг улам нээн хөгжүүлэх, эрх тэгш байдлыг дэмжих.  Эхний хэсэг нь хүн, хүний амьдрал ямар гайхамшигтай байж болдог тухай юм. Дараагийх нь хүн бүрт үндэстэн, гэр бүл, нөхцөл байдлаас хамааран ижил тэгш боломж бүрдүүлэх тухай. Өнөөдөр бид маш олон хүний потенциалыг хөгжүүлэхгүй алдаж байна. Энэ боломжоо бүрэн ашиглах цорын ганц зам бол хүн бүрийн авъяас, санаа, хувь нэмрийг зөв чиглүүлэх.

  • Ингэхийн  тулд бид 25, 50, 100 жилийн урт хугацаанд алсын хараатай хөрөнгө оруулалт хийх хэрэгтэй.
  • Бид хүмүүсийг ойлгож, хүчирхэгжүүлэхийн тулд тэдэнтэй шууд  харилцах, оролцуулах ёстой.
  • Бид өөрчлөлтийн төлөө технологийг бий болгож хөгжүүлэх ёстой.
  • Бид улстөрд, харилцан яриа, хэлэлцүүлэгт оролцоотой байх ёстой.
  • Бид талбар болгоны хамгийн бие даасан, хамгийн хүчирхэг лидерүүдийг дэмжиж ажиллах ёстой.
  • Бид маргааш юу болохгүйг мэдэхийн тулд өнөөдөр аз туршиж эрсдэлийг таних ёстой.

• • •

Аав ээж хоёр нь авъяас чадвар нь өөр байсан ч бүгд нэг ангид суугаад ижилхэн зүйл сурдаг тийм системээр өсөж хүмүүжсэн. Харин та нарын үе өөрийн зорилгоо тодорхойлно. Та нарын үед чи юуг сурвал хамгийн авъяастай, юунд төвлөрвөл сайныг заах технологитой болно. Хувь хүн бүрийн онцлогт тохируулсан сургалт бүх хүүхдэд илүү дээр боловсрол, илүү тэгш боломж олгох болно.

Бид ийм технологийг бүтээж эхэлсэн, үр дүн нь ч сайн харагдаж байна. Оюутнууд илүү сайн дүн аваад зогсохгүй, өөртөө итгэлтэй, юу сурмаар байгаагаа сурч ур чадвар олж байна. Энэ бол аялалын дөнгөж гараа нь.

Бид хамтдаа энийг хийж чадна. Бид хувь хүн бүрт тохируулсан сургалтыг нэвтрүүлж чадвал энэ нь зөвхөн сайн сургуулийн оюутнууд төдийгүй интернэтэд холбогдсон хүн бүрт ижил боломж болох болно.

Чиний үеийнхний хувьд маш олон сайхан боломжийн олонх нь интернэтэд холбогдохоос эхлэнэ. Зарим нь интернэтийг зугаа, харилцаа холбоо гэж боддог, гэхдээ олон хүний хувьд интернэт эцсийн найдвар ч байж мэднэ.  Интернэт 10 хэрэглэгч тутмын нэгийг ядуурлаас гаргаж, нэгнийх нь хувьд шинэ ажил үүсгэдэг. Гэтэл дэлхийн хүн амын талаас илүү нь, 4 тэрбумаас олон хүн интернэтэд холбогдоогүй байна. Бид тэднийг холбосноор сая сая хүнийг ядуурлаас гаргаж, сая сая хүүхдийг боловсролтой болгож, сая сая амьдралыг эрүүл мэндийн зөв мэдээллээр аварч чадна.

• • •

Технологи бүх асуудлыг өөрөө шийдэж чадахгүй. Илүү сайн сайхан дэлхий хүчирхэг, эрүүл нийгмүүдийг бүрдүүлэхээс эхлэнэ. Хүүхдүүд суралцаж чадвал хамгийн их боломж бий болдог. Тэд суралцсан бол илүү эрүүл байж чаддаг. Бага байхдаа зовлон үзсэн хүүхэд бие сэтгэлийн хувьд эрүүл мэндээр доройтдог.  Ээж чинь эмч, сурган хүмүүжүүлэгч учир үүнийг сайн мэддэг. Чи идэх хүнс, өмсөх хувцас, гэмт хэрэг, хүчирхийллээс айж өсвөл чи яаж өөрийн потенциалаа бүрэн дүүрэн гаргах вэ? Чи арьсны өнгө, шорон, айдас, гэр бүл, хүчирхийлэл, шашин, бэлгийн чиг хандлага, хүйсийн ялгаа энэ мэт асуудалд орооцолдож өсвөл яаж бүрэн дүүрэн хөгжих вэ?

Бидэнд энэ бүх асуудал хоорондоо холбоотойг ойлгох институцууд хэрэгтэй. Ээжийн чинь барьж байгаа шинэ төрлийн сургуулийн философи ч үүнтэй холбоотой. Сургууль, эрүүл мэндийн төвүүд, эцэг эх, орон нутгийн захиргаа хамтарсан ийм загварыг хөгжүүлэхэд цаг хугацаа шаардагдана. Гэхдээ энэ бол өмнө дурдсан хүнийг нээж хөгжүүлэх, тэгш боломжоор хангах хоёр хоорондоо ямар нарийн уялдаатайг харуулах бас нэг жишээ юм.  Аль нэгийг нь л хүсч л байгаа бол бид эрүүл, хэнийг ч ялгаврлаагүй коммюнитиг бүтээх ёстой.

 • • •

Та нарын үеийнхэнд илүү сайн сайхан дэлхийг үлдээхийн тулд бидний үеийнхэнд хийж чадах юм маш олон байна.

Өнөөдөр ээж бид хоёр чинь өөрсдийн амьдралыг иймэрхүү сорилт, зорилтуудыг шийдэхэд өчүүхэн боловч хувь нэмэр оруулахад зориулахаа амлаж байна. Би цаашид олон жил Фэйсбүүкийн CEO хийнэ, гэхдээ эдгээр ажлууд хөгширтлөө хүлээнэ гэж хойш тавихын аргагүй дэндүү чухал байна. Залуу байхаасаа эхэлж ажиллах замаар цаашид ямар үр дүн өгөхийг харах боломж гарна гэж бид хоёр найдаж байгаа.

Чан Зукербергийн шинэ үе чамаас эхэллээ, бид үүнийг тохиолдуулаад хүний боломжийг нээн хөгжүүлэх, ижил тэгш боломж өгөх хоёр зорилгынхоо төлөө Чан Зукербергийн Хөтөлбөр эхлүүллээ. Бидний эхний ажлууд, хувь хүнд тохируулсан сургалт, анагаах, хүмүүсийг холбох, илүү хүчирхэг коммюнити бүтээхэд төвлөрнө.

Бид одоогоор 45 тэрбум долларын үнэлгээтэй Фэйсбүүкийн хувьцааныхаа 99 хувийг энэ зорилгодоо хүрэхийн төлөө зарцуулна. Бусад их үйлсийг эхлүүлж буй хүмүүсийн дэргэд бага ч бусадтай хамтарч, өөрсдийн чадах зүйлээ хийж үзэх болно.

Бид гурав гэр бүлийн амьдралын шинэ хэмнэлдээ дасаж, хүүхэд харахаар авсан чөлөө дуусмагц илүү дэлгэрэнгүй мэдээлэл өгнө.

Аав ээж болж, амьдралынхаа нэг шинэ бүлгийг эхлүүлж байгаа энэ өдөр ийм боломжийг бидэнд бүрдүүлж өгсөн хүн бүхэнд чин сэтгэлийн угаас талархал илэрхийлж байна.

Бид хоёр төлөвлөсөн ажлуудаа хийж чадна гэж найдаж байна, учир нь бидний ард хүчирхэг глобал коммюнити бий. Фэйсбүүк бий болсноор дараагийн үеийн төлөө хүний дэлхийг илүү сайн сайхан болгоход хэрэгтэй нөөц шинээр бий болсон. Фэйсбүүк хэрэглэгч хүн бүр энэ ажилд өөрийн гэсэн хувь нэмрийг оруулж буй.

Бид ийм их хэрэг, ажил үйлсийг мэргэжилтнүүд, хайртай гэр бүл, үргэлж дэмжиж байдаг найз нөхөд, гайхалтай мундаг хамтран ажиллагсадгүй бол хийж чадахгүй. Аав ээж хоёр нь чамайг ч бас ийм сайхан гүн гүнзгий, урам зориг өгдөг харилцаагаар дүүрэн амьдрал хүлээж байгаа гэж найдаж байна.

Макс, аав ээж хоёр нь чамд хайртай, бас дэлхийг чамд болон бусад хүүхдэд арай дээр газар болгож үлдээх асар их үүрэг хариуцлага өнөөдөр мэдэрч байна. Чиний бид хоёрт өгсөн шиг л  хайр, итгэл, аз жаргалаар дүүрэн амьдрал чамдаа ерөөе. Чамайг энэ дэлхийд юу авчрахаар ирснийг нь харах хүслээр дүүрэн аав ээж хоёроос нь.

 

2015/12/02 Марк Зукерберг, Присцила Чан

 

Сэтгэгдэл бичих

    • Зочин
    • 2015-12-03

    neg iim technologyiin hun Mongold garaad irehgui yum bhdaa

    • Зочин
    • 2015-12-03

    aguu yumaa aguu yum

arrow icon