Нийтлэл 01 сарын 17, 2016

ҮНДСЭН ХУУЛИЙН ЦЭЦ БАЙХ ЁСТОЙ ИНСТИТУЦИ МӨН ҮҮ? - Үл хөдлөх эд хөрөнгийн барьцаанд холбогдох Цэцийн шийдвэрээс үүдэлтэй эргэцүүлэл

Монгол Улсын Үндсэн хуулийн өдөр буюу 2016 оны 1-р сарын 13-нд www.itoim.mn хуудаст Үндсэн хуулийн цэцийн дарга Ж. Амарсанаа ярилцлага өгчээ.[1] Энэ ярилцлагад тэрээр манай улс эх газрын тогтолцоо, нэн ялангуяа ХБНГУ-ын Үндсэн хуулийн тогтолцоог жишиг болгосон гэж хэлжээ. Түүний энэ ярилцлагаас өмнө УИХ-ын гишүүн Х. Тэмүүжин Үндсэн хуулийн цэцэд холбогдож “Манах ёстой хуулиа машинаар солиод сууж байгаа нь эмгэнэл” хэмээн нэлээн хатуухан үгтэй ярилцлагыг мөн хуудаст өгсөн байна.[2]

Энэхүү нийтлэлээр Монголын Үндсэн хуулийн цэц төрийн байгууламжид ямар үүрэгтэй оролцох ёстой юм бэ?, Үндсэн хуулийн цэц гэдэг байгууллага байх ёстой институци мөн үү? гэдгийг германы Үндсэн хуулийн эрх зүйн үүднээс эргэцүүлж үзье. Эцэст нь үл хөдлөх эд хөрөнгийн барьцаа, үүсээд байгаа ипотекийн зээлийн асуудалтай холбогдуулан товч тайлбар өгье.

(1) ХБНГУ-ын Үндсэн хуулийн шүүхийн төрийн байгууламж дахь үүрэг

Шүүх ялгавартайгаар шудрага ёсыг тогтоодог, улс төрийн хувьд савласан, эдийн засгийн хувьд дэлхийн эдийн засгийн хямрал ба дайны өр төлбөрөөс болж тогтворгүйжсэн Ваймарын Бүгд Найрамдах Улс гэх ардчилсан улсад Адолф Гитлер засгийн эрхийг авч европын соёлт нэгэн улсад хахир хатуу дарангуйлалын төр бий болж, хүн төрөлхтөнд гай гамшиг, хохирлыг амсуулсан билээ.[3] Дэлхийн II дайны дараа германчууд оюун санааны хувьд ухаажиж, хүнээр бол насанд хүрч, хариуцлагатай төрийн институцүүдийг бүтээсэн ба дайны дараахи үеийнхэний сэтгэлгээ, ажилд хандах хандлага өнөөгийн германы нийгмийг чиглүүлсээр ирсэн.

1951 онд байгуулагдсан ХБНГУ-ын Үндсэн хуулийн шүүх нь төрийн ноён нуруу болсон, хариуцлагатай, мэргэжлийн хуульчдын байгуулага болж хөгжиж, германы улс төр, эдийн засаг, эрх зүйн шинэчлэлд луужин болж ирээдүйн замыг тодорхойлж өгч иржээ. Үүний наад захын жишээ нь Улс төрийн намын санхүүжилтийг хуульчлах, шинэчлэх асуудалд Үндсэн хуулийн шүүх хүчтэй нөлөөлж ирсэн ба өнгөрсөн 60 жилийн хугацаанд энэ салбарт Үндсэн хуулийн шүүхийн шийдвэрүүд нэлээдгүй гарч, үзэл баримтлалын хувьд ч цаг үеээ дагаад хувьсаж, хөгжиж ирсэн байна.[4]

ХБНГУ-ын Үндсэн хуулийн шүүх нь улс төрийн шийдвэр нэг туйлаас нөгөө туйл уруу хэт савласан туйлширалд хүргэхээс хамгаалдаг инстутуц байх ёстой гэсэн зарчмыг дэлхийн II дайны дараахи үеийн германчууд Ваймарын улсын сургамжаас үүдэж хатуу баримталсан.[5]

Хууль тогтоогч Үндсэн хуулийн үзэл баримтлал буюу улсын дотор Үндсэн хуулийн түвшинд эрхэмлэх ёстой үнэт зүйл, эрхэм чанаруудыг сахиж байна уу? гэдэгт хяналт тавьдаг институц бол ХБНГУ-ын Үндсэн хуулийн шүүх мөн. Өнөөг хүртэл ХБНГУ-ын Үндсэн хуулийн шүүхийн шийдвэрүүд нь Үндсэн хуулийн агуулгыг тодруулж тайлбарласан, хууль тогтоогч тухай бүр харгалзаж үзэж анхаарах ёстой хэм хэмжээ болж иржээ.[6]

Практикт хууль тогтоогч хуулийн хэлэлцүүлэгтээ Үндсэн хуулийн шүүхийн шийдвэрийг байнга харгалзан үздэг ба Үндсэн хуулийн шүүхийн шийдвэр нь аливаа хуулийн хэлэлцүүлгийн угтвар өгөгдөл болдог. [7]  Жирийн герман иргэдийн хувьд Үндсэн хуулийн шүүхийн шийдвэрт нийцсэн хууль гэдэг нь баталгаатай, итгэж болох, найдвартай зүйл гэсэн итгэлийг өгдөг. Энэ нь улс төрчдөөс (даргаас) илүү хууль шүүхэд (хуульч, шүүгчид) итгэх герман хүний угуул итгэл, хүмүүжлээс (христийн шашинд үндэслэсэн европ соёлоос) эхтэй.[8]

(2) МУ-ын Үндсэн хуулийн цэцийн төрийн байгууламж дахь үүрэг

Монгол Улсын тухайд 1992 оны Үндсэн хууль батлагдсанаас хойш 24 жилийн хугацаанд монголын парламент хуулийн хэлэлцүүлэгтээ Үндсэн хуулийн цэцийн шийдвэр, тайлбарыг харгалзаж үзэж байсан уу? гэвэл эргэлзээтэй.

Учир нь Үндсэн хуулийн цэц шийдвэрээ ХБНГУ-ын Үндсэн хуулийн шүүх шиг Үндсэн хуулийнхаа үзэл санааг дэлгэрүүлэн тайлбарлаж, хөгжүүлж улсын дотор эрхэмлэх үнэт зүйл, үнэт зарчмуудыг бүтээдэггүй.

Өнгөрсөн 24 жилийн хугацаанд Монгол Улсын Үндсэн хуулийн үзэл санаа улам бүр бүдгэрч иржээ. Үүнийг хэт үндсэрхэг үзэлтнүүд ба социализм коммунизм хавиар сэтгэгчид, анархист төргүйн үзлийг номлогчдын дунд байгаа чиг баримжаагүй, юуны төлөө нэгдэхээ мэдэхгүй атал тэмцэх хүсэлтэй улайрч халуурсан өнөөгийн дүр төрх тод илтгэнэ. Манай улсад голч, төвч, ноён нуруу болсон, биднийг нэгтгэсэн хүсэл эрмэлзэл, зарчим, үнэт зүйл байхгүй болж бид олон туйлширсан бүлэглэлүүдэд хуваагджээ. Үндсэн хуулийн мөн чанар нь ийм байдалд хүргэхгүй байх явдал байсан юм.

Үндсэн хуулийн үзэл баримтлал буюу биднийг нэгтгэх голч, төвч зарчмыг үйлдвэрлэх ёстой байгууллага бол Үндсэн хуулийн цэц. Цэц өнгөрсөн хугацаанд үүргээ биелүүлж чадсангүй. Цэц улсын дотор Үндсэн хуулийн үзэл санааг хөгжүүлэгч, дэлгэрүүлэгч байх ёстой гэсэн ойлголт ч монголд нийтийн ой тойнд бууж амжаагүй аж.

Монгол Улсад Үндсэн хуулийн цэцийг шүүх мөн, биш гэсэн маргаан сүүлийн 20 гаруй жилд үргэлжилж ирсэн. Монголын хуульчид академик асуудалд хэт анхаарлаа хандуулж амьдралаас тасарч ирсэний шалтгаан нь Үндсэн хуулийн цэц хэмээх байгууллага өөрөө практик асуудал шийдэх шүүх засаглалд хамаарах институц бус харин улс төрийн байгуулал байхаар заасан Үндсэн хууль, Үндсэн хуулийн процессийн эрх зүйтэй шууд холбоотой.

(3) ХБНГУ-ын Үндсэн хуулийн шүүхийн шүүгчийг томилох процедур         

ХБНГУ-ын Үндсэн хуулийн шүүхийн шүүгчээр Шүүхийн тухай хуулийн дагуу шүүгчээр томилогдох эрхтэй хуульчдыг томилдог.[9] Үндсэн хуулийн шүүхийн шүүгчээр олон жилийн турш Үндсэн хуулийн эрх зүйгээр дагнан судалгаа хийсэн мэргэжлийн хуульч-профессорууд эсвэл дээд шатны шүүх хүртэл (монголчилбол улсын дээд шүүх ба аймаг, нийслэлийн шүүх) дан шүүхийн тогтолцоогоор өсч хүмүүжсэн мэргэжлийн шүүгчдийг томилсоор ирсэн.[10] ХБНГУ-ын Үндсэн хуулийн шүүх нь хууль тогтоогчийг цэвэр мэргэжлийн хуульчдын багаар хянуулах мэргэжлийн хяналтын тогтолцоо юм. ХБНГУ-ын Үндсэн хуулийн шүүгчдийг өндөр мэргэшлийн шаардлага хангасан олон тооны нэр дэвшигчдийг агуулсан жагсаалтыг харгалзаж, улс төржүүлэхгүйгээр зөвхөн томилоход чиглэсэн парламентийн тусгай процедураар нэг удаа 12 жилийн хугацаатайгаар сонгодог.[11]

(4) МУ-ын Үндсэн хуулийн цэцийн гишүүнийг томилох процедур

Монгол Улсад Үндсэн хуулийн цэцийн гишүүнээр мэргэжлийн хуульчид бус харин уул уурхайн ашиглалтын инженер, түүх газарзүйн багш гээд хуульч бус хүмүүс ч томилогдох боломжтой.

Үндсэн хуулийн цэцийн гишүүдийг Улсын Их Хурлаас 6 жилийн хугацаатай томилдог ба УИХ хэдэн ч удаа дахин томилж болно. Өөрөөр хэлбэл, Үндсэн хуулийн гишүүнээр 6 жил ажилласныхаа дараа дахин сонгогдохын тулд УИХ-д таалагдах эсвэл өөр ажил олж хийх сонголтыг Үндсэн хуулийн цэцийн гишүүд хийх ёстой болдог. Үүнийг Ж. Бямбадорж “Монгол Улсын Үндсэн хуулийн тайлбар” номд ил тодоор шүүмжилжээ: [12]

“Улсын Их Хурлын гишүүдийн санаа бодолд төдийлөн нийцээгүй шийдвэр Цэц гаргасны дараахан бүрэн эрхийн хугацаа нь дуусаж байгаа гишүүн дахин томилогдохын тулд хүн л юм хойно түүнийг царайчлах, сэтгэлзүйн дарамтад орох, ам өгөх, таалагдах гэж оролдох зэрэг шаардлага аяндаа гардаг байна. Шинээр томилогдохоор нэр дэвшиж байгаа хүмүүст мөн адил. ”

Манай улсын Үндсэн хуулийн цэцэд олон удаа улируулан томилогдсон гишүүд байдаг. Энэ хүмүүс дахин дахин томиглогдохдоо тухай бүр улс төрчөөс, улс төрийн намуудаас хараат байсан. Энэ нь Үндсэн хуулийн цэц хэмээх байгууллага нь шүүх бус, харин улс төрийн институц болохыг тод харуулж байна.

Урьд хуульзүйн сайд байсан Х. Тэмүүжин, Ц. Нямдорж нар олон нийтийн мэдээллийн хэрэгслээр Үндсэн хуулийн цэцийг “Үндсэн хуулиа зарж идэж байгааг” зарлалаа.[13] Энэ нь улс төрийн наймаа хэмээх аалзны торонд Үндсэн хуулийн цэц нэгэнт орсныг илтгэнэ. Үндсэн хуулийн анхны үзэл санааг дагавал Үндсэн хуулийн цэц улс төр хэмээх аалзны торны гадна байх Үндсэн хууль хэмээх мөнхийн ашиг сонирхолыг номлогч гэгээнтэн байх ёстой юм.

Үндсэн хуулийн цэцийн гишүүдтэй холбоотой цахим ертөнц дэх ёс зүйн шуугиан, эсэргүүцэл Үндсэн хуулийн цэц хэмээх институцэд итгэх олон түмний итгэлийг үгүй хийсэн. Үүнд олон түмний буруу гэж байхгүй. Үндсэн хуулийн цэцийн гишүүд үлгэр дуурайл үзүүлэх ёс зүйтэй, төвийг сахисан шүүгч байх хэмжээний хуульчид биш байгаад л асуудлын мөн чанар оршино.

Ипотекийн зээлтэй холбоотой маргаан, шуугиан, эсэргүүцэл дээд цэгтээ тулж, сүүлдээ Үндсэн хуулийн цэц иргэдийнхээ эсрэг Тагнуулын газарт хандлаа. Үндсэн хуулийн цэц гэдэг нь иргэний, ардчилсан нийгэмд хүнийг, хүний эрхийг дээдэлсэн Үндсэн хуулийн энэрэнгүй зарчмыг дэлгэргүүлэн тайлбарлаж, хөгжүүлж, иргэний итгэл, хүндэтгэлийг хүлээсэн нэр хүндтэй институц байх ёстой. Гэтэл одоо бүх зүйл эсэргээр эргэжээ. Үндсэн хуулийн цэц өөрөө иргэдийнхээ эсрэг Тагнуулд хандаж байна. Энэ бол зөвхөн монголд байдаг эмгэнэлт инээдмийн жүжиг мөн.

(5) ХБНГУ-ын Үндсэн хуулийн шүүхийн хэлэлцэх маргаан, процедур - Монголыг жишээгээр тайлбарлавал

ХБНГУ-ын Үндсэн хуулийн шүүх нь мөн чанарын хувьд монголын Үндсэн хуулийн цэцээс эрс ялгаатай. ХБНГУ-ын Үндсэн хуулийн шүүх нь

  • Үндсэн хуулийн дагуух эрх хэмжээний хүрээ хязгаарыг тодорхойлох төрийн институцүүдийн хоорондын маргаан,
  • төрийн институцүүд, парламентийн нам, фракцуудын үндсэн хуулийн эрх хэмжээний талаархи асуулгад үндэслэсэн үндсэн хуулийн тайлбар,
  • хэрэг маргаан шийдвэрлэж байгаа шүүхийн хүсэлтээр хууль Үндсэн хуульд нийцэж байгаа эсэх талаар дүгнэлт гаргах

зэрэг хуулиар тусгайлан заасан төрийн институтуудын хүсэлтээр Үндсэн хуульд холбогдох тайлбар дүгнэлт гаргадаг.[14] Энэхүү институтийн маргаанд дугаар хорооны иргэд гүйгээд орчихдоггүй.

Дугаар хорооны иргэн ХБНГУ-ын Үндсэн хуулийн шүүхэд өөрийн зөрчигдсөн эрх, хөндөгдсөн эрх ашгаа хамгаалах зорилготойгоор л хандах эрхтэй. Ингэхдээ үндсэн зарчмын хувьд дугаар хорооны иргэн эхлээд шүүхийн анхан, дунд, дээд шатыг бүгдийг дамжиж байж Үндсэн хуулийн шүүхэд хандах эрхтэй болдог.[15]

ХБНГУ-ын Үндсэн хуулийн шүүх нь ийм замаар тодорхой хэрэг маргааныг шийдвэрлэх буюу амьдралын тодорхой тохиолдлын хувьд голчлон шийдвэр гаргадаг. Ийм тохиолдол нь Үндсэн хуулийн шүүхийн нийт процессийн 99 хувийг эзэлдэг байна.[16]

Монголд одоо яригдаж буй ипотекийн зээлийн асуудлаар жишээ авбал ипотекийн зээл авах гэж байгаа иргэн эсвэл зээл олгогч банк өөрийн Үндсэн хуулийн эрхийг зөрчлөө гэж ХБНГУ-ын Үндсэн хуулийн шүүхэд хандах эрхтэй.

Хэн, ямар нам, ямар эдийн засгийн явцуу бүлэглэл, ямар компани ард нь байна вэ? гэдэг нь мэдэгдэхгүй “яагаад ч юм нэг тийм сэнтэг, нийгмийн идэвхитэй, цаг завтай” дугаар хорооны иргэн Дулмаа биш, харин хуулиар эрх нь зөрчигдөж хохирсон эсвэл хохирох боломжтой өөрийнхөө төлөө, мөнгөнийхөө төлөө, хувь заяаныхаа төлөө тэмцэж байгаа Дулмаа л ХБНГУ-ын Үндсэн хуулийн шүүхэд хандах эрхтэй байдаг.

ХБНГУ-ын Үндсэн хуулийн шүүхийн мөн чанарыг ойлгосон, сурсан дундаж герман хуульч монголын Үндсэн хуулийн цэцтэй нарийн сайн танилцвал Үндсэн хуулийн цэц бол парламентийн гадна байгуулагдсан шүүхийн бус улс төрийн институц гэж дүгнэх байсан. Дугаар хорооны иргэн Дулмаа дураараа гүйж очиж мэдээлэл гаргаад парламентаар хэлэлцэж баталсан хуулийг унагаадаг монголын тогтолцоог огт ойлгохгүй. Процедуртай, хамтын удирдлагатай, институцийн тогтолцоотой ХБНГУ-ын Үндсэн хуулийн шүүхийг мэддэг герман хүн монголд ҮХЦ-ийн гишүүд + мэдээлэл гаргагч дугаар хорооны иргэн буюу ердөө 9+1 оролцоотой парламентийн шийдвэрийг унагааж, хууль тогтоох үйл явцыг улам зардалтай болгож, улам их улс төржүүлж, тэмцэлдүүлж байгааг ойлговол германд ийм зүйл байдаггүй юм шүү гэж толгой сэгсрэх байсан. Социализм, орчин үеийн парламентийн ардчилалын тухай мэддэг нэг нь Үндсэн хуулийн цэц гэдэг чинь парламентийн гадуур байгуулагдсан социализмын үеийн улс төрийн товчоо маягийн улс төрийн байгууллага юм биш үү? эсвэл энэ чинь хууль хүчингүй болгох эрхтэй парламентийн гадна байдаг Өргөдлийн байнгын хороо юу? гэж эргэлзэж асуух байсан.

(6) ХБНГУ-ын Үндсэн хуулийн шүүх бидэнд ахадсан ганган Ферари юу?

ХБНГУ бол 80 гаруй сая хүн амтай, эдийн засгийн нөлөөтэй, хүчтэй лоббитой жижиг дунд үйлдвэрлэл, худалдааны компаниудтай (Mittelstand) хөгжсөн европын улс юм. ХБНГУ-ын хууль зүйн ертөнцийн хөгжилд өөртэй итгэлтэй, том компани ба эдийн засгийн эрх ашгийн нэгтгэлүүдийн эсрэг дуу гаргах чадалтай Mittelstand-ынхан жинтэй үүрэг гүйцэтгэж ирсэн.

ХБНГУ бол мөнгөтэй баян улс. ХБНГУ олон тооны өндөр зэрэглэлийн том их сургуулиад байдаг. ХБНГУ-д нийт 420 гаруй их дээд, сургуульд 2015/2016 онд нийт 2,8 сая оюутан бүргүүлсэн байна.[17] ХБНГУ-д нэгж бүр нь 30 мянга орчим тооны оюутантай 107 их сургууль байдаг. Энэ их сургуулиад бүгд Үндсэн хууль, төрийн эрх зүйн чиглэлээр дагнаж судалгаа, сургалт хийдэг 1 ба түүнээс дээш тооны тэнхимтэй хууль зүйн факултеттай. Үүний дээр ХБНГУ-д Үндсэн хууль, төрийн эрх зүйгээр дагнан судалгаа хийдэг төрийн санхүүжилттэй институтууд бий. Өөрөөр хэлбэл, ХБНГУ-ын Үндсэн хуулийн шүүхэд нэр дэвших боломжтой хуульч-профессоруудын тоо их учир, төдий хэмжээнд өндөр чадвартай боловсон хүчний нөөцтэй. ХБНГУ-д шүүгч болох, шүүгч шүүхийн системдээ албан тушаал дээшилж дээд шатны шүүхэд очих зам мөн адил өрсөлдөөнтэй, төдий хэмжээгээр Үндсэн хуулийн шүүхэд очих хуульч-шүүгчдийн чанар өндөр байдаг.

Монголд өрнөж буй Үндсэн хуулийн цэцийн шинэчлэлтэй холбогдсон хэлэлцүүлэг нь ХБНГУ-ын жишигт Үндсэн хуулийн цэцийг ойртуулах зорилготой байна. Х. Тэмүүжин гишүүн ийм хүсэл эрмэлзэлтэй шинэчлэлийн талаар ярьжээ.[18]

Гол төлөв уул уурхайгаас эхтэй мөнгөний цөөн эх үүсвэртэй манай улсад ХБНГУ-ын мэргэшсэн тогтолцоо зохих уу? аль эсвэл ХБНГУ-ын Үндсэн хуулийн шүүх манай шороон замд таарахгүй ганган Ферари юу? Манай улс Үндсэн хуулийн цэцийн “мөрөөдлөө биелүүлээд” цаасан дээр ХБНГУ-ын Үндсэн хуулийн шүүхтэй ижил процедуртай боллоо гэж бодъё. Чингэвэл манай улсад Үндсэн хуулийн цэцэд гишүүн хийх 40 нас хүрсэн Үндсэн хуулийн эрх зүйгээр дагнан судалгаа хийсэн хуульч-профессорууд хэд байна вэ? Зөвхөн Үндсэн хуулийн цэцэд хэдэн хүн суухаар Үндсэн хууль хөгжчихдөг юм биш. Гаднаас нь хатгаж, шүүмжилж, иргэд компаниудыг Үндсэн хуулийн цэцэд хандахад чиглүүлж өгдөг нийтлэлч хуульч-профессорууд, өмгөөлөгчид хэрэгтэй. Тийм нийтлэлч-хуульч, өмгөөлөгчид монголд хэд байна вэ?

(7) Үндсэн хуулийн шүүхгүй улсууд дэлхийд олон бий

Бид нар бодол санаагаа, зорилгоо зөвхөн германы эрх зүй, ХБНГУ-ын Үндсэн хуулийн шүүхэд уях шаардлагагүй. Үндсэн хуулийн шүүхгүй улсууд дэлхий дээр олон бий. Үндсэн хуулийн шүүхгүй классик улсуудын нэг төлөөлөгч бол Их Британи. Их Британид парламентийн гаргасан бүх хууль ижил түвшинд байдаг гэсэн онол байдаг боловч практик дээр Үндсэн хуулийн хэмжээнд гэж хэлж болох эрхэмлэх үнэт зүйл, үнэт зарчмыг тогтолцоо бий.[19] Их Британийн Дээд шүүх хүний эрхийн асуудалд үндсэн хуулийн шүүхийн хэмжээнд улсын дотор жишиг тогтоож ирсэн.

Манай улсад ч гэсэн Улсын дээд шүүх Үндсэн хуулийн хүний эрхийн хэсгийг тайлбарлаж дүгнэлт гаргадаг, ингэхдээ Үндсэн хууль зөрчсөн гэж үзэж байгаа хуулиа хүчингүй болгох эрхгүй байх зохицуулалттай байж болно. Улсын дээд шүүхийн гаргасан Үндсэн хуулийн талаархи дүгнэлтэд үндэслэж улс төрчид, иргэний нийгмийнхэн парламентад шахалт үзүүлж тухайн хуулийг өөрчилдөг нээлттэй тогтолцоотой байж болно.

Энэ нь иргэдийн сүүлчийн найдвар, төрийн ноён нуруу байх учиртай шүүх засаглалыг улс төрөөс ангид байлгах давуу талтай.

Дашрамд дурьдахад, Монгол Улсын Хүний эрхийн үндэсний комисс гэж байгууллага байдаг. Энэ байгууллага Үндсэн хуулийн ба олон улсын гэрээгээр хүний эрх зөрчигдсөн гэсэн гомдлыг хүлээж авч шийдвэрлэдэг аж. Мөнгө төгрөггүй өр зээлэнд баригдаж ард түмэн нь туйлын ядуу манай гуравхан сая хүнтэй улс Үндсэн хуулийн цэц, Хүний эрхийн үндэсний комисс гэж хоёр байгууллагыг төсвөөсөө санхүүжүүлждэг юм байна.

(8) Үл хөдлөх эд хөрөнгийн барьцаа: Хэрэв Цэц ХБНГУ-ынх шиг шүүх байсан бол

Үл хөдлөх эд хөрөнгийн барьцаанд холбогдох Цэцийн 2015 оны 12-р сарын 9-ны өдрийн 11-р тогтоолд холбогдуулан нийгэмд эсэргүүцэл, талцал, банк санхүүгийн байгууллага ба хуульчдын хооронд үл ойлголцол бий болжээ.

Асуудалд хувийн сонирхолгүй гуравдагч тал болохын хувьд эсрэг тэсрэг сонирхолтой талуудын зөрчлийг хууль ба нийгмийн тогтсон заншилд тулгуурлан шийдэх зөрчилдөгч талуудын аль алиных нь хүндэтгэлийг хүлээх шүүх засаглалын орон зай энэ маргаанд дутаж байна.

Хэрэв МУ-ын Үндсэн хуулийн цэц ХБНГУ-ын Үндсэн хуулийн шүүх шиг институц байсан бол ипотекийн зээлтэй иргэн Дулмаа өөрийнх нь өмчлөх эрх зөрчигдлөө гэж зарчмын хувьд эхлээд анхан, дунд, дээд шатны шүүхэд Банкны эсрэг нэхэмжлэл, гомдол гаргаад ялагдвал шүүхийн хэрэглэсэн хууль Үндсэн хууль зөрчжээ гэж Үндсэн хуулийн цэцэд хандах байв.    

Хэрэв МУ-ын Үндсэн хуулийн цэц ХБНГУ-ын Үндсэн хуулийн шүүх шиг институц байсан бол эхний ээлжинд Улсын дээд шүүх Дулмаагийн асуудалтай нухацтай танилцаж, Иргэний хууль, Үл хөдлөх хөрөнгийн барьцааны хууль, Банкны практикийг харьцуулж дүгнэлт гаргах ба энэ дүгнэлтээр Иргэний хуулийн түвшинд асуудал ямар байгааг ялгаж салгаж тодорхой болгох байв.

Хэрэв МУ-ын Үндсэн хуулийн цэц ХБНГУ-ын Үндсэн хуулийн шүүх шиг институц байсан бол Үндсэн хуулийн цэц хууль тогтоогч өмчлөх эрхийг хуулиар хязгаарлахдаа нийтийн эрх ашгийг хангах зарчим, худалдааны харилцаан дахь итгэлцлийг хангах зарчим, арга зам нь зорилгодоо нийцсэн ухаалаг байх зарчим (principle of proportionality) гэсэн үндсэн зарчмуудыг сахиж чадсан уу? гэдгийг шалгах байв.[20]

Хэрэв МУ-ын Үндсэн хуулийн цэц ХБНГУ-ын Үндсэн хуулийн шүүх шиг институц байсан бол иргэний хуулийн түвшин дэх маргаан, Үндсэн хуулийн түвшин дэх маргааныг процедурын явцад ялгаж салгаж өгөх байв. Чингэхдээ худалдааны харилцаан дахь итгэлцлийг хангах үүднээс банкны практик, олон улсын санхүү, бизнесийн тогтсон тоглоомын дүрмийг ч харгалзаж үзэх байсан болов уу.

(9) Монголын 2002 оны Иргэний хууль

Манай улсад Үл хөдлөх эд хөрөнгийн харилцааны хууль зүйн зохицуулалт бүх талуудад ойлгомжтой бус байгаа нь өнөөдөр үүссэн асуудал биш. Монгол Улсын 2002 оны Иргэний хуулийн анхны төслийг ХБНГУ-ын Бремен хотын Их Сургуулийн хуулийн профессорын загвар дээр суурилж боловсруулсан боловч хууль тогтоох шатанд монголчлогдсон. Ингэхдээ төвлөрсөн төлөвлөгөөт эдийн засгийн үед өмчийг төрийн мэдэлд төвлөрүүлж улмаар төрийн захиргааны бүх шатанд эзэмших, ашиглах, захиран зарцуулах эрхийг механикаар салгаж, хувиарладаг байсан сэтгэлгээгээр зарим хэсгийг монголчилсон.[21] Зах зээлийн эдийн засаг гэдэг бол өмчийг аль болох нэг гарт төвлөрүүлэх замаар эрсдэл багасгаж, гэрээ хэлцэл биелэгдэх баталгааг шаардаж байдаг тогтолцоо. Өөрөөр хэлбэл, манай Иргэний хууль зөрчилтэй хууль. Энэ зөрчлийг даван туулах арга эрэлхийлж, герман тал уруугаа тайлбар хийсэн Иргэний эрх зүйн тайлбар ном байдаг. Гэвч практикт социализмын үетэйгээ илүү ойртсон тайлбар, ойлголт байсаар байна. Үүнийг саяхан болсон Монгол Улсын иргэн Абдул Карим хэвлэх үйлдвэрийг барилгыг дуудлага худалдаагаар хувьчилж авсанд холбогдох хэлэлцүүлэг тод харуулж байв.

(10) Өмчийн харилцаан дахь олон улсын хуульзүйн стандарчлал

Зах зээлийн эдийн засаг тодорхойгүй, бүрхэг байдалд дургүй. Өмч буюу худалдаа, бизнесийн харилцаатай холбоотой тодорхойгүй байдлыг зах зээл гэгч зүйл хүлцдэггүй. Манай улс худалдаа, бизнесийн харилцааны суурь болсон өмчийн асуудлаа сайн цэгцлэх хэрэгтэй байна. Үүнд үл хөдлөх хөрөнгийн барьцаа, газрын асуудал аль аль нь хамаарна. Бид нар социализм уруу биш харин олон улсын тогтсон стандарт, нийтлэг жишиг уруу урагшлах хэрэгтэй байна.

Европын Холбооны гишүүн 28 улс бүгд Европын Холбооны Шүүх (European Court of Justice)-ийн өмч, бизнестэй холбоотой шийдвэрүүдийг дагадаг. Худалдааны харилцаан дахь итгэлцлийг хангах зарчим, арга зам нь зорилгодоо нийцсэн ухаалаг байх зарчимд холбогдох бизнесийн харилцааны эрх зүйн стандарт нэгэнт тогтжээ. Үүний дээр Европын Хүний эрхийн шүүх (European Court of Human Rights) гэж европ тивийн 47 улс, түүний дотор ОХУ нэгдэж орсон гэрээнд холбодох тусдаа шүүх бий. Энэ шүүх өмчлөх эрхийг хууль тогтоогч ямар зарчмаар хязгаарлах вэ? гэсэн асуудалд холбогдуулж шийдвэр гаргадаг.

Европын хэмжээн дэх шүүхийн шийдвэрүүдийг бизнес, санхүүгийн хувьд сүлжигдсэн АНУ анхаарч үздэг. Нөгөө талаас европчууд АНУ-гаас суралцдаг. Бүүр нөгөө талаас үзвэл манай урд хөрш германчуудаас, америкчуудаас эрчимтэй суралцаж байна.

Манай улсын иргэний хуулийг германы жишгээр бүтээсэн анхны санаа муу санаа байгаагүй. Энэ нь биднийг олон улсын худалдаа, бизнест хамгийн хурдан аргаар холбож, хөл дээр маань хурдан босгож, байгалийн хууль адил зах зээлийн жамаар явж тогтвортой хөгжих боломжийг хамгийн дөт замаар нээж өгөх гэсэн сайн санааны үр байсан. Бид нар германы иргэний эрх зүйгээс эхтэй олон улсын стандартыг одоогийн иргэний хуульдаа ямар нэг зөрчил, хийдэлгүй нэвтрүүлж хараахан чадсангүй. Газрын тухай хууль, Үл хөдлөх эд хөрөнгийн барьцааны тухай хууль гэж ярьвал асуудал бүүр ч бүрхэг болжээ. Ингээд эцэс сүүлд нь арга барилтай, системтэйгээр судалбал 200-300 хуудас бүхий судалгааны ном бичиж байж учрыг нь олж, цаашдын арга замыг нь хэлж өгөх маргаан үүсчээ.

          

 

Бельгийн Вант Улсад бүртгэлтэй оюуны өмчийн ба иргэн, бизнесийн эрх зүйн зөвлөгөөний үйлчилгээ

БИДНИЙ ДАВУУ ТАЛУУД:

  • Олон улсын компаниудад хууль зүйн зөвлөгөө өгсөн туршлага
  • ХБНГУ-ын нэр хүндтэй судалгааны цувралд хуульзүйн нийтлэл, ном гаргасан амжилт
  • Уламжлалт хуулийн фирмүүдтэй өрсөлдөх орчин үеийн сүлжээгээр европын хуульзүйн нарийн мэргэшлийн экспертүүдийг зөвлөгөө, үйлчилгээнд татаж оруулах, хамтран ажиллах чадвар
  • Гадаадын ба монголын өмгөөлөгч, экспертүүдтэй хамтран ажилласан туршлага

имэйл: [email protected]

 

 

ЭШЛЭЛҮҮД:

[1] http://www.itoim.mn/index.php/site/news/3389

[2] http://linkis.com/toim.mn/index.php/s/rBPbl

[3] Christian Graf von Krockow, Die Deutschen in Ihem Jahrhundert 1890-1990, Bonn 1991, 117 ff.

[4] http://www.bpb.de/politik/grundfragen/parteien-in-deutschland/42042/finanzierung

[5] Jörn Ipsen, Der Staat der Mitte – Verfassungsgeschichte der Bundesrepublik Deutschland, München 2009, S. 62.

[6] Jörn Ipsen, Der Staat der Mitte – Verfassungsgeschichte der Bundesrepublik Deutschland, München 2009, S. 62.

[7] Jörn Ipsen, Der Staat der Mitte – Verfassungsgeschichte der Bundesrepublik Deutschland, München 2009, S. 62.

[8] Jörn Ipsen, Der Staat der Mitte – Verfassungsgeschichte der Bundesrepublik Deutschland, München 2009, S. 62.

[9] § 3 Bundesverfassungsgerichtsgesetz

[10] http://www.bundesverfassungsgericht.de/DE/Richter/richter_node.html

[11] Jörn Ipsen, Der Staat der Mitte – Verfassungsgeschichte der Bundesrepublik Deutschland, München 2009, S. 59,60, § 4 I BverfGG.

[12] Ханс-Зайделийн сан, “Эрх зүйн боловсрол” академийн эрхлэн гаргасан “Монгол Улсын Үндсэн хуулийн тайлбар”, Улаанбаатар, 209, х. 273.

[13] http://linkis.com/itoim.mn/index.php/s/rBPbl; http://www.24tsag.mn/content/123985.shtml

[14]Organsstreitverfahren, Art. 93 Abs. 1 Nr. 1 GG und sowie §§ 63 ff. Bundesverfassungsgerichtsgesetz; Bund-und Länder-Streit, Art. 93 Abs. 1 Nr. 3 GG sowie §§ 68 ff. Bundesverfassungsgerichtsgesetz; das Verfahren der abstrakten Normenkontrolle, Art. 93 Abs. 1 Nr. 2 und 2a GG und §§ 76 ff. Bundesverfassungsgerichtsgesetz; das Verfahren der kontreten Normenkontrolle, Art. 100 Abs. 1 GG sowie §§ 80 ff. Bundesverfassungsgerichtsgesetz; Das Parteienverbotsverfahren, Art. 21 Abs. 2 GG und §§ 43 ff. Bundesverfassungsgerichtsgesetz; Wahlprüfungsbeschwerde Art. 93 Abs. 1 Nr. 4c GG und §§ 96a ff. Bundesverfassungsgerichtsgesetz.

[15] Art. 93 Abs. 1 Nr. 4a und 4b GG und §§ 90 ff. Bundesverfassungsgerichtsgesetz

[16] http://www.bundesverfassungsgericht.de/DE/Das-Gericht/Gericht-und-Verfassungsorgan/gericht-und-verfassungsorgan_node.html

[17] https://www.destatis.de

[18] http://linkis.com/toim.mn/index.php/s/rBPbl

[19] Hilaire Barnet, Constitutional & Administrative Law, London/New York 2011, p. 5-6, 26-43, 144 ff.

[20] Uyanga Delger, Das Patentrecht in der Mongelei, Köln 2011, S. 116.

[21] Uyanga Delger, Das Patentrecht in der Mongelei, Köln 2011, S.23, 143 ff.

Сэтгэгдэл бичих

    • Зочин
    • 2016-01-27

    Гүрж, Молдова, Азербажан, Монгол гэсэн хуучин СССР-ийн харьяанд байсан хэдэн улсын иргэний хуулийг Германы хуульчид боловсруулж өгсөн юм билээ. Гэтэл манайхан германы төслийг зад 'монголчлоод' 2002 оны Иргэний хуулиа бантан болгоод хаячихсан!!! Үүнийг дээрх улсуудын Иргэний хуультай харьцуулж харахад илт байдаг юм. Жишээ нь, нэг зүйл нь дотроо 5 хэсгээс бүрдэх ёстой байхад 2-ыг хасаад 3-ыг нь буруу хазгай орчуулаад тавьчихсан байх жишээтэй!!!

    • Lawyer
    • 2016-01-22

    Германыг ямар айхтар шүтдэг юм.

    • Lawyer
    • 2016-01-22

    ипотекийн талаар тодорхой мэдээлэл авна гэж уншсан чинь сүүлдээ энэ талаар ном бичиж бж ойлгуулна ч гэх шиг. Өөрийгөө л сурталчилах, мэдрүүлэх гэсэн өчүүхэн санаатай, өөрийгөө рекламдах агуулгатай сонин нийтлэл болж.

    • Lawyer
    • 2016-01-22

    Зарим орчуулгын алдааг эс тооцвол дажгүй бичжээ

    • Lawyer
    • 2016-01-22

    та Монгол хэлээ сайжруулахаа л бодсон нь дээр юм бн.

    • Зочин
    • 2016-01-20

    ene emegtei huulich yumuu orchuulagch yumuu, huulich gheesee ilvv orchuulagch bolvol taarah yum, iim orchuulgiin materialaa mundag tsarailj olon niitiin svljeegeer tavihaasaa ichmeer yumdaaa

    • Зочин
    • 2016-01-18

    Yamarch hereggui gazar. Hiisen giiguulsen yum alga

    • Батэрдэнэ
    • 2016-01-18

    Сэтгэхүй нь социализмаасаа салж чадаагүй хүмүүсийн гаргасан зах зээлийн харилцааг зохицуулах хуультай учраас Монгол улс хөгжихгүй байгаа юм байна. Улс төржилт нэмэхээс өөр ид шидгүй зардал чирэгдэлтэй хүний эрхийн үндэсний комис, үндсэн хуулийн цэцийг татан буулгасан нь улс оронд өлзийтэй юм байна.

arrow icon