ЗОЛБИН НОХОЙ БУЮУ НИЙГМИЙН ХАРИУЦЛАГЫН КАРТ

Би 2005-2008 оны хооронд өвөл зундаа эхнэртэйгээ Америкад очиж амрах боломж гардаг байснаа эргэн дурсахад сайхан байна. Номын хүн болохоор номын сан, номын дэлгүүрээр орж гарах хамгаас дуртай байлаа. Атлантагийн ойролцоох Кливленд нэрт жижиг хот, Нью Йоркийн Брууклин дүүрэг, Нью Жерси гээд хаана ч очсон америкийн номын санд очно. Тэнд зөвхөн англи хэлнээс гадна хятад япон ховор ном ч чамгүй байдаг болохоор тэр л дээ.

Нэг удаа «Дээжис» сэтгүүл уншиж байтал

"Нэгэн эмгэн гэрийнх нь үүдээр золбин нохой яваад байна. Түүнийг шийдэж өгөөч."

гэсэн хүсэлтийг паришийнхаа цагдаад гаргасан тухай мэдээлэл миний анхаарлыг ихэд татав. Дээжис гэдэг нь дайджест сэтгүүлийг монголчилсон ухаантай юм. Харин паришийн цагдаа гэдэг нь манайхаар хороо хорины цагдаатай дүйж очих байх.

Журмын анд, найруулагч Д.Төрмөнх «Нохойн орон» нэрт баримтат киног Бельгийн найруулагч Петертэй хамтран хийгээд олон улсын кино наадмуудаар нэлээд шуугиулаад байсныг та бүхэн санаж байгаа байх. Ерээд оны сүүлээр шиг санагдаж байна. Үнэндээ нохойн орон гэвэл ёстой Америкийг л хэлнэ буй за. Нохойноос гадна бас муурын орон гэж нэрлэсэн ч хилсдэхгүй. Нэг нохой, хоёр нохой тэжээх бол энүүхэнд. Нэг айл л гэхэд гурван муур. . .зургаан муур. . .жирийн муур . . .перс муур хүртэл тэжээхийг яана гээч.

"Миний хайртай муур үхчихлээ. Муур минь надтай арван хэдэн жил хамт амьдарчээ. Тэр хэмжээгээр надад сэтгэлийн гэрэл гэгээ, баяр баясгаланг бэлэглэж байсныг өгүүлэх юун. Хэрвээ хайртай муур минь байгаагүй бол миний амьдрал ямар уйтгартай, эмгэнэлтэй байх байсан бол гэдгийг би төсөөлж чаддаггүй юм. Би хайртай муураа үүрд дурсан санах болно. . . "

Иймэрхүү бичлэг мөн л нөгөөх "Дээжис" сэтгүүлийн хуудаснаа байхыг уншчихаад би эхнэр охин хоёртоо сонирхуулан ярьж байсан. За энэ ч яахав. Одоо нөгөө эмгэний золбин нохойн асуудал руу эргэж орцгооё.

Америк 300 сая гаруй хүн амтай гэвэл тэр улсад тэрбумаар тоологдох нохой муур байгаа гэдэгт мөрийцсөн ч алдахгүй. Гэсэн атлаа яагаад ганц золбин нохойн асуудал тийм хурцаар тавигддаг билээ гэж та бүхэн гайхаж магадгүй л дээ. Уг нь манай монголд бол туйлын энгийн, өдөр тутам нүдэнд тусаж байдаг үзэгдэл болохоор тэр байж мэднэ.  Асуудлыг жижиг гэлтгүй сонирхон судлаад байвал харин ч маш том асуудал цаана нь нуугдаж байдаг болохыг олж мэдснээ та бүхэнд одоо өгүүлсү. Хэрвээ тэрбум нохой муурын үржлийн асуудлыг манайх шиг зөнгөөр нь орхичих юм бол жинхэнэ гамшиг сүйрэл болох нь тодорхой. Тийм болохоор америкчууд ухаантай ард түмэн тул нэгэн оновчтой шийдэл олсон нь тусгай нохой муур үржүүлгийн газарт л иргэддээ худалдаалах нохой муурыг үржүүлдэг. Мөртлөө тэндээ төрсөн нохой муурын гөлөг зулзагыг эр эм гэж ялгалгүй төрсөн даруйд нь 24 цагийн хугацаанд мэс ажилбараар үргүйдүүлэх арга хэмжээ авдаг болохоор иргэдийн гар дээр очсон хойноо хамаа бусаар үржиж олшроод байдаггүй ажээ.

Тэгээд иргэд нь үүлдэр угсаанаас хамаараад чамгүй их үнээр нохой муурыг худалдаж авдаг. Жирийн үүлдрийн гөлгөн нохой 500 түүнээс дээш доллараар үнэлэгддэг гэсэн. Худалдах үедээ худалдан авч байгаа эзний нэр, гэр бүлийн байдал, нас хүйс, ажил мэргэжил гээд бүх мэдээллийг нохойн үүлдэр угсаа, өнгө зүс зэрэгтэй хамт бүртгэж аваад цахим ой санамжинд оруулж, тусгай код олгодог болохоор хожим хэн нэгэн этгээд нохойгоо золбируулах бөгөөс түүнийг нийгмийн эсрэг гэмт хэрэгтэн гээд ажил хөдөлмөрөөс нь зайлуулах төдийгүй аягүй бол зарим муж улсад шоронд хорьдог ч байж мэдэх юм шүү.

Ийм хатуу тогтолцоотой болохоор хороо хориных нь цагдаа тэр нохойгоо золбируулсан хариуцлагагүй этгээдийг олох шиг амархан хэрэг хаана байх билээ дээ? Тэдний хариуцсан бүс нутагт үзэгдсэн золбин нохойг олохын тулд өнгө зүс, үүлдэр угсааг мэдэж байвал мэдээллийн цахим сан руу хандаад тийм нохойтой иргэдийн гэрт очоод сураглачихвал болох юм чинь. Хэрвээ тэр нохой золбируулсан «Гэмт этгээдийг» олж чадваас хүн болгонд иргэний үнэмлэхний хамт байдаг нийгмийн хариуцлагын картан дээрхи 850 онооноос нь бараг хоёр зууг хасчихдаг байлгүй. 650 оноотой хоцорсон тийм нийгмийн хариуцлагагүй нөхрийг албан байгууллага пүүс компани толгойг нь илээд ажиллуулж байж таарахгүй. Аягүй бол тийм нийгмийн эсрэг үзэгдэлтэй эвлэрэнгүй ханддаг хариуцлагатай албан тушаалтны нийгмийн хариуцлагын картын 50 оноотой ч ярьж мэдэх юм.

Хороо хорины цагдаа хариуцлагагүй, залхуу назгай амьтан байгаад тэр золбин нохойг ололгүй орхих юм бол эмгэн хэсгийн цагдаагийн даргад хэлээд тэр цагдаагийн 100 оноог хасуулчихад ядах юмгүй биз дээ?

Би 2008 оны 7 сарын 1-ны өдрийн эмгэнэлт хэрэг явдлын үеэр Ньюй Жерсид байж таарсан. Элэг зүрхнээс уяатай эх орон минь юм болохоор хэдэн өдөр сэтгэл тавгүй явснаа тодхон санаж байна. Тэгээд энэ гурван зуун сая хүнтэй том улс сонгуулиа яаж будилаан төвөггүй хийчихээд байдаг юм бэ гээд сонирхоод үзсэн чинь америкийн иргэн нутаг дэвсгэрийнхээ хаа ч явсан жолооны үнэмлэх, нийгмийн хариуцлагын карт гэдэг нөгөө буянтай эд хоёр л байвал дурын ойролцоо байгаа сонгуулийн хэсгийн хороон дээр очоод саналаа өгөх эрхтэй байдаг ажээ. Мөн гайхалтай тогтолцоо шүү. Гэтэл тэднээс зуу дахин бага хүн амтай манай улсад сонгууль гээч кампанит ажил америкчууд хүртэл атаархаж үхмээр ямар сүртэй нүсэр юм болдог билээ дээ? Адаглаад л иргэдийн шилжилт хөдөлгөөнийг хязгаарлах гэх мэт.

За тэгээд цаашилбал нохой муурын хоол, нохой муурын эмнэлэг, эр эм нохдын уулзалтын ордон гээд нохой муурын соёлтой холбоо бүхий зүйлсийг нь бичээд байвал дуусашгүй урт юм болж мэднэ. Тэр бүхний цаана асар том бизнесийн ашиг нуугдаж байдаг нь ч тодорхой. Улс орон тэр хэмжээгээр Холливууд, Мэргэжлийн сагсан бөмбөг зэрэг соёлын үйлдвэрлэлийн бусад салбараас дутуугүй хэмжээний татварын ашиг олж байдаг байж таарна.

Миний сүүлийн үед яриад байгаа номт төрийн тогтолцоо, түүний харилцааг эвдрээгүй цэвэр ариун шашин, ёс суртахуун, ардын дэвшилтэт зан заншил, хууль гэсэн арга хэрэглүүрээр эрдэмт засаг нь зохицуулаад байж болохоор санагдана. Тэр дундаа нийгмийн ёс суртхууны харилцааг энд дурьдагдан буй нийгмийн хариуцлагын карт гэсэн арга хэрэглүүрээр боломжийн хэрээр зохицуулаад байж болдогийг энэ бичлэгт дурдлаа.

Хэн нэгэн хүн аль нэгэн компани нэг удаа муу зам тавиад ард түмний мөнгийг хулхидаж болно. Түүнийг нь нийгмийн хариуцлагын картан дээр нь тэмдэглээд зохих оноог нь хасчихаад байвал ард түмнийг, улс орныг дахин хулхидах гээд ороод ирэх бөх зүрх, бүдүүн зоригтой амьтан гэж хаана байх билээ дээ? Хэрвээ Манай Монгол улсад энэ журмыг л зөв хэрэгжүүлчих юм бол авилгатай тэмцэх газрынхан ажилгүй болчихож мэдэх юм шүү.
Гэтэл манай монголын хэвлэл мэдээллийн хэрэгслэлээр золбин нохойг устгахад урд нь 3 мянган төгрөг байснаа одоо долоон мянган төгрөг болжээ. Өнөө жил 40 000 мянган нохой устгасан байна. . . гэх мэт мэдээлэл хөврөөд байдаг. Цэцэг цэврүү шиг бяцхан үрсээ хөтлөн явж байтал холгүйхэн буун дуу тасхийгээд хөөрхий золбин нохой цусаа садруулан хэд харайгаад үхэхийг та бид харсаар суух гэж үү? Бид ардчиллыг дэндүү хөнгөн хялбар, уриа лоозонгийн түвшинд ойлгож ухаараад байна. Ардчилал гэдэг нь үнэндээ маш өндөр хариуцлага, цараатай холч ухаан, ард иргэдийн сайн сайхны төлөө гэсэн чин сэтгэл байдаг ажгуу. Энэ үүднээс авч үзэх юм бол ардчилал нь бидний хувьд тэнгэр мэт тэртээ хол оршсоор л байгаа мэт.

Бид чамгүй олон жил хууль дүрэм ярьж, тэр хэрээр хуульчдыг төрийн эрхэнд залсаар ирлээ. Үнэндээ хуулийг дээдлэдэг, хуулиар л бүхнийг зохицуулдаг мэт бидний төсөөлж ирсэн өрнөдийн хөгжингүй улс гүрнүүдэд хуулиас гадна нийгмийн харилцааг зохицуулах өөр бусад арга хэрэгслүүд байдгийн тод жишээг дээр дурьдан өгүүллээ. Тийм ч учраас өрнөдөд «Хууль гэдэг бол ёс суртахууны хамгийн доод хэм хэмжээ мөн.» гэсэн үг гарсан ч юм бил үү?

Жил болгон дөч, тавин мянгаараа хядуулдаг хэр нь тэр хэрээр тоо толгой нь хорогдоод байдаггүй гэм хор багатай «Монгол золбин» нохой минь хэн нэгэн эрхтэн дархтны өвөр түрийг түнтийлгэх хэрэгсэл битгий болчихсон байгаасай. Орон зайн ямар ч баримжаа байхгүй зарим нэгэн бүдүүлэг жолооч нараас илүүтэй ухаалаг золбин нохой олон машины дундуур эвлэгхээн гэгч нь зам хөндлөн гарч байхыг та бүхэн харсан байх. Тэр ч байтугай ногоон гэрлээр явган хүний гарцаар зам гарчихдаг золбин нохой байна гэдэг шүү. Бид байшин барилга, эдийн засгийн өсөлтийг л анхаарч яриад байдаг. Тэр бүхнээс дутахгүй чухал олон асуудал энэ нийгмийн харилцаанд байдаг гэдгийг золбин нохой, нийгмийн хариуцлагын карт гэсэн хоёр сэдвээр төлөөлөн хөндсөн нь энэ буюу.


avatar
    • Зочин
    • 103.57.92.*

    ЗӨВ ШҮҮ

    • bat
    • 202.9.40.*

    Setgetsiin owchtei nuhur bnshdee amerek sheg hugjchood nohoi yri tehvv

    • Зочин
    • 103.57.92.*

    нохойд буруу алгаа хүндээл байна

    • Зочин
    • 43.242.243.*

    Азтай савар ттб нь үүлдэргүй хашааны нохой мууранд үнэгүй спей хийж үржилийн зогсоодог ийм байгууллага байдаг охин нохойтой болгон нь үржил хаах мэс хандаж хийлгээсэй

    • Зочин
    • 43.242.243.*

    Ёстой үнэн монголд минь гэрийн тэжээмэл амьтны хууль гараасай бас хүмүүс спей буюу үржил хаах мэс ажилбарыг мэдэж ойлгоосой

Авторууд

Санал асуулга

Нийт санал: 3261

2020 оны УИХ-ын сонгуулиар аль нам ялах вэ?

13%
МАН
17%
АН
69%
Шинэ гуравдагч хүчин
  • 13%
  • 17%
  • 69%