Нийтлэл 02 сарын 29, 2016

Хятад улсаас 1.3 тэрбум ам.долларын зээл авах хэлэлцээр энэ долоо хоногт шийдэгдэнэ

Монгол улс Хятадын Экспорт-Импортын банкнаас Таван толгой нүүрсний ордоос Хятадын хилийн боомт хүртэлх төмөр замын барилгын төсөлд зарцуулах зориулалтаар 1.3 тэрбум ам.долларын зээл авах яриа хэлэлцээр энэ долоо хоногт шийдэгдэх төлөвтэй байна. Монголын Төмөр зам ТӨК-н төлөөлөгчид Хятадын талтай банкны зээлтэй холбоотойгоор уулзалт хийж байгаа хэмээн компанийн төслийн захирал И.Идэш өнгөрсөн Даваа гаригт ярилцлага өгөхдөө мэдэгдсэн.

Нүүрсний үнэ уналттай байгаа энэ үед 240 километр төмөр замыг барьснаар Хятад руу гаргах экспортын хэмжээг өсгөх, тээвэрлэлтийн зардлыг бууруулах эерэг нөлөөг үзүүлнэ гэж тооцоолж байгаа аж. Нүүрс нь Монгол улсын экспортын хоёр дахь голлох бүтээгдэхүүн бөгөөд өнгөрсөн жил 556 сая ам.долларын экспортын орлогыг бүрдүүлсэн. Сангийн яамны зүгээс засгийн газрын баталгааг гаргаж болох талаар тус яамны Санхүүгийн зах зээл, даатгалын газрын захирал Н.Мандуул мэдэгдсэн байна. Одоо тус хэлцэлд засгийн газрын хуралдаанаар зөвшөөрөл олгох шаардлагатай байгаа аж.

Барилга бүтээн байгуулалтын ажил хавар эхэлдэг учраас бидний зүгээс тус гэрээ хэлэлцээрийг ирэх 7 хоногуудад шийдэх хүлээлттэй байна гэж  МТЗ ТӨК-н захирал  И.Идэш мэдэгдсэн бөгөөд хэрэв энэ жил зээл шийдэгдвэл 2018 онд төмөр зам ашиглалтанд орох боломжтой аж. Мөн одоогийн гэрээн дэхь хэрэгжүүлэгч Өмнөд Солонгосын Samsung C&T  компанийг өөр компаниар орлуулах хэлцэл хийгдэж байгаа хэмээн мөн дурьджээ.

Харин Хятадын Экспорт импортын банкны Бээжин дэхь төлөөлөгч одоогоор тус асуудалд хариу өгөх боломжгүй байгаа талаараа мэдэгдсэн юм. Улаанбаатар хотоос 540 км зайд орших Таван толгой орд дээр одоогоор төрийн мэдлийн Эрдэнэс Таван Толгой ХК, Тавантолгой ХК болон Хонконгийн биржид бүртгэлтэй Mongolian Mining Corp  зэрэг компаниуд үйл ажиллагаагаа явуулж байна.

Сэтгэгдэл бичих

    • Зочин
    • 2016-02-29

    Хувийн компани барих гэж байхад Баттулга болиулж байсан. Одоо хятадаас төмөр зам барих гээд зээл гуйж байх гэж

arrow icon