Нийтлэл 03 сарын 06, 2016

Өвлийн морин уралдаан Монголын УЛАМЖЛАЛ мөн үү? #Архив

Урин цаг ирэх цагаар  Монголчууд хурдан морины хаврын уралдааны талаар хүүхдийн эрх, уламжлал заншил гэсэн хоёр талд хуваагдаж хэрэлддэг уламжлалтай болоод хэдэн оныг үдэж байна. Хаврын уралдааны сезон эхлэх энэ үеэр сар тутмын 30 мянган төгрөгийн хөлсөөр хурдан морь унаж уралдсаар нэг айлын хоёр хүүхэд эрүүл мэндээрээ хохирсон тухай нэвтрүүлэг цацагдаж, олны дунд харуусал, шүүмж дэгдээгээд байна.   Хаврын уралдаан нь үнэхээр Монгол түмний уламжлалт спорт, ёс заншил мөн эсэх талаар хууль зүйн ухааны доктор Б.Гүнбилэг ахалсан “Эрх зүйн судалгааны төв” ТББ-аас судалгаа хийжээ. 

 

Хурдан морины ХАВРЫН уралдаан Монголын УЛАМЖЛАЛ мөн үү?

Үндэсний төв архивын сан хөмрөгт хадгалагдаж буй “Наадмын баримтын цуглуулга дансыг (1803-1920) шүүж үзэхэд баримтууд нь тухайн оны 5-8 дугаар сард даншиг наадмаа хийж байсан нь тодорхой харагдаж байна. Мөн Хан Хэнтий уулын аймгийн Галшар уулын хошууны дансыг шүүж үзэхэд мөн тухайн оны 5-8 дугаар сард даншиг наадмаа хийж байжээ.   Судалгааны баг нийт 381 дансыг шүүж үзсэн байна.  Хурдан морины хаврын уралдаан нь 1990 оны дундуураас олныг хамарсан байдлаар зохион байгуулагдаж, 2005 оноос албан ёсны болгож Засгийн газрын тогтоолоор зохион байгуулагдах болжээ. Өөрөөр хэлбэл хурдан морины уралдаан нь түүхт ёсны уламжлал, өв соёл мөн боловч, ХАВРЫН УЛИРАЛД зохион байгуулах нь ТӨРТ ЁСНЫ ТҮҮХЭН УЛАМЖЛАЛ, ӨВ СОЁЛ гэж үзэх үндэслэлгүй аж. 

 

Хаврын уралдаанаар хүүхдүүд

Эрүүл мэнд амь нас:  Эрүүл мэндийн байгууллага дээр хийгдсэн клиник бодит судалгаа болон бэртэл гэмтэлд хийгдсэн дүн шинжилгээгээр хурдан морины уралдаанч хүүхдэд Толгой болон мөчдийн гэмтэл, Ясны хугаралт. Хөлдөлт, осголт, Амьсгалын замын өвчин, Дотор эрхтэний доргилт, өвчлөлт, Нүдний эвэрлэг бүрхүүлийн гэмтэл зэрэг бэртэл гэмтэл авдаг байна.

Сэтгэлзүй: Хурдан морь унадаг хүүхдүүдийн сэтгэлзүйн байдал нь хаана хэний морийг унаж байгаа эсэхээс ихээхэн хамаарч байгаа нь хурдан морь унадаг хүүхдүүдтэй хийсэн ярилцлагын явцад сэтгэл зүйн тодорхойлолтыг гаргасан сэтгэл судлаачийн дүгнэлтээс тодорхой харагддаг. Гэртээ байж өөрийн эцэг эх, эмээ өвөөгийнхөө морийг унадаг хүүхдийн сэтгэл зүйн байдал, айлд байж хүний морийг унадаг хүүхдийн сэтгэл зүйн байдал нэн ялгаатай байдал ажиглагддаг байна.

Хичээл завсардах: Хурдан морины хаврын уралдааны үеэр унаач хүүхдүүд урт хугацаагаар хичээлээс чөлөө авах, таслах байдал их байдаг тул хоцорсон хичээлийг нөхөж заах, хоцрогдлыг арилгах арга хэмжээ авах нь сургууль болон багш нарын үүрэг хэдий ч багш нарын болон анги танхимын хүрэлцээ муу, цаг хугацааны асуудал зэргээс болоод боломжгүй байдаг, мөн давтлага хичээл хийлгэсэн ч үр дүн бага гардаг байна.

 Сургуулиас завсардах: Хичээлээс хоцрогдож үеийн хүүхдүүдээс сурлагын дүнгээр мууд тооцогдох болсон хүүхдүүд хичээл ном сонирхохоо больж морь унаж амьдрах нь боломжтой, энэ чигээрээ байж болно гэсэн сэтгэхүйтэй болдог байна. Гэвч хурдан морь унах хүүхдийн нас, бие бялдарын хөгжлөөс шалтгаалан морь унаж уралдах нас нь (ихэвчлэн 12, 13 наснаас хурдны морь унахаа больдог) өнгөрсөн тохиолдолд сурсан сургуульгүй, эзэмшсэн мэдлэг боловсролгүй болсон хүүхдүүд тухайн уяач, эздийнхээ морь малны бусад ажлыг хийх, мал хариулах зэрэг ажлыг хийж амьдрахаас өөр замгүй болсноор сургуулиас завсардах нөхцлийг бүрдүүлдэг байна.

Эх сурвалж:

УИХГ Салдангийн Одонтуяа албан ёсны фэйсбүүк пэйж

Эрх зүйн судалгааны төв”-ийн судалгааны зөвлөмж

Сэтгэгдэл бичих

    • найз
    • 2017-03-06

    морь уяачид морины эзэн хүмүүсийн өөрсдийнх нь хүүхдүүд морио унаж уралдаач дээ

arrow icon