ХУУЛЬ: Нуугаад, нууцлаад чанд хадгал

Монгол улсад ус агаар шиг хэрэгтэй байгаа нэг зүйл нь мэдээллийн аюулгүй байдал. Тэр дундаа төрийн болон төрийн албаны нууцыг чанд хадгалах шаардлага байгаа юм. Тиймээс Ерөнхийлөгчийн зүгээс Төрийн болон албаны нууцын тухай хуулийг УИХ-д өргөн бариад байгаа билээ.

Тагнуулын ерөнхий газраас 2011-2013 онд Ерөнхийлөгчийн тамгын газар, УИХ-ын тамгын газар, ЗГХЭГ, яам, агентлаг, аймаг, нийслэлийн Засаг даргын Тамгын газар зэрэг шат, шатны нийт 362 төрийн байгууллагыг хамруулсан хяналт, шалгалтыг явуулахад 1837 зөрчил илэрсний:

40 хувийг  мэдээллийн технологи, сүлжээний орчинд төрийн нууцыг хадгалах, хамгаалахтай холбоотой,

34 хувь нь төрийн нууцын албан хэрэг хөтлөлт, бүртгэлтэй холбоотой,

21 хувь нь төрийн нууцтай харьцах албан тушаалтантай холбоотой,

5 хувь нь биет хамгаалалттай холбоотой зөрчлүүд тус тус эзэлсэн нь улсын хэмжээнд төрийн нууцыг хадгалах, хамгаалах ажил хангалтгүй байгааг харуулж байгаа гэж  тус хуулийн төсөл санаачлагчид үзжээ.

Хэрвээ хууль батлагдсан тохиолдолд Төрийн нууцын тухай хууль, Төрийн нууцын жагсаалт батлах тухай хуулийг бүхэлд нь хүчингүй болгох эрх зүйн орчин бүрдэх ёстой аж. Ингээд хуулийн онцлох заалтуудыг уншигч танд хүргэж байна.

Хуульд тусгасан Төрийн болон албаны нууц гэж юу вэ ?

“Төрийн нууц” гэж задруулж, олон нийт мэдсэн тохиолдолд улсын үндэсний аюулгүй байдал, ашиг сонирхолд аюул, занал, хохирол учруулах мэдээллийг хэлэх аж. Түүнчлэн уг мэдээлэл нь төрийн бодлого, эдийн засаг, шинжлэх ухаан, техник технологи, батлан хамгаалах, тагнуул, сөрөх тагнуул, хууль сахиулах болон мэдээллийн аюулгүй байдлын хүрээн төрийн хамгаалалтад байх ёстой аж.

Харин “албаны нууц” гэж дээрхтэй адилхан тохиолдолд үндэсний ашиг сонирхол, төрийн байгууллага, бусад хуулийн этгээдийн ашиг сонирхолд хохирол учруулж болох төрийн хамгаалалтад байх мэдээллийг хэлэх аж.

Нууцын зэрэглэлийн тухайд

Хуулинд тусгаснаар нууцыгОнц чухал нууц” “Маш нууц” “Нууц” гэж ангилна. Тодруулбал төрийн нууцад хамаарах мэдээлэл нь “онц чухал нууц”, “маш нууц”, албаны нууцад хамаарах мэдээлэл нь “нууц” ангилалд багтана. Түүнчлэн “Онц чухал нууц” зэрэглэлээс бусад зэрэглэлийн төрийн нууц, албаны нууцыг гадаад улс, олон улсын байгууллагатай байгуулсан нууц мэдээллийг харилцан хамгаалах гэрээ, хэлэлцээрийн үндсэн дээр шилжүүлэн өгч болно” гэсэн хуулийн заалт бий. Гэхдээ шаардлагатай тохиолдолд.

Нууцыг хадгалах хугацаа болон олон нийтэд ил болгох

Зэрэглэл бүрт нууцыг хадгалах хугацаа өөр. Тухайлбал “Онц чухал нууц”-ыг 30 жил, “Маш нууц”-ыг 20 жил, “Нууц” зэрэглэлд хамаарахыг 10 жил тус тус хадгална. Хэдий хугацаа дуусч нууцыг олон нийтэд мэдээллэж болох ч эрхий бүхий байгууллагаас шийдвэр гарсны дараа олон нийтэд ил болгох зохицуулалт хуулинд байгаа аж.

Нууц задруулсан этгээдэд хүлээлгэх хариуцлага

Уг хуулийг зөрчсөн албан тушаалтныг эрүүгийн болон зөрчлийн хуулийн дагуу хариуцлага хүлээлгэнэ. Харин хүлээлгэхээргүй бол албан тушаал бууруулах, албан тушаалаас нь огцруулах, төрийн албанаас халах, цалингийн хэмжээг гурван сарын турш 20 хүртэл хувиар бууруулах зэрэг арга хэмжээнүүдийг авах аж.

Ямар мэдээллүүд “Нууц”-д хамаарах вэ ?

Нийт 59 төрлийн мэдээллийг нууцад хамааруулжээ. Тодруулбал

-Төрийн дээд, өндөр хэмжээний харилцан айлчлал,  түүнтэй холбоотой хэлэлцээний тухай дэлгэрэнгүй мэдээлэл

-Засгийн газар, Төв банкнаас гадаад орон, олон улсын байгууллагатай санхүүгийн салбарт хамтран ажиллах болон өр, зээл, тусламжтай холбоотой гэрээ хэлэлцээрийн төсөл,

-Мөнгөн тэмдэгтийн эх загвар бүтээх, үйлдвэрлэх, устгах, мөнгөн тэмдэгтийн нийлүүлэлт, солилцоо, гүйлгээнээс гаргах тухай мэдээлэл зэргүүд

-Улсын онц чухал болон тусгай обьектын байршил, олгосон газрын нэр, зураг, хамгаалалтын зохион байгуулалт, хүч хэрэгслийн тухай мэдээлэл

-Цэвэр ус олзворлон түгээх байгууламжийн байршлын зураг;

 -Улсын онц чухал болон тусгай обьект, үйл ажиллагааг халхлах журам зэргүүд багтахаас гадна Тагнуул болон сөрөг тагнуултай холбоотой ихэнх мэдээллүүд нууцын зэрэглэлд багтаж байгаа юм.

Дашрамд дурдахад уг хуулийн төслийг Ерөнхийлөгчийн зүгээс 2016 оны 02 сарын 05-нд УИХ-д өргөн барьсан бөгөөд хэлэлцэх эсэх нь энэ хаврын чуулганаар шийдэгдэнэ.

 


avatar

Авторууд

Санал асуулга

Нийт санал: 5142

2020 оны УИХ-ын сонгуулиар аль нам ялах вэ?

13%
МАН
17%
АН
69%
Шинэ гуравдагч хүчин
  • 13%
  • 17%
  • 69%