Нийтлэл 03 сарын 29, 2016

Хүнсний бүтээгдэхүүний найрлагад орсон давсны агууламжийг шошго дээрээс нь ингэж мэдээрэй!

Нийгмийн эрүүл мэндийн хүрээлэнгээс хүн амын давсны хэрэглээнд судалгаа хийжээ. Судалгаагаар манайд насанд хүрсэн хүн хоногт 11,1 грамм давс хэрэглэж байгаа бөгөөд 10 хүн тутмын 9 буюу 89.2% нь 5 гр-аас их давс хэрэглэж байна гэсэн дүн гарчээ. Энэ нь ДЭМБ-аас гаргасан хоногт хэрэглэх ёстой давсны хэмжээнээс 2,2 дахин их үзүүлэлт аж.  

ДЭМБ-аас гаргасан зөвлөмжөөр насанд хүрсэн хүн хоногт 5 граммаас бага давс хэрэглэх ёстой  юм байна.  Тиймээс бид энэ удаад давс биед илүүдэл хэмжээгээр орсноор таны эрүүл мэндэд ямар сөрөг нөлөөтэй, давсны хэрэглээгээ багасгахын тулд хэрхэх ёстой талаарх зөвлөмжийг хүргэж байна. 

Давсыг хэтрүүлэн хэрэглэснээр эрүүл мэндэд хэрхэн сөргөөр нөлөөлдөг вэ? 

Давс хүний биед илүүдэл хэмжээгээр орох үед эрүүл мэндэд дараах сөрөг нөлөөллийг бий болгодог байна. 

  • Таргалалт
  • Артерийн даралт ихдэх, үүнтэй холбоотой тархины цус харвалт
  • Зүрхний шигдээс
  •  Ясны сийрэгжилт
  •  Бөөрний чулуу
  • Ходоодны хавдар үүсэх

Давс ямар бүтээгдэхүүнд хамгийн их агуулагдсан байдаг вэ?

Дэлхийн 52 оронд хийгдсэн судалгаагаар хүн амын давсны хоногийн хэрэглээний 75 хувийг үйлдвэрийн аргаар боловсруулсан хүнс болон нийтийн хоол, 10-12 хувийг байгалиасаа натри агуулсан бүтээгдэхүүн, 10-15 хувийг гэрийн нөхцөлд бэлтгэсэн хоол хүнс эзэлж байна гэсэн дүн гарчээ. Нэг үгээр хэлбэл, бидний гэртээ хийдэг бус худалдаж авдаг хүнсний бүтээгдэхүүнд давс хамгийн их агуулагдаж байдаг байна.    

Хэрэглэж байгаа хүнсний бүтээгдэхүүнийхээ давсны хэмжээг шошгон дээрээс нь ингэж мэдээрэй 

Хүнсний бүтээгдэхүүний шошго дээр байгаа мэдээллийг сайтар унших нь эрүүл сонголт хийх хамгийн зөв арга. Ихэнх хүнсний бүтээгдэхүүний шошго дээр давсыг “Sodium”,  эсвэл “Salt”гэсэн үгээр илэрхийлж, тухайн бүтээгдэхүүний 100 граммд агуулагдах хэмжээг миллиграммаар бичсэн байдаг байна. 

Хэрэв таны сонгох гэж байгаа хүнсний бүтээгдэхүүний шошгод 100 граммд агуулагдах давсны хэмжээг Sodium буюу (натри)–р илэрхийлсэн бол сонголт хийхдээ та дараах зөвлөмжийг дагаарай. 

  • 100 граммд 120мг гэсэн байвал энэ нь ойролцоогоор 0.12гр ба түүнээс бага натри агуулж байгаа тул давс багатай гэсэн үг. Эрүүл сонголт тул та өдөр бүр хэрэглэж болно.
  • 100 граммд 120-600мг гэсэн байвал энэ нь ойролцоогоор 0.12-0.6 гр  натри агуулж байгаа тул дунд зэргийн давстай гэсэн үг. Хэрвээ таны цусны даралт ихсдэг бол та натрийн ийм агууламжтай хүнсийг хааяа хэрэглээрэй. 
  • 100 граммд 600 мг гэсэн байвал ойролцоогоор 0.6 гр-аас их натри агуулж байгаа тул  давс ихтэй гэсэн үг.  Та энэ төрлийн бүтээгдэхүүнийг хэрэглэхээс татгалзаарай. 

Тайлбар: 1 грамм натри нь 2.5 грамм давстай тэнцэх тул 0.12гр натри нь 0.3 грамм, 06 грамм натри нь 1.5 грамм давстай тус тус тэнцдэг.

Хэрэв таны хэрэглэх гэж байгаа хүнсний бүтээгдэхүүний шошго дээр “Salt” гэж бичсэн байвал сонголт хийхдээ дараах зөвлөмжийг дагаарай. 

  • 100 граммд 0.3 граммаас бага бол давс багатай. Эрүүл сонголт тул та өдөр бүр хэрэглэж болно. 
  • 100 граммд 0.3-1.5 грамм байгаа бол дунд зэргийн давстай.  Хэрвээ таны цусны даралт ихсдэг бол та давсны ийм агууламжтай хүнсийг хааяа хэрэглээрэй. 

 

 Эх сурвалж: http://www.phi.gov.mn/newsViews/1044.shtml?c=717

 

 

 

Сэтгэгдэл бичих

arrow icon