Монгол төр хэнд хэзээ хэрхэн булаагдсан тухай сүүлийн хэдэн ярилцлагаар тал талаас нь нэлээн тайлбарлалаа. Энд бичгээр тайлбарлая. Монгол төрийн дээр зайдлах Амарбаясгалан, Оюунэрдэнэ нарын мастер төлөвлөгөө сая болж өнгөрсөн Ардын намын бага хурлаар оргилдоо хүрлээ. Тэд эхний ээлжинд төрийн дээр намаа гаргасан бол энэ удаа намын дээр өөрсдөө гарах шатыг гүйцээж, ингээд үндсэндээ төрийн дээр хүн залрах шинэ төрлийн дарангуйллын схемийг угсарч дууслаа. Социализмын үед төрийн дээр заларч байсан МАХН ядаж л мөнгөгүй, бизнесээс ангид аппарат байлаа. Энэ удаагийн дарангуйлал нүүрсний мөнгө, бизнесийн клиентүүдтэй нэг хөнжилд орсон гэдэг утгаараа судлаачдын дуу нэгтэй дүгнэдэг хамгийн хортой хэлбэр буюу намын картел хэмээгч нь мөнөөсөө мөн.
Намын дээр өөрсдөө гарахаас өмнө эхний ээлжинд төрийн дээр нам залрах махинац хэрхэн хэрэгжсэнийг товч боловч тоймлох нь зүй. Оюунэрдэнэ дэлхийд коронавирусын тахал ид дэгдэж байхад Ерөнхий сайд болсон. Энэ үеэр хүмүүс эрхчөлөөгөө өөрсдийн төлөө хязгаарлуулахаас өөр аргагүй байдалд хүрч, газар сайгүй төрд эрх мэдэл дээд зэргээр төвлөрөөд байлаа. Бүхнийг хорьж, бүхнийг ковидын зарцуулалт нэрээр тараах эрхтэй Ерөнхий сайд хэмээх алба орчин цагийн хаан болсон байв. Хаан суух боломжийг нь 2019 оны Үндсэн хуулиар бүрдүүлж, хамгаалж өгсөн байсан талаар бол би удаа дараа тайлбарласан. Амарбаясгалан, Оюунэрдэнэ нар энэ үеэр эрх мэдэл, мөнгөнд жинхэнэ донтсон бололтой. Тэр болтол гайгүй залуус байсныг олон хүн гэрчилнэ. Ингээд 2021 ондоо дахиад хууль зөрчин барин Үндсэн хуулийн өөрчлөлт оруулсан. Ингэхдээ намд төвлөрсөн эрх мэдлийн бялууг огцом нэмэх, парламентыг намын удирдлага, намын даргаас хамааралтай болгох гол схемийг зангидсан. Амарбаясгалан олон намын тогтолцоо, намуудын ардчилал гэх мэт халхавч ухагдахууныг аман дээрээ ярихын хэрээр ачир дээрээ бүх намууд тэдний тооцоонд гүйж орох процесс үргэлжилж байв. Үүндээ охин нам болох ХҮН, түүний дарга Доржхандыг өмнөө барьсныг бид одоо мэднэ. Ингээд УИХ 126 суудалтай болж, түүний дотор намын дарга нараас хамааралтай 48 суудал нэмэгдсэн. Нэмэхдээ УИХ болон улстөрийн намуудын бие даасан байдлыг зориуд цоорхой орхисон байдаг. Амарбаясгалан нарын улам бүр томруулан жигнэж буй бялуунаас хүртэх, УИХ-д нөлөөллийн суудлаа нэмэх шуналаас Ерөнхийлөгч Хүрэлсүх татгалзаж чадсансан бол өнөөдөр Монголын нөхцөл байдал, монголчууд бидний амьдрал арай өөр байж болох байв.
Энэ зуур ковидын дараах дэлхийд түүхий эдийн сэргэлт эхэлсэн ба геополитик, худалдааны дайн түүхий эдийн үнийг улам бүр өрдөж өглөө. Монголоос гаргах зэс, нүүрний экспортын борлуулалт оргилдоо хүрэв. Ингээд нэгэнт Үндсэн хуулийн түвшинд, намуудын түвшинд зангидсан схемээ гүйцэтгэх засаглалын түвшинд гүнзгийрүүлэх, нүүрсний мөнгөөр санхүүжүүлэх ажлыг Оюунэрдэнэ нь хариуцаж хийснийг бид мөн одоо мэднэ. Яамдын тоог нэмж, төрд 1000 хол давсан шинэ хороод, бүтэц байгуулж, нийслэл рүү Х.Нямбаатарт нэгдсэн улсын засаглалаас эрх мэдэл ба 10 их наядын төсөв тасалж өглөө. Ингээд зогссонгүй хамгийн гамшигтай нь мөнөөх цоорхой орхисон нүхээр Монгол Улсын нүүрсний экспортын дараагийн 20 жилийг шийдэх гэрээг оруулж ямар ч саад тээггүй батлуулж авав. Энэ гэрээний талаар УИХГ Б.Энхбаяр боломжийн тодорхой ярилцлага өгсөн авч Хятадууд ба Оюунэрдэнийн фракц ямар тохироогоор Монголын баялаг нүүрсний өрөмнөөс хувааж авах болсныг өнөөдөр ч монголчууд бид бүрэн мэдэхгүй сууж байна. 2024 он дуусах алдад Монголын улстөрд нүүрсний шинэ фракц ийнхүү албан ёсоор мэндэлсэн билээ. Хамгийн эмгэнэлтэй нь энэ фракцыг нүүрсний авлигатай тэмцэх нэрээр ард түмний итгэлийг олж гарч ирсэн Оюунэрдэнэ, Амарбаясгалан нарын 80-аад оны шинэ залуу үе өөрсдөө авторлож бүтээв.
С.Баяр, Сү.Батболд, MCS нар голлон зангидсан хуучин нүүрсний фракц хамгийн ихдээ орд газар, уул уурхайг Хятадад зардаг байв. Шинэ үеийн хийсэн шинэ нүүрсний фракц уул уурхайгаар тогтсонгүй. Монгол Улсын нийслэл, монголчуудын гал голомт түлш, Туул гол, Богд уул юутай хээтэй нь зарахад бэлэн байдлаа 14 мега төсөл хэмээн нэрийдээд мөнөөх УИХ-д ухсан цоорхой нүхээр гулгуулж батлуулсан байсныг Занданшатарын кабинетээс заримыг нь буцаагаад буй.
Нүүрсний шинэ фракцаас Хятадтай хийх гэрээг УИХ-аар оруулахад ХҮН Ж.Золжаргал, Д.Энхтүвшин нарын намын картелаас хамааралгүй гишүүдийн хүч дутсан. Эсэргүүцэж дуугарсан хүн болгоны гэр бүлийн бизнест халдах, 15 давхраас түгээдэг худал мэдээлэл, хар пиараар нэрвэх зэргээр намын картелын хүчээр дарамталж дарангуйлж байсныг бол олон түмэн гэрчилнэ. Тэрнээс гадна Ардын намын эрх барих цөм болон УИХ-аас үндсэндээ хуульт ёс, Үндсэн хуулийн хамаг манаачийг санаа зорилготой зайлуулсан байсныг ихэнх хүн анзаардаггүй. УИХ-ын дарга асан Г.Занданшатарыг тойрогт нь унагаах, Ш.Раднаасэдийг хэлмэгдүүлэх, тойргийг нь булаах, Ж.Сүхбаатарыг ногоон автуусны хэрэгт хутгаж парламентаас зайлуулах, Ж.Сүхбаатарын шавь өндөр Б.Энхбаяр хуульчаас Хууль зүйн яамыг салгаж Женко Баттулгын нөлөөнд шилжүүлэх зэргээр өдөр алдахгүй, сиймхий алдахгүй хөдөлж байсныг өнөөгийн өндөрлөгөөс эргэн харахад нэн аюумшигтай. Лу.Гантөмөрийг мөн гранд төлөвлөгөөндөө багтааж сонгуульд орохдоо үүнийг тэрлэж буй миний биеийг АН-аас сонгуульд дэвшүүлэхгүй байх болзол тавьсан нь ч мөн энэ төлөвлөгөөний нэг хэсэг байсан байх магадлалтай.
Ийнхүү олон парламент дамнан бэлтгэгдсэн хуульч, улстөрчдийг зайлуулж, оронд нь өөрсдөө бүтээсэн улстөрийн капиталгүй тул томилсон дарга нараасаа бүрэн хамааралтай шинэ залуусыг олноор оруулж тэднээрээ poster child буюу чимэглэлийн хүүхэлдэй хийж санасан бүхнээ хуулийн хэлбэрт оруулах болов. М.Нарантуяа, Ц.Нарантуяа гэх мэт чимэглэлийн хүүхэлдэй гэхээсээ эр эмийн хэрүүл тэмцэл, эрээ цээргүй нахал байдлаараа монгол төрийг троллдох, УИХ-ыг сул дорой намын дарга нарын гишгүүр, элэг доог болгох үүрэгтэй хэдийг ч нэмж өгчээ. Түүнээс гадна иргэний нийгмийн чөлөөт дуу хоолойнууд, судлаач шинжээчдийг их бага албан тушаалаар авлигадаж, нүүрсний картелийн хүрээлэлд багтааснаар Монголд нам, төрийн алба, иргэний нийгмийн бүх түвшинд хяналтгүй, чөлөөт дуу хоолойгүй эрх мэдлийн масс бий болов.
Монголын заяа их. Хар аяндаа төрд төвлөрсөн асар их эрх мэдэл, мөнгө, буруу муу бүхэн нийгмийн эрх чөлөө, амь амьсгалыг хясан боогдуулах болж, монголчуудын язгуур эрх ашигт харшлах нь хэн хүнд ойлгомжтой болсоор Оюунэрдэнэ болон түүний нүүрсний фракц схем нь бүрэн төгөлдөр болсон өдрөө шахуу Монголын нийгэмд лежитим буюу хүлээн зөвшөөрөгдөх чанараа бүрэн алдаад байв. Ингээд нийгмийн эсэргүүцэл гүнзгийрсээр өнгөрсөн зургадугаар сард арайхийн нүүрсний картелийн нэг хөтөлгөө морь буюу гүйцэтгэх засаглалаа 70-аад оны ах нартаа эргүүлж шилжүүлж өгсөн. Ингэснээр нийгэмд ямар ч лежитим, нэр нүүргүй болсон Оюунэрдэнэ, Амарбаясгалан хоёр намын даргын тамга хэмээх сүүлчийн ганц морио унаж гэлдрүүлсээр намын бага хурлын зааландаа хүрсэн хэрэг. Айлын намын бага хурлын зааланд юу болж өнгөрсөн талаар энд давтан нуршихгүй. Одоогийн байдлаар бага хурлын үр дүнгээр манай хоёрын гранд төлөвлөгөө бүрнээ хэрэгжиж, мянган жилийн түүхтэй Монголын төрт ёсны дээр эрх мэдэл мөнгөний шунал нь хэтийдсэн, хэтийдэл нь нүүр нүдэндээ хүртэл шингэж харахаас ч ёозгүй төрх байдалтай болж хувирсан, ямар ч боловсрол мэдлэггүй, өөрсдийг нь өдий хүртэл өргөж өгсөн Монголын ард түмний язгуур эрх ашгийн эсрэг үгсэн нэгдсэн хоёр амилсан чөтгөр, нүүрсний шинэ фракц зайдлах болсныг бол дурдахад илүүц. Тэр зааланд Оюунэрдэнэ, Амарбаясгалан хоёрт залбирч мөргөж, тахин шүтэж, хурайлж буй жагсаалтын УИХ-ын гишүүдийг харахаас нүд халтирам. Намын зовлон Монголын зовлон болж, Монгол төр "Булаагдсан төр" болов.
Төр булаагдсан бол буцаан сэргээж төвхнүүлэх ариун дайн зайлшгүй. Ариун дайныг хэн манлайлах вэ гэдэг асуултын хариулт хэнд ч ойлгомжтой. Нэн түрүүнд ард түмний хүсэл бодлоос ангид эрх мэдэл гэж энэ дэлхийн түүхэнд оршоогүй тул эрх мэдлийг бүрдүүлж буй иргэн Та, уншигч таны эрүүл ухаан энэ дайныг манлайлах үүрэгтэй. Зөвийг шаардаж чадвал зөвөөс ангид асуудал гэж энэ хорвоод үгүй. Өнөөдрийн нөхцөл байдалд Ардын намд их хурлаа зарлан хуралдуулах, зүй ёсны процессоор намын даргаа сонгох, нүүрсчдээс намаа цэвэрлэх, нүүрсний биш жинхэнэ улстөрийн нам болж орвонгоороо өөрчлөгдөх, чадахгүй юм бол нэгмөсөн тарах шаардлагыг дээр дооргүй тавих нь монгол хүн бүрийн ариун үүрэг мөн.
Нөгөө талаар бодит эрх мэдэл талаасаа НАМЗХ-ийн дүү нараараа эрх мэдлийн амттай бялуу жигнүүлж, үүнээс нь хэсэглэн хуваах шуналаар энэ хоёрыг өөгшүүлж явсаар өнөөдөр ар нуруугаараа тонгоруулахад хүрээд буй Ерөнхийлөгч У.Хүрэлсүх, Я.Содбаатар, Г.Занданшатар тэргүүтэй өмнөх үеийн улстөрчдөөс өөр энэ дайныг хариуцаж хийх улстөрийн нөөц өнөөдөртөө Монголд байхгүй.
Ариун дайныг манлайлна гэдэг нь жинхэнээсээ, чин сэтгэлээсээ ард түмний талд зогсохыг хэлнэ. У.Хүрэлсүх нар өнөөдрийг хүртэл нэг хөлөө хааяа ард түмний талд тавивч, нөгөө хөлөөрөө хуучин улстөр, хуучин нүүрс, хуучин мөнгө, хуучин эрх ашиг, хуучин хуйвалдааны ертөнцөд зогсож байдаг, хуучин арга барилаар ажилладаг сул талаасаа нэгмөр татгалзаж чадвал энэ дайнд ялна. Ард түмэн ялдаг, ард түмэн ялах болно. Шударга ёс, эрүүл ухаан, эрдэм мэдлэг, зөв сайн бүхэн ялах болно. Үүнд итгэж чаддаггүй коммунист характер, хүний дэлхийн нийтлэг жам ёсны талд нэгмөр зогсож чаддаггүй сул дорой айдсаа ялж чадвал хэн нь ялдаг болохыг, юу нь дийлдэг болохыг хүн төрөлхтний түүх бэлхнээ зааж өгнө. Оюунэрдэнэ, Амарбаясгалан нарын шинэ нүүрсний фракцын хувьд энэ бүхний эсрэг явах сонголтоо нэгэнт хийж, нуран унах тавилангаа үүрээд жам ёсны эсрэг, зөв сайн бүхний эсрэг зүтгэж явна. Эрт оройгүй сүйрэх нь тодорхой энэ аяныг эгэл жирийн монголчуудын тулд эртхэн дуусгах ариун дайныг авторлож чадсан хүн л маргаашийн Монголд тэнцэж хүлээн зөвшөөрөгдөх болно.