Нийтлэл 04 сарын 07, 2016

Ховд голын усан цахилгаан станцын судалгааны өрөмдлөгийн ажил эхэллээ

Баян-Өлгий аймгийн Ногооннуур сумын нутагт, Ховд голын “Тавалтайн хавцал” гэх газарт баригдах Усан цахилгаан станцын судалгааны өрөмдлөгийн ажил өнөөдрөөс буюу дөрөвдүгээр сарын 6-наас эхэлж байна. Тус усан цахилгаан станц ашиглалтад орсноор баруун гурван аймгийг эрчим хүчээр хангана гэж салбарын яам үзэж байна. Туркийн “ZTM” компанийн 248 сая ам. долларын хөрөнгөөр барьж байгуулах тус станцын хүчин чадал 92.8 МВт-аар хэмжигдэж байгаа юм. Усан цахилгаан станц барих тусгай зөвшөөрлөө өнгөрсөн сард авсан "ZTM" компани концессын гэрээгээр,“Барих-ашиглах- шилжүүлэх” нөхцөлтэйгөөр төслийг хэрэгжүүлнэ.

Засгийн газар хөдөө, орон нутгийн иргэдийн ажил эрхлэлтийг дэмжих зорилготой “Бичил бизнесийг дэмжих” зорилтот хөтөлбөрийн төслийг боловсрууллаа. Энэ нь НҮБ-ын Хөдөө аж ахуйг хөгжүүлэх олон улсын сангийн “Зах зээл ба бэлчээрийн удирдлагын хөгжил” төслийн угтвар ажил болж байна. Энэхүү төслийн хүрээнд 5 аймгийн 50 суманд байгуулагдсан 454 бизнесийн бүлгийн туршлагыг орон даяар нэвтрүүлэхээр зорьж байгаа аж.

Сэргээгдэх эрчим хүчний тоног, төхөөрөмжийг импортын татвараас чөлөөлсөн гэж Засгийн газраас мэдээллээ. Судалгаа шинжилгээний болон үйлдвэрлэлийн тоног, төхөөрөмж, дагалдах хэрэгсэл, сэлбэгийн жагсаалтыг баталж, татвараас чөлөөлөхөөр болжээ. Мөн дотоодын нарны хавтангийн үйлдвэрлэлийг дэмжих үүднээс тоног, төхөөрөмжийн түүхий эдийг татвараас чөлөөлөхөөр болсон байна

Энэ долоо хоногоос эхлэн татварын буцаан олголтыг иргэдийн данс руу шилжүүлж эхэлсэн байна. 11 мянган иргэний 9.3 тэрбум төгрөгийн буцаан олголтыг арилжааны банкуудад шилжүүлж, банкууд ажлын гурав хоногийн дотор иргэдийн данс руу шилжүүлнэ гэж Нийслэлийн Төрийн сангаас мэдээллээ.

Сэтгэгдэл бичих

arrow icon