Нийтлэл 04 сарын 22, 2016

20 мянган тонн улаан буудайн үр импортлох зөвшөөрөл олгожээ

  Завгүй уншигчиддаа: Өнөөдрийн эдийн засаг, зах зээлийн тоймыг 90 секундэд 

-Хөгжлийн банк 50 тэрбум төгрөгийн зээлийн эх үүсвэрийг гаргаж, арилжааны банкуудаар дамжуулан тариаланчдад олгохоор болоод байна. Үүнтэй холбогдуулан 1480 аж ахуйн нэгж зээлийн хүсэлт гаргасныг арилжааны банкуудад хүргүүлжээ. Хоёр жилийн хугацаатай, 12.5 хувийн хүүтэй зээл авсан тариаланчдыг эхний 8 сард үндсэн төлбөрөөс чөлөөлөх юм. Үүний зэрэгцээ тариалалт эхлэх гэж байгаатай холбогдуулан 20 мянган тонн улаан буудайн үр импортлох зөвшөөрөл өгчээ.

-Түрээсийн орон сууцанд хамрагдах нийслэлийн иргэд ирэх сараас байрандаа орох боломжтой болно гэж Төрийн Орон Сууцны Корпорациас мэдээллээ. Энэ сарын 28-ны өдөр Буянт-Ухаа хорооллын 350 айлын орон сууцанд түрээсийн байранд амьдрахаар бүртгүүлсэн иргэдийн дунд сугалаа явуулна.

-2017 оны нэгдүгээр сарын 1-нээс эхлэн сарын Хөдөлмөрийн хөлсний доод хэмжээг 240 мянган төгрөг байхаар шинэчлэн тогтоогоод байна. Хуулийн дагуу хөдөлмөрийн хөлсний доод хэмжээг хоёр жилд нэг удаа шинэчлэн тогтоохоор зохицуулсан байдаг. Энэ дагуу энэ сарын 20-ны өдөр Хөдөлмөр, нийгмийн зөвшлийн гурван талт үндэсний хороо хуралдаж, одоогийн мөрдөгдөж буй хөдөлмөрийн хөлсний доод хэмжээг 25 хувиар нэмэх шийдвэр гаргажээ.

-БНХАУ Ганцмод боомтоор өнгөрсөн сард 550 мянган тонн нүүрс импортолсон гэж мэдээллээ. Энэ нь өмнөх сараасаа 2.8 дахин өссөн бол өмнөх жилийн үзүүлэлтээс бараг хоёр дахин бага хэмжээ болжээ.

-Европын Холбооны удирдлага “Google”-ийн Android үйлдлийн системтэй холбоотой албан ёсны монополийн эсрэг зарга үүсгэлээ. Европын Холбооны Монополийн эсрэг арга хэмжээ хариуцсан комиссар Маргрет Вестагер "Google-ийн аргачлал хэрэглэгчийн чөлөөт сонголтыг хязгаарлаж, инновацид тушаа болж байна" гэж мэдэгджээ.

-Бүгд найрамдах Итали улсын Парламентын Сенатын танхимын Ерөнхийлөгч Пьетро Грассо Монгол Улсад албан ёсоор айлчилж байна. 

Сэтгэгдэл бичих

arrow icon