ӨМЧ ХУВЬЧЛАЛ-ыг үр дүнтэй хэрэгжүүлсэн ямар туршлагууд байна вэ?

Өмч  хувьчлал, 1990-ээд онд

1990 онд ардчилал ялсны дараа төд удалгүй өмч хувьчлалыг эхлүүлсэн. 475 компанийг их ба бага хувьчлал нэрийн дотор ягаан ба цэнхэр тасалбар тарааж нийт 10,000 төгрөгөөр хувьцаа худалдан авч хувийн компанийн эзэн болох боломжийг иргэдэд олгов. Харамсалтай нь төр засаг маань малыг малчдад нь, орон сууцыг иргэд нь  хувьчилж чадсанаас бус зах зээлийн эдийн засгийн амин сүнс болсон хувийн компаниудыг хүртээмжтэй хэлбэрээр иргэдэд нь хувьчилж чадсангүй.

Тухайн үеийн хойд зах дээр иргэд нь 7,000 төгрөгийн цэнхэр тасалбараа 50, 100 төгрөгөөр худалдаж аваач хэмээн гуйгаад зогсож байсан тухай ахмад үеэсээ сонссон юмдаг. Зарим нь ягаан, цэнхэр тасалбарынхаа учрыг ололгүй авдрынхаа буланд хийгээд хадгалж орхисон байх жишээтэй. Тэгвэл тэрхүү тасалбар ямар үнэтэй байсныг нэгхэн жишээгээр харуулъя.

1991 онд Улаанбаатар Зочид Буудал компанийг хувьчилжээ. Нэг хувьцааны үнэ 100 төгрөг. Иргэн бүр 7,000 төгрөгийн тасалбараараа 70 ширхэг хувьцаа эзэмшж болно. Учир мэддэг, уртыг хардаг сүрхий хүн бол өөрийн 7,000 төгрөгийн тасалбараас гадна гэрийхнийхээ 4 ширхэг тасалбарыг үнэгүй гуйж аваад 280 ширхэг хувьцаа нэмээд авчихна.

Хойд зах дээр талсалбараа зарж байгаа иргэнээс 50 төгрөгөөр худалдаж аваад нэмээд 70 ширхэг хувьцаатай болчихно. Ингээд нийтдээ 70+280+70=420 ширхэг хувьцааг 50 төгрөгөөр авчихаж байгаа юм.

Өнөөдөр Улаанбаатар Зочид Буудал ХК-ийн хувьцааны үнэ нэг бүр нь 100,000 төгрөг. 420 ширхэг хувьцаа нь 42 сая төгрөг болох нь тэр. Ингэж 50 төгрөгөө 42 сая төгрөг болгон өсгөх боломж хүн бүрт нээлттэй байсан. Гэвч яагаад иргэд боломжийг алдав? Хариулт нь, иргэдэд хангалттай мэдээлэл бас мэдлэг байсангүй. Ингээд л анхнаасаа иргэд нь хөрөнгийн захаа ойлгоогүй учраас оролцоо нь бага байсаар ирсэн. Энэхүү оролцоо бага байсан учраас өнөөгийн бидний яриад байдаг хувьцааны их төвлөрөл, мэдээллийн ил тод бус байдал, жижиг хөрөнгө оруулагчдаа хохироодог явдал газар авсан хэрэг.

Өнөөгийн өмч хувьчлал

2015 оны  07  сарын  03  өдрийн УИХ-ын 70-р тогтоолд нэр бүхий 19 компанийг хувьчлах тухай баталсан билээ. Эдгээр компаниудаас 2016 оны нэгдүгээр сард “Монгол шуудан” төрийн өмчит хувьцаат компанийн нийт хувьцааны 34 хувьтай тэнцэх хэмжээнд нэмэлт хувьцаа гарган орлогыг компанийн үйл ажиллагааг сайжруулах эх үүсвэр болгон ашиглах зорилгоор Монголын хөрөнгийн биржээр олон нийтэд нээлттэй арилжаалсан. Хувьцааны ханш нь хоёрдогч зах зээлийн эхний долоо хоногт 70 хувиар өсч 325 төгрөгт хүрч өссөөр Монголын хөрөнгийн зах зээлийн түүхэнд хамгийн богино хугацаанд хамгийн өндөр хувиар өссөн хувьцааны рекордыг шинэчлэн тогтоов. Цаана нь дахиад хэд дахин том компаниуд хувьчлагдахаар хүлээгдэж байна.

Харьцуулалтаас хөгжүүлэлтрүү

Монгол Шуудан ХК-ийн хувьчлалд дөнгөж 350 гаруй хувьцаа эзэмшигчид оролцож хөрөнгөө өсгөж чадлаа. 3 сая хүнтэй, түүнийх нь 1.1 сая хүн нь ажил хийж их бага хэмжээнд орлого олдог байхад 350 иргэн оролцоно гэдэг нь дэндүү бага тоо. Нийт ажил хийж буй 1.1 сая иргэний 0.03 хувь шүү дээ. Харин хүн амых нь 0.011 хувь. 350 гаруй хөрөнгө оруулагч гэдэг нь өмнөх хувьчлалуудтай харьцуулахад эрс сайжирсан үзүүлэлт ч гэлээ олон улсын тоотой харьцуулахад өндөр түвшин биш юм.

Гадаадын туршлагаас гардан хэрэгжүүлэх практик юу байна вэ? 

Английн туршлага

Их Британи 1979-2013 оны хооронд 20 компанийг хөрөнгийн биржээр дамжуулан хувьчилжээ. Үүний нэг нь BT буюу Бритиш Телеком юм. Уг компанийн хувьцааг олон нийтэд хүртээмжтэй арилжаалахын тулд:

  • Хувьчлалын компанит ажлыг орон даяар өргөн хүрээтэй явуулсан
  • Хямд үнэ, худалдан авсан хувьцааны төлбөрөө хуваан төлөх боломжийг гаргаж дэмжсэн

Хуваан төлөх боломж: нэг бүр нь 130 паундын үнэтэй хувьцааг дараах байдлаар 3 хуваан төлөх боломжийг хөрөнгө оруулагчдад олгожээ.

 

1984 оны 11-р сарын 28-нд 50 паунд,

1985 оны 06-р сарын 24-нд 40 паунд

1986 оны 04-р сарын 09-нд 40 паунд

 Ийнхүү хугацааны эцэст 1.5 сая хөрөнгө оруулагчид тус компанийн хувьцаа эзэмшигчид болсон байна. Тус компанийн ажилтнуудын 90 хувийг хамарсан ESOP бую ажилтнуудын хувьцаа эзэмших хөтөлбөр боловсруулан хэрэгжүүлсэн нь компанийн удирдлага ба хөдөлмөрийн эвлэл хоорондын харилцааг ахисан түвшинд гаргасан байдаг.

Японы туршлага

Японы Шуудан Группын хувьчлалыг 2015 оны 11-р сарын 04-ны өдөр хийсэн. Ингэхдээ гадаад ба дотоодын томоохон андеррайтерийн компаниудтай хамтран өргөн хүрээнд хувьцааг нь олон нийтэд санал болгосон. Японы хувьд татвараас чөлөөлөгдсөн хувийн хадгаламжийн дансыг түлхүү дэмжсэн NISA дансаар нийт худалдан авалтын 40 гаруй хувийг хийжээ. NISA данс нь Японы иргэдэд таван жилийн хугацаанд жил бүр 1.2 сая иены хөрөнгө байршуулж хөрөнгийн зах зээлд хөрөнгө оруулах боломжийг олгох ба татвар авдагүйгээрээ иргэдийн хөрөнгийн зах зээл дэхь оролцоог урамшуулдаг данс юм. Уг дансаар дамжуулан Япон Шуудан Группын хувьцаанаас 200 тэрбум иены хувьцаа худалдан авчээ. Нийтдээ 1.8 сая хувьцаа эзэмшигчид шинээр төрөн гарсан байна.

Япон хэрхэн олон тооны иргэдийг хувьчлалд хамруулж чадсан бэ?

Үндэсний шуудангийн үйлчилгээний дэд бүтэц гэдэг утгаараа найдвартай хөрөнгө оруулалт гэдэг сэдлийг төрүүлсэн. Мөн банкны хүүнээс өндөр ногдол ашгийг амласан. Засгийн газраас “Хувьцааг арилжаанд” нэртэй үндэсний хэмжээний компанит ажлыг сайн зохион байгуулсан. Дотоодын томоохон банк болон болон брокерүүд нь хамтран нэгдэж ажиллаж чадсан.

Монгол Шуудангийн хувьчлалын туршлага

Компанийн 34%-ийг хувьчилснаар 6.236 тэрбум төгрөг татан төвлөрүүлэх ба энэхүү хөрөнгөөр бизнесийн үйл ажиллагаагаа тэлэх зорилгоор “авто замын логистикийн үйлчилгээ”-ний төсөл хэрэгжүүлэхээр төлөвлөсөн. Харин хөрөнгө оруулагчдаас нийт 12.6 тэрбум төгрөгийн худалдан авах захиалга ирсэн бөгөөд эрэлт нь нийлүүлэлтээс хоёр дахин илүү байсан юм.

Андеррайтерийн компанийн зүгээс хувьчлалыг хүртээмжтэй, тэгш хэрэгжүүлэх үүднээс 10,000 ширхгээс бага тооны хувьцаа худалдан авах захиалгыг жижиг хөрөнгө оруулагчид гэж үзэн захиалгыг тэргүүн ээлжинд 100% биелүүлсэн. Мөн үнээр эсвэл хугацаагаар өрсөлдүүлж хэн өндөр үнэ өгсөн эсвэл мөнгөө түрүүлж байршуулсанд нь арилжаагүй. Харин тодорхой хугацааны туршид захиалга хүлээн авч хугацааны эцэст хувь тэнцүүлэн олгосон юм. Үүний үр дүнд хувьцаа авах захиалга өгсөн бүх иргэд хувьцаа эзэмшиж чадсан. Харин уг зохицуулалтыг хийгээгүй бол хэн их мөнгөтэй нь бүх хувьцааг нь хамах байв. Үүнээс гадна ажилчдад хувьцаа эзэмшүүлэх асуудлыг УИХ-аас дэмжээгүй учраас тус компанийн ажилчдад хувьцаа эзэмшүүлэх хөтөлбөр хэрэгжиж чадаагүй. 

 

Цаашид хувьчлал хэрэгжүүлэхдээ юуг анхаарах вэ?

  1. Засгийн газраас компанит ажил зохион байгуулж хувьчлалыг иргэддээ сурталчилан иргэдийн оролцоог нэмэгдүүлэх. Япон, Английн туршлагыг судлан, нэвтрүүлэх
  2. Хувьцааны борлуулалтыг бүх брокерийн компаниуд хамтран хийдэг байх. Үүнийг засгийн газраас зохицуулалт хийж тодорхой болгох. Ингэснээр цөөн томоохон хөрөнгө оруулагчдад бус иргэдийг хувьчлалд өргөнөөр оролцуулах боломж нэмэгдэнэ.
  3. Жижиг ба том хөрөнгө оруулагчдын босгыг тогтоож жижиг захиалгуудыг тэргүүн ээлжинд 100 хувь биелүүлж, том хөрөнгө оруулагчдын захиалгыг хувь тэнцүүлэх. Ингэснээр иргэдийн оролцоо нэмэгдэнэ. Хувьчилж авсан компанийн хувь эзэмшил ганц, хоёр том хөрөнгө оруулагчид төвлөрхөөс сэргийлж чадна. Ялангуяа стратегийн салбар дахь хувьчлалыг ингэж хэрэгжүүлэх нь тус салбарын ирээдүйн аюулгүй байдалд чухал нөлөөтэй.
  4. Хувьчлагдаж буй компаниудын ажилчдад хувьцаа эзэмшүүлэх. Ингэснээр ажилчид ажилдаа илүү өөриймсөг хандаж ажлын гүйцэтгэл сайжирдаг. Үүний тод жишээг Германы Шуудангийн хувьчлалаас харж болно.
  5. Хувьцааны төлбөрийг үе шаттайгаар төлөх. Ингэснээр санхүүгийн боломж багатай иргэдийн хувьд хувьцааны төлбөрөө хуваан төлснөөр илүү их хувьцаа эзэмших боломж бүрдэх, иргэдийн оролцоо өсөх боломжтой.
  6. Хувьцааг олон нийтэд сурталчлах хугацаа хамгийн багадаа 1 сар байх. Захиалга авах хугацаа хамгийн багадаа хоёр долоо хоног байх. Үндэсний хэмжээний баяр ёслолын өмнө зохион байгуулахгүй байх. Үүнийг засгийн газраас зохицуулалт хийх. Ингэснээр иргэдийн оролцоо эрс нэмэгдэх боломжтой бүрдэнэ.

avatar
    • МЯДАГ
    • 203.91.117.*

    НӨГӨӨ 1070 ХУВЬЦААГААРАА АВЦГААХ ЮМ САН

    • Chuluu Urantsetseg
    • 27.123.214.*

    Unet tsaasnii zah zeeliig hugjuulj hurungu oruulalt tatah ni chuhal yum bn. Irged bolon AAN-uudiig unet tsaasnii bolon huvitsaanaas ashig oloh urgun medlegtei bolgoh chuhal.;

Авторууд

Санал асуулга

Нийт санал: 5544

2020 оны УИХ-ын сонгуулиар аль нам ялах вэ?

13%
МАН
17%
АН
69%
Шинэ гуравдагч хүчин
  • 13%
  • 17%
  • 69%