Нийтлэл 08 сарын 29, 2016

СУРВАЛЖЛАГА: Мөрөөдөл энгийн бол ирээдүй гэрэлтэй

Есдүгээр сард зуун зуун хүүхэд шинээр сургууль, цэцэрлэгт орж, түрүүлж оронгууд нь гурван сар уулзаагүй найзуудтайгаа уулзаж амралтынхаа тухай ярьж хөөрнө. Хүүхэд бүр инээд хөөрөөр дүүрэн ээж, аавынхаа гараас хөтлөн сургууль, цэцэрлэг рүүгээ яарна. Гэвч хүүхэд болгонд энэ боломжгүй. Жил бүр л сургууль, цэцэрлэгийн хүрэлцээний асуудал хөндөгдөж, эцэг эхчүүд цэцэрлэгийн гадаа нь хонож, зарим сугалааны дугаарандаа найддаг дүр зураг энэ жил яг л хэвээрээ.  

Гэхдээ асуудал байгаа ч түүнийг харалгүй гарц хайн амьдарч, шалтаг үл тавин зүтгэж байгаа нэгэн байгууллагаас уншигч танд хүргэх сурвалжлагаа бэлдлээ. Энэ бол “Зөв амьдрах ухаан ТББ”-ынхан.

 

Намайг утсаар холбогдоход “1000 оюутны байран дээр буугаад хэлээрэй, ах нь заагаад өгнө” хэмээн тус байгууллагын захирал Г.Загдаа гуай хэллээ. Буудлаасаа 200 орчим метрт байрлах хашаанд нь очиход тэргэнцэртэй өвөө, нялх хүүхдээ тэвэрсэн эмэгтэй угтлаа. “Уучлаарай Г.Загдаа гуайтай уулзах гэсэн юм” гэхэд хүүхдээ салхилуулж байсан эмэгтэй  хурдхан шиг гүйгээд дуудлаа. Ингээд  Г.Загдаа гуайтай уулзаж ямар ажлаар явж буйгаа хэлэхэд “Болно болно” хэмээн зөвшөөрч байгууллагынхаа үйл ажиллагаа болон бодит байдлыг нууж хаах зүйлгүйгээр хэллээ.

Нэг нэр дэвшигч цэцэрлэгийг өргөтгөж өгнө гэсэн ч сонгуулийн дараа сураг тасарсан байна

Энд 24 гэрт 137 хүн, тэдний 60 орчим нь хүүхдүүд амьдардаг аж. Г.Загдаа гуай хүүхдүүдийг аль болох хичээлийг нь завсардуулахгүйг хичээдэг бөгөөд хэрэв завсардсан хүүхэд ирсэн тохиолдолд гэрээр өдөр өнжүүлэх анги хичээллүүлэн хоцрогдлыг нь арилгах ажлыг хоёр дахь жилдээ хийж байгаа гэдгээ хэллээ.

Түүнчлэн цэцэрлэгийн насны хүүхдүүдийг хувь хөрөнгөөр барьсан цэцэрлэгт хичээллүүлдэг бөгөөд ном сурах бичгээс авахуулаад урсгал зардлаа ч зохицуулдаг аж.

Ойролцоогоор 30 орчим хүүхэд цэцэрлэгт явдаг. Өнгөрсөн хавар цэцэрлэгээ шинэчлэх гээд засварын ажлаа эхлүүлж байхад нь сонгуульд нэр дэвшсэн нэг нөхөр ирэнгүүтээ “Илүү том болгоод өгье, хойд талын ханаа нураачих” хэмээн хэлж. Тэгэхээр нь Г.Загдаа гуай хүн тусалъя гэж байхад би яаж үгүй гэхэв гээд нураагаад орхиж. Гэвч сонгууль дуусахад нөгөө нөхөр ч сонгогдсонгүй, сүр дуулиан болсон тусламж ч гэсэн ор сураггүй болсон байна. Ханаа нураагаад томруулчихсан цэцэрлэгийг засварлахад өртөг нэмэгдэх нь ойлгомжтой. Тиймээс одоог хүртэл засвар нь бүрэн дуусаагүй. Гэтэл хичээлийн шинэ жил эхлэхэд хэдхэн хоног үлдчихсэн. Байрны засварыг харвал ирэх сардаа багтаж орох ч эргэлзээтэй харагдаж байв.

 

Худлаа сонгуулийн шоу хийж л дээ, ядаж хүүхдүүдийг бодоод засаач өгчихгүй дээ гэсэн элдвийг бодож байх зуур эндхийн хүүхдүүдийг баярлуулахаар хөдөөнөөс зорьж ирсэн хүмүүстэй дайралдсанаа сэтгүүлч би ихэд олзуурхлаа. Бидний хэлж заншсанаар 40-ын бидон дүүрэн тараг, ахмадуудад сүү, хүүхдүүдэд бас гарын бэлэг авчирснаа тарааж өглөө. Хүүхдүүдийг цуглуулахад хорь гаруй нь өөрсдийн сандлаа аягатайгаа барьж ирээд л хэлээгүй байхад аль хэдийн эмх цэгцэндээ ороод тараг өгөхийг хүлээж байгаа харагдана. /Бусад нь харин цэцэрлэг, сургуульдаа бүртгүүлэх гээд ээж, аавтайгаа гарсан байв/

 

Тэднийг харахад хоорондоо муудалцаж, нэгийгээ шоглож байгаа хүүхэд нэг ч байхгүй. Бүгд л нэг нэгэндээ анхаарал тавина. Нэгнийх нь аяганд сахар хийхэд хутгаад өгнө, боорцог нь унахад аваад өгнө, нэг нь суудалгүй болчихлоо гэхэд өөрийнхөө суудлыг тавиад өгнө. Жаахан хүүхдүүд гэхэд үнэхээр ухаантай. Үүнийг харсан надад томчууд бидэнд бие биеэ ингэж хүндлэх ухамсар байдаг бил үү хэмээн бодогдож суулаа. Энэ нийгэмд чинь том машинтай нь жижгээ гуйлгачнаар нь дуудан томорч, эрх мэдэлтэй нь ажлаас чинь хална шүү гэж айлгана. Хэрвээ урдуур нь хөндөсвөл, эргээд хариугаа заавал авна хэмээн шүд зууна. Бид хоорондоо ингэж л харилцдаг. Гэтэл амьдралынхаа энэ олон тэмцэл дунд жаахан ч гэсэн амралт аваад цайлган сэтгэлтэй тэр жаахан мөрөөдлүүдээс үлгэр дуурайлыг авах хэрэгтэй юм шиг.

Энэ зуур хүүхдүүд авчирсан таргийг элсэн чихэртэй холин амтархан ууж байхад Г.Загдаа гуай “Ганчулууны хүүхдүүд байхгүй байна тэднийг дууд, тэдний дүү нь байхгүй байна тэрэнд ав. Идэрээгийн гурван хүүхэд байхгүй байна. Байхгүй хүүхдийн тоогоор тараг, бэлгийг нь аваад үлдээгээрэй” хэмээн аль нэг хүүхэд нь хоцроод үлдчих вий гэсэн сэтгэлээр бүртгэл хийж байгаа харагдлаа.

“Би том болоод дагдаа болно”

Сэтгүүлч би тараг ууж байх зуур нь хүүхдүүдтэй хичээл, сурлага, мөрөөдлийнх нь тухай сонирхон асууж түр ч гэсэн ярилцлаа.

Ахынхаа өвөр дээр суух хоёр орчим настай нэг жаал “Миний мөрөөдөл дагдаа, би том болоод дагдаа болно” гэнэ. Сайн сонсвол дагдаа биш цагдаа гэдэг үгийг хэлж байгаа бололтой. Харин хажуухнаас “манай дүү жаахан муу ярьдаг юм” хэмээн ах нь надад хэллээ. Гэтэл өөр нэг нь “Би тогооч болно” гэхэд “Би онгоцны нисгэгч болно, “Тэгвэл би хүүхдүүдийг тарьдаг эмнэлэг болно” /эмч болно гэж хэлж байгаа нь/ хэмээн бие биетэйгээ уралдан хариулна. Бас тэднээс “Та нар  ямар хоолонд дуртай вэ” гэж асуунгуут л “би будаатай хуурганд, би цуйванд, би буузанд, би хуушууранд дуртай гээд л хоцорчихвий гэсэн сэтгэлээр нэг нэгэнтэйгээ ам булаацалдана.

Харин дунд сургуулийн ах, эгч нар нь арай буурь суурьтайгаар асуултад хариулна. “Би энэ жил 10-р ангид орно. Англи хэлний хичээлдээ дуртай. Барилгын инженер болно” гэхэд нөгөө нь “Харин би 8-р анги Нийгмийн хичээлд дуртай. Ирээдүйд хуульч болно” хэмээн тун шийдэмгий хэлэв. Эндхийн хүүхдүүд бүгд л Г.Загдаа гуайг өвөө гэж дуудаж, ээж аав даргаа гэж дуудангуут “дарга өвөө” хэмээн дууддаг гэнэ.

Улс 58 хүнийг тэжээхийн тулд жил 470 сая төгрөг зарцуулдаг. Харин бид 137 хүнийг өөрсдийн орлогоор асардаг

Зөв амьдрах ухаан ТББ-ын захирал Г.Загдаа гуай хэлэхдээ “Бидний зорилго бол аав, ээж, үр хүүхдүүдийг хамтад нь амьдруулах. Өөрөөр хэлбэл эцэг эх болох хүмүүс нь нийгэмшиж байж үр хүүхдүүд нь хамт байх боломжтой. Нийгэм бол үүнийг өөрөөр зохицуулаад байна. Архины донтолттой хүнийг шүүхээр оруулаад эцэг эх байх эрхийг нь түр хасаад хүүхдийг нь асрамжийн газарт өгчхөөд байгаа нь эсрэгээр нь хийгээд байгаа юм. Аль болох эцэг эхтэй нь цуг байлгаж, аав ээжийг нь зөв амьдралд сургахын тулд л байгаа юм.

Нийслэлийн халамж үйлчилгээний тусгай төв гэж байгууллага 58 хүнийг тэжээж, асрахын тулд 19 ажилтанд жилдээ 470 сая төгрөг өгч байна. Үүнийг нь би хэлэхээр хариуцдаг албан тушаалтангууд надад уурладаг.

Гэтэл манай байгууллага дээр 137 хүн байна. Бид улсаас ямар ч төсөв мөнгө авдаггүй. Тэгсэн хирнээ төсвийг нь өгнө гэж хэлээд 60 хүн авчраад өгчихсөн. Одоо болтол өгөөгүй байна. Тэгээд төсвөө гуйхаар гудамжинд гарга гэж хэлдэг. Надад тэдэн шиг зүрх байхгүй. Тэгсэн хэрнээ намайг бариад хорьчхож байгаа юм” хэмээн өөрт тулгарсан нөхцөл байдлаа хэллээ.

Ингээд би сурвалжлагаа дуусгаад ажил руугаа буцлаа. Тэр үед надад “Хүүхдийн боловсрол ер нь хаанаас эхэлдэг юм бол” гэх бодол төрөв. Өнөө цагт өндөр хөгжилтэй орны сургалтын системтэй дунд сургуулиуд, гадаад хэлтэй цэцэрлэгүүд Улаанбаатарт олноор байгуулагдах болсон. Хүүхдээ боловсролтой хүн болгох гээд л цалингийнхаа талыг үрэн байж өндөр төлбөртэй цэцэрлэгт явуулж байгаа эцэг эхчүүд цөөнгүй. Гэвч их мөнгөөр хүүхдээ сургалаа гээд сайн хүмүүжил олгож байгаа болов уу.

Магад мэдлэгийг мөнгөөр худалдан авч болох ч гэнэн цагаан цайлган сэтгэл, хүсэл, мөрөөдлийг авч чадахгүй. Бас нэг нэгнийгээ хүндлэх, хайрлах сэтгэлийг ч мөнгөөр худалдан авч үл болно. Тиймээс хүүхдээ энэ дэлхий дээрх хамгийн ухаантай, мэдлэгтэй нэгэн болгох гээд байлгүйгээр бусдыг хайрладаг, хүндэлдэг нэгэн болгож хүмүүжүүлэх нь хамгийн ухаалаг амьдрал юм байна гэсэн бодол буцах замд сэтгэлд буулаа.

 

Сэтгэгдэл бичих

arrow icon