Нийтлэл 10 сарын 21, 2016

УРАН ЗОХИОЛ: Дазай Осамү ГҮЙГЭЭРЭЙ, МЕЛОС!

Мелос багтартлаа уурлажээ. Хорон муу санаат, харгис хэрцгий хааныг үгүй хийхээс өөр аргагүй. Мелос төрийн хэргийг үл мэднэ.  Мелос бол бишгүүр үлээж, хонь хургатай хөөцөлдөн өссөн жирийн нэгэн хоньчин хүү билээ. Гэвч муу муухайг хэнээс ч илүү жигшин зэвүүцэж сэтгэл зовнино.

Өнөөдөр үүрийн гэгээтэй уралдан босож уул тал, гол горхийг даван туулсаар арван ри (1) алслагдсан Сиракүза (2) хотод хүрч ирлээ. Мелос эцэг эхгүй, эхнэр ч үгүй бөгөөд бүрэг ичимхий охин дүүтэйгээ хоёулхнаа амьдарна. Дүү нь нас бие гүйцэж, тосгоныхоо нэгэн золбоолог малчин залуутай гэрлэх болж, хурим найрын өдөр нь дөхсөн тул сүйт бүсгүйн хуримын хувцас, идээ зоог, бэлэг сэлт бэлдэхээр холын энэ хотыг зорьж ирээд байгаа нь энэ билээ. Эхлээд хэрэгтэй юмаа цуглуулж авчихаад дараа нь хотын гол гудмаар баахан дэмий алхав. Мелост хар багаасаа тоглож өссөн үнэнч сайн анд бий. Түүнийг Селинүнтүс гэх бөгөөд энэ хотод чулуучин хийдэг ажээ. Одоо тэрбээр ойрд уулзаагүй андтайгаа уулзахаар сэтгэл догдлон алхаж явна. Тэгээд хэсэг явж байтал хотын байдал нэг л хачин, нам гүм, хэдийн наран жаргаж харуй бүрий болоод олны хөл тасарсан ч гэлээ нэг л сэжигтэй, хот тэр аяараа уйтгар гунигт автсан мэт санагдаж угийн тайван Мелосийн хүртэл нуруу нь хүйт оргиод ирэв. Замд тааралдсан нэгэн залууг барьж аваад “Ямар нэгэн юм болоо юу, хоёр жилийн өмнө энд ирэхэд, шөнө оройдоо ч хүмүүс дуулж хуурдаад хөгжилтэй сайхан байдаг сан” гэж асуухад толгой сэгсэрчихээд юу ч дуугаралгүй яваад өгөв. Цааш явж байгаад нэгэн өвгөнтэй тааралдаж, энэ удаа улам чангаар лавлан асуусан боловч бас л юу ч хариулсангүй. Мелос, өвгөний хоёр мөрийг сэгсчин байж дахин асуухад, өвгөн эргэн тойрноо сэм ажиглаж байгаад болгоомжлонгуй нам дуугаар өгүүлэв:

- Хаан хүн алж байна.

- Яагаад хүн алах гэж?

- Хар муу санаа өвөрлөлөө гэх боловч хэн ч тийм муу санаа өвөрлөөгүй билээ.

- Олон хүнийг алсан уу?

- Тийм ээ, олон хүнийг. Эхлээд хаан өөрийнхөө хүргэн дүүг, тэгээд үе залгамжлагч хүүгээ, дараа нь охин дүүгээ, бас түүний хүүхдийг, хатан хаанаа, мөн ухаант мэргэн сайд Акилессийг (3).

- Ямар хачирхалтай юм бэ. Хаан галзуу солио өвчин тусаа юу?

- Үгүй ээ, галзуурсан юм байхгүй. Хүнд итгэж чадахаа больсон юм гэнэ билээ. Сүүлийн үед шадар туслахуудаа хүртэл хардаж сэрдээд, жаахан баян тансаг амьдарч байгаа хэн байна, тэр хүмүүст нэг нэг золиосны хүн гаргаж өг хэмээн зарлиг буулгаж, зөрчвөөс жадалж алдаг болсон. Өнөөдөр зургаан хүн цаазаллаа (4).

Үүнийг сонсоод Мелос багтарч үхтлээ уурлав. “Хэлэх ч үг алга. Хэрхэвч хааныг энэ хэвээр амьд үлдээж болохгүй.”

Мелос бол гэнэн цайлган хүн. Шуудайтай юмаа үүрсэн чигтээ бүдчин алхсаар хааны ордонд хүрч ирлээ. Ордны харуулууд Мелосийг яах ийхийн зуургүй барьж аваад нэгжтэл өврөөс нь хутга гарч ирсэнд хэрэг бүр бишдэж бөөн шуугиан дэгдэж, түүнийг хааны өмнө чирч авчирлаа.

- Энэ хутгаар яах гэж байснаа хэл! гэж догшин ширүүн Дионис (5) хаан тайван мөртлөө омог сүртэй асуув. Хааны царай зэвхий саарал, хөмсөг хоорондын босоо үрчлээс нь сийлсэн мэт гүн харагдана.

- Хамаг олныг харгис хэрцгий хааны гараас аврах гэсэн юм гэж Мелос огт айсан шинжгүй хариулав.

- Одоо чи юу? гээд хаан доогтой нь аргагүй жуумалзаж, - Өрөвдмөөр ч амьтан бол доо. Чам мэтийн хүн миний ганцаардлын зовлонг яаж ч ойлгох вэ дээ.

- Дуугаа тат! гэж Мелос хилэнтэй хариу өчив. - Хүнд итгэхгүй байна гэдэг хамгийн том нүгэл бус уу. Хаантан та үнэнч, гэмгүй ардаа хүртэл хардаж сэрдэж байна.

- Хардах нь буруудахгүйн сэрэмж гэж та бүхэн надад зааж өгсөн бус уу. Хүний сэтгэл гэдэг худал хуурмаг, угаас хүн гэдэг шуналын тулам болсон амьтад, итгэж үл болно гэж хаан тайвнаар амандаа өгүүлээд нэг санаа алдсанаа,

- Би ч гэсэн энх амгаланг хүсэн мөрөөднө гэв.

- Юуны төлөөх энх амгалан? Хаан ширээгээ хамгаалахын төлөө юу? Энэ удаа Мелос доогтой инээв. - Гэмгүй хүмүүсийг алж хядаад юуных нь энх амгалан байдаг юм?

- Дуу! Тэнэг муу боол чи гэж хэлээд хаан толгойгоо огцом өргөж,

- Амны зоргоор ямар ч сайхан үг хэлж болно. Би хүнийг дотор нь ороод гарсан юм шиг мэдэж байна. Чи ч гэсэн одоо цаазлагдах болохоороо амь өршөө гэж үхэн хатан гуйх биз, өршөөнө гэж бүү сана.

- Ай, хаантан минь, та их ухаантай хүн юм. Тэгж бардам байж болно. Гэвч би хэдийн үхэхэд бэлэн байна. Амь өршөө гэж хэзээ ч гуйхгүй. Гагцхүү... гэж хэлээд толгойгоо гудайлган хоромхон зуур эргэлзсэнээ, - Гагцхүү, танд өчүүхэн ч гэсэн өрөвдөх сэтгэл байваас, цаазаар авахуулахаас минь өмнө гурван өдрийн чөлөө хайрла. Газар дээрх ганц дүүгээ нөхөрт гаргаж, гал голомтыг нь асааж ёслуулчихаад, гурав хоногийн дараа заавал энд буцаж ирнэ.

Хаан мушилзан байж хатсан сөөнгө хоолойгоор:

- Хм, санаанд оромгүй худал ярих юм. Суллаад тавьсан болжмор буцаад нисээд ирнэ гэсэн үг үү? гэв.

- Тийм, буцаж ирнэ гэж Мелос хичээнгүйлэн хариулав. - Би амласандаа заавал хүрнэ. Дүү минь намайг хүлээж байгаа. Хаантан та надад тэгтлээ итгэхгүй байгаа бол, за яахав, энэ хотод чулуучин хийдэг Селинүнтүс гэдэг цорын ганц үнэнч найз минь байдаг юм, түүнийг энд барьцаанд орхиод явъя. Хэрэв би зугтаж алга болоод, гурав хоногийн дараа нар жаргахаас өмнө энд ирэхгүй бол та түүнийг миний оронд цаазлагтун. Хүслийг минь болгоож хайрла.

Хаан түүний хэлснийг сонсоод санасандаа хүрсэн мэт хүйтэн цэвдэг инээмсэглэл тодруулж, , “Хн, их л сүрхий юм хэлэх шив. Угаасаа буцаж ирэхгүй нь мэдээж. Энэ худалчийн үгэнд нь хууртсан дүр үзүүлээд суллаж тавибал сонирхолтой л юм. Тэгээд гурав хоногийн дараа нөгөө золиосны хүнийг цаазалбал бүр ч аятайхан бус уу. Хүн гэдэг амьтан ийм л болохоор итгэж болдоггүй юм гэж гуниг зарлаад, тэр залууг цааш нь харуулж орхиё. Энэ хорвоогийн үнэнч шударга гэж худлаа хийрхэгчдэд нэг сайхан үзүүлээд өгөх юмсан” хэмээн боджээ.

- За яахав. Хүслийг чинь ёсоор болгоё. Тэр золиосны хүнээ дууд. Гурван өдрийн дараа нар жаргахаас өмнө энд ир. Амжиж ирэхгүй бол золиосны хүнийг цаазална гэж мэдээрэй. Хоцроод ч ирж болно. Тэгвэл чиний ялыг үүрд хэлтрүүлэн өршөөх болно.

- Юу? Хаантан та юу айлдав?

- Ха ха, амь насандаа хайртай бол хоцроод ир. Чамайг яахыг би сайн мэдэж байна.

Мелос үгээ цэнэж, бачимдсандаа хөлөө дэвсэв. Хэлэх үг ч олдсонгүй.

Багын найз Селинүнтүс нь шөнө дөлөөр хааны ордонд дуудагдан ирлээ. Ийнхүү Мелос догшин хэрцгий Дионис хааны өмнө хоёр жил уулзаагүй сайн найзтайгаа уулзаж, найздаа бүх учраа ярихад Селинүнтүс дуугүй толгой дохин түүнийг чангаас чанга тэврэн авав. Хоёр найз ингээд салахад л хангалттай байлаа. Селинүнтүс олсоор хүлээтэй үлдэж, Мелос ордноос гараад шууд гүйлээ. Зуны тэргүүн сарын эхэн юмсан, тэнгэрт түг түмэн од гялалзаж байлаа.

Мелос хором ч амсхийлгүй шөнөжин гүйсээр маргааш өдрийн бага үдэд нутагтаа хүрэхэд, нар хэдийн өндөрт хөөрчээ. Тосгоныхон тариан талбайдаа гарч, арван зургаатай дүү нь ч бас ахынхаа оронд хонио хариулаад явж байв. Дүү нь айхтар эцэж ядарсан ахыгаа хараад ихэд гайхаж, яасан ийснийг нь шалгааж гарав.

- Яагаа ч үгүй ээ гээд Мелос хүчлэн инээхийг оролдоно. - Хотод ажлаа дутуу орхиод ирсэн тул буцаад явахгүй бол болохгүй. Маргааш чиний хуримыг ёслъё, хурдан тусмаа сайн биз гэхэд дүүгийнх нь хацар ягаарав.

- Сэтгэл хөдөлж байна уу? Хуримын чинь гоё даашинзыг бас авчирсан шүү. За одоо явж, маргааш хуримтай гэж тосгоныхондоо зар тараагаад ир.

Мелос цаашаа дэн дун алхсаар гэртээ орж, бурхан тахилдаа идээ унд өргөж, хуримын ширээ сандал засмагц  шалан дээр тэрийн унаад үхсэн мэт бөх гэгч нь унтлаа.

Сэрээд хартал нэлээд орой болжээ. Мелос босонгуутаа шууд хүргэн болох залуугийнд очиж, “Чухал ажил гараад, хуримын өдрийг маргааш болгож өгөөч” гэж гуйвал залуу мэл гайхаж, “Тэр болохгүй ээ, бид юу ч бэлдээгүй байна. Ядаж усан үзмийн улирал хүртэл хүлээ” гээд ер хавьтуулсангүй. “Хүлээж чадахгүй нь, яаж ийгээд маргааш л болгож өг” хэмээн уйгагүй гуйхад хүргэн хүү ч тас зөрсөөр, шөнө дуусаж үүр цайтал хийнэ, хийхгүй гэж маргалдсаар эцэст нь ашгүй нэг зөвшөөрүүлж авлаа. Хуримын ёслол яг үд дундад эхлэв. Сүйт бүсгүй, сүйт залуу хоёр бурханд залбирч, андгай тангаргаа өргөж дуусах яг тэр мөчид гэнэт тэнгэрт бөөн хар үүл хуралдан нэг хоёр дусалж байснаа төдөлгүй хувингаар цутгах мэт ширүүн бороо шаагин орлоо. Хуримын ширээний ард эгнэн суусан тосгоны хүмүүс ямар нэгмуу ёр зөгнөн эвгүйцсэн боловч дор бүрдээ сэтгэлээ засаж, умбагар давчуу байшингийн бүгчим халууныг үл хайхран сэтгэл  тэнэгэр дуу дуулж, алга ташиж хөгжив. . Мелос ч жаргалтай сайхан болж, нэг хэсэг нөгөө хаантай хийсэн гэрээгээ хүртэл мартаж орхисон байв. Орой болж, найр хавтгайрч, аадар бороог анзаарах хүн ч үгүй болжээ. Мелос энэ чигээрээ нэг насыг барвал сайхансан гэж санав.  Энэ сайхан хүмүүстэй амьдрах суухсан гэвч даанч одоо энэ бие нь өөрийнх биш болжээ. Хүслээр болдоггүй хяслант хорвоог яалтай билээ. Мелос  сэтгэлээ чангалж  замд гарахаар  хатуу шийдэв. “Маргааш нар жаргатал зөндөө цаг байна, нэг дуг хийчихээд хөдөлбөл бороо ч намдах биз” гэх мэтээр  нэг хором ч болов гэртээ баймаар санагдан сэтгэл хоргодно. Мелос мэтийн эрд ч гэсэн мэдээж харуусал, гуниглал гэдэг юм байлгүй яах вэ. Тэрбээр найрын цэнгээнд согтсон мэт талимааран суух сүйт бүсгүйн дэргэд очоод:

- За баяр хүргэе. Ах нь бүр ядарчээ. Түр хажуулж аваад шууд хот явна. Намайг үгүйд чамд халамжтай сайн хань байна. Юунд уйтгарлаж гунихав. Ахынх нь хамгийн дургүй зүйл бол хүнд үл итгэх, бас худал хэлэх. Чи ч мэдэж байгаа байх. Эр нөхрөөсөө нууж хаах юм өчүүхэн ч гаргаж болохгүй шүү. Үүнийг л чамд захих гэсэн юм. Чиний ах лав мундаг хүн мөн тул ахаараа бахархаж яваарай гэв.

Сүйт бүсгүй зүүдэлж буй мэт болсноо толгой дохив. Дараа нь Мелос хүргэн хүүгийн мөрийг алгадан,

- Одоо яая гэх вэ, ойлгоно биз дээ. Манайд байгаа эрдэнэ гэвэл ганц дүү минь, энэ хэдэн хонь, өөр юу ч алга даа. Бүгдийг өгье. Нэмж хэлэхэд, Мелосийн дүү болсондоо бахархаж яваарай гэхэд хүргэн хүү гараа базлан тэрүүхэндээ ичингүйрч сууна. Мелос нутгийн хүмүүст бас нүүрэндээ инээмсэглэлтэй  ёсмэдээд гэрээс гарч хонины хашаа руу шурган орж, үхсэн мэт унтаад өглөө.

Үүр цайж өглөө боллоо. Мелос үсрэн босож, “Ээ, бурхан минь, унтаж орхив уу даа. Аа, ашгүй гайгүй байна. Одоо гараад явбал амласан цагтаа элбэг очиж амжина. Өнөөдөр тэр муу хаанд үнэнч сэтгэл гэж юу байдгийг харуулаад өгье. Тэгээд цаазын тавцан дээр нь инээж үзүүлнэ ” гэж бодонгоо ойр зуурын юмаа алгуур тайван зэхэж эхлэв. Бороо ч овоо намдаж байгаа бололтой. Бэлэн боллоо. Мелос хоёр гуяа нэг хүчтэй алгадаад усан бороон дундуур харвасан сум мэт харайн одлоо.

"Би өнөө орой үхнэ. Үхэхийн төлөө гүйж байна. Золиосонд хоцорсон найзынхаа төлөө, хорон муу санаат харгис хааныг ялан дийлэхийн төлөө гүйж байна. Тэгээд би цаазлагдана. Залуу зандан наснаасаа нэр төрөө эрхэмлэ. Баяртай, эх нутаг минь." Нас бага, цус шингэн Мелост үнэхээр хэцүү байлаа. Хэд хэдэн удаа шантарч зогсохоо шахав. Яваад бай, яваад бай гэж хашгиран зүрхээ чангалж, сэтгэлээ барин гүйлээ.

Нутгаасаа гараад уул тал, ой модоор шурган гүйсээр зэргэлдээ тосгонд хүрч ирэх үед бороо арилж нар өндөрт хөөрөн халуу шатаж эхлэв. Мелос духныхаа хөлсийг гараараа шударч “Энд хүрсэн байхад одоо зүгээр. Нутагтаа хоргодох сэтгэл минь ч тайвширлаа, дүү нар маань ч сайхан гэр бүл болцгоох биз. Одоо юунд санаа зовох билээ. Ингээд шууд хааны ордон руу явбал болоо. Бас юундаа ч тэгтлээ яарах вэ, сандралгүй явна аа” гээд угийн уужуу тайвуу зан нь хөдөлж, дуртай дуугаа аялан цааш явлаа. Аажуухан алхсаар хоёр ри, гурван ри замынхаа талд бараг ороод явж байтал, гай газар дороос гэгчээр урдахаа хараад ухаан алдах шахав. Өмнөх голыг хараач, таминь! Өчигдрийн орсон аадар бороонд уулнаас булингартсан бөөн хар ус гол руу цутган орж  хуйлран урсах аймшигт үер болон хувираад голын гүүр хашлагыг юу юугүй зад татан хаяж, эвдэрч хэмхэрсэн гүүрийн мод, холтосыг үртэс болтол нь шидэлж байна. Тэр яахаа мэдэхгүй алмайрч орхив. Ийш тийш харж байдгаараа бахиравч, ганц ч завь үлдэлгүй урсаж алга болоод завьчны бараа ч үзэгдсэнгүй, голын ус улам бүр үерлэн далайн давалгаа мэт оволзон урсана. Мелос голын эрэг дээр сөхрөн унаж эр хүний ховор нулимс унаган, хоёр гараа тэнгэрт өргөн Зевс бурханаас аврал эрэн залбирлаа. “Ай, бурхан минь энэ хараалын үерийг намдааж хайрла! Нар хэдийн их үдийг голлож, цаг мөч хором хормоор хорогдсоор буюу. Энэ нарыг уулын цаагуур орохоос өмнө хааны ордонд очихгүй бол найз минь миний өмнөөс үхэх болно.”

Үерийн ширүүн урсгал Мелосийн гуйлтыг элэглэн шоолох мэт улам хүчтэй түрж, давалгаа нь давалгаагаа тэврэх  мэт хуйлран эвхэрч, хөөсрөн давалгаалсаар, цаг мөч өнгөрсөөр л. Мелос сэтгэл шулуудан сэлж гарахаар шийдлээ. “Бурхан минь аварч хайрла! Ширүүн урсгалд ч дийлдэшгүй үнэнч сэтгэлийн агуу их хүчийг одоо л нэг үзүүлье” хэмээн өөрийгөө зоригжуулаад голын ус руу годхийн үсрэн орлоо. Зуун аварга могой  атиралдсан мэт мушгирч, даран авч татан чангаах аймшигт үерийн эсрэг хамаг хүчээ хоёр даландаа авч хүчит урсгалыг юман чинээ бодолгүй тэмцэж эхэллээ... Амь хайргүй улайран зүтгэх хүний хүүг хараад бурхан  өрөвдсөн ч юм уу, авралын гараа сунгаж, урсах шахан явсан тэрбээр ашгүй нөгөө эргийн модны үзүүрээс зууран авч чадлаа. Ямар их аз вэ! Үд хэлбийж, Мелос ганц хором ч атугай алдахгүйг хичээн уснаас гарсан адуу шиг биеэ нэг хүчтэй сэгсэрчихээд цааш яаран гүйлээ. Аахилан гүйж явсаар нэгдаваан дээр гарч жаахан уужраад сууж байтал гэнэт өмнө нь уулын бүлэг дээрэмчид үсрэн гарч ирэв.

- Зогс.

- Яах гээв? Би нар шингэхээс өмнө хааны ордонд очих ёстой хүн. Зам тавь.

- Тэгнэ гэж санаа юу? Байгаа юмаа бүгдийг орхиод явна даа.

- Надад өчүүхэн энэ аминаас өөр юу ч алга. Одоо ганц энэ амиа хаанд тушаахаар явж байна.

- Тэр амь чинь л хэрэг болоод байна даа.

- Аан, тийм бий, та нар. Хааны зарлигаар намайг энд отож байсан бий.

Дээрэмчид юу ч дуугаралгүй нэгэн зэрэг модоо савчуулан уулгалан өөдөөс нь дайрлаа. Мелос ухасхийн бултаж, нүд ирмэхийн зуур нисэн дүүлдэг жигүүртэн мэт ойр байсан нэг рүү нь үсрэн очиж, модыг нь шуртхийн булааж аваад “Өршөө, үнэний төлөө” гэж  хэлчихээд нэг хүчтэй далайлтаар яах ийхийн зуургүй гурвыг нь цохин унагааж, үлдсэн нэгнийнх нь сиймхий дундуур ухасхийн гараад уулын уруу тэр эрчээрээ зугтлаа. Хар хурдаараа гүйснийг хэлэх үү, хамаг хүч нь барагдаж, зулай дээр нь үдийн аагим халуун нар төөнөж, үе үе толгой нь эргэн ухаан балартах шиг болоход сэтгэлээ чангалж, унахгүйг хичээн чүү чай нэг хоёр алхах боловч сүүлдээ өөрийн эрхгүй өвдөг сөхрөн уналаа. Өндийх ч тэнхэл байсангүй, тэнгэр ширтэн харууслын нулимс унагахад хүрэв.  “Ай, хөөрхий, ширүүн үер, уулын дээрэмчидтэй тулалдан гурвын гурвыг унагаан зугтаж ирсэн зоригт баатар Мелос чи ингээд унаад өгнө гэж үү? Ачит найз чинь чамд итгэснийхээ төлөө үхэх гэж байна, чи бол хорвоогийн хамгийн өөдгүй урвагч, яг хааны бодсонтой адил арчаагүй амьтан” гэж өөрийгөө харааж зүхэвч, тамир тасарч өчүүхэн чинээ ч урагш ахиж чадсангүй, замын хажуугийн зүлгэн дээр гулдайн хэвтэнэ. Бие сульдвал ухаан санаа ч самуурна. Яасан ч яахав гэсэн баатар эрд үл зохих хулчийсан бодол гэнэт сэтгэлийн мухарт урган бий болов.

“Намайг энэ хүртэл амь хайргүй тэмцсэнийг, амлалтаасаа өчүүхэн ч няцаагүйг бурхан мэднэ. Эцсийн хүчээ шавхан хөдөлж чадахгүй болтлоо гүйсэн билээ. Би урвагч биш ээ. Болдогсон бол энэ цээжээ урж хаяад, дан ганц хайр, чин үнэний цусаар цохилох улаан хүрэн зүрхээ сугалаад үзүүлэх юмсан. Даанч бие, сэтгэл зүрх минь нэгэнт мохжээ. Би яасан азгүй хүн бэ! Намайг, манай гэрийнхнийг бүгд элэглэн шоолох биз ээ. Би найзаасаа урвасан. Замдаа ингээд ойчоод өгвөл эхнээсээ юу ч хийгээгүйтэй адил бус уу. Даанч, даанч босож чадахгүй нь, энэ хэвээр минь орхиод аль, хувь заяа минь ийм л байж. Селинүнтүс минь, өршөөгөөрэй. Чи надад итгэж, би ч чамд итгэж, чи бид хоёр үнэхээр эрийн сайн андууд байжээ. Хэн хэнийгээ хэзээ ч хардаж сэрдэж байгаагүй, одоо ч гэсэн чи намайг цайлган цагаан сэтгэлээр хүлээж суугаа биз ээ. Баярлалаа, Селинүнтүс. Надад ингэж итгэл өгснийг чинь бодохоор өр зүрх минь өвдөх юм. Энэ хорвоод үнэнч андын нөхөрлөл шиг ариун нандин зүйл үгүй юм даа. Селинүнтүс, би гүйсэн шүү, чамаас урваагүй! Гүйхийн дээдээр гүйж, улаан үер, уулын дээрэмчидтэй тулалдаж, уулнаас хар хурдаараа зугтаж ирсэн, би чадсан шүү. Надаас өөр юу ч битгий хүс, орхиж аль, хамаа алга, заяагүй амьтан би ялагджээ. Инээцгээ, бахаа ханатал инээцгээ. Хаан надад юу гэлээ? “Жаахан хоцроод ир, тэгвэл золиосны хүнийг алж, амийг чинь хэлтрүүлнэ” гэж шивнэж байл уу. Хааны тэр хорон санааг би ямар их үзэн ядаж байлаа. Гэтэл одоо хааны хэлснээр болж, би хоцорч, хааны бах ханаж, шоолж, тэгээд намайг юу ч болоогүй юм шиг суллан тавих биз. Тэгээд би үүрдийн урвагч, энэ орчлонгийн хамгийн адгийн амьтан болно. Нэр хугарахаар яс хугар! Селинүнтүс минь, би ч бас үхье, хамт үхье. Ганцхан чи л намайг ойлгоно, итгэнэ. Үгүй ээ, энэ ч бас өөрөө өөрийгөө хуурсан бодол уу? Тэгвэл бүр муу хүн болоод амьд явах уу? Тосгонд минь гэр, хонь маань байна, арай ч дээ, дүү хүргэн хоёр намайг хөөж туухгүй байлгүй. Үнэнч сэтгэл, итгэл, хайр майр ер нь ямар хэрэгтэй юм? Өрөөлийг хорлож өөрөө амьд явах нь энэ хорвоогийн жам бус уу. Ёстой бүгд тэнэг. Би өөдгүй урвагч, хамаа алга, дураараа болцгоо. Дуусчээ.”

... гэж халаглан бодсоор дөрвөн мөчөө хөсөр хаян үхэтхийн хэвтэж байгаад зүүрмэглэж орхилоо.

Гэнэт чихний үзүүрт ус хоржигнох чимээ сонсогдох шиг болов. Аажуухан толгойгоо гилжийлгэн амьсгаа түгжин чагнаваас энүүхэнд хөл дор нь урсаж байх шиг. Арай чамай хөл дээрээ босон харвал хадны завсраас булгийн тунгалаг ус зөөлөн урсан гарч ирж байв. Мелос булгийн усанд соронздуулах мэт урагш бөхийн хоёр гараа тосон нэг балга ус уугаад уртаас урт амьсгаа автал зүүднээс сэрсэн мэт сэргээд ирлээ. “Явж чадах нь, гүйе.” Биеэ дагаад сэтгэл санаа ч сэргэж, өчүүхэн боловч хүсэл мөрөөдөлтэй болов. Энэ бол ам тангарагтаа хүрэх хүсэл мөрөөдөл, амь насаараа нэр төрөө хамгаалах хүсэл мөрөөдөл. Наран баруунаа хэлбийж улаан шар туяа ой мододыг гийгүүлж, ногоон навч, мөчир цөм гал улаан өнгөөр гялтганана. Нар арай жаргаагүй байна. Надад итгэн чимээгүйхэн хүлээж суугаа хүн бий. Би итгэл хүлээсэн хүн. Амь нас юу ч биш. Үхэж уучлалт гуйя ч гэх шиг худлаа сайхан үг хэлж яаж болно. Би тэр итгэлийн ачийг хариулах ёстой, одоо өөр юу ч хэрэггүй. Гүй, Мелос!

Тийм ээ, найз минь надад итгэж байгаа, итгэж байгаа. Саяын тэр ад чөтгөрийн шивнээ, муу ёрын зүүд байжээ. Мартаж орхиё. Ядарч туйлдахад муу ёрын зүүд зүүдэлдэг юм. Ичих юмгүй, чи бол үнэхээр жинхэнэ баатар, ингээд хөл дээрээ босоод дахин гүйж байгаа биш үү, юутай баярлууштай! Би шударга үнэний төлөө тэмцэгч болон үхэж чадна. Нар шингэж байна, улам улам доошилж байна. Хүлээ, Зевс бурхан минь. Би хүн болсноосоо хойш үнэнч шударгаар явж ирсэн, тэр хэвээр минь үхүүлж хайрла.

Замаар алхах хүмүүсийг шүргэн, мөргөн, түлхэн хуй салхи шиг гүйлээ. Гадаа хээр наадах олны найрын ширээний тэг дундуур найрын хүмүүсийг ангайтал, айлын нохойг өшигчин, гол горхи туучин аажим аажмаар доошлох нарны хурдаас арав хэд дахин илүү хурдаар гүйлээ. Хэсэг аянчинтай зөрөх үед “Одоо нөгөө залууг цаазын шонд өлгөж байгаа байх даа” гэлцэх бэлгэгүй яриа чихэнд дуулдав. “Аа, би тэр, тэр залуугийн төлөө гүйж байна, түүнийг үхүүлж болохгүй, хурдан гүй, хоцорч болохгүй, хувцас хунар юуны хамаа байна, хайр, үнэний хүчийг одоо л харуулъя.” Мелос бараг чармай нүцгэн гүйж явна. Багтарч үхэх шахан хоёр гурван удаа цусаар бөөлжив. Бараа нь харагдлаа. Тэртээ тэнд Сиракүза хотын сүмийн орой шовойж байна. Сүмийн орой жаргах нарны туяанд алтран гялтагнана.

- Ай, Мелос гуай гэсэн гаслангуй дуу салхитай хамт сонсогдов.

- Хэн бэ? Мелос гүйнгээ асуув.

- Таны эрхэм найз Селинүнтүсийн шавь Филострат байна гэж залуу чулуучин Мелосийн хойноос дагаж гүйнгээ хашгирав. - Одоо нэмэргүй ээ, гүйхээ болигтун. Та түүнийг аварч чадахаа өнгөрчээ.

- Үгүй, нар жаргаагүй байна.

- Яг одоо түүнийг цаазлах гэж байна. Та нэгэнт оройтжээ. Би таныг харааж зүхмой. Та жаахан, арай жаахан эрт ирсэнсэн бол!

- Үгүй, нар жаргаагүй байна гэж хэлсэн Мелосийн зүрх нь зүсэгдэх шиг болж, том улаан нарыг цоо ширтэн гүйнэ. Гүйхээс өөр яах билээ.

- Болигтун. Гүйхээ болигтун. Та одоо өөрийнхөө амийг бод. Тэр танд маш их итгэж байсан шүү. Цаазын тавцан руу түлхэн гаргахад хүртэл ер ажиггүй, хаан түүнийг элдвээр шоолж байсан ч зөвхөн “Мелос заавал ирнэ” гэж хатуу итгэлтэйгээр хэлж байсан.

- Тийм болохоор гүйж байна. Итгэл хүлээсэн болохоор гүйж байна. Амжих, амжихгүйдээ биш, амь нас энэ тэрд ч биш, өөр ямар нэгэн агуу том юмны төлөө гүйж байна. Дагаад гүй!

- Аа, та солиорчээ. Тэгвэл бүр хурдан гүй. Юмыг яаж мэдэх вэ, амжиж ч юун магад. Гүй, гүйгээд бай.

Тийм ээ, нар жаргаагүй байна. Мелос эцсийн хүчээ шавхан гүйж явна. Мелост юу ч бодогдсонгүй, зөвхөн учир нь үл ойлгогдох нэгэн агуу их хүчинд татагдан гүйж байлаа. Нар аажим аажмаар тэнгэрийн хаяа руу шурган орж, сүүлчийн гэрлийн хэлтэрхий тасрах яг тэр агшинд Мелос салхи шуурга лугаа адил цаазын газарт гүйн орж ирлээ. Амжлаа.

- Хүлээ, тэр хүнийг алж болохгүй. Би буцаад ирлээ. Амласан ёсоороо буцаад ирлээ гэж байдаг чадлаараа хашгирсан боловч хоолой нь хатаж сөөгөөд өчүүхэн сул дуу гарснаас цаашгүй, цугласан олны хэн нь ч түүнийг анзаарсангүй. Олсоор хүлсэн Селинүнтүсийг аль хэдийн цаазын өндөр шонд өлгөж байлаа. Мелос түүнийг хараад сүүлчийн хүчээ шавхан, түрүүхэн үерийн усыг сөрөн туулсан шигээ олны дундуур зүсэн орж,

- Би байна, цаазлагч аа! Цаазлагдах хүн би байна! Түүнийг золиосонд орхиод явсан хүн, би энд ирээд байна гэж сөөнгө хоолойгоор бахирсаар цаазын тавцан руу авиран гарч дээшээ өлгөгдөн буй найзынхаа хоёр хөлнөөс зууран авлаа. Цугласан олон шуугилдаж, “Хөөрхий тэднийг сулла” гэж ам амандаа орилолдов. Селинүнтүсийн хүлээсийг тайллаа.

“Селинүнтүс!” гэж Мелос нулимс цийлэгнүүлэн дуудангаа:

- Намайг цохь, нэг сайн алгад. Би ирэх замдаа нэг муухай зүүд зүүдлээд.., хэрэв намайг эс цохивоос найз чамайгаа тэврэн авах эрх байхгүй билээ, цохь гэв.

Селинүнтүс бүгдийг ойлгосон шинжтэй толгой дохин, цаазын газрыг цуурайттал баруун хацрыг нь тасхийтэл алгадлаа. Тэгээд зөөлөн инээмсэглэж,

- Намайг ч бас цохь, адилхан чангаас чанга цохь. Энэ гурван өдрийн хугацаанд би нэг л удаа, төрөөд анх удаа чамд жаахан итгэл алдарсан. Намайг эс цохивоос чамайг яахин тэврэн авах билээ.

Мелос орилон, зүүн хацрыг нь алгадлаа.

“Анд минь!” гэж зэрэг зэрэг нэгнээ дуудан тас тэврэлдэж, баярын нулимс асгаруулан хангинатал уйлав.

Олон түмний дундаас ч сэтгэл хөдөлж мэгшин уйлах дуу сонсдоно. Хаан хүмүүсийн ард зогсоод тэр хоёрыг хөшсөн мэт хөдөлгөөнгүй харж байснаа, алгуурхан ойртон очоод нүүр нь жаахан улсхийснээ,

- Та хоёрын хүсэл биелж, би ялагджээ. Үнэнч сэтгэл гэдэг огт хоосон зүйл биш юм байна. Та хоёрын найз болохыг чин сэтгэлээсээ хүсмой. Хүсэлтийг минь хүлээн авч, намайг найзаа болгож аваач.

Хүмүүсийн хурайлах дуу цуурайтлаа.

- Хурай, Эзэн хаан хурай.

Нэг охин Мелост ув улаан нөмрөг өгөв. Мелос яахаа мэдэхгүй сандран зогсоход сайн анд нь санаа тавин хэлж өгөв.

- Хөөе, Мелос минь, чи шав шалдан байна шүү дээ. Наадахаа хурдан аваад нөмөр. Энэ хөөрхөн охин чиний нүцгэн биеийг хүмүүст харуулахаас их санаа зовж байна даа.

Баатар эр час улайв.

(Эртний Грекийн домог, Шиллерийн (6) шүлгээс. )

 

-------------------------

Тайлбар:

(1) Ри - Уртын хэмжүүр. 1 ри ойролцоогоор 3,9 км.

(2) Сиракүза - Одоогийн Италийн Сицили арлын баруун өмнө зүгт орших Siracusa хот.

(3) Акилесс - Эртний Грекийн домгийн баатар. Эртний Грекийн яруу найрагч Гомер (МЭӨ 8-р зуун)-ын зохиосон “Илионы дуулал”-ын гол дүрийн баатрын нэрээр нэрлэжээ.

(4) Цаазлах - Дээр үеийн Японд хэрэгтэнг өндөр шонд хүлж байгаад жадалж цаазалдаг байжээ.

(5) Дионис - МЭӨ 432-367 онд одоогийн Италийн Сиракүза (Siracusa) хотын захирагч байсан эзэрхэг хааны нэр.

(6) Шиллер - Фридрих Шиллер (1759-1805). Германы жүжгийн зохиолч, яруу найрагч, түүхч, философич.

орчуулгын япон эх: http://www.aozora.gr.jp/cards/000035/files/1567_14913.html

Дазай Осамү, 1940 он.

орчуулсан Д. Алтанцэцэг

Сэтгэгдэл бичих

    • Зочин
    • 2020-05-28

    Thank you so so much ♡

    • Igo
    • 2016-10-24

    Ямар лут орчуулав аа. Өрөөлийг хорлож өөрөө амьд явах нь энэ хорвоогийн жам бус уу. Ёстой бүгд тэнэг. Би өөдгүй урвагч, хамаа алга, дураараа болцгоо. Дуусчээ.

    • Зочин
    • 2016-10-24

    Ih saihan orchuuljee. Ug songolt , nairuulga, holdout,utga sanaag gaihaltai gargaj bayrlalaa

arrow icon