Нийтлэл 10 сарын 27, 2016

ТОВЧ ЗУРАГЛАЛ: Монголын өнөөдөр

Ирээдүй өнөөдрөөс эхэлнэ ээ, эхэлнэ ээ...

Үсэгнээс ая сонсогддог ч байсан болоосой, ингэж дуулаад л эхэлсэн дээ. Магадгүй бид эндээсээ эхлээд буруудсан. Ирээдүй өчигдөр эхэлсэн байсан. Тэр өчигдөрт маань юу байсан бэ?  Байлдан дагуулалт, их гүрэн, уналт бууралт, коммунизм, үйлдвэржилт... энэ бүхний ээлж засварт хэзээ ч гээгдээгүй нүүдлийн мал аж ахуй.  Бидний өчигдөрт юу байгаагүй вэ? Хот, тэнд үүсдэг зах зээл, шинжлэх ухаан, түүнийг аж ахуйд нэвтрүүлсэн техник, технологи, түүгээр бүтээсэн эд зүйлийг арилжих ухаан, аргачлал байсангүй.   Тийм байтал 1990 онд парламентын засаг, чөлөөт зах зээлийг сонгохдоо  ямар дэлхийд нүцгэн гүйж орж байгаагаа сайн ухсангүй*.  Түүхэн үечлэлээрээ цаанадаж 12000 мянга, наанадаж 250 жил хөгжсөн үйлдвэрлэлийн ба арилжааны ухаан бүхий өрсөлдөөний өмнө хаалгаа нээхдээ Монгол орон ямар байдалтай байсан бэ?  

Төрөөс манлайлж хэрэгжүүлсэн үйлдвэржилт. Ерөөсөө түүхэн замналын хувьд 20-р зууны эхээр нэг завин дээр сууж таарсан коммунист Орос үйлдвэрлэл аж ахуй талдаа хамгийн муу багш байж таарсан. Түүнийг нь магадгүй харж байсан, Харли Дэвидсон унаж, хар савхи өмсдөг, иргэн баян бол улс баян хэмээх үзэл мандуулж хөрөнгөжих сонирхолтой Данзан нарын манай удирдагчдыг оросууд эртхэн дарж авсан билээ. Тэдэнтэйгээ 70 жил явсны эцэст өрсөлдөхөөр нэгдсэн дэлхийд үйлдвэр гэдэг гурван онцлогтой байв.

1, хүн талдаа бол энгийнээр хэлбэл үйлдвэрлэж буй зүйлдээ хайртай, эдийн философитой****

2, үйлдвэр дотроо бол зах зээлд үнээр өрсөлдөж буй тул үр ашигтай

3, бие даасан салбарт харьяалагддаг буюу түүхий эд татахаас түгээх борлуулах хүртэл дамжлагууд бүрдсэн байх

1 дүгээрхийн хувьд Монголд үйлдвэрчин анги бүрдэж эхэлж байсан ч төвлөрсөн төлөвлөгөөгөөр үйлдвэржсэн тул сэтгэлээ өгсөн эд зүйлээ эрсдэл үүрч зах зээлд гаргагч буюу энтэрпренёр анги байсангүй. 2, Төрийн үйлдвэр тул өмч хүнийдсэн, 3, Социйн том эдийн засагт багтах замаар оршин тогтнож байсан, ийм 3 шалтгаанаар ЗХУ-ын аж ахуй эдийн засаг задарч унахад бие даан үйлдвэрлэл эрхлэх эд материалын болоод идеологи сэтгэлгээний нөхцөл Монголд байсангүй.  Монголд жинхэнэ эдийн засгийн хүн байсангүй.  Тийм Монголд Бреттон Вүүдсийнхэн ирж жинхэнэ эдийн засгийн хүн дээр бүх онол нь тогтдог неолиберализмыг туршаад ирээдүйг өнөөдрөөс эхлүүлэх гэж оролдов. Микро ба макро түвшиндээ угийн хөгжихөд хэцүү орчинд хаягдсан байсан үйлдвэрийн баазыг масс купоноор хувьчилмагц хувьцаа байтугай хувийн малаа гүйцэд тоолдоггүй ард түмний 70 жилийн хуримтлал хэдэн хүний гарт хуваагдаж, совиэт том зах зээлээс мултарсан ч дотоодын зах зээлд эрэлт үлдсэн архи, талх гэх мэт хэдэн үйлдвэрээс бусад нь балгас болж, төмөр нь урагш ачигдав. Ирээдүй өнөөдрөөс эхэлж амжаагүй нь тэр билээ.

Энэ зуур 1980аад оноос дээр дурдсан 3 нөхцлийг бүрдүүлэхээр эдийн засагтаа реформ хийсэн өмнөд хөршийн үйлдвэрлэлийн салбарын өртөг, өрсөлдөх чадвар боломжийн болж ирээд байлаа. Төсөв төлбөрийн тэнцэл гипер инфляци тогтворжиж ирсэн 1995-1996 онд яг тэр өмнөд хөршийнхөө өмнө хилээ бүрэн нээснээр үйлдвэрийн оронд Хархорин, Нарантуул гэсэн хэдэн том хар захтай болсон нь одоо ч цэцэглэн хөгжсөн хэвээр байнам. Үйлдвэрийн салбар, өрсөлдөх чадвар ингээд дашийн шог болов.

Мал аж ахуй. Зах зээлд зориулж биш өрхийн хэрэгцээндээ зориулж мал ахуй аялдуулж ирсэн нүүдэлчдийн хувьд нэгдэл хоршоо гэдэг нэгд малаас чөлөөлөгдөж хотжих, үлдсэн хэд нь нийгэмших, иргэнших явц байсан бололтой. Мал хувьчлалаар нэгдэл тарсан учир нь хоршооллын бодлого хийж чадаагүй гэхээсээ дээр товч тайлбарласан үйлдвэр талаасаа гэж үзэж болно. Нэгдэл хэвээр байлаа ч түүхий эд татах, боловсруулалт хийх үйлдвэрийн салбар нь нурчихаад байлаа. Ингээд нүүдэлчид толгой даасан өрхийн аж ахуй руугаа буцаж, мянгат малчин хэмээх мотивацын дор үр ашгийн биш тоо толгойн уралдаан эхэлвэй**. Өөрөөр хэлбэл монголчууд бид үйлдвэрт ч, мал аж ахуйд ч “үр ашиг”ыг нойллож тавиад  өнөөдрөөс ирээдүй эхэлнэ гэсэн гэнэн итгэлтэйгээр “үр ашиг”ын араас үхэлдэн өрсөлдөж ирсэн дэлхийд үүдээ нээжээ.  

Үр ашиг гэдэг нь үнэ гэсэн үг, чанар гэсэн үг. Аль аль нь байхгүй Монголоос дэлхий худалдаж авах юм байсангүй. Байсан нь хэмнэлээ олж ирж байсан урд хөршийн үйлдвэрүүд худалдаж авах байгаль, малын гаралтай түүхий эд. Зах зээл тэгж ярьвал нөгөө Чингис хаанаас маань ч хүчтэй. Зах зээл нэхэж байсан тул байгаль эхээ шүтэж ирсэн монголчууд модоо ч огтолж, газраа ч ухах болов. Тэр зуур нээлттэй дэлхийгээс хэрэглээний шинэ соёл нэвтэрч, хуучин үнэт зүйлээ алдаж шинээ олж амжаагүй хагас нүүдэлчин хагас коммунист монголчууд юу ч л гэсэн мөнгө гэдэг сайн сайхны баримжаатай болоод мөнгөний дон тусав. 90-өөд онд огцом мөнгөгүйдэж хүүхдээ өлсгөөд хоосон талхны савнаас үхтлээ айдаг болсон нь нөлөөлсөн байж таараа. Ингээд мөнгө олох аж ахуйгүй ч мөнгөний дон туссан нүүдэлчид тусламжаар, зээлээр, гуйлгаар хасах балансаа нөхсөөр 20 жил өнгөрөв***. Энэ зуур муугийн заяа завагт гэж, Хятадын үр ашигийн төлөөх реформ ургацаа өгч 2000-аад оноос их өсөлтийн жилүүд нь эхэллээ. 2008, 2009 оны санхүүгийн хямралд нэг өртсөн ч ерөнхийдөө түүхий эд үнэд оров, Монгол башийлаа. Тэрийгээ яаж үрэн таран хийснийг давтан нуршилгүй энэ***** нийтлэлд  даатгая. Ямар ч гэсэн түүхий эдийн тэсрэлтээс Монголд том төсөв үлдэв.

2016 он дуусах дөхсөн өнөөдөр: 1990-өөд оноос үлдсэн үр ашиггүй мал аж ахуй ба үйлдвэрлэлийн салбар дээр нэмэх нь 2000-аад оноос үлдсэн том төсөв, Монголын эдийн засгийн бүтэц ерөнхиийдөө ийм болоод байна. Нэмээд төрөөс хамаг нөөцөө хийж ирсэн барилга,  угийн өрсөлдөх чадваргүй бодит секторынхоо чөмгийг сорж хөлжсөн банкууд, зээлсээр гуйсаар хулгайлсаар яасаар ийсээр өсөж ирсэн хэрэглээг дагаж хөгжсөн үйлчилгээний салбар.

 Энэ бүтцээсээ бид өнөөдрийн амьдралын олон тал, өдөр тутмын эх адаггүй хэрүүлийн шалтгаанаа бүгдийг нь олж харж болно. Олон улсад өрсөлдөж чадахгүй,  дотоодын зах зээл нь угийн шалихгүйгээс гадна импортод эзлэгдсэн. Ингээд компаниудын хувьд том төсөвтэй төр компаниудын сүүлчийн найдлага болжээ. Тендерийн эдийн засаг эрчээ авлаа. Тендеризм нь төрөөс төлөвлөж, төрөөс худалдаж авч, даргыг долоож, илүү бичиж шахах зэргээрээ хагас коммунист шинжтэй. Түүхэнд хэрвээ гэж байдаггүй гэдэг ч коммунизмаас Монголд улстөрийн лидерүүд үлдсэн бол зуун зуунаас өвлөсөн аж ахуйн сул талаа нөхөх бодлого явуулж чадаад байгаль, мал аж ахуйн баялагтаа түшиглэсэн нэг хоёрын зэрэг бие даасан индастритай байх байсан ч байж магадгүй. Даанч коммунизмаас коммунистууд л үлддэг байна. Коммунистууд төрийн өмчит үйлдвэрээс цохидог байсан дадлаа ахиулан хөгжүүлж, үр ашиггүй үйлдвэрийн эзэдтэйгээ гар нийлж төсөв зувчуулах ажилд мэргэшив. Монголын амжилтад хоёр гол үзүүлэлт байх ба нэг нь төсөв зувчуулах боломжтой төрд очиж шигдэх, хоёр нь түүнтэй гар нийлж томхон тендер ахиухан өсгөж авах.   Даанч төсөв ба түүний гол эх үүсвэр газрын доорх баялгийн ордууд нь тоо хэмжээ хязгаартай юм хойно түүн дээрээ зодолдох болов. Түүхий эдийн парадаиз дуусч,  шархаа төр..төр ч гэж дээ та бидний хөрөнгөөс нөхөх хэрэгцээ нэмэгдмэгц зодоон бүр ширүүсч танк, бандаажандаа тулав.

Эрхбиш 4 жил бүх ард түмний сонгууль явдаг тул зодолдохдоо бас ард түмний ая харна. Хайр найргүй зодоонч дүр авчихвал хойтохоо уншуулахад хүрэх тул хайрлаад зодож байна, эх орны төлөө зодож байна гэх мэт найруулга хийх бөлгөө. Түүнийгээ медиагаар цацна. Медиа тэрийг нь цацаж болоод байгааг ч үр ашгаасаа, аж ахуйгаасаа хайж болно. Тэдэнд эрүүл захиалга өгчих хэмжээний бодит сектор биежсэнгүй. Төрөөс бодлого алдуурч 100сая$ хүрдэг юм уу үгүй юм уу зах зээлээ 1000 тоглогчид хувааснаар нэг тоглогчид ногдох хусам халбагын чинээ юм болжээ******. Халбага хусмаар хүн шиг хүний нөөц авч ажиллуулна гэдэг гонж, ингээд сэтгүүлзүй даамбуудын тосгуур болов(зарим нэг гайгүй нь уучлаарай, өөрсдөө ерөнхий орчноо мэдэж байгаа гэж найдаж байна). Хусам шиг орлоготой, хүний хэлснийг зөв буулгавал их юм болсон медиагийн амжилт болохоор төсөв дээр зодолдогсдын эх орноо хайрласан нь хэмээх түүхээс хэдийг гаргаж, хэлэх эрхээ хэдээр худалдсанаар хэмжигддэг болов. Үр ашиггүй улсад мөнгө байхгүй, мөнгөгүй болохоор юун боловсрол, ёсзүй. Тийн өнгөрөөсөн хоёр арванд нэн шинэ эмо үе төрж, угийн гэнэн цайлган, хялбар сэтгэхүйтэй ардын оюун санааг хэн ч яаж ч залахаар болжээ.  Гэнэн цагаан монголчууд төсөв дээр зодолдогсод медиа болоод өөрийнх нь хотноос дээрэмдсэн хонины өвдөл цөвдлөөр тэжээсэн хөл гараараа дамжуулан яс шидмэгц шүүрч аваад өөр хоорондоо утга учиргүй зодолдохыг өдөр бүр үзэхүйеэ нүд сэтгэл өвдөх билээ.  Тэгэхдээ жинхэнэ зодоон ба түүнд ялагсдын шагнал өөр газар өрнөдөг.

Өөр газраа би илүү идэх үү чи илүү идэх үү зодоон нь утгаа алдаж, би идэж чадахгүй бол чи ч битгий ид гэсэн хувилбарт шилжмэгц угийн хог дээр үсэрсэн бүтээмжээ харилцан боомилоод ганц давуу талтай уул уурхайн салбартаа ч Хятадын үйлдвэр аж ахуйн бүсийг тойрсон олборлогчид дундаа хөсөр хаягдав. CNN өчигдөр Монголын хямд нүүрсэн дээр цэцэглэж буй Хятадын үйлдвэрүүдийн тухай мэдээлж, бидний ололтыг дүгнэж өглөө.

Тендеризм түүнээс гадна өөр ололтуудтай. Эх үүсвэр нь татвар тул хувийн хэвшлийн бусад боломжийг боомилно. Нэгж бүтээмжийг гурав болгож төсөв бичих тул угийн сул бүтээмжийг улам унагана. Ингээд үр ашиггүй дээрээ үр ашиггүй, үлдсэн жаахнаа төрд булаалгасан хувийн хэвшлийн өрөм улам бүр нимгэрсээр 2015 онд гэхэд бүртгэлтэй компанийнх тэн хагас  хаалгаа барив.  Тэгмэгц төсөв, банк, барилга, медиа...гээд тэднээс угждаг тугалнууд бүгд өлдөж ирэв. Банкнууд өөр бизнес лоббидож гүйгээд, төсвийн зарцуулагчид баруун зүүнгүй зээл гуйгаад, барилга хосоо шувтруулсан төсөв дээр 5% гэж үлгэр яриулаад байдаг учрыг эндээс хайж болно.  

Монголын өнөөдрийг ийнхүү аж ахуй эдийн засгийн бүтцээсээ, үр ашгаас мөрдөөд уншиж болно. Уншдаг байж, тэгээд яах вэ? Хэзээ тендеризм дуусах вэ? Хэзээ коммунизм дуусах вэ? Хэзээ үр ашиг сайжрах вэ? Түүхээсээ их гүрний ой санамжийн хамт 200 жилээр хоцорсон өрсөлдөх чадвар хүлээж авч олон улсад больё урд хөршид даанч хол хаягдсан тул Монголд төсвийн бүрдүүлэлт, оновчтой зарцуулалт, үйлдвэрлэлийн салбарын бодлого туйлын чухал үүрэгтэй. Төрөөс манлайлалтай “үр ашиг” сайжруулах бодлого явуулах түүхэн шаардлагатай гэсэн үг. Тэд тэгээд хэзээ үр ашгийн төлөө ажиллах вэ?

Үе солигдох, нам ба тэдний санхүүжилтийн тухай хууль гээд төрийн нөөцөөс завших сонирхолтой пседо-бизнесмэнүүд, тэдний гар хөл болсон пседо-ардчилагч коммунист улстөрчдөөс салах орчин бүрдэж байж... гэхээр хол сонсогдоод болшгүй.

Ойртуулах арга юу байна вэ? Та бид том зургаа харж чадаад, тэдний эх орноо хайрлах нь хэмээх үлгэрийн мөр хоорондохыг уншиж чадаад, чадсан тул дээрээс хаясан яс тойрч хэмлэлдэхээ болиод,  төсөв ба төрийн нөөцийг “үр ашиг”тай хувийн салбар, чөлөөт өрсөлдөөн, тэгш боломжийн төлөө зар гэж нэхэж чаддаг, чадаагүйд нь хариуцлага тооцож чаддаг бол арай хугацаа наашилж магадгүй юм.  Тийм хараатай хүн хэдээр ч болов нэмэгдээсэй гэж санаж хэдэн үг татлав.  

 2016/10/28

 

* Арай дэлгэрэнгүйг эндээс уншиж болно: Үйлдвэржих үү, эс орших уу? 

** Төрийн шагнал Монголд бусад орноос ч илүү нөлөөтэй бодлогын хэрэгсэл байх боломжтой талаар эндээс:  ҮЗЭЛ БОДОЛ: Ирээдүй биш өнгөрсөнд хандсан Төрийн шагналын шинэ хууль

*** Дэлгэрэнгүйг: Хямрал хаанаас эхэлсэн бэ?

**** Холбоотой тэмдэглэлүүд:

Жижгэрч амьдрах ухаан

5 триллионы эдийн засаг чин сэтгэл дээр тогтдог

Монгол хүний омог, дөрвөлжин хот, маргаашийн тухай

**** Монголын эдийн засаг 2011-2015 онд буюу боломжоороо туйлсан он жилүүд

****** 420 триллион долларын эдийн засагтай Япон гэхэд 7 гол ТВ-тэй. 

arrow icon