Нийтлэл 10 сарын 28, 2016

Хүүхдүүд ээж аавтайгаа хамтдаа зурагтай ном үзэх маш дуртай

Хүүхэд бүрийн аав ээжүүд тэдэндээ хамгийн анхны багш, үлгэрлэн дагуулагч нь, төрж өссөн гэр орон нь боловсрол олж авах анхны орчин болдог шүү дээ. Тийм ч учраас эцэг эхчүүд хүүхдийнхээ төрөлхийн ой билэг, авъяас чадварыг хэрхэн дэмжиж хөгжүүлэх вэ? гэсэн асуултад хариулт хайж байдаг.

Үүний тулд тэр бүр олон төрлийн тоглоом, сургалтын хэрэгсэл худалдаж авах шаардлагагүй юм. Гагцхүү хүүхдээ сэтгэл зүрхнээсээ сонсч ойлгон, тэдэнтэйгээ хамт хөгжилдөж, сониуч занг нь улам өдөөн бадрааж байх нь хамгаас чухал. Үр хүүхдэдээ хайргүй эцэг эх үгүй боловч тэдэндээ хайраа илэрхийлэх, ойлгуулах тал дээр төдий л анхаарал хандуулж сураагүй байдал манайханд ажиглагддаг. Гэтэл хүүхэд ээж аавынхаа хайр энэрлийг алхам тутамдаа мэдэрч, хүртэж байх нь юунаас ч илүү үнэтэй ажээ.

 Америкийн сэтгэл судлаач эрдэмтэн Э.Х.Эриксон хүний сэтгэлзүйн хөгжлийн үе шатуудыг тодорхойлохдоо: “

Хүүхэд 0-2 нас хүртлээ өөртөө болон хүмүүст итгэж сурдаг бөгөөд ингэж чадвал зүй ёсны хөгжил явагдаж байна гэж дүгнэж болно”

гэжээ. Хүүхдийнхээ үйл хөдлөл, үг хэлийг анхааралтай ажиглан, түүнийг ойлгож, дэмжиж, анхаарал халамж тавьж, хайр энэрэлээ мэдрүүлж чаддаг аав ээжтэй хүүхдэд энэ чадвар аяандаа төлөвшдөг. Харин энэ чадвар хараахан сууж амжаагүй хүүхдэд хэт ховдоглох, айдаст автах, удаан тайвшрах, биеэ дааж хийж болохоор үйлдлүүд дээр ч заавал хүнээс хамааралтай байхыг хүсэх зэрэг шинж ажиглагддаг байна. Тиймээс бид хүүхдээ зэмлэхдээ хүртэл хүүдээ, охиндоо хайртай учраас л ээж аав нь буруу зөвийн ялгааг хэлж таниулж байгаа юм гэдгийг ойлгуулж байх хэрэгтэй.

Мөн аав ээж нь бяцхан үрээ өвөр дээрээ аваад зурагтай ном хамтдаа үзэж, дотночлон ярилцахад хүүхэд халуун энгэрээс нь хайр, нөмөр нөөлгийг нь мэдрэхийн зэрэгцээ тэдний оюун сэтгэхүйд тохирсон зураг, сонирхолтой ярианаас гайхалтай олон төрлийн чадвар, дадлыг олж авч байдаг.

Харин телевиз, радио, интернет, гар утас, цахим тоглоом зэрэг орчин үеийн дэвшилтэт мэдээллийн хэрэгслүүд хүүхдэд дотнын хүнийнх нь халамж, халуун дулаан харилцааг орлож чадахгүй юм.

Бид ээж аавууддаа зориулан хүүхдийн оюун ухаан, сэтгэхүйн хөгжлийн үе шатуудын онцлог, хамтдаа ном үзэж, харилцан ярилцаж хэвших нь ямар чухал ач холбогдолтой болох, ингэж хэвшихийн тулд юуг анхаарах талаар зөвлөмжийг 0-2 насны хүүхэдтэй эцэг эхчүүддээ зориулав. Зураг болон үгийн шидэт ертөнцөөр хамтдаа аялж, олон сайхан мөчийг хамтдаа өнгөрүүлэхийг таны гэр бүлд хүсье.

Зөвлөмж:

Дөнгөж төрсөн нярай хүүхэд юу чадах вэ дээ. Хүний яриа ойлгохгүй, өөрөө юм хэлэх болоогүй юм чинь! Үгүй дээ, харин ч одооноос л хүүхэдтэйгээ ярьж, харьцаж эхлэх хэрэгтэй. Тэд бидний дууны өнгө, нүүр царайны хувирал, биед нь хүрч байгаа хөдөлгөөнөөс таатай буюу таагүй байдлыг сайн мэдэрдэг байна. Ээжүүд нялх үрээ өлссөн, ядарсан, уйдсан, өвдсөн үедээ өөр өөрөөр уйлж байгааг анзаарч чаддаг шүү дээ. Тэгвэл хүүхэд ч бас эхийн хэвлийд байхаасаа танил болсон таны дуу хоолойг сонсохыг хүсч, хүлээдэг. Эрүүл, цатгалан, сэтгэл хангалуун нялхас эртнээс л нүүр нүд рүү эгцлэн харж, анхааралтай ширтэн, харилцах хүсэлтэйгээ илэрхийлж байдаг.

Төрөөд сар гаран болоод л хүүхэд хүний өөдөөс инээж, удахгүй “ярихыг оролдон” ганганаж, гар хөлөө хөдөлгөн баярласан хөөрсөн сэтгэлээ илэрхийлж эхэлдэг. Эцэг эхчүүд хүүхдийнхээ өөрсөдтэй нь харилцахыг хүссэн тохиолдлыг алдалгүй юу хүсч байгааг нь мэдэрч, тохируулан харьцдаг болох нь чухал. Хүүхдээ төрсөн цагаас нь эхлэн тэдний “хэлийг нь” сурч, юу хүсэж буйг нь мэдэж, ярилцаж хэвшвэл өсч томрох тусам харилцаж, ойлголцоход илүү хялбар байх болно.

Нялх хүүхдүүд ээж аавыгаа өөрсдийнх нь биед хүрч илэх, үнсэх, өхөөрдөн гижигдэх зэргээр харилцахад маш дуртай байдаг. Тэднийг хувцаслаж, усанд оруулж, хооллож, хамтдаа тоглох бүрийдээ хийж байгаа үйлдлээ үргэлж давтан хэлж ярьж байх нь тэдэнд үгсийг таниулах, цаад учир утгыг нь харж ойлгох гайхалтай сайхан дасгал болж өгдөг. Жишээ нь: За одоо хоёулаа цэнхэр өмдөө өмсье, зүүн хөлөө ийшээ хийгээд, одоо нөгөө хөлөө… гэх мэтээр.

Бас ээж аав нь дуу дуулж өгөхөд хүүхэд их дуртай. Дуугаа дуулахдаа хүүхэдтэйгээ бүжиглэж, гар хөлийг хөдөлгөж тогловол тэдэнд бүр ч их таалагдах болно. Ялангуяа 6-7 сартайгаасаа эхлэн хөгжим дуунд илүү баясан хөөрдөг.

Хүүхдүүд аавынхаа, эсвэл ээжийнхээ өвөр дээр нь суугаад хамтдаа зурагтай ном үзэх маш дуртай байдаг. Ийм тухтай, тавлаг байдалд ном үзэж өссөн хүүхэд сургуульд ороод номыг сургалтын материал гэж үзэхээсээ илүү дотно сайхан сэтгэгдлээр хүлээн авдаг гэдгийг олон туршилтаар баталсан байдаг.

Монгол айл бүхэн эцэг, эх, хүүхэд хоорондын дотно нандин харилцааны нэг хэлбэр болсон ном уншиж өгөх соёлыг гэр бүлдээ хэвшил болгоцгооё!

Сэтгэгдэл бичих

arrow icon