Нийтлэл 11 сарын 03, 2016

УРАН ЗОХИОЛ: Дазай Осамү МӨНГӨН ДЭВСГЭРТ

Гадаад хэлэнд нэр үгийг эр, эм хэмээн ялгах нь бий.
Тиймээс мөнгөн дэвсгэртийг эм үг гэсү.

Би болбоос 77851 тоот дугаарын зуутын дэвсгэрт. Та түрийвчин доторх зуутын дэвсгэртээ нэг шалгаад үз дээ. Магадгүй би тэр дотор байж ч мэднэ. Би одоо үнэхээр их ядарч туйлдаад өөрийгөө хэний түрүүвчинд байгаагаа, эсвэл хайрцаг саван дотор хэвтэж байна уу, үгүй юу юугаа ч мэдэхээ больжээ. Удахгүй орчин үеийн хэв загвартай шинэ дэвсгэрт гарч ирэн бид мэтийн хуучин дэвсгэртийг бүгдийг шатааж хаяна ч гэх шиг цуу яриа дуулдсан тийм бол яршиг ингэж үхсэн амьдын алин болохоо мэдэхгүй явж байснаас нэгмөсөн шатаад тэнгэрт хальмаар санагдана. Шатсан хойно диваажинд очих уу, тамд очих уу түүнийг бурхан мэдэх хэрэг авч би ч тамд л унана байх даа. Гэхдээ намайг төрөх үед би одоогийнх шиг ийм дорд байдалтай байгаагүй юм. Хожим хоёр зуутын дэвсгэрт, мянгатын дэвсгэрт гээд надаас илүү баярлууштай мөнгөн дэвсгэртүүд зөндөө гарч ирсэн боловч намайг төрөх үед зуутын дэвсгэрт бол мөнгө зоосны хатан хаан, би анх Токиогийн нэг том банкны касснаас нэгэн хүний гарт очиход тэр хүний гар ялимгүй чичирч байлаа. Хүүе, нээрэн шүү. Тэр хүн залуухан мужаан эр байсан юм. Сайх эр ажлынхаа хормогчийн халаасанд намайг эвхэлгүй тэр хэвээр зөөлөн гэгч нь хийгээд гудмаар алхах үедээ ч, галт тэргэнд суух үедээ ч өөрөөр хэлбэл банкнаас гэр хүртлээ гэдэс нь өвдөж байгаа юм шиг зүүн гарын алгаараа байн байн тон тон хөнгөхөөн цохиж тэгээд намайг бурхан тахилынхаа өмнө тавин мөргөсөн юм. Миний хүний амьдралд нэгдсэн аяны маань эхлэл ийм сайхан жаргалтай байлаа. Би тэр мужааны гэрт тэгээд байгаад л  аймаар байв. Гэвч би тэнд ганц орой л болсон юм. Тэр орой мужаан залуу жигтэйхэн сайхан ааштай сархад энэ тэр тамшаалаад л, залуухан, жижигдүү биетэй гэргийдээ, - Хүнийг бүү бас, надад ч гэсэн эр хүний чадал гэдэг юм байдаг байхгүй юу гэх мэт юм ярин онгирч, үе үе босон ирж намайг тахилын ширээнээс аван алга хавсрах мэт гартаа хавчуулан залбирч залуухан эхнэрийнхээ инээдийг хүргэн энэ тэр болж байсан авч удалгүй эхнэр нөхөр хоёрын дунд хэрүүл дэгдэж эцэст нь би дөрөв эвхэгдээд эхнэрийнх нь жижиг түрийвчинд явж орлоо. Тэгээд маргааш өглөө нь эхнэр намайг ломбард уруу авч яваад би эхнэрийн арван кимонотой солигдон ломбардны хүйтэн, чийгтэй төмөр авдарт түгжигдэж орхив. Тэнд нэг л эвгүй голдоо ортлоо даарч, гэдэс базлан тун хэцүүдэж байтал ашгүй намайг дахин гаргаж хорвоогийн нарыг үзүүллээ. Би энэ удаад анагаахын ухааны оюутны ганц микроскопоор солигдов. Тэр оюутан намайг дагуулаад нэлээн хол аяллаа. Тэгээд явж явж Сэтогийн тэнгисийн нэг жижигхэн арлын дэн буудалд тэр оюутанд хаягдав. Түүнээс хойш нэг сар орчим би тэр буудлын төлбөр тооцооны шүүгээнийх нь шургуулганд хэвтэж байсан авч яагаад ч юм бэ, өнөөх анагаахын оюутан намайг орхин дэн буудлаас явсаны дараахан Сэтогийн тэнгис үрүү үсрэн орж амиа егүүтгэсэн гэж үйлчлэгч нарын шивэр авир ярилцахыг сэм сонсов. “Ганцаараа үхээд, яасан тэнэг юм бэ. Тийм сайхан залуу бол би хамт үхэхэд хэзээд бэлэн байхад" гэж нэг жигтэйхэн бүдүүн, дөч орчим насны нүүр дүүрэн батгатай үйлчлэгч авгай бусдыгаа инээлгэж байлаа.

Түүнээс хойш би таван жил Шикокү, Кюүшюүгээр тойрон явахдаа бүүр өнгө зүсээ алдаж өтөлж гүйцсэн юм. Тэгээд аажимдаа улам л хөнгөн хуумгай үзэгдэх болж, зургаан жилийн дараа дахин Токиод ирэх үед дэндүү хувирч орхисон өөрийгөө, үзэж харсан зүйлээ бодохоос өөртөө ой гутав. Токиод ирснээс хойш би зөвхөн ломбардны ажлыг л гүйцэлдүүлдэг зөөгч болон хувирлаа. Тав, зургаан жил Токиогоос холдох зуур би ч гэсэн зөндөө л өөрчлөгдсөн гэхдээ Токиогийн өөрчлөгдсөнийг яана вэ. Оройн найман цагийн үед халамцуу мөнгөний брокерт атгуулан Токио өртөөнөөс Нихонбаши өртөө, цаашаа Кёобаши өртөө, Гинзагийн гудмаар алхан Шинбаши хүртэл тэр зуур, ээ, та минь зүгээр л нэг хав харанхуй орчлон яг л аглаг ой тайгад алхаж яваа юм шиг мэдээж нэг ч хүний бараа үгүй, урдуур хөндлөн гарах ганц муур ч үзэгдсэнгүй. Аймшигтай үхлийн гудмын муу ёрын дүр зураг ноёлж байлаа. Тэгээд удалгүй нөгөө пан, пан, пан хийх нь эхэлсэн боловч тэрхүү өдөр бүрийн, шөнө бүрийн эмх замбараагүй үймээн шуугиан дундуур ч гэсэн би ёстой борив бохисхийлгүй яг л буухиа гүйлтийн цүү мод шиг нэг хүний гараас нөгөө хүний гарт дамжин явсаар түүний ачаар ийм аймар үрчийсэн юм болон хувирч тэгээд ч зогсохгүй элдэв янзын муухай эхүүн үнэр биед минь шингэж үнэхээр ичиж үхмээр ёстой нэг алиагаа алдаж дууссан юм. Тэр үес Япон ч гэсэн хэдийн алиагаа алдаж дуусаад байсан буй за. Намайг ямар хүний гараас ямар хүний гарт, ямар зорилгоор очиж түүнчлэн ямар аймар яриан дор дамжин явсаар ирсэнийг та бүхэн мэдэхийн дээдээр мэдэж байгаа хийгээд магадгүй сонсож, харсаар бүр залхаж орхисон болохоор дэлгэрэнгүй өгүүлэхгүй ч араатан адгуус мэт болцгоосон нь энэ ганцхан цэргийн дарга нар ч гэнэ үү юмнууд ч биш шиг санана. Энэ бол зөвхөн япон хүн төдийгүй аливаа хүний хүн чанарын нийтлэг нэг томоохон асуудал болов уу. Өнөө шөнө үхэж магадгүй гэсэн байдалд орвол эдийн шунал ч, дур тачаал ч гэдэг юм нь ул мөргүй арчигдан хаягдах байлгүй дээ гэж санах атал хэрхэвч тийм биш янзтай, хүн гээч эцсийн мухардалд орсон үедээ ч бие бие рүүгээ харж инээх байтугай улам л шуналын нүдээр харцгаадаг болтой юм.

Энэ хорвоод золгүй нэг хүн ч байх аваас өөрөө ч гэсэн аз жаргалтай байж чадахгүй хэмээн бодох нь жинхэнэ хүн шиг хүний сэтгэл байтал зөвхөн өөрийнхөө магадгүй зөвхөн гэрийнхэнийхээ тэрхэн цагийн тав тух, баяр цэнгэлийн төлөө хажуудах хүнээ хараан зүхэж, хууран мэхэлж, хавчин шахаж (Үгүй ээ, та ч гэсэн нэг удаа тийм юм хийсэн л байгаа. Өөрийн мэдэлгүй хийчихээд түүнийгээ анзаарахгүй байна гэдэг харин ч бүр уур хүрмээр хэрэг бус уу. Ичигтүн. Хүн юм бол өөрөөсөө ичигтүн. Ичих гэдэг зөвхөн хүнд л байдаг сэтгэлийн хөдлөл учраас.) яг л тамд ойчсон үхдэлүүд өөр хоорондоо барилцан авч зодоон нүдээн хийж буй мэт инээдтэй бөгөөд элэг эмтрэм гаслантай явдалтай баахан учирсаар ирлээ. Гэхдээ би энэ мэт эргэлдэн гүйх увайгүй дорд амьдралдаа нэг, хоёр удаа, аа энэ хорвоод төрөөд ямар азтай юм бэ гэж ер бодож үзээгүй биш үзсэн л дээ. Одоо нэгэнт ийм болтлоо эцэж туйлдаад өөрийгөө хаа байгаагаа ч мэдэхгүй за бараг түүнийгээ ч анзаарч мэдрэх сөхөөгүй болтлоо яг л зөнөг өвчин туссан мэт болж орхисон хэдий ч тэгсэн ч гэлээ өнөө ч үл мартагдам хөгжилтэй, гэгээхэн дурсамж надад байдаг юм. Түүний нэг нь, би Токиогоос галт тэргээр гурав, дөрвөн цаг явах нэгэн жижигхэн хотын дамын наймаачин эмгэнийнд очсон үед бөгөөд тэр тухайгаа одоо жаахан ярьж өгье.

Би өдий хүртэл янз бүрийн дамын наймаачны газраар дамжин ирсэн боловч ер нь эрэгтэй дамчнаас илүү эмэгтэй дамчин намайг хоёр дахин ашигтай зарцуулж байх шиг байлаа. Эм хүний шунал гэдэг эр хүнийнхээс бүр илүү нарийн, тууштай, эрээ цээргүй, аймаар ч юм шиг. Намайг тэр жижигхэн хот уруу авч явсан эмгэн зүгээр ч нэг дамчин биш нэгэн эрд нэг шил шар айраг өгч оронд нь намайг аваад дараа нь тэр хотоос усан үзмийн дарс худалдаж авахаар ирэхдээ ердийн дамын үнэ нь нэг шил усан үзмийн дарс дундажаар тавь, жаран иен орчим байдаг байтал эмгэн дарсны дамчинд суугаагаараа бага багаар ойртон чихэнд нь шал шал юм шивнэн нойтон хамуу шиг салахгүй шалж, хааяа нэг хачин сэжигтэй инээж энэ тэр болж эцэст нь ганц ширхэг надаар дөрвөн шил дарс худалдаж аваад, тээж түүртсэн царайгүй үүрээд харьсан өөрөөр хэлбэл энэ эмгэний ганц удаагийн ухаанаар нэг лонх шар айраг дөрвөн том шил дарс, бага зэрэг ус холиод шар айрагны лонхонд хийвэл хориод шил дарс болохоор. Ямартай ч эм хүний шунал гээч хэрээс хэтэрчээ. Тэгсэн ч тэр эмгэн өчүүхэн ч баярласан шинжгүй, яасан ч ороо бусгаа цаг вэ дээ гэж үнэнхүү чухал царай гарган гомдол өчөөд харьж одсон юм. Би тэгээд дарсны дамчны том түрүүвчинд ороод жаахан зүүрмэглэх аядаж байтал дахиад л тэр дорхноо суга татагдан гарч энэ удаад дөч эргэм насны хуурай цэргийн ахмадын гар дээр очив. Энэ ахмад бас дамын наймаачин бололтой. “Алдартай” гэсэн нэртэй цэргийн хүмүүсийн татдаг тамхи 100 ширхэгийг (ахмад тэгж хэлж байсан авч дараа нь тоолж үзэхэд 86 ширхэг байсанд, өө муу луйварчин гэж дарсны дамчин боож үхэх шахаж байв.) юутай ч дээр нь “зуун ширхэг” гэж бичсэн цаасанд ороосон боодолтой солигдон би тэр ахмадын өмдний халаасанд хамаа намаагүй чихэгдэн орж тэр орой хотын захын нэг жижигхэн навсгар хоолны газрын хоёр давхарт цуг очих боллоо. Ахмад улаан архичин хүн байв. Усан үзмийн конъяк ч гэнэ үү ховор нандин дарс шимэн шимэн тамшаалж тэгээд архи уухаараа ааш нь хувирчихдаг бололтой дарс хундагалж өгөх уушийн газрын хүүхнийг баахан хэл амаар дайрав.

- Чиний царай чинь яаж ч харсан үнэгнээс өөр амьтан төсөөлөх арга алга. (“Кицүнэ” /орч: үнэг/-г “кэцүнэ” гэж дуудаж байв. Хаанахын нутгийн аялгуу юм бол доо?) Сайн санаж явбал өлзийтэй шүү. Үнэгний нүүр урт хошуутай, сахалтай байдаг юм. Сахал нь баруун тийш гурван хялгас, зүүн тийш дөрвөн хялгас. Үнэгний унгас гэж, ээ бүү үзэгд. Тэр хавиар тэр чигтээ шар утаа манаран бүрхэж, нохой түүнийг үнэрлэвэл дороо хэд эргэлдээд падхийн унадаг юм. Үгүй, худлаа биш. Хөөе, чиний царай чинь шар өнгөтэй байна уу даа. Чи бид хоёр унгасаны утаанд шараар будагдаж гүйцсэн л дээ. Пээ, үмхий үнэртэж байна. Чи унгачихав уу? Тэглээ шүү. Хөөе, чи ичээч. Цэргийн хүний нүүрэн дээр унгас алддаг, чи ер нь яасан цадигаа алдсан нөхөр вэ. Би хэдий ийм ч их мэдрэмтгий ,цухалдуу хүн шүү. Нүүрэн дээр үнэг унгас алдахыг хараад зүгээр сууж чадахгүй гэх зэрэг баахан балай бүдүүлэг үг чухам сүрхий царайлан ярьж хараал урсган, доод давхарт нялх хүүхдийн дуу гартал соргог гэгч нь түүнийг алдалгүй сонсож аваад, - Дуугүй бай, турсага чинь яриа тасалдуулаад. Би их мэдрэмтгий, цухалдуу хүн шүү. Намайг бүү доромжил. Тэр чиний хүүхэд үү? Яасан хачин юм бэ. Үнэгний гавар хүн шиг уйлдаг, гайхалтайяа. Хөөе, чи хүүхдээ тэврээд ийм наймаа хийж суух чинь арай даварч байгаа юм биш үү. Худлаа царайлаад. Чам шиг өөрийгөө ч ухаарч мэдээгүй эмсүүд байгаа болохоор Япон дайнд зүдэрч байна. Чи ч усан тэнэг болохоор Япон ялна гэж бодож байгаа л даа. Тэнэг, тэнэг. Энэ дайн ёстой хэлэх ч үг алга. Үнэг, нохой хоёр, за юу. Дороо хэд эргэлдээд падхийн ойчоод өгөх амьтан. Хнн, үхсэн хойноо ялах. Тийм болохоор би өнөө орой ингээд архи ууж, хүүхэн худалдан авч байна, болохгүй юу?

- Болохгүй гэж уушийн газрын хүүхэн царай нь хөхрөн хэлэв. – Үнэг, яасан гэж? Дургүй бол ирэхгүй байх чинь яасан юм. Ийм үед ингэж архи ууж, хүүхэн дээрэлхэж суудаг хүмүүс та нар л байх. Чиний цалин чинь хаанаас гарч байна вэ? Бодоод үз. Бид олсон мөнгөнийхөө ихэнхийг эзэгтэйд (орч: уушийн газрын эзэн) өгнө. Эзэгтэй тэр мөнгийг та нарт өгч ингээд хоолны газарт та нар ууж идэж байна. Битгий хүнийг доромжил. Эмэгтэй хүн юм чинь хүүхэд гаргалгүй яадаг юм. Өнөөдөр ийм нялх хүүхэд тэвэрсэн эмэгтэй ямар их зовлон үзэж байгааг та нар яаж ойлгох вэ дээ. Бидний хөхнөөс одоо нэг дусал ч сүү гарахаа байсан. Хов хоосон мөөм шов шов хийтэл сорж, үгүй ээ ойрд сорох ч хүчгүй болсон. Тийм, үнэгний хүүхэд. Эрүүгээ шовойлгон, царайгаа үрчийлгэн өдөржин уйлна. Танд харуулах уу? Тэгсэн ч бид шүд зуун тэвчиж байна. Тийм байтал юу гэнэ вэ? гэж хэлж дуусаагүй байтал агаарын түгшүүрийн дохио дуугарч бараг түүнтэй зэрэгцэн дэлбэрэх чимээ цуурайтаж, нөгөө пан, пан, пан, пан нь эхэлж өрөөний цаасан сараалжин цонх ув улаанаар гэрэлтэв.
- Аа, бас дахиад... гэж хашгираад ахмад боссон боловч конъяк нь толгойд нь орсон бололтой дайвалзан найгав.
Уушийн газрын хүүхэн жигүүртэн шувуу мэт доод давхар руу ухасхийн бууж нялх үрээ тэврэн авч буцаад хоёр давхар уруу авирч, – Аль бушуулаарай, бушуулаарай, зугтъя. Хөөе, болгоомжтой, аятайхан гэж бараг ясгүй мэт гулжийн нахилзах ахмадыг хойноос нь тэврэх мэт түшин алхуулж доошоо буулган гутлыг нь өмсүүлж, гараас нь барин хажуугийн сүм үрүү арайхийн зугтан ирэхэд ахмад тэнд дөрвөн мөчөө хөсөр хаян өнхөрч дээшээ харан бөмбөгдөлтийн дуу хадах тэнгэрт хандан юу ч гэж байгаа юм баахан хараал урсгав. Пан, пан, пан, пан. Галан бороо оров. Сүм ч шатаж эхэллээ. – Хөөе, цэргийн хүн гуай, гуйж байна. Дахиад жаахан тийшээ зугтъя. Энд нохойн үхдэлээр үхэх хайран биш үү. Чадлынхаа хэрээр зугтъя.
Хүний эрхэлдэг ажил хөдөлмөр дотроос хамгийн бузар булай наймаа хийдэг хэмээн ад үзэгддэг энэ цонхигор хөх эхнэр миний харанхуй нэг насны амьдралд хамгийн эрхэм сайхнаар гялалзан харагдсан юм. Аа, шунал, чи тонил. Аа, хийрхэл, чи тонил. Япон орон энэ хоёроос л болж ялагдсан юм. Уушийн газрын хүүхэн ямар ч шуналгүй бас жаахан ч хийрхэлгүй гагцхүү хажуудах шал согтуу зочны амь насыг л аврахын төлөө өчүүхэн энэ биеийнхээ хамаг чадлыг шавхан ахмадыг татан босгож, сугадаж аваад гуйвж дайвсаар тариан талбайд зугтан очлоо. Яг очсоны дараа өнөөх сүмийн хашаа тэр чигтээ улаан гал болов.

Амуу буудайг нь дөнгөж сая хураасан газар өнөөх согтуу ахмадыг чирэн авчирч ялимгүй өндөр далангийн хормойд унтуулаад уушийн газрын хүүхэн хажууд нь лагхийн сууж амьсгаа нь давхцан аахилан уухилав. Ахмад хэдийн гүн нойронд автаж, хур хур хурхирна.  Тэр орой хот нэг захаасаа нөгөө зах хүртэл шатаж гүйцсэн байлаа. Үүр цайхын алдад ахмад сэрж өндиймөгц одоо ч шатаж буй их түймрийн галыг гайхан гөлөрч тэгсэн хажууд нь хоёр тийш найган зүүрмэглэх уушийн газрын хүүхнийг хараад юунд ч юм учиргүй сандарч босон ирээд зугтах мэт тав гурав алхаснаа буцан ирж хүрмийнхээ халааснаас миний найзууд болох зуутын дэвсгэрт таван ширхэгийг гарган ирж бас өмднийхөө халаасыг ухан намайг гаргаж ирээд зургаан ширхэгийг давхарлан хоёр нугалаад нялх хүүхдийн хамгийн дотор талын хувцасны бүр дотор нүцгэн нуруунд нь лав гэгч нь шургуулаад сүр сар харайн явж одов. Би өөрөөсөө аз жаргалыг мэдэрсэн нь энэ үед байлаа. Мөнгөн дэвсгэртүүд иймэрхүү үүргээр хэрэглэгдэх юм бол бид үгүй мөн их жаргалтай байхсан даа. Хэдий тэр нялх хүүхдийн нурууны арьс бүр хуурайшиж сайртаад бас их эцэнхий туранхай байсан авч би бусаддаа хэлэв.
- Үүн шиг сайхан газар хаа ч үгүй шүү. Бид ямар их жаргалтай байна вэ. Хэзээд ингээд энэ нялх үрийн нурууг дулаацуулан, таргалуулж өгмөөр байна шүү.
Анд нөхөд маань нэгэн зэрэг чимээгүйхэн толгой дохив.

 

Дазай Осамү, 1946 он, Япон.
Орчуулгын эх: http://www.aozora.gr.jp/cards/000035/files/276_45435.html
Орчуулсан Д. Алтанцэцэг 2016. 10. 17

Сэтгэгдэл бичих

arrow icon