Нийтлэл 11 сарын 14, 2016

ШИНЖЛЭХ УХААН: Ном унших нь IQ төдийгүй EQ -г хөгжүүлдэг

Ном унших нь үгийн баялгийг нэмэгдүүлж, элдэв асуудалд хандах учир зүйг хурцалж, оюуны цар хүрээг өргөсгөдөг болох нь ШУ-аар тогтоогдоод удаж буй билээ. Тэгвэл сүүлийн үед уран зохиолын ач тусын талаарх судалгаа IQ буюу хүний оюуны хөгжилд хэрхэн нөлөөлдөг вэ гэдгээс халиад EQ буюу хүний сэтгэл хөдлөлөө удирдах чадварт хэрхэн нөлөөлдөг вэ гэдэг тал руу түлхүү хандах болжээ.

Номонд дурлагчид сэтгэлзүйн хувьд номтойгоо гүн холбогддог ба, судлаачид утга зохиолын яг юу нь хүний сэтгэл зүй эрүүл байхад тэгтлээ нөлөөлөөд байна вэ гэдгийг олж тогтоохоор шаргуу ажиллаж байгаа аж.  Жишээлбэл, сүүлд олонд ил болсон нэгэн судалгааны үр дүнгээр, тогтмол номтой ойр байж, утга зохиол шимтэн уншдаг хүмүүсийн бусдыг гаднаас нь хараад бодол санааг нь ойлгох чадвар буюу нэг ёсны бусдын зовлонг ойлгох чадвар нь харьцангуй өндөр байдаг гэсэн дүгнэлт гарчээ. Гэхдээ мэдээж энэ гаргалгаа 2 талтай буюу

“уран зохиол их уншсанаар бусдыг ойлгох чадвар нэмэгддэг үү, аль эсвэл байгалиасаа өндөр бусдын санаа бодол, мэдрэхүйг ойлгох чадвартай хүмүүс уран зохиолд илүү татагдаж байна уу гэдгийг ялгаж тогтоох нилээн ярвигтай юм”

гэж уг судалгааны удирдагчдын нэг Бостон Коллежийн Мариа Евгения Панеро хэлжээ. Мөн дээрх 2 чадвар цагийн явцад бие биеэ харилцан дэмждэг ч байж болох юм гэж тэрээр нэмж хэлсэн байна.

Бусдын юу мэдэрч байгааг ойлгоно гэдэг нийгмийн бат харилцааг бүрдүүлж бий болгоход туйлын чухал чадваруудын нэг юм. Тэгэхээр, хэдийгээр ном зохиол уншина гэдэг ганцаараа хийх үйлдэл мэт боловч, цаагуураа таны нийгмийн амьдралыг сайжруулж байх магадлалтай болж таарч байгаа хэрэг. Мөн Мюнстерийн их сургуулийн саяхны нэгэн судалгаанд, ном унших талаар бас нэгэн сонирхолтой ойлголтыг онцолжээ. Үүнд, жилд дор хаяж 18 ном уншдаг “номын цагаан солиотнууд” номнуудаа нийтэд тайлагнах, харуулах байдлаар өөрийн онцлог шинж чанар, санаа бодлыг бусдад илэрхийлж, ингэснээрээ өөрийгөө бусдаас ялгаруулж, цаашлаад өөртэйгөө нэг бүлэгт хамаарах ижил сонирхолтой хүмүүстэй харилцаа холбоог бий болгодог юм гэнэ.

Мөн ном унших процесст уншигч, зохиолынхоо дүрүүдтэй бодит нийгмийн холбоог үүсгэдэг байна. Зөвхөн ном ч гэлтгүй, тв-ийн олон ангит кино гэх мэт зохиомжит амьдралын фэнүүд дуртай дүр нь үхэхэд жинхнээсээ харуусдаг болохыг судалгаагаар тогтоожээ. Тэрхүү дүр уншигч хоёрын хоорондох харилцаа төсөөллийн хэдий ч, сэтгэл хөдлөлийн хувьд жинхэнэ байж, тэр нь бодит амьдрал дээр ч илрэн гарч ирэх боломжтой байдаг байна. Game of Thrones тв сериалд Жон Снөвыг үхэхэд сошиал ертөнц яаж харууссаныг та санаж байгаа биз дээ.

Лондоны амьдралын сургуулийн  номоор анагаагч хоёр эрдэмтэн хүмүүст утга зохиол ашиглан амьдрал ахуйгаа илүү гүнзгий түвшинд засч сайжруулахад нь туслах хүсэлтэй ажиллаж байгаа ажээ. Bibliotherapy буюу номоор анагаахуйн ухаан нь ШУ гэхээсээ илүү, урлагтай ойр бөгөөд утга зохиолын “номон жор” ашиглан хүмүүсийн амьдралд тохиолддог хүнд хэцүү үеийг эмчлэхэд чиглэдэг юм байна. Ном эм боллоо гэсэн үг шүү дээ. Уг шинэ салбарыг хамтдаа анхлан хөгжүүлж буй уран бүтээлч Элла Бэртхоуд болон түүний найз зохиолч Сюзан Элдэркин нар анх Кэмбрижийн их сургуульд суралцаж байхдаа танилцсан бөгөөд долоо хоног бүр нэг нэгнийхээ хаалган дээр хүрэн цаасан уутанд хийсэн ном үлдээж, хайр дурлал, ажлын стресс гэх мэт тэр долоо хоногт тохиолдох хүнд хэцүү үйл явдлыг даван туулахад нь бие биедээ тус дэм болдог тийм заншлыг бий болгосон байжээ. Тэд энэ заншлаа олон жил хадгалан авч явсан бөгөөд, эцэстээ энэ аргаараа бусдад ч гэсэн туслаж болох юм гэж шийдсэн аж. Бэртхоуд, Элдэркин хоёр мэргэжлийн сэтгэлзүйчийн сургалтад яваагүй ээ, гэсэн ч тэдний үйлчлүүлэгчид тэдэнтэй ердөө 50 минутыг биеэр болон скайпаар хамт өнгөрөөж, зөвлөгөө авахын тулд 125$-г дуртайяа зарцуулдаг гэнэ. Эмчлүүлэгч манай хоёртой зөвшилцөхөөсөө өмнө юу унших дуртай, хувийн амьдралд нь одоо юу өрнөөд байгаа талаар олон янзын асуултад хариулсны эцэст сэшшён эхэлж, тодорхой хэмжээнд ярилцсны эцэст номоор анагаагч маань тухайн үйлчлүүлэгчид зориулан 6-8 номын жор бичиж өгдөг байна. Харин хэд хоногийн дараа яагаад тус номнуудыг зөвлөх болсон тайлбараа илгээдэг гэнэ. Тэдний хэлж байгаагаар үйлчлүүлэгчдийн сэтгэгдэл, хандлага 99 хувь эерэг байгаа ажээ.

Номын жор нь голчлон фикшн буюу утга зохиол байдаг ба, тухайн номын өгөх зөвлөгөө нь хэт албан байхаас илүүтэйгээр сэтгэл хөдлөлийн шинжтэй байх хэрэгтэй аж. Дуртай болоод ч тэр үү, Бэртхоудын хэлж байгаа

утга зохиол дотор амьдрах нь өөрийгөө хөгжүүлэх номыг бодвол амьдралаа өөрчлөх зорилтод хамаагүй илүү үр өгөөжтэй

гэсэн үгтэй туйлын санаа нийлж байна. “Миний хувьд амьдралыг минь өөрчилсөн хэд хэдэн номтой учирч байлаа. Ер нь харах өнцгийг эргүүлж, дараагийн алхамд хөтлөх, тохиолдоод буй хүнд байдлын ард гарч илүү том хүн болоход туслах номыг олж очиж уншина гэдэг зарим талаараа азны асуудал ч юм шиг” хэмээн Элдэркин хэлжээ.

Тэр хоёрын зарим номон жороос дэлгэхэд, жишээ нь карьерынхаа салаа зам дээр ирээд байгаа хүмүүст Patrick deWitt-ийн The Sisters Brothers гэж карьераа өөрчлөнө гэдэг бараг боломжгүй юм гэсэн ойлголттой явдаг эгч дүүсийн тухай номыг зөвлөж магадгүй. Уг номыг уншснаар “энэ залуу ийм хүнд байдалд байгаа хэрнээ асуудлыг ингэж давж чадаж байна шүү дээ” гэсэн урамшсан сэтгэгдэл төрдөг гэнэ. Энэ маягаар тухайн хүний нөхцөл байдалд таарсан үйл явдалтай, эерэг мессэж өгөх номыг зөвлөдөг гэнэ. Зарим нэг нөхцөл байдалд таарсан номон жорыг доор дурдвал:

  • Төрсөн ах дүүстэйгээ холбоо тасарсан бол: “The Color Purple” by Alice Walker
  • Хүүхэдтэй болох үгүйгээ шийдэх гэж байгаа бол: “The Accidental” by Ali Smith
  • Гэр бүл салалтыг даван гарч буй бол: “Their Eyes Were Watching God” by Zora Neale Hurston
  • Бүтэмж муутай гэрлэлтүүдэд: “The Enchanted April” by Elizabeth von Arnim
  • Амьдралыг байгаагаар нь хүлээж авахад: “Jitterburg Perfume” by Tom Robbins
  • Хайртай ээжийгээ харж халамжлахгүй байгаа бол: “Please Look After Mom” by Kyung-Sook Shin
  • Өөрийн Валентинтай болохыг хүсч байвал: “Giovanni’s Room” by James Baldwin
  • Өтөлж буй эцэг эхдээ санаа тавихад: “Family Matters” by Rohinton Mistry
  • Хэн нэгнээс, ялангуяа хүүхдээсээ хагацсан бол: “What I Loved” by Siri Hustvedt

Эцэст нь, ном унших, сэтгэлзүйн эрүүл мэнд хоёрын нарийн хамаарлыг тайлбарласан ШУ-ны дүгнэлт гаргахад хараахан хэцүү байж болох ч, энэ мэтээр утга зохиолоос хүн олон зүйлийг олж авч чаддаг нь албан бусаар ч гэсэн батлагдсаар байна. Мэдээж хэдий гайхалтай роман байлаа гээд клиникийн өвчлөлийг анагаах ч гэдгиймуу, нэг эгоманиак нөхрийг гэгээнтэн болгож чадахгүй нь ойлгомжтой. Гэхдээ хамгийн гол санаа нь юу вэ гэхээр, утга зохиолын тусламжтайгаар хүний л амьдрал болсон хойно тохиож болох алив зовлон бэрхшээлийг хөнгөлж, тайтгаруулж болдог юм шүү гэдэгт л байгаа юм аа…

Эх сурвалж: TIME сэтгүүл, Time off Books, 2016 оны 11 сарын 7 хүртэлх дугаар.

Сэтгэгдэл бичих

arrow icon