Нийтлэл 11 сарын 27, 2016

Даяарчлал бидэнд эерэг нөлөө үзүүлж буй. ГЭХДЭЭ …

 

Mining ба Mongolia гэдэг үгсийг нийлүүлэн Монголыг MINEGOLIA гэж хочлон цоллож нэг хэсэг дэлхийн медиагаар “бужигнуулсан” Parag Khanna Connectivity ба Geography гэдэг үсгийг мөн нийлүүлсэн СONNECTOGRAPHY хэмээх номоо гаргажээ. Удахгүй энэхүү ном монгол хэлнээ орчуулагдан та бүхний мутарт очих болно. Дараа үеийн манлайлагч нарыг бэлтгэх STARS холбоонд 10 сард өгсөн ярилцлагыг нь өөрийнх нь албан ёсны зөвшөөрөлтэйгээр чадан ядан орчуулж та бүхэнд хүргэж байна. Манлайлагч, лидер хүн гэж хэн бэ? Яаж бусдыг 21-р зуунд манлайлах ёстой вэ? Манлайлах зорилго нь ер нь юу вэ? гэх зэрэг хэрэгтэй асуултуудад сонирхолтой хариултуудыг өгсөн байна. В.Ганзориг

 

Таны бодлоор төрөл бүрийн салбарын лидерүүд, нийгмийн манлайлагчид, шийдвэр гаргагчдын хувьд ирэх 5-10 жилд тэдний үйл ажиллагаанд нь шууд нөлөөлөх гол хандлагууд юу юу байх вэ?

Миний бодлоор хоёр зүйл байгаа. Хүн амзүйн өөрчлөлт ба технологийн шинэ чиг хандлагууд. Эдгээр өөрчлөлтүүд чөлөөт өрсөлдөөний орчинд юм болгонд, дэлхийн хаана ч бизнес эрхэлж, үйл ажиллагаа явуулж байсан хамаагүй хүн болгонд шууд нөлөөлж байна. Ирээдүйн манлайлагчид, шийдвэр гаргагчид энэ нөлөөллөөс ангид байж чадахгүй. Хүмүүс яагаад ангид байж болохгүй гэж асуух байх. Би одоо хэлэх гэж буй санаануудаа яг арван жилийн өмнө хэлж байсан. Тухайн үедээ магадгүй сонирхолгүй сонсогдож байсан байх. Харин энэ сэдэв өөрөө өнгөрсөн, одоо, ирээдүйг холбосон маш чухал сэдэв нэгэнт болчихлоо.

Хамгийн эхний асуудал бол хүн амын чөлөөт хөдөлгөөн буюу шилжилт, урсгал. Залуучууд дэлхийн хүссэн газар руугаа явж ажиллаж, амьдарч байна. Зарим ажил олгогч нар ч ийм хөдөлгөөнийг залуу ажилчдаасаа шаарддаг. Өөрөөр хэлбэл залуу манлайлагчид, ирээдүйн шийдвэр гаргагчид маань өөр өөр улсад сурч, ажиллаж, амьдрах, ялгаатай соёл, шашнуудыг хүлээн зөвшөөрөх, бусад үндэстнийг ойлгох, хүндлэх, тэс өөр соёл бүхий компаниуд янз бүрийн албан тушаалд ажиллаж туршлагажаад эхэлсэн. Тэд давхар иргэншил авах, өөр улсын түр болон байнгын оршин суугч болох зэргээр хуулийн хүрээнд боломжит бүх давуу талуудыг өөрсөддөө бий болгож чадаж байна. Өөрөөр хэлбэл чи ямар ч улсын иргэн байсан хамаагүй даяар дэлхийтэй л хөлөө хэрхэн нийлүүлж алхахаас чиний ирээдүйн манлайлал, бусдад нөлөөлөх нөлөөлөл шууд хамаардаг нийгэмд бид амьдарч байна.

Хүмүүсийн шилжилт хөдөлгөөний асуудал компани, бизнесийн түвшинд ч нөлөөлнө. Яагаад вэ гэвэл ажилчдынхаа тогтвор суурьшилтай ажиллаж буй байдал, компанидаа үнэнч буй хэмжүүрээр хамгийн өндөрт тооцогдож эрэмблэгддэг бүх глобал компани ажилчидаа дэлхий даяар ээлжлэн хуваарилан томилж, тэднийг ялгаатай соёл, орчинд дасган сурган хөгжүүлдэг. Хэрвээ та хүмүүсийн ажилд орж ажиллахыг хамгийн их хүсдэг, ажилчдынхаа компанидаа үнэнч байдлын индексээр тэргүүлдэг дэлхийн топ 100 компанийн жагсаалтыг харвал McKinsey, Mars, Novartis, Google зэрэг компаниудтай тааралдана. Яагаад гэвэл эдгээр компанид ажилчиддаа байнга хөрөнгө оруулалт хийдэг. Жишээ нь, мастерийн зэргээ хамгаалж сурахад нь төлбөрийг нь төлдөг, хилийн чанад руу ялгаатай соёл, нийгэм рүү томилолт өгч ажиллуулж сорьдог гэх мэт. Ийм учраас л эдгээр компаниуд нь өөрөө ажилчдынхаа айдентити буюу ялгарал, ондоошил нь болсон байдаг юм. Залуу манлайлагчдын амжилтын нэг жор нь энэ.

Хоёр дахь асуудал бол үнэхээр технологийн асуудал. Яг одоо бол бүтээгдэхүүн хариуцсан менежерүүд бүтээгдэхүүн хөгжүүлэгчдээсээ өндөр цалин авч байгаа. Код бичдэг залуусыг маркетинг, борлуулалтын залуустай харьцуулахад бага хөдөлмөрлөж буй мэт ойлголт байдаг. Учир нь зөвхөн маркетингийн хүмүүсээс л мундаг санаа гардаг гэсэн ойлголтоос гадна маркетингийн залуус зөвхөн хэрэглэгчийн байр сууринаас бизнест ханддагаас үүдэлтэй. Энэ хандлага бага багаар аль хэдийн өөрчлөгдөөд эхэлсэн. Алсдаа технологи нь хүн бүрийн суурь хэрэглээ болно. Ингэсэн цагт технологи хэрэглэгчээс илүү технологи үйлдвэрлэгч нь илүү хүчтэй болно.

Олон хүмүүс ирээдүйн гол хоёр хэл Англи ба Хятад хэл байх болно гэж үздэг. Миний эхнэр үүнтэй санал нийлдэггүй. Түүнийхээр бол ирээдүйн даяар голлох хоёр хэл бол Англи хэл ба Код байх юм. Мэдээж Хятад хэл бол маш чухал. Хэдэн арван сая хүмүүс жил бүр Хятад хэлийг эхлэн суралцаж байгаа ч тэд яг Хятадын соёл, үндсэн хөрс дээр нь бууж чадах уу гэдэг нь тусдаа асуудал юм. Иймээс код сурсан нь дээр гэж зөвлөж байна. Код буюу технологийн хэл нь яваандаа хүн бүрийн хэрэглээ, хоорондоо харилцах үндсэн хэл нь болно. Иймээс ирээдүйн манлайлагчдын амжилтын хоёр дахь жор нь технологи гэж би хэлнэ.

Гурав дахь хандлагыг би нэмж хэлмээр санагдлаа. Энэ бол гурамсан сэтгэлгээ. Өөрөөр хэлбэл ирээдүйн лидерүүд амжилттай ажиллахын тулд төр, хувийн хэвшил, төрийн бус байгууллага болон иргэний нийгмийн алтан холбоос нь байх ёстой болж байна. Учир нь төр, хувийн хэвшил, иргэний нийгмийн зорилго, ажиллах арга барил, удирдлагын соёл, бүтэц, боломжит нөөцүүд, эрх мэдэл, шийдвэр гаргалтийн түвшин нь өөр өөр байдаг. Эдгээр бүх ялгаатай давуу ба сул талуудыг нийлүүлж урлаж ажиллаж гэмээнэ, эдгээр ялгаатай институциуд хоорондын гүүр нь болж байж гэмээнэ залуучууд жинхэнэ манлайлагч болж чадна. Дээрх гурван салбарын аль нэг рүү нь хэзээ ч битгий гүнзгий хазайж ороорой.

 

Хэрэв танд өөрийн улсынхаа боловсролын системд өөрчлөлт хийх боломж олговол та ирээдүйн манлайлагчдыг бэлтгэхийн тулд ямар өөрчлөлтүүдийг хийх байсан бэ?

Би өөрийн хүсч буй өөрчлөлтөөс илүүтэйгээр шилдэг боловролын систем гэж өөрөө юу вэ, түүнийг яаж тодорхойлох вэ гэдэгт хариулмаар байна.  Эхний хэлэх зүйл бол төсөл дээр суурилсан сургалтын систем юм. Бага ангийн хүүхэд ч бай өнөөдөр бидний оршин буй асар богино хугацаанд хурдан өөрчлөгдөж буй нийгэмд нэг ангид нэг сандал дээр суугаад үргэлж самбар руу буюу нэг чиглэлд хараад сурна гэдэг нь өөрөө ойлгомжгүй асуудал юм. Үүний оронд тэд бүлгээрээ нийлж байгаад (4-5 сурагч) нэг ширээгээ тойрч суугаад яг тодорхой, өөрсөддөө хэрэгтэй төслүүд дээр ажиллан суралцах ёстой. Жишээ нь, хүүхдүүд биологийн хичээлээ яаж судлах ёстой вэ? Тэд цэцгийн сав, хөрс, бордоогоо бэлдэн, өөрсдөө үрээ суулган үрслүүлж, ургамал цэцгээ усалж тордон ургуулах ёстой. Тэрнээс биш багш самбар дээр шохойгоор савтай цэцэг зурмааргүй байгаа юм л даа. Өөрөөр хэлбэл бодитой хийж байж суралцах нь илүү үлдэцтэй байдаг.

Хоёр дахь хэлэх зүйл бол сурагч, оюутан болгонд таарсан, тэнцвэржүүлсэн сургалтын хөтөлбөр юм. Нэг хичээлийг бусдыг нь хаян хэт улайран үзэж болохгүй. Ялангуяа оюутнуудын хувьд онолоос гадна практик дадлага хийх, тухайн салбарын мэргэжилтнүүдтэй холбогдож сурч ажиллах нь маш чухал гэж би хувьдаа боддог. Боловсролын байгууллага оюутан ба мэргэжлийн хүмүүс, институци хоорондын гүүр нь байх ёстой. Дунд болон ахлах ангиас нь эхлүүлэн сурагчдад илүү глобал мэдлэг ба суурь ойлголтыг өгөх ёстой. Жишээ нь, тэдний сонирхож буй мэргэжил, хүсч буй ажлын байрных нь онцлог, ажлын байрны шаардлага, эдийн засгийн утга учир, тухайн мэргэжлийн үүрэг, хариуцлага ба салбар дахь мэргэжлийн онцлог, хэрэгцээ, ажиллахаар зорьж буй бизнесийн салбар болон төрийн харилцаа, уялдаа холбоо, сорилт, эдгээр сорилт, проблемийг тухайн сурагч, оюутан төсөл бичээд шийдэл гарган шийдвэрлэх боломж зэргийг боловсролын байгууллага ойлгуулж мэдрүүлэх ёстой. Үүнийг зарим хүмүүс дадлага хийх буюу intern гэж нэрлэдэг. Гэвч оюутан, сурагчдын хувьд сургуульдаа сурч байх хугацаандаа жинхнээсээ дадлагажигч болох боломжгүй юм. Миний эхнэрийн тодорхойлсоноор энэ бол Intership биш Externship. Externship гэдгийг ажлын байран дээр гарах нас нь болоогүй сургуулийн насны хүүхдүүдэд бизнесийн байгууллагууд, бусад нийгмийн институциуд нь өөрсдөө сургууль, анги дээр нь ирэн асуудлуудаа ярьж таниулан сурагч, оюутнуудыг оролцуулан бодит асуудлыг шийдэх шийдэл гаргах процес гэж тодорхойлж болно. 

 Гурав дахь хэлэх зүйлс бол арван жилийн болон их, дээд сургуулиуд биетээрээ байхаас гадна бүгд цахим сургууль болох ёстой. Танхимын болон оюутан, сурагчид дуртай газраасаа сурч болох цахим сургалтын холимог загварыг бид ашиглах ёстой. Яг энэ загвараар аль хэдийн хэд хэдэн сургуулиуд ажиллаад туршаад эхэлсэн байгаа. Жишээ нь, Coursera-г дурдах ёстой. Мөн АНУ дахь Аризонагийн Их Сургууль байна. Өнөөдөр бид энэ чиглэл рүү яваад эхэлсэн бол арван жилийн дараа аль хүртэл явсан байхыг та төсөөлөөд нэг үзээрэй.

 

Таны хамгийн үнэ цэнэтэй өөрийн туршлагаасаа олж авсан манлайлалын сургамж юу вэ?

 Бие даан, хэнээс ч үл хамааран шийдвэр гаргах эрх гэж хамгийн түрүүнд онцолмоор байна. Эцсийн дүндээ манлайлагч хүн шийдвэр л гаргадаг. Дараагийн зүйл бол би хамтын манлайлалын загварт итгэдэг. Миний бодлоор бизнесийн байгууллагууд, засгийн газрууд Швейцарын холбооны систем, Хятадын холбооны систем шиг ажиллавал илүү амжилттай байхаар санагддаг. Жишээ нь, Хятадад 7 хүнээс бүрддэг төрийн төв зөвлөл гэж байдаг. Энэхүү зөвлөлд Хятадын номер нэг шийдвэр гаргагч, ерөнхийлөгч Ши багтдаг хэдий ч шийдвэр хамтын буюу зөвлөлийн гишүүдийн олонхийн саналаар гардаг. 7 толгой 1 толгойноос ямар ч байсан илүү учраас энэхүү системийг Хятад улс баримталдаг болов уу. Иймээс хамтын шийдвэрийн үед засаглалын асуудал хамгийн чухалд тооцогддог. Энэ дунд буй манлайлагч хүн гэдэг бол зөвлөлийн гишүүн бүрийн давуу талыг чулуу болгож, тэдний мэдлэг, мэдрэмж, ур чадварыг дээд зэргээр шавхан ажиллуулж, олон талуудын сонирхолыг тэнцвэржүүлсэн, бүгдэд нь эерэг шийдэл хүртээх шийдвэр гаргах онцгой үүргийг хүлээдэг.

 Иймээс бие даан шийдвэр гаргах чадал, зориг гэдэг бол жинхэнэ манлайлагч хүний хамгийн чухал ур чадвар. Үүний дараа хамтын шийдлийн систем яригдана. Бие даан, бусдаас үл хамааран шийдвэр гаргах гэдэг нь тухайн манлайлагч нь өөрийн сонгосон сонголтын эрх чөлөөг эдэлж, хариуцлагыг үүрэх асуудал юм. Хятад улс 7 лидертэй байхад АНУ-ын хувьд 1 лидер байдаг. АНУ-ын ерөнхийлөгчийн засаглалын системээр нэг хүн л эцсийн шийдвэрийг шууд гаргах ба Хятад улс шиг хамтын шийдвэрийн систем байдаггүй. Ийм учраас АНУ-д төрийн бодитой шийдвэр гаргахаас илүү шийдвэр гаргалтын “саажилт” явагддагийг бид үе үе хардаг. Энэ бол алсдаа асуудал үүсгэнэ.

 Энэ асуулт дээр хэлэхийг хүсч буй гурав дахь зүйл бол мөн л гурамсан систем маань. Өөрөөр хэлбэл аливаа шийдвэрийг нийгэм, улстөр, хүрээлэн буй орчин (санхүү үүнд багтана) гэсэн гурван өнцгийг зайлшгүй харж тооцоолж гаргаж байх ёстой. Манлайлагчид гаргах шийдвэр бүрийнхээ үр дүнг хувилбар бүрээр нь тооцоолж чаддаг байх ёстой. Үр дүнг таамаглах, хэмжих, тооцоолох гэдэг бол миний хувьд асар чухалд тооцогддог. 

 

Дэлхийн эдийн засгийн форумын залуу манлайлагч, стратегич, дэлхий даяар аялаж ажиллаж явдаг хүний хувьд асуухад таны бодлоор олон үндэстний бизнесийн дунд амжилттай манлайллыг хэрхэн хийж, яаж шилдэг манлайлагч болох вэ?

 Өмнөх яриандаа бид дэлхий даяарх хүмүүсийн чөлөөт урсгал, шилжилт, хөдөлгөөн ба ялгаатай соёлуудад дасах, хүлээн зөвшөөрч сурах тухай дурдсан. Тэдгээр дээр нэмээд нэг санаа хэлэхэд манлайлагчид амжилт олохын тулд бусдын хэл, соёлыг сурч, тухайн улсын онцлог, ялгаатай талуудыг мэдэрч давуу тал болгох ёстой. Жишээ нь, Fortune 500 жагсаалтын компаниуд нийт орлогынхоо 75%-ийг дотоод зах зээлээсээ биш харин хилийн чанадаас олж байна. Иймээс манлайлагч залуусын ирээдүйн амжилтын үндэс нь өөрийгөө мэдэхээс илүүтэйгээр бусдыг мэдрэхээс л эхлэх болов уу.

 Бусдыг соёлыг зүгээр л сонирхон судалж мэдэх хангалттай биш. Академик, боловсролын салбарын хүний хувьд би ялгаатай соёл, заншлуудын ижил төстэй талуудыг мөшгин судлах дуртай. Өөрөөр хэлбэл биднийг зааглаж ялгаж байгаа зүйлсийн нэгдмэл мөн чанар, дундын философи нь юу вэ гэдгийг олох нь манлайлагч хүний үүрэг. Бид өдгөө шашин соёлын мөргөлдөөн, зөрчилтэй тайван бус нийгэмд амьдарч байна. Гэсэн хэдий ч үүнийг шийдэхийн тулд гадаад хэл сурч, бусдын соёлтой танилцах хангалтгүй ээ. Харин эдгээр ялгаатай талуудыг ижил болгон нийлүүлэх үнэ цэнийг олох нь л манлайлагчдийн үүрэг. Би хэдий Хятад, Арабаар ярьдаггүй ч Хятад, Араб, Европ хүмүүс нэгэн зэрэг юу бодож байна, юу хүсч байна, юунд тэмүүлж буйг нь ойлгож мэдэрч чаддаг. Тиймээс дахин онцолж хэлэхэд ялгаатай соёлыг судлан ойлгох нь чухал хэдий ч эдгээр соёлуудын ижил төстэй талуудыг нь нөхцөл байдалдаа тулгуурлан олж тогтоох нь бүр чухал юм шүү.

 Connectography (Connectivity + Geography) гээд номоо би сая гаргасан. Энэ номны агуулгаар улс үндэстнүүдийн дэд бүтэц, холбоос нь даяар эрх ашиг, нийтийн хэрэгцээний бараа бүтээгдэхүүн, үйлчилгээ (public goods) юм гэдгийг гаргахыг зорьсон. Энэ бол ерөөсөө нэг Америк, эсвэл Хятад, эсвэл нэг Энэтхэг хүний хүсэл биш юм. Энэ сэдэв өөрөө биднийг нэгтгэх, бидний харилцааг дараагийн ахисан түвшинд авч ирэх сэдэв учраас энэхүү номыг би аль нэг талыг барилгүй бичсэн. Би Америкуудын төлөө, эсвэл Хятадуудын төлөө, эсвэл Арабуудын төлөө огт бичдэггүй. Би ХҮНий төлөө бичдэг.    

Таны шинэ ном болох Connectography-д Connectivity буюу Айлсал гэдэг ойлголт нь 21-р зууны дэлхийн хөгжлийн үндсэн хөдөлгүүр болсон ба аль болох бусадтайгаа сайн холбогдож, айлсаж чадсан улсууд л хожигч болно” гэж дурдагджээ. Гэхдээ холбоосын голд байгаа хөгжилтэй орнууд болох АНУ, Герман, эсвэл холбоос, айлсалын том тоглогч болох Хятад улсууд л энэхүү системээс хожих бус уу? Хөгжиж буй улсуудад яг ямар ач холбогдол үүсгэхийг тайлбарлаж өгнө үү. Эдгээр улсууд энэхүү айлсал, нэгдэлд бүрэн холбогдсоноор үүсэх эрсдэл юу байна?

Яг үнэндээ айлсалаас тоглогч бүр хожно. Жишээ нь, 2002 оноос 2012 оны хооронд Хятад ба Африкийн худалдаа 1800%-р өссөн. Энэхүү худалдааны эргэлтээс хэн хожсон бэ? Хятад улс ба Африк тив аль аль нь хожсон. Хятад улс уул уурхайн түүхий эд, бүтээгдэхүүн хямд авч чадсан, Африк тив суурин газраа хөгжүүлэх, дэд бүтцээ барих мөнгө, хөрөнгө оруулалтыг татаж чадсан. Ийм хоёр оронтой өсөлтийг Африк тив өмнө нь хэзээ ч үзүүлж байсангүй. Ингэж холбогдсоноор Африк тив дэлхийн товаар, уул уурхайн зах зээлийн голлох тоглогч болж гарч ирсэн. 

Даяарчлал бүхий эдийн засагт зөвхөн том тоглогчид нь хождог гэвэл бас өрөөсгөл. Худалдаа, санхүүгийн нээлттэй байдал, бүтээгдэхүүн, үйлчилгээ ба хүний чөлөөт шилжилт урсгалаараа дэлхийд тэргүүлдэг топ 20 улсын 17 нь Сингапур, Швейцар зэрэг жижиг зах зээлтэй улсууд байна. Хоорондоо холбогдсон улсуудаас жижиг улсууд нь ямагт ялагч байдаг.   

Индонези, Пакистан, Саудын Араб, Өмнөд Африк зэрэг “дундаж” тоглогчдийн хувьд мөн л эдийн засгаа нээлттэй байлгаж чадсанаар хожсон байдаг. Тэр нь зөвхөн түүхий эд материалаа экспортод гаргана гэсэн үг биш юм. Тэдний үндсэн хэрэгцээ болсон гадаадын хөрөнгө оруулалт,  дэвшилтэт технологи, ур чадвар, туршлага, ноу-хау, дэд бүтэц, бүтээмж,  чанар зэргийг бусадтай холбогдож байж л олж авсан байдаг. Жижиг, буурай орнууд ч энэхүү айлсалаас хоцрох ёсгүй. Магадгүй тэд холбогдоход хэсэг хугацаа зарцуулагдах байх. Энэхүү даяар холбоос, айлсалаас хоцорч үлдэх нэг ч улс энэ дэлхийд байхгүй.

Том зургаар нь харвал энэхүү айлсал, нэгдлээс хэн нэг нь ямар нэг юм алдах эрсдэл байхгүй. Жишээ нь, сүүлийн 25 жилд нийт 10 сая Америкчууд аж үйлдвэрлэлийн салбарт ажлаа байраа алджээ. Гэсэн хэдий ч энэ 10 сая хүний амьдралын өртөг буурч, бусад салбарт, өөр орчинд ажиллах чадвар өсч, цахим хэрэглээ зэрэг шинэ ур чадварыг эзэмшсэн байдаг. Ажлаа алдсан 10 сая хүний ихэнх нь өөр салбарт дээрх чадваруудаа хөгжүүлэн ажилд орсон статистик байгаа. Хэрэв энэ тоог худлаа гэж та бүхэн бодож байгаа бол тооцоод үзээрэй. Хэрвээ ажлаа алдсан Америкууд өөр ажилд орж чадаагүй бол АНУ-ын ажилгүйдлийн хувь 25% байх байсан. Харин одоо 5%-тай л явж байна. Иймээс ажлаа алдсан хүмүүс өөр ажилд орж чаддагаас гадна талаас илүү нь хуучин ажлаасаа нөхцлөө сайжруулж чаддаг байна. Нээлттэй нийгмийн эрсдэл нь зарим хүмүүсийн ярьдаг шиг биш хэдий ч яг ажлаа алдсан хувьд хүний түвшинд өөр. Иймээс бодлого тодорхойлогч нар Герман, Сингапур, Швейцар, Хятад, Өмнөд Солонгос шиг хүмүүсээ сургаж хөгжүүлэх ёстой. Харамсалтай нь АНУ-д шийдвэр гаргагчид нь хүмүүсээ ингэж хангалттай сургаж чаддаггүйгээс болж асуудлууд үүсч байна. Энэ асуудал явсаар байгаад төрийн систем, түүний үр ашигтай механизмтай хүссэн хүсээгүй холбогддог.

Даяарчлал нь бидэнд эерэг нөлөө үзүүлж байгаа. Гэхдээ хувь хүмүүсийн түвшинд зарим нэг сорилт тулгарч байгаа боловч нийтээрээ нөхцөл байдал дээшилж байгаа. Даяарчлалын нэг онцлог бол бизнес ба ажлын байрны байршлыг өөрчлөх нөхцлийг үүсгэдэг. Бодлого тодорхойлогчдын хувьд энэ асуудал дээр ухаалаг шийдвэр гаргах ёстой. Даяарчлалын нөлөөгөөр хурдацтай өсч буй салбар, урсгалын хурдыг бодлогоор сааруулж, бусад хүчин зүйлсийн үр дүнтэй уяах бололцоо бий. Жишээ нь, Америкчууд жилд 10 сая машин үйлдвэрлэх ёстой. Гэхдээ ямар зардлаар үйлдвэрлэгдэх нь сонин биш гэж бодъё (Австрали ба Канад улсуудад яг энэ бодлого хэрэгждэг). 10 сая машин үйлдвэрлэснийхээ дараа жил энэ салбар төрөөс улам их татаас нэхэж, үр ашиг, бүтээмжийн чанар улам бүр муудна. Дэлхийн худалдааны байгууллагын стандартаар бол энэ нь хууль бус үйл ажиллагаанд тооцогдоно. Гэсэн хэдий ч бид ажлын байраа хадгалахын тулд 10 сая машинаа хийдгээрээ хийнэ. Энэ схемээр ажлын байр хадгалах санааг би дэмжинэ. Гэхдээ бид АНУ-ын автомашины салбарын хөгжлийг шууд болон шууд бус утгаар боомилон ямар ч өрсөлдөх чадваргүй болгож байгаагаа анхаарах ёстой. Тиймээс бодлого тодорхойлогчид энэ цаг үед аль салбарын ямар ажлын байрууд дээр тусгай бодлого явуулахаа маш сайн томъёолох ёстой. Магадгүй энэ салбарын хүмүүсийг сургаж өөр салбарт ажиллахад бэлэн болтол нь бэлтгэх ёстой. Яг энэ ажлыг Хятад, Энэтхэг улсууд маш сайн зохион байгуулж байгаа. АНУ үүнээс суралцах ёстой.

Бүх зүйлсийг тэнцвэрийг олж зохистой хэмжээнд хөгжлийг удирдах ёстой гэдэгтэй би санал бүрэн нийлдэг. Би үнэндээ улс хоорондын төгс нээлттэй систем, хяналтгүй хилийн шугам, замбараагүй, удирдлагагүй, зэрлэг капитализмийн эсрэг байдаг. Тодорхой түвшинд бид тусгаар улс, бие даасан үндэстнүүдийн үүрэг хариуцлагыг нуруун дээрээ үүрч явсаар л байх болно. Засгийн газар болгон өөрийн гэсэн үүрэг хариуцлагатай. Ялангуяа Африкийн зарим улсын засгийн газруудын хувьд зарим салбараа эдийн засгийн бодлогоороо хамгаалах, гадны хөрөнгө оруулалтыг аль болох дотроо шингээх стратегиудыг барих ёстой. Эдгээр стратегийг Хятад улстай амжилттай хэрэгжүүлж буй улсууд бол яах аргагүй Замби, Конго, Нигер улсууд юм. Хятад улс Африкийн зах зээл рүү нэвтрэн орж ирж байгалийн нөөц, бараа, үйлчилгээг их хэмжээгээр худалдан авч эхэлсэн. Энэ үед Африкийн улсууд Хятадаас улс, тив дотроо үйлдвэр барьж өгөх хүсэлт гаргахаас гадна нутгийн ажилчдаа сургах, хөгжүүлэх, шинэ ажлын байр бий болгох, дэд бүтцээ хөгжүүлэх шаардлагуудыг тавьсан. Хөгжиж буй улсуудын хувьд чухам ийм л шаардлагыг нөгөө талдаа тавих ёстой. Би энэ чиглэлийг баримтлагч хүн.

 

McKinsey Global Institute-с хагас жилийн өмнө гаргасан тайланд улс орнуудын хоорондын худалдаа, үйлчилгээ, санхүүгийн орох, гарах урсгалын дэлгэрэнгүй мэдээлэл байсан. Түүнчлэн улс орнуудын айлсал, холбоосын индексийг тооцож гаргаад, Сингапур улс энэ жагсаалтыг тэргүүлсэн байсан. Сингапур шиг жижиг, онцлог улсын давуу ба сул талыг түр хаяад, ер нь хөгжиж буй улсуудад Сингапур улсын бусад улсуудтай хэрхэн харилцан ашигтай хамтран ажиллаж буй туршлагыг үзүүлэх ёстой санагддаг.  Сингапурт амьдарч, төрийн бодлогын чиглэлээр ажилладаг хүний хувьд та үүн дээр ямар зөвлөгөө өгөх байсан бэ?

Сингапур улс бол айлсал, холбоос гэдэг үгсийг үндэснийхээ уриа үгэнд оруулсан дэлхийн цорын ганц улс. Сингапурын эдийн засгийн хөгжлийн зөвлөл “бүтээмж, айлсал буюу холбоос, бүтээлч байдал” (productivity, connectivity, and creativity)-ыг эрхэмлэж албан ёсоор томъёолсон. Сингапур улс нэг хүнд ногдох хүнсний бүтээгдэхүүний импортоороо дэлхийд тэргүүлдэг улс. Түлш, шатахуунаа 100% гадаадаас мөн авдаг. Хүнс болон эрчим хүч, шатахууны маш сайн импортийн түгээлт ба хуваарилалтын системийг бүрдүүлэх ёстой. Хэдий жижиг арал улс боловч 17 тусдаа интернетийн шугамтай. Дахиад 15 шугамыг тусад нь барьж байна. Түүнчлэн Сингапур улс нь цахилгаан тасарсан үед хэрэглэх нөөцөлсөн эрчим хүчний хэмжээгээрээ дэлхийд тэргүүлдэг. Сингапур улсын туршлагаас бусад улсууд айлсал буюу холбоос, бие даах чадвар, үндэсний дархлааг нь судлан суралцах ёстой. Бусадтай хэр сайн холбогдож чадна тэр хэмжээгээр улс үндэстний дархлаа хүчтэй байдаг.

arrow icon