БОДЛОГО БОЛОВСРУУЛАГЧДАД: Улаанбаатарын ЦАГ АГААРЫН НӨХЦӨЛ утаанд хэрхэн нөлөөлдөг вэ?

Өнөөдөр дэлхийн хүн амын талаас илүү нь хот, хотожсон газар амьдарч байна. 2050 он гэхэд энэ тоо 70 хувь давна. ХОТЖИЛТ тухайн газар нутгийн АГААР, ХӨРС, УСНЫ ЧАНАРЫГ ӨӨРЧИЛДӨГ ба агаар мандалд нөлөөлдгийн хамгийн энгийн илрэл бол хөдөөнөөс эсвэл хотын захаас хот руу орж ирэхэд илүү дулаан, хуурай, салхи багатай болж ирдэг. Хотын дулаан агаарыг “хотын дулаан арал” гэж нэрлэх ба үүнээс улбаалж хотжилт тухайн газрын бүс нутгийн уур амьсгал, цаг агаарыг өөрчилдөг. Мөн хотжилт АГААРЫН БОХИРДОЛ дагуулдаг ба сүүлийн хэдэн арван жилийн хугацаанд улс орныг ялгалгүй байгаль орчин, нийгэм, эрүүл мэндэд уршиг дагуулсан ноцтой асуудал болж байгааг бид сайн мэднэ. Агаарын бохирдлын улмаас дэлхий дээр жил бүр 5.5 сая хүн нас бардаг.

Улаанбаатарын агаарын бохирдлыг гэр хороолол, уурын зуух, цахилгаан станц, машинуудаас гарч буй бохирдол үүсгэж байгаа ч ихээхэн нөлөөлж буй хүчин зүйл бол байгаль, ЦАГ АГААРЫН НӨХЦӨЛ юм.

Улаанбаатарын агаарын бохирдлыг гэр хороолол, уурын зуух, цахилгаан станц, машинуудаас гарч буй бохирдол үүсгэж байгаа ч ихээхэн нөлөөлж буй хүчин зүйл бол байгаль, ЦАГ АГААРЫН НӨХЦӨЛ юм.

Монголын нутагт өвөлдөө Сибирийн их даралтын орон (антициклон)-ы нөлөөгөөр үүлгүй, салхи багатай байдаг. Нарны цацраг газрын гадаргыг хангалттай халааж чадахгүй, газрын гадарга шөнийн хугацаанд хөрж дулаанаа алдах ба тодорхой өндөр хүртэл дулаан агаар, үүний дээр дахин хүйтэн агаар оршсоноор газрын гадаргаас дээшлэх тусам агаарын температур нэмэгдэж ТЕМПЕРАТУРЫН ИНВЕРСийн давхарга бүрэлдэнэ. Инверсийн давхаргыг “хөмөрсөн тогоо” эсвэл “савны таг” гэж ойлгож болно. Учир нь, инверсийн давхарга доод хэсгийн агаарыг дээшээ СЭЛГЭЭНД ОРУУЛАЛГҮЙ хотын олон эх үүсвэрээс гарч буй БОХИРДЛЫГ ТОГТООН БАРИНА. 1-р зурагт температурын инверсийн давхарга доторх бохирдол тушигдаж тогтсон нь, инверсээс дээшхи агаар бохирдолгүй байгаа нь тодорхой харагдана – саарал хэсэгт агаар тогтонги, салхи бага байхад бохирдолгүй дээд хэсэгт агаарын тогтворшил бага, салхитай нь илт байна.

Зураг 1. Температурын инверсийн давхаргад бохирдуулагч тушигдсан байдал.

 

Өвлийн улиралд Улаанбаатар хотод ТЕМПЕРАТУРЫН ИНВЕРС тогтсон үеийн, өөрөөр хэлбэл, агаарын бохирдол үүсгэх чухал хүчин зүйлсийн нэг болох цаг агаарын нөхцөл байдлыг тоон загварчлалын аргаар судалсан байгаа. Дэлгэрэнгүйг хэдэн сарын өмнө хэвлэгдсэн судалгааны өгүүллээс маань харж болно. Цаг агаарын тоон загвар нь төлөвийн тэгшитгэл дээр үндэслэгдсэн, агаар мандлын олон физик процессуудыг тооцож оруулсан математик загвар ба кластер эсвэл суперкомпьютер дээр параллель тооцооллоор гүйцэтгэнэ (өмнөх нийтлэл харна уу).

Тухайн тохиолдлыг авч үзэхэд, температурын инверс ~7°С хүртэл, инверсийн зузаан ~600 м орчим (Зураг 2) бөгөөд энэ давхарга дотор салхи тогтуун буюу агаарын урсгал тушигдсан байдалтай нь илт харагдана. Харин хотжилтын нөлөөгөөр өдөртөө инверсийн доод хил дээшилж, инверсийн эрчим суларч, газар орчимд салхи тогтуун бус болно. Гэвч агаарын дээд давхаргаас салангид хэвээр байх тул агаар сэлгээнд хангалттай орохгүй. 

Зураг 2. Улаанбаатар хотын температурын инверсийн (a) дээд, доод хилийн өндөр (b) эрчим болон (c) дээд, доод хилийн температурын хоногийн явц.

 

Температурын инверс зөвхөн Улаанбаатарт гэлтгүй манай орны бусад газарт ч ажиглагддаг (15-20°С, 1500-2500 м хүртэл) учраас бусад аймаг, суурин газруудад ч агаарын бохирдлын асуудал байгаа. Бохирдуулагч үүсвэрээс гарсан утаа температурын инверсийн улмаас тунаран тогтож, хот суурингуудад агаарын бохирдлыг нөхцөлдүүлэгч болно. Бидний мэдэх Бээжингийн агаарын бохирдол ч мөн адил их даралтын орны нөлөөгөөр температурын инверстэй үед бохирдолтой агаар газар орчимд тогтонги оршдогтой холбоотой.

Улаанбаатарын агаарын бохирдлыг бууруулах, бохирдолтой тэмцэхэд салхин сэнс тавих, уул нүхлэх, нураах зэрэг “мэргэн” шийдлүүдийг хүмүүс гаргадаг ч агаарын бохирдлыг “дэмжээд” байгаа цаг агаарын нөхцлийг ойлголгүй, тооцолгүй орхигдуулдаг. Сэнсүүд тавилаа гэвэл шороотой ус хутгахтай адил тэрхэн хөндийд бужигнаанд оруулна, бохирдолтой агаар инверсийн давхаргыг нэвтэлж дээш гарахгүй, бохирдол багасахгүй. Хэдэн жилийн өмнө Засгийн газраас Ус, цаг уурын хүрээлэнд захиалга өгч судлуулсан, боломжгүй гэдгийг холбогдох хүмүүс мэдэх ёстой. Уул цоолж, гүвээ давааг нураасан ч температурын инверсийг задлахгүй, үүнийг би тоон загвараар туршилт хийж үзсэн, агаарын бохирдлыг бууруулахгүй гэсэн үг. Дашрамд, инверсийг сулруулах лабораторийн жижиг туршилтууд байдаг ч байгаль дээр бодитоор туршсантай таарсангүй, температурын инверсийг геоинженерчлэл хэрэглэн задлах талаар Казахстанд туршиж байсныг дам дуулсан ч чухам хэзээ, яаж, үр дүн нь юу гэдэг талаар олж мэдэж чадалгүй өнөөг хүрч байна. Уул, даваа нурааж салхилуулж утааг хөөнө гэсэн санаатай нэгддэг хүмүүс 1952 оны Лондонгийн агаарын бохирдлын гамшигт жишээг санаад, тэр хавийн газарзүйн байршлыг харах хэрэгтэй – Лондонг эргэн тойрон хүрээлсэн өндөр уулс байхгүй. Аюулд хүргэсэн шалтгаан нь мэдээж бохирдуулагчийн эх үүсвэр, үүн дээр “нэмэр” болсон цаг агаарын нөхцөл буюу нам салхи, тогтуун агаартай их даралтын орон байсан, манайхтай адил “хөмөрсөн тогоонд” гамшиг болсон гэсэн үг.

АМЬСГАЛАХ АГААР ТЭГШ ЭРХТЭЙГЭЭР ОЛДДОГ. Агаарын чанарын стандартаас хэдэн арав дахин БОХИРДОЛТОЙ АГААР таны уушгинд хүрч, цусаар дамжин бүх биед хүрснээр биеийн эд эсийг ТАСРАЛТГҮЙ ХОРДУУЛДАГ. Таны хэн байхаас үл хамааран бид тэгш эрхтэйгээр үнэгүй хүртэж, тэгш эрхтэйгээр бидний эрүүл мэндэд сөргөөр нөлөөлдөг учир баттай зөв мэдээлэлтэй байх хэрэгтэй. Агаарын чанарын хэмжилтийн баталгаатай зарим эх сурвалж гэвэл:

agaar.mn – Улаанбаатарын агаарын чанарын мэдээ, мэдээллүүдийг харах хүн бүр өдөр тутамдаа ашиглах хэрэгтэй сайт, апп.

www.air.ub.gov.mn– Нийслэлийн агаарын чанарын албаны сайт. Тухайн хугацааны хэмжилт, зарим дунджаас гадна 2009 оноос хойшхи мэдээ сар, сараар байгаа.

aqicn.org – Улаанбаатарын агаарын чанарыг дэлхийн бусад газруудтай харьцуулж харж болно. Бохирдол өнгө, тоогоор сайхан ялгагдана. Манайх өвлийн хугацаанд байнга шахуу улаан хүрэнтэж байгаа!

Агаар мандалд хэдэн мянган километр эзэлсэн, тогтвортой орших системийг өөрчилж чадахгүй, боломж ч байхгүйгээс хойш бохирдлын үүсвэртэй “тууштай ноцолдох” л илүү үр дүнтэй! Гэхдээ нарийн ширхэгт тоосонцортой юу, нүүрс шатахууны шаталтаас гарах SO2, CO, NOx-ын алинтай нь яаж, яаж тэмцэхээ тодорхойлох хэрэгтэй. Уур амьсгалын өөрчлөлт, түүнтэй дасан зохицох асуудалтай харьцуулахад хэдэн уулын дундах хотгорт байх сая хагас хүнийг зарлаагүй дайнд дуудаж, ялан дийлж буй өнөөгийн Улаанбаатарын агаарын бохирдол бол үйлдвэржилтээс бус амьжиргааны гаралтай учраас арга хэмжээг сэтгэлээсээ, ухаалгаар хийвэл бууруулах асуудал шийдэгдэж болох зүйл!!!

 

 


avatar

Авторууд

Санал асуулга

Нийт санал: 4669

2020 оны УИХ-ын сонгуулиар аль нам ялах вэ?

12%
МАН
17%
АН
69%
Шинэ гуравдагч хүчин
  • 12%
  • 17%
  • 69%