Нийтлэл 02 сарын 13, 2017

ДЭЛХИЙН ДУЛААРАЛ Монголд хамаатай, хамгийн их хамаатай

Дэлхий урьд нь өнөөдрийнхөөс ч дулаан байсан. Өнөөдрийн дэлхийн дулаарал бол дэлхийн түүхэнд шинэ зүйл биш, өмнө нь тохиолдож байсан зүйл, гэхдээ олон мянга, хэдэн сая жилийн өмнө.

Палео (эртний) уур амьсгал судлал гэх шинжлэх ухааны салбар бий. Тэртээх уур амьсгалыг өнөөгийнхтэй харьцуулбал бид мөстлөгийн үед яваа. 1-р зурагт 5.3 сая болон 800000 жилийн хугацааны, мөсөн цооногоор бус далай тэнгисийн ёроолын хуримтлалаас босгосон дэлхийн дундаж температурын цувааг харуулжээ. Pliocene-ийн өмнөх үе (miocene)-ийн төгсгөл үеэс бидний өнөөдрийнхтэй их ойролцоо экосистем буюу өнөөдрийн ургамлын 95% бүрдсэн гэдэг. Pliocene-ийн үе нь бидний өнөөдрийн хамаарах үе буюу pleistocene-ийн үеэс 2-3°C дулаан байсан нь харагдах ба далайн түвшин өнөөгийнхөөс 15-25 метрээр өндөр байж. Тэгэхээр 1.8 сая жилийн өмнөхөөс одоог хүртэлх үе бол хүйтэн үе, бид хүйтэн үед амьдарч буй нь үнэн. Иргэншил бүрэлдсэн holocene үеэс өмнө нь ойрхон хоёр ч удаа одоогийнхоос дулаан үе тохиож байж – Eemian (130000 жилийн өмнө), Holsteinian (400000 жилийн өмнө). Аль алинд нь далайн түвшин өнөөгийнхөөс 4-6 метрээр өндөр байсан байна. Энэ holocene үе бол дараагийн мөстлөг хүртэлх үе учир палео уур амьсгалын талаас харвал ирээдүйн уур амьсгал мөстлөгийн үе рүү дөхөж буй гэсэн үг. 

Зураг 1. Дэлхийн дундаж температурын 5.3 сая болон 800000 жилийн хугацааны цуваа.

Палео уур амьсгалын өөрчлөлтөд нарны цацраг, галт уулс, агаар мандлын найрлага гэх мэт олон хүчин зүйлс нөлөөтэй. Сүүлийн 400000 жилийн хугацааг харвал нүүрстөрөгчийн давхар исэл (CO2), температур хоорондоо ихээхэн хамааралтай нь харагдана (Зураг 2). CO2-ийн концентраци ихсэхэд температур ихсэнэ, CO2-ийн концентраци буурахад температур буурна.                                          

Зураг 2. Дэлхийн дундаж температур ба CO2-ийн сүүлийн 400000 жилийн хугацааны цуваа.

Энэ хамаарал одоо ч хэвээр хадгалагдаж дэлхийн дулаарлыг түргэсгэж байна. “Түргэсгэж” гэсний учир нь CO2 нэмэгдэхэд нарны цацрагийг ойлгодог цас, мөсөн давхарга хайлж дулааныг шингээж, ургамал ургахад таатай нөхцөл бүрдэх ч, илүү их CO2-д ургамлын чийг ууршуулах чадвар багасч, агаар мандалд дулаан хуримтлагдах нөхцөл бүрдүүлэх юм. Энэ мэт олон эргэх холбоог дурдаж болно. Дэлхий даяарх олон мянган цаг уурын ажиглалтын болон далайн хөвөгч станцууд, хиймэл дагуулын мэдээгээр боловсруулсан мэдээнээс харахад дэлхийн дундаж температур 1970-д оноос хойш маш эрчимтэй нэмэгдэж байгаа нь харагдана (Зураг 3). 

Зураг 3. Дэлхийн дундаж температур ба CO2-ийн 1880 оноос хойшхи хугацааны цуваа.

 Уур амьсгалын өөрчлөлт, тухайлбал дэлхийн дулааралтай санал нийлдэггүй улсууд бий:

  • Уур амьсгал угаасаа өөрчлөгдөж байдаг тул асуудал биш гэх нь бий.
  • Угаасаа 2 мөстлөгийн үеийн дундах үеийн дулаарал зүй ёсоороо явагдаж байгаа гэж үзэх нь бий.
  • Ямар ч дулаарал болоогүй хий хоосон зүйл гэх нь ч бий.

Эхний үзлийн тухайд: дулаарлын талаар яригдахад хэрэглэдэг температурын хугацааны цуваа сайндаа 200 жилийг хамардаг нь угаасаа тогтмол бус, байнга өөрчлөгдөж байдаг (ялангуяа шугаман бус систем болох агаар мандал!) системд байдгаараа л байх ёстой зүйл гэцгээдэг. Мөн санаанд тод үлдсэн улирал, жилээ ойр тохиосон онцгой хүйтэн жилтэй харьцуулан юун дулаарал, хүйтрээд байна гэх улсуудыг энэ бүлэгт хамруулж ч болно. Эдгээр нөхөд богино хугацаанд гарсан уур амьсгалын огцом өөрчлөлтийн үр дагаврыг бодитоор ойлгох хэрэгтэй, тухайлбал, хур тунадасны горим, цаг агаарын аюулт, гамшигт үзэгдлийн давтамж өөрчлөгдөх, цөлжилт, усны асуудал хамарсан байгаль-нийгэм-эдийн засгийн асуудал гэх мэт.

Удаахь үзэлтнүүд: хоёр мөстлөгийн дундах үед бид амьдарч буй учир мөчлөг таарснаас дэлхий дулаарч байгаа, зүй ёсны дулаарал, далайн түвшин ч урьд өмнө одоогийнхоос олон метрээр өндөр байсан гэцгээнэ. Эдгээр улсууд өнөөгийн дулаарал өмнө тохиолдож байгаагаас илүү хурдтайгаар, маш богино хугацаанд явагдаж байгаа талаар ойлгох хэрэгтэй. Хүний үйл ажиллагаанаас үүдэлтэй энэ огцом дулаарал дараагийн мөстлөгийн үеийг олон мянган жилээр ухрааж байгаа.

3-р үзлийн тухайд: улс төр, эдийн засгийн болон бусад ашиг сонирхол, зорилгоор хэсэг бүлэг хүмүүсийн сэдсэн зүйл гэдэг. Хамгийн сүүлийн тод жишээ гэвэл дэлхийн нөгөө бөөрөнд өдгөө агуу гүрнийг удирдаж буй эрхэм сонгуулийн компанит ажлынхаа үеэр хэлсэн байдаг. Үүндээ бат зогсож, албан тушаалаа авсны дараачаас Цагаан ордны вебсайтаас уур амьсгалын талаарх бүх мэдээллийг устгаж, EPA (Байгаль хамгаалах агентлаг)-ийн вебсайтад оруулах уур амьсгалын талаарх мэдээллийг улс төрийн тусгай ажилтан хянасны дараа тавих зэрэг асуудал нь манайхны нэгэн үеийн улс төрийн товчоогоор орж зөвшөөрөгдөхтэй агаар нэгэн хэрэг. Уур амьсгалын өөрчлөлтөд илүү мэдрэг өндөр өргөргийн Аляскийн форумд EPA-ийн оролцогчдын тоог “санхүү хэмнэх” үүднээс хоёр дахин цөөлөхийг Цагаан ордноос тушаасан зэргээс цензур харагдаж эхэлж байна.

Дулаарал бол хэсэг бүлэг хүмүүс, улсын зохиосон хийрхэл биш. Уур амьсгал үргэлж өөрчлөгдөж байдаг ч энэ удаагийнх ноцтой үзэгдэл, хүн төрөлхтөн бид буруутай!

CO2, СH4, N2O болон фторт хийнүүд дэлхийн агаар мандалд дулааныг барьж “хүлэмжийн” үүрэг гүйцэтгэдэг. Хүний үйл ажиллагаа, тухайлбал нүүрс түлэх, ой багасгах, хөргөх төхөөрөмжид хэрэглэгдэх CFC-н ялгарал зэрэг нь хүлэмжийн хийг ихэсгэнэ. Хүлэмжийн хий ихэссэнээр учрах үр нөлөө:

  1. ДЭЛХИЙН ДУЛААРАЛ. 1970-д оноос хүлэмжийн хий 80% ихэссэн байна. Сүүлийн 100 жилд дэлхийн температур дунджаар 0.75°С нэмэгдсэн бол монголд сүүлийн 70 жилд үүнээс бараг 3 дахин их байна. Дэлхийн дулаарлаас шалтгаалж цөлжилт, туйлын мөс, мөнх цаст уулсын уулсын цас, цэвдэг хайлах, далайн төвшин нэмэгдэх, цаг агаарын гамшигт үзэгдлийн давтамж ихсэх зэрэг сөрөг нөлөөтэй. Уур амьсгалын эрсдлийн индекс (Global Climate Risk Index)-ээр 2014 онд Монгол улс 8-д жагссан байдаг. Энэ нь манайхны амьдрал байгаль, цаг агаараас ихээхэн хараат гэсэн үг.
  2. Далайн усанд шингэснээр хүчиллэг чанар нэмэгдэнэ. Аж үйлдвэрийн хувьсгалаас хойш далайн усны хүчиллэг шинж 30% ихэссэн байна. Далайн амьд биетэд хэрхэн нөлөөлөх нь төсөөлөгдөж байгаа байх.
  3. Ургамлын тэжээлийн чанар өөрчлөгдөнө. Ургамлын ургалтанд хэрэгтэй CO2 нэмэгдэхэд ургамлын ургалт ихсэх ч бусад тэжээллэг чанар хангалттай бус тул чанарт өөрчлөлт орно. Өөрөөр хэлбэл, бидний хүнсний шим тэжээл өөрчлөгдөх нь.
  4. Утаа, озон (O3), агаарын бохирдол. Өнгөрсөн 100 жилийн хугацаанд дэлхийн озоны хэмжээ 2 дахин ихэссэн байна. Газрын гадарга орчмын озон нэмэгдсэнээр хүн, ургамалд аюултай. Жил бүр хэдэн зуун мянган хүн озоноос үүдэлтэй зүрх уушгины өвчлөлөөр нас бардаг.
  5. Озоны цоорхой. N2O бол озоны давхаргыг нимгэлэгч. Стратосферийн озон багассанаар нарны UV цацраг шүүгдэлгүй ирж, хүн ургамалд асар их хор нөлөө үзүүлнэ. Тухайлбал, арьсны хорт хавдар, хөгшрөлт, нүдний өвчлөл, дархлааг муутгах гэх мэт.

Гэвч, хүлэмжийн хий огт байхгүй бол амьд биет амьдрах боломжгүйгээр дэлхийн гадарга маш хүйтэн байх байж.

УУР АМЬСГАЛЫН ӨӨРЧЛӨЛТийн талаарх зарим баримтууд:

  • 1990-д оноос хойш цаг агаарын гаралтай байгалийн гамшгаас үүдэн 600000 хүн амь өртсөн байна. Үүний 95% нь хөгжиж буй орнуудын иргэд.
  • 2016 он бидний мэдэх хамгийн дулаан жил болсон.
  • Одоогоор дэлхийн агаар мандалд сүүлийн 800000 жилийн хугацааны хамгийн их CO2 агуулагдаж байна (2017 оны 1-р сарын байдлаар 407.06 ppm).
  • Дэлхийн нийт CO2-ийн 30% нь хүүрсний шаталт хүний үйл ажиллагаанаас үүдэлтэй, 72% нь цахилгаан гаргах зорилгоор үйлдвэрлэгддэг.
  • Аж үйлдвэржилтийн үеэс хойш далайн усны хүчиллэг чанар 30%-р нэмэгдсэн.
  • Анх 1896 онд нүүрсний шаталтаас дэлхийн агаар мандал дулаарна гэдгийг тогтоосон байна.
  • Уур амьсгалын өөрчлөлтийн улмаас АНУ-д жил бүр 100 тэрбум долларын хохирол учирдаг.
  • Олон жилийн дунджаар далайн түвшний хэмжээ жилд 0.2 мм-ээр нэмэгдэж байгаа ч одоогийн байдлаар 10 дахин хурдасч 20-р зуунд гэхэд 15 см-ээр дээшилжээ.
  • Дулаарал үргэлжилсээр байвал 2040 оны үед Хойд туйл мөсгүй болно.

2015 оны 12-р сард Парис хотноо COP21 хурлаар орнууд зөвшилцөлд хүрч НҮБ-ын 175 гишүүн орон Уур амьсгалын өөрчлөлтийн Парисын хэлэлцээрт гарын үсэг зурсан билээ. Аж үйлдвэржилтээс өмнөх үетэй харьцуулсан дэлхийн дулаарлыг 2.0°С-с доош барьж 1.5°С-т хязгаарлах, үүнтэй уялдаад хүлэмжийн хийг багасгах зэрэг асуудлаар улс орнууд амлалт авсан. Тухайлбал, Монгол улсын хувьд хүлэмжийн хийн ялгарлыг 2030 он гэхэд 14 хувиар бууруулах, Уур амьсгалын өөрчлөлтийн Ногоон санд 90000 доллар өгөхөөр амалчихсан байгаа. СО2-ийн үйлдвэрлэлээр Хятадын дараа 2-т ордог АНУ Парисын хэлэлцээрт нэгдсэнээр 2020 он хүртэлх хуримтлалд 3 тэрбум ам.доллар өгөхөөр амалсан.

Уур амьсгалын өөрчлөлтийн Ногоон сан нь дэлхийн байгаль орчин хамгаалах, уур амьсгалын өөрчлөлттэй тэмцэх хамгийн том сан ба улс орнууд, нэн ялангуяа хөгжилтэй орнууд, Уур амьсгалын өөрчлөлтийн Ногоон санд 2020 он гэхэд 100 тэрбум ам.долларын санхүүгийн нөөцийг бүрдүүлэх юм. Энэ сангаас Үндэсний хэрэгжүүлэгч уур амьсгалын өөрчлөлтөд тогтвортой хөгжлийг хангахад чиглэсэн ажлуудад бага биш олон сая доллларын санхүүжилт хүсч болно. Уур амьсгалын өөрчлөлтийн Ногоон сангаас хэрэгжүүлэх төсөл, хөтөлбөрүүдэд хамрагдах албан ёсны эрхийг манай улсаас аль ч төрийн байгууллага аваагүй, одоогоор Хас банк Үндэсний хэрэгжүүлэгч байгууллагын эрхийг авсан байгаа.

Монгол улс хүлэмжийн хийн үйлдвэрлэлтээрээ дэлхийн дулааралд бага нөлөө үзүүлж байгаагаараа дэлхийн дулааралд хамаагүй мэт боловч манай улсын эдийн засаг уур амьсгалын хүчин зүйлийн шууд нөлөөн дор орших хөдөө аж ахуйгаас ихээхэн хамаардаг учир, уламжлалт хэв маягаа хадгалсаар байвал хохирол их амсахаараа дэлхийн дулаарал Монголд хамаатай, хамгийн их хамаатай!

 

Сэтгэгдэл бичих

    • Зочин
    • 2017-02-22

    Mongol ulsad odoogoor tsag uuriin uurchlulttei temtsej bui yag yamar arga hemjeenuud baigaa ve? Mon belen hiij boloh yag yamar arguud baina? Sar buriin tailan gargah bolomjtoi yu? yag yamar yamar salbaraas her ih hemeejiinii nuluu uzuulj baina geh met.

    • дорж дэрэм
    • 2017-02-20

    Мал аж ахуйгаа устгэх санааг гайхаж бна. Тэгээд танийхаар яаж шүү амьдрах болж бна

arrow icon