ОЮУНЫ ЯДУУРАЛ ба ЗАРИМДАГ ШИНЖЛЭХ УХААН

Шинжлэх ухаан нь туршилт, ажиглалт, онол бүхий зүй тогтолтой, системчилсэн мэдлэгийн олонлог байдаг бол pseudoscience (псевдонаука) санаа бодлоос урган гарсан, тайлбарлаж байгаа нь үнэмшилтэй ч санааг батлах туршилт бага, мэдрэмж голдуу тайлбараас тогтоно.

Иймд pseudoscience (псевдонаука)-г заримдаг шинжлэх ухаан, хуурамч онол гэвэл зохилтой санагдана. Хүний биед хэрэгтэй уураг, витамин, эрдсээр бага ч сахар, калори ихтэй түргэн хоолыг junk food гэдэг шиг заримдаг шинжлэх ухааныг “junk” science “хог” гэх нь ч бий. Нэгнээс нэгний ам, хэвлэл мэдээллийн хэрэгслээр ихээхэн үнэмшилтэй дамжиж нийтийг хамарсан цуу, муу мэдээлэл ч гэж ойлгож болно. Үнэн биш гэдгийг илрүүлэх няцааж болох асуулт, баримтуудад хариулт нь бэлэн байдаг. Цууг албаар таригчид, зарим зальт этгээдүүд дундаас нь ашиг олно. Мэдээллийг үл нягталснаас, мэдлэг дутсанаас, гэнэн итгэснээс, түүнчлэн шинжлэх ухаан талаас нь зөвөөр тайлбарлаж, цууг хорих талаар арга хэмжээ аваагүйгээс газар авч дийлдэхээргүй тархсан нь ч бий. Байгалийн шинжлэх ухааныг бодоход нийгмийн талын шинжлэх ухаан өөрөө их “барьцгүй” гэмээр учир тодорхой зорилгоор нийгмийн тархийг угаахад ч ашиглагдаж байсан. Харин сүүлийн үед бизнесийн салбарт заримдаг шинжлэх ухаан их сайн нэвтэрч, элдэв эрүүл мэнд, гоо сайхан, ахуйн бүтээгдэхүүнүүд газар авч, хүмүүс итгэхийн хирээр зальтнуудын халаас зузаарч байгаа.

Заримдаг шинжлэх ухааны жишээ өчнөөн төчнөөнөөр байна. Тухайлбал:

Бермудын гурвалжин: Атлантын далайн тэр хэсэгт онгоц, усан онгоцууд үл мэдэгдэх шалтгаанаар алга болдог, осолддог, нууцыг нь одоо болтол тайлж чадаагүй гэцгээдэг. Үнэн хэрэгтээ тэр хэсэг одоо далайн замын ихээхэн ачаалалтай хэсэг, тэнд тохиолддог хэрэг явдал, осол дэлхийн бусад хэсэгтэй л адилхан, онцгой их осол тэнд байхгүй, сүйрлийн тоо “алтан дундаж”. Дэлхийн байгаль хамгаалах сангаас аюултай гэх усан замын жагсаалтанд багтаахаар онцгой статистик байдаггүй байна. Онгоц, усан онгоцуудын ослын талаар мэдээлэхдээ цаг агаарын нөхцөл, шуурга зэргийг дурдалгүй зөвхөн алга болсон гэдгийг онцолдог, мөн огт болж байгаагүй явдлыг зохиож сенсаацалдаг байна. Худал зүйлийг мянга давтахаар үнэн болдгийн жишээ.

Уур амьсгалын өөрчлөлтийг үгүйсгэгчид: Хамгийн сүүлийн үеийн тод жишээ гэвэл Трамп (зарим зүйлийг эндээс унших). Трампын кабинетийнхан бодлогын нөлөөнд автаж псевдо шинжлэх ухаанаар ярьж байна. Жинхэнэ шинжлэх ухааныхан өмнө нь заримдгуудыг ойшоодоггүй, “доошоо орж” харьцдаггүй байсан бол одоо дээр нь заримдгууд гарч, бодлогын хувьд том алдаанууд хийгээд зогсохгүй жинхэнэ шинжлэх ухаан, онолыг үгүйсгэхээр зогсоо зайгүй оролдож байна. Америкийн дунд сургуулиудын 25000 багшид дисктэй ном шуудангаар явуулжээ, нийт 200000 багшид явуулахаар зэхэж байгаа. Ямар ном гэхээр “Дэлхийн дулааралтай эрдэмтэд яагаад санал нийлдэггүй вэ?” (Why scientists disagree with global warming) гэсэн гарчигтай, харилцан ойлголцлын тайлангууд юм байх. Багш нар хүүхдүүдэд диск үзүүлж, тэр номоор хичээл заах болох нь – хүний үйл ажиллагаа уур амьсгалд ямар ч хор учруулаагүй, учруулахгүй, Хятадууд л уур амьсгал өөрчлөгдөж байна гэж Америкийн эдийн засгийн эсрэг худал цуу зохиосон, Америкчууд минь нүүрсээ олборлоод шатаагаад бай, ажлын байр нэмэгдэнэ, эдийн засагт үр өгөөж авчирна, уур амьсгал өөрчлөгдөөгүй, байнга л өөрчлөгдөж байдаг зүйл, зарим газарт хүмүүс хөлдөж үхээд байхад тэр дулаарал хаана байна, их мөнгө зарцуулж судлах хэрэггүй, шинжлэх ухаанд их мөнгө зарах хэрэггүй гэх мэт ойлголт хүүхдүүдэд өгөх нь. Улс төрийн бодлогын нөлөөнд үзэл суртлаар хуваагдаж, жинхэнэ шинжлэх ухааныг хэрхэн “будаа болгохоор” оролдож буй харамсалтай жишээг эндээс харж болно, доктор Mann-ыг үнэлээд баршгүй.

Лысенкоизм: Зөвлөлтийн агрономич Лысенко ургамлыг хугацаанаас эрт эсвэл орой тариалж, ургац нэмэгдүүлэх хөдөө аж ахуйн нээлт хийснээ зарлав (одоогоос 90-ээд жилийн өмнө). Хүнсний хямралд орсон үед хоосон ходоодтой олон түмэнд их хоол олдох итгэл төрж, ардын баатрыг бахдаж эхлэв. Хуурамч үр дүнгээ нийтэд зарлаж нийтийн цөсийг хөөргөж, ард түмэн битгий хэл нэр хүндтэй хүмүүс ч түүнийг нээлт хийсэнд тооцож байв. Асар богино хугацаанд олонд алдартай болоод эхэлжээ. Ард, тариачин гаралтай ч багаасаа удирдагч болох хүсэлтэй Сталин Лысенкогийн генетикийн талаарх үзлийг сонсч ихэд таалсан байна. Ген гэж байхгүй, хүн бүр ямар ч ялгаагүй төрдөг, удам үеэс үед дамждаггүй буюу хэний ч хүүхэд хэн ч болж болно, таатай орчинд тэжээл сайн өгвөл ямар ч үнээг саалийн үнээ болгож болно, удамшил гэж байхгүй зэрэг генийн талаарх заримдаг онол. Сталин Лысенког дэргэдээ авч өөгшүүлж эхэлжээ. Лысенко академич болов, Генетикийн хүрээлэнгийн захирал болов, олон чухал хурлын хүндэт индэрт Лысенко залрах болов, Социалист хөдөлмөрийн баатар, Лениний одонг 8 удаа, Сталины 1-р зэргийн шагналыг гурвантаа авав, улсын хүнс, боловсрол болон шинжлэх ухааны бодлогод нөлөөлж эхлэв. Дунд сургуулийн биологийн хичээл, дээд сургуулийн програмд хуурамч онолоо оруулж, олон мянган хүний тархинд байгалийн ерөнхий зүй тогтлын гажуудуулсан ойлголтыг суулгаж байв. Хажуугаар нь өөрийнх нь заримдаг үзлийг илчлэх шинжлэх ухааны олон ч зүтгэлтэнг торны цаана илгээж байж.

Лысенкогийн заримдаг хуурамч онол нийтийн оюун санаа, газар тариалан, эдийн засагт асар их хохирол учруулсны зэрэгцээ зөвлөлтийн биологи, генетикийн шинжлэх ухааны хөгжлийг хэдэн арван жилээр гацаасан гэдэг.

Т. Д. Лысенко

Индиго хүүхдүүд: Онцгой чадвар, зан ааштай кристал, оддын, индиго гэх хүүхдүүд төрөх болсон, бусдаас онцгой, амархан уурладаг, мэдрэмтгий, сэтгэл гутралд өртөмхий, ганцаардмал, захирагдах дургүй зэрэг зан ааштай хүүхдүүд төрөх болсон нь хүн төрөлхтний хөгжлийн дараагийн шат, итгэл найдвар, гүүр гэх ойлголт. Үнэн хэрэгтээ орчин үеийн амьдралын хэв маягтай холбоотойгоор хүүхдэд эцэг эхийн анхаарал халамж дутагдсаны илрэл (attention-deficit hyperactivity disorder), мэдрэлийн өвчний шинж юм. “Онцгой” төрсөн хүүхэдтэй хамт байгаадаа олонхи итгэцгээн шинэ эринтэй холбогч гүүр, агуу энерги, ид шидтэй холбосон тайлбарыг үгүйсгэдэггүй.

Тураах, эрүүлжүүлэх диет: Цусны бүлэг, төрсөн ордоор бүлэглэж, элдэв тусгай жороор турах, эрүүлжих, залуужих. Аз эв таараад өөрт нь тохирсон арга тохиолыг онол болгон үлгэрлэж, чухам үнэн гэж итгэлтэй нь аргагүй ярина, биеэрээ үзсэн тул үнэн гэдэгт хүмүүс итгэж хошуурна. Шинжлэх ухаанаар батлагдсан гэж хэлснээр батлагдсан үнэн болчихгүй.

Энергийн бугуйвч, зүүлтүүд, эзотерик, парапсихологи, фен шүй, дэлхийн сүйрэл, торсын орон, оргон гээд заримдаг шинжлэх ухааны жагсаалт цуварч өгнө. “Оргон” гэдэг үгийн уг гарал оргазм (дур тавилт)-тай холбоотой, манай нэг зохиолч (уг нь их хөдөлмөрч хүн) оргон энергийн хүчээр бороо оруулдаг төхөөрөмж хийснийг ноднин телевизүүдээр зөндөө харуулсан, нийгмийн сүлжээгээр ч нилээд түгсэн.

Шинжлэх ухаанд мэдэгдээгүй, тайлбарлагдаагүй, сонин зүйлс маш олон. Бид мэддэггүйгээ мэдээд байгаа болохоор мэдэхгүйгээ мэдэхийн төлөө явж байгаа. Мэддэггүйгээ мэддэггүй, мэддэггүйгээ мэддэггүйг мэдэхийг хүсдэггүй нөхөд олон. Хүний мэдэхгүй, ойлгож тайлбарлахад хүч хүршгүй зүйлээ ид шид, далдын хүчтэй холбож, шашинтай хамаатуулах нь их бий. Шашин өөрөө философи, ойлговол зохилтой болохоос сохроор, мухраар сүсэглэвэл “алдас болно уу” гэхээс гэгээрэхгүй. Шашинтай холбоотой асуудлуудад оюуны ядуурал нийгмийн хөгжлийн түвшинтэй хослоод их ажиглагддаг.

Шинэ онолууд, цоо шинэ нээлтүүд хийчихлээ, тэрийг нь хүмүүс ойлгохгүй байна, хүлээн зөвшөөрөхгүй байна гэсэн нөхдүүд байдаг. “Хүлээн зөвшөөрөгдөөд”, энд тэнд лекцэдсээр шаггүй байр суурьтай болсонтой ч таарч болно. Шинжлэх ухаан, түүх, философи, эдийн засаг юуг л бол юуг хольж ярьж, үсчиж, бусдыг шүүдэг нөхөд шилжилтийн улиралд ихэсдэгийг санахад илүүдэхгүй.

Тэдгээр нөхдийн зарим нь өөрсдөө ч заримдаг шинжлэх ухаан гэж мэдэхгүй яваа, өөрийнхөө ярьдагтаа бат итгэчихсэн, жинхэнэ шинжлэх ухааны суурь муу, сайн дурынхан бөгөөд төрөлх авъяасгүй уран сайханчид юм. Багаасаа суурь боловсрол муу авсны шинж, эсвэл нөлөөнд автсаных. Зогсолтгүй өнөөхөө ярьж, хүмүүст итгүүлж, бас ч үгүй аялдан дагагчидтай болчихсон, мунхруулаад явах, төөрөгдөл! Мэддэг, мэргэжлийн хүмүүс нь үл тоох хойгуур нийгэмд мэдэхгүйчүүд олон тул Лысенко аргаар массыг хуйлруулж мунхруулна. Шинжлэх ухааны зэрэг хамгаалчихсан, эрдмийн үр суулгаж оюутан сурагчдад зааж, нийгэмд ирээдүйг бэлтгэдэг, амьдралыг нь чиглүүлдэг хүмүүс заримдаг шинжлэх ухаанаар ч ярих явах, үнэхээр харамсалтай, эмгэнэл!

Жинхэнэ шинжлэх ухааны нээлт, ололт, бүтээл эхлээд сайн дурынханд биш мэргэжлийнхэнд зөвшөөрөгдөж, олон улсад тодорхой шат дамжлага, шүүлтүүрээр орж байж гардаг (ингэхэд, эрдэм шинжилгээний сэтгүүлүүдийг бас дэнсэлдгийг сануулъя). Тэдгээрийг нь дэлхийн хаа нэгтээ бусад эрдэмтэн, судлаачид бүтээлдээ хэрэглээд, ишлээд явдаг. Шинжлэх ухаан нь шат дамжлагатай, суурин дээр хөгждөг. Үнэхээр л бүтээл, нээлт хийлээ гэж бодож байвал гадагш нь гарга, эрдэмтдийн үг, шүүмжийг сонс, шагналыг нь түү. Дашрамд, Францад жил бүр олгодог Лысенкогийн нэрэмжит шагнал байдаг, шинжлэх ухаанд оруулсан “хувь нэмрийг” нь үнэлж манайхны хэллэгээр “гахай” өгч байгаа юмуу даа, одоохондоо “азаар” ч юмуу “азгүйдээ” ч юмуу тэр шагналыг монголоос хүн аваагүй байна.

Дунд, дээд боловсролын байгууллагуудад хүүхдүүдэд багад нь заримдаг болон жинхэнэ шинжлэх ухааны ялгаа, нийгмийн сүлжээнд биеэ зохистой авч явах зэрэг энгийн ойлголт өгч эхэлбэл зохилтой. Нийгмийн сүлжээгээр харсан даруйдаа түгээвэл өдөртөө сардаа жилдээ олз омогтой, шуудай шуудайгаар мөнгөтэй болно, амжилт ирнэ гэх зураг, постуудыг шэйрлэдэг, лайкалдаг хүмүүс Лысенко аргаар урхидуулах, заримдаг шинжлэх ухаанд итгэх магадлал өндөр.

Ажилд орох хүний анкетан дээр нийгмийн сүлжээг нь шалгаж авч байх ёстой, заримдаг сул оюунтай хүнд ажил даатгаж хийлгүүлэх эсэх, ажлын бүтээмж хир байх, ядаж л хамт цай ууж суухдаа ярих зүйлээрээ хамт олондоо далдуур муугаар нөлөөлөөд ирэхийг бодолцох хэрэгтэй. Эхнэр нөхөр болох залуучууд, ялангуяа эцэг эхчүүд нийгмийн сүлжээг нь сонжчиход илүүдэхгүй. Хуруу хумсаа хуйхлан, Туулын голын мөсийг долоох шахан байж төрүүлж, өсгөсөн хүүхдээ алттай шуудай шэйрлэдэг заримдаг оюунтай хүнд итгээд хамт явуулах уу? Өнгөрсөн хойно та өөрийгөө зэмлээд, өөрөөсөө харамлан байж хүүхэддээ гээд хамаг бүхнээ зориулсан ч хүн таних, зөв бурууг ялгах ухаан зааж өгөөгүй өөртөө гомдох болно. Ингэхэд, та өөрөө заримдаг бол өрөөсөн дугуй болох шинэ ажилтандаа, хүүхэддээ баярлаж ч болох юм шүү. Юутай гуниг, юутай халаг!

PS: Үүгээр хэн нэгнийг эрүүдэн шүүх гэсэнгүй, заримдаг гэдгээ зарим нь ч мэдэхгүй явж байгаа. Гэгээн мэлмий байдаг бол нээгээд эрүүл оюунаар хараач гэж аминчлан гуйя. Нүцгэн хааны үлгэрийг саная, бид өөрсдөө “нүцгэлж” оюунаа ядууруулсаар юунд хүрэх бол? Хоосрол, тураалд хүрнэ ...

PPS: “заримдаг” гэхийг “зэрэмдэг” гэмээр байвч түр азнав.

 

 


avatar
    • Зочин
    • 162.158.88.*

    Түмэнд хэрэгтэй зайран даа

    • ХУЛХИ ДОВТОР ТАНАА
    • 162.158.91.*

    ХУЛХИ ДОКТОР ОО!!!!! ЭНЭ ЧИНЬ ӨӨРӨӨ ЭХНЭЭСЭЭ ДУУСТАЛ ХУЛХИ БҮГД ТАРХИНЫ УГААЛГА БНА Ш ДЭЭ. ИЙМ ЮМ ЯАЖ БИЧИЖ ЧАДАЖЭ БАЙНА. АМЕРИКЫГ ШҮТЭЭД ДАГААД ЯМАР Ч ҮНЭН ЗӨВ МЭДЭЭЛЭЛ БОЛОВСРОЛ АВАХ БОЛОМЖГҮЙ!!!!!!!!!!!!!!

    • zochin
    • 162.158.178.*

    saihan zuv niitlel

    • зочин
    • 202.179.2.*

    заримдаг зэрэмдэг шинжлэх ухаанчид хаана л байна монголд байна дөө нэг үгээр хэлэхэд хорт хавдрыг эмчилдэг ургамлаас гаралтай эм бэлдмэл үйлдвэрлэсэн манай биологийн хүрээлэн хавийн хөгшин эрдэмтэн 100 саяыг авлаа шт, энэ одоо хэн хэнийгээ доромжилж байна вэ

    • Ганзо
    • 103.57.93.*

    Сайхан хараал байна

    • Ганзо
    • 103.57.93.*

    Сайхан хараал байна.

    • Zochin
    • 130.208.196.*

    Zarimdag SHUA gej baidag bol zarimdag uls tur gej bas ene zarimdag SHUA -nd intgegchid manai niigmiin olonhi bolson gedgiig Jenko, Javkhlan zereg humuus turiin tolgoi alban tushaald bgaagaas beleehen harj bno

    • zochin
    • 103.212.117.*

    manai erdene gedeg setguulch erdemten udahgui Lysenko avah baihaa. Bas oor busad Erdenuud tsaana ni 100, 100-aaraa shagnalaa huleej baigaa.

    • Баагий
    • 103.242.46.*

    Маш чанартай сайхан нийтлэл байна. Ихэд таалагдав.

    • Saran
    • 202.70.46.*

    Iim mass het ikh gazar avch bgaa n haramsaltai..... 8jil zarimdag erunhiilugchtei baillaa. Odoo tegeed bas 1 zeremdeg erunhiilugch garlaa.... Yana daa Ug n mongolchuud maani saruul uhaantai ard san

    • Mgl
    • 202.70.46.*

    Yag l ene shuu dee... yaana daa. Sayanii erunhiilugchiin songuuli eniig bodit utgaar n haruullaa

    • Bukhbat
    • 103.9.88.*

    Mash zuv! Zarimdaguud mash ih bn. Suuri bolovsrol humuujil alga. tsunh barigch nar l turj bn. Uuruu yu yriad bgaagaa ch medehgui. Alivaa ymiig chin setgeleesee medeed avchiy gej ogt bodohgui. Bolovsroliig hudaldaad avchih sanaatai.

Авторууд

Санал асуулга

Нийт санал: 3127

2020 оны УИХ-ын сонгуулиар аль нам ялах вэ?

13%
МАН
17%
АН
68%
Шинэ гуравдагч хүчин
  • 13%
  • 17%
  • 68%